“УДАА ДАРАА САХИЛГЫН АЛДАА ГАРГАСАН Э.ЦЭНДБААТАРЫГ ШИГШЭЭ БАГААС ХАССАН”
urug.mnСэтгүүлч:
СПОРТ 2 долоо хоног, 2 өдөр өмнө

urug.mn

Монголын боксын холбооноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. 

Энэ үеэр МБХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Сайнбилэг “Холбоо удирдлагаа шинэчилснээс хойш хоёр удаа Удирдах зөвлөлөө хуралдуулаад байна. Зөвлөл 19 гишүүнтэй. Өнгөрөгч ням гарагт анхдугаар хурлаа хийж, зохион байгуулалтын асуудал хэлэлцсэн. Харин өчигдөр яаралтай цахимаар хуралдаж, дөрвөн асуудал хэлэлцсэн.

Үүгээр,Серби улсад зохион байгуулагдах эрэгтэй ДАШТ-д оролцох тамирчдын сорилгын удирдамжийг баталсан. Мөнсорилгыг шүүх шүүгчдийн нэрсийг, шаардагдах төсвийн хамт баталсан. Тамирчдын хүлээх ёс зүйн асуудлыг хэлэлцлээ.

Энэ хүрээнд Гавьяат тамирчин Э.Цэндбаатарыг удаа дараа сахилга бат, ёс суртахууны алдаа гаргасан тул ДАШТ-ий сонгон шалгаруулалтаас болон шигшээ багаас хассугай гэсэн шийдвэр гаргасан” гэлээ.

Ахлах дасгалжуулагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Энхтөр “Бокс бол ёс суртахуун, дэг жаягийн өндөр стандарттай спорт. Үнэхээр мундаг гавьяатай тамирчин байлаа ч ийм олон удаагийн алдааг нь зүгээр өнгөрөөдөг байж болохгүй. Ийм учраас удирдах зөвлөл  эл шийдвэрийг гаргасан.

ДАШТ-ий сорилго болох гэж байхад тамирчид ийм алдаа гаргаж болохгүй. Улс орон, нийгэмдээ зөв хүн болж төлөвших, хүмүүжих чиглэлд үлгэр дуурайл үзүүлэх ёстой. Урьд нь зөндөө уучилсан. Иймд эл шийдвэрийг зөв, зүйтэй гэж үзэж байгаа. Бусад залуустаа муугаар нөлөөлбөл яах вэ. Өндөр зэрэглэлтэй тамирчдад арга хэмжээ авч чадахгүй мөртлөө залуус, багачуудыг нь загнаад байх үндэслэл байхгүй.  Ямар ч гавьяат, Хөдөлмөрийн баатар бай адил хариуцлага хүлээх ёстой.

Сорилго дөхөж байхад шөнийн 02.00 цагт архи уугаад, зодоон хийгээд явж болохгүй гэдэг нь тодорхой асуудал. Бэлтгэлийн формоо алдаад, ийм асуудал гаргаад явна гэдэг яав ч болохгүй. Үүний өмнө хэд хэдэн удаа бааранд зодолдож, гудамжинд нүцгэн явж байхыг нь бид хараад өнгөрөөсөн” гэлээ.

0 сэтгэгдэл


Одоогоор сэтгэгдэл алга байна