“ДАРГЫН АЖЛААС ЦЭВЭРЛЭГЧ БОЛЖ, АМЬДРАЛ ХОРМЫН ДОТОР Л ӨӨРЧЛӨГДСӨН”
urug.mnСэтгүүлч: Админ
НИЙГЭМ 2 жил, 8 сар өмнө

urug.mn

Бид “Гашуун яриа” нэвтрүүлгийн ээлжит дугаарыг хүргэж байна. Манай энэ удаагчийн зочдоор Positive mongolians компанийг үүсгэн байгуулагч Д.Түвшинбаяр, Э.Дөлгөөн оролцож Шведэд өнгөрүүлсэн хөгжилтэй хийгээд сургамжтай түүхүүдээсээ хуваалцлаа. Уншигч та тэдэнтэй хийсэн ярилцлагыг хүлээн авна уу.

-Ярилцлагаа та хоёрыг Швед явахаас өмнөх үеэр эхлэе. Явахаасаа өмнө юу хийдэг байв?

Түвшээ: Шведрүү явахаас өмнө миний хувьд телевизийн програмын албаны дарга, ерөнхий найруулагч гэсэн чухам том албан тушаалтай байлаа. Яг Шведэд очсоны дараа сарын дотор хамгийн эхний хийсэн ажил бол цэвэрлэгч. Цэвэрлэгч хийгээд явж байхдаа нэг юм маш сайн ойлгосон. Амьдрал гэдэг ямар баян юм бэ. Би Монголд гуч гаран хүнийг удирдаад, програмын албаны дарга хийж байсан бол өнөөдөр би энд гуч гаран хүний цэвэрлэгээ хийгээд сууж байна. Тодорхой хугацаанд эсвэл бүр гэнэт амьдрал эргээд л бүх юм өөрчлөгддөг юм байна гэдгийг тэндээс харж авсан. Үргэлж дарга байх юм шиг, үргэлж хангалуун байх юм шиг амьдарч болохгүй. Тэр чинь нэг цаг зуурын юм байдаг шүү гэдгийг маш сайн ойлгож авсан.

Дөлгөөн: Би Монголд байхдаа мөнгөний үнэ цэнийг маш дутуу ойлгосон байсан. Өөрийгөө Эрээн яваад л, Бөмбөгөр дээр ажиллаад мөнгөний үнэ цэнийг ойлгож байна гэж бодоод байсан. Үгүй байсан. Мөнгөний үнэ цэнийг би Шведэд ойлгосон. Шведэд дөнгөж очингуутаа долоо хоноод шууд буудал цэвэрлэх ажилд орж байсан. Ресторан бол би яг чадахгүй юм байна билээ. Угаагчийн ажил шүү дээ. Яагаад гэхээр би тийм том том төмөр төмпөнгүүдийг угааж чадахгүй байсан. Ажилд орсон өдрөө Түвшээрүү утастаад “Би чадахгүй юм байна аа, би шал дэмий ирчихлээ” гээд ярьсан. Цалингаа авмаар байдаг. Тэр үед Түвшээ  хүрч ирээд, бид хоёр хоёулаа зэрэг зогсож угааж байж тэр ажлыг дуусгаж байсан юм.

Түвшээ: Дөлгөөнөө харагддаггүй. Тэгээд хайгаад очсон чинь төмпөн савандаа дарагдчихсан, бүр булуулчихсан зогсож байсан. Дөлгөөнөөгөөс бүр өндөр гарчихсан байсан, тэр төмпөн сав нь. Тэгээд Дөлгөөнийг би нэг аварч байсан даа.

Дөлгөөн: Их сонин. Монгол хүн чинь нэрэлхүү. Өлсөөд байна, өдрийн цай ууя гэж хэлж чадахгүй. Бантсандаа тэр чигтээ юу ч идэхгүй орой зургаан цаг хүртэл гүрийсэн. Сүүлдээ бүр хөлс гараад л. Хоолны үлдэгдэл аймар их үлдээчихсэн. Хараад л идмээр санагдаад байж билээ. Бараг хүний үлдээсэн хоолыг идчихмээр санагдаад шүү дээ. Гэхдээ хүмүүс нь хараад байгаа учраас ичээд авч чадахгүй. “Энэ огт хүрээгүй банш байна даа” гэж дотроо бодоод л.

Хүний нутагт хэл усгүй ажиллаж амьдрах хэцүү шүү дээ. Хулхитуулж байсан тохиолдол бий юу?

Түвшээ: Сонин хувь тавилангууд байдаг юм билээ. Тэр өдөр жаахан бороотой байсан. Бороотой мөртлөө хаусынхаа гадаа хорин хэдэн мод тарих, түүний нүхийг ухуулах ажил хийсэн юм. Нэг залуу бид хоёр хоёулханаа бороонд норон норон модных нь нүхийг жоотуудаж ухаад л. Эхнэр нь гарч ирээд  “би энд модоо тарихгүй ээ, тэнд тарих ёстой байсан” гээд. Бид хоёр ухсан нүхээ буцаж булаад л тэнд нь ухангуут нөхөр нь гарч ирээд “үгүй ээ, би энд тарихгүй” гээд эхнэртэйгээ муудалцсанаа ахиад л өөр газар ухуулаад. Бид хоёр ядаж тав таван зуун крон авна даа гэж бодсон чинь нөгөө хүн бид хоёрыг метроны буудалруу машинаараа хүргэж өгсөн. Та хоёр бууж бай гээд.

Явахдаа бүр янз янзын газраар тойрч яваад, гэрээ төөрүүлчихсэн.  Тэгээд бид хоёр буугаад, тус тусдаа тав таван зуун крон өгөх юм байх гэж бодсон чинь халаасаа ухаж ухаж байснаа машиныхаа цонхыг “иймхэн” онгойлгосноо эхний таван зуугаа өгөхгүй юу, тэрийг нь аваад нөгөөхдөө өгчхөөд би авах гэсэн, хөдлөөд явчихсан.

Дөлгөөн: Тэр эмэгтэйгийн гэрийг би өмнө нь цэвэрлэж байсан юм байна билээ. Гэхдээ бид хоёр нэг айл гэдгийг нь мэдээгүй. Би салоноо цэвэрлүүлэх гэсэн юм аа. Дахиад нэг хүн олоод ирж  болно гээд. Би мэдээж мөнгө хэрэгтэй байгаа юм чинь тэр хүнээ Түвшээ болгочихсон. Тэгээд хамтдаа цэвэрлэх гээд очсон чинь Түвшээ харснаа, энэ эмэгтэйг би хаана харлаа гээд. Нөгөө хүүхэн бас Түвшээг хараад зугтаад байсан. Мөнгөөрөө мурьсан нөгөө хүүхний оффис байж таарсан л даа. Бид хоёрыг оффисыг нь цэвэрлээд дууссан чинь. Дахиад мөнгө өгөх болсон чинь  400 крон өгөх ёстой байснаас 200 крон өгнө гээд. Тэгээд яг маргаад эхэлж байсан чинь Түвшээ царайг нь харж байснаа “Одоо би саначихсан шүү” гээд цаанаас. Яасан гэсэн чинь “Энэ нөгөө мод тарихад мурьсан хүн” гээд. Тэгээд би “Та манай нөхрийг  ингэсэн байна шүү дээ” гэхэд, царай нь улайгаад л. Тэгснээ “За за, мөнгөө ав” гээд хоёр зуу хоёр зуун крон өгөөд явуулсан даа.

Европт Азиудыг гадуурхах хандлага байдаг гэж сонссон. Шведэд хэр байсан бэ?

Түвшээ: Хамгийн хэцүү, шүд зуух юм чинь цалин мөнгөнөөс илүүтэйгээр, гадуурхагдах тэр мэдрэмжийг авах. Тэр л маш хэцүү байдаг юм байна билээ. Азиудыг Европ, Америкт жаахан гадуурхдаг л даа. Тэр тусмаа Баруун Европт манайх арьс өнгөний үзэл ч юм уу тийм зүйл байхгүй гэдэг хирнээ яг нүүр тулахаар маш их гадуурхал байдаг. Тэр мэдрэмж авах л миний хувьд маш хэцүү байсан. Жишээ нь бид хоёр хүүхдийн тэрэгтэй автобусанд явж байхад гадны автобус бол хүүхдийн тэрэгтэй хүнд хаалга нь онгойчхоод  далийж өгдөг. Бид хоёр буух гэсэн чинь жолооч нь толиндоо харчхаад далийхгүй байгаа байхгүй юу.

Таны хувьд Шведэд хүүгээ санаад их хэцүү байсан гэж ярьдаг. Энэ талаараа ярихгүй юу?

Дөлгөөн: Ажлын хүнд хэцүү, жишээлбэл хийгээд дуусахгүй, өргөөд дийлэхгүй, хамаг хөлс урсгасан ажлыг хүн хийгээд л гардаг юм байна билээ. Гэхдээ сэтгэл дотор хэцүү байгаа юм чинь харин яагаад ч тайлагдаж болдоггүй. Би зургаан жил хүүхдээ санахад тэр хэцүү зүйлийг ярихад л, уйлаад л, асгарахад бэлэн байлаа. Тэр сэдвийг хөндөхөөр би шууд Түвшээтэй хэрэлддэг. Яагаад гэвэл тэр миний хамгийн эмзэг сэдэв. Хүүхдээ маш их санадаг байсан учраас хэн нэгэн хүүхдийн маань талаар ярихад, чи хүүхдээ орхиод ирсэн юм уу гэдэг үг хэлэхэд л зүрх рүү хутгалж байгаа юм шиг л болдог байсан. Тэр үед хажууд байгаа хүн маш чухал. Эмэгтэй хүн чинь бодолдоо тэр чигтээ дарагдаад, хямарвал хямраад, бүх юмаа хаяад буцмаар санагдах үе маш их байсан.

Монголдоо ирээд өсвөр насны хүүгийн аав нь байх шаардлага гарсан байх. Хүү таныг хэрхэн хүлээж авав? Яаж эвлэж амьдардаг вэ?

Түвшээ: Шведэд хойд ээж, хойд аавууд дагавар хүүхдүүдтэйгээ маш гоё найзууд байдаг юм байна билээ. Нэг нь түүний аав нь болох гээд, ээж нь болох гээд мянга оролдлого хийсэн тэр хүний төрсөн эцэг эхийг  орлоно гэж хэзээ ч байхгүй шүү дээ. Харин юу болж чадах вэ гэхээр гоё найзууд л болж чадна. Үүнийг олж харсан. Тэгэхээр би  Дөлгөөнийхөө хүүхэд Мөнхүүшдээ аав нь байх гээд, аавын орон зайг нөхөх гээд хэзээ ч тийм оролдлого хийдэггүй. Яагаад гэвэл тэр хүний аав нь байгаа шүү дээ. Харин би тэр хүний хувьд одоо бол маш сайхан ах нь. Ирээдүйд насанд хүрсэн үед нь тэр хүүхдийн хамгийн том зөв найз нь байхыг хичээнэ.  Энэ нь хамгийн зөв сонголт.

Өсвөр насны хүүхэдтэй хамт амьдарч байгаа бол нүдэн дээр нь муудалцсан бол нүдэн дээр нь эвлэрч үзүүлэх хэрэгтэй. Манайхан муудалцаж байгаа процессоо маш сайн үзүүлж чаддаг. Бие биенээ маш муухайгаар хэлж чаддаг. Хүүхдийнхээ нүдэн дээр шүү дээ. Эргээд эвлэрч байгаагаа харуулж чаддаггүй юм билээ. Хүссэн хүсээгүй муудалцчихдаг. Харин эвлэрч байгаагаа жүжиглээд ч хамаагүй харуулах хэрэгтэй.

 

4 сэтгэгдэл


comment image

Зочин - 2021-07-31

uhaantai goe zaluus bna.taalagdlaa mash ih.

223.104.39.69


comment image

Ariunbold sumya - 2021-07-31

Vlger jishee shan hos shvv possitvie mongolians zaluusdaa ajiliin amjilt hvsie

66.181.161.67


comment image

Ariunbold sumya - 2021-07-31

Vlger jishee shan hos shvv possitvie mongolians zaluusdaa ajiliin amjilt hvsie

66.181.161.67


comment image

Зочин - 2021-08-01

агуу юм энгийнээс

192.82.90.38