Д.СУМЬЯАБАЗАРАА! ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭСЭН ГЭХ “ЭНЭРЭЛ” ЭМНЭЛГИЙН ДАРГА АЖЛАА ХИЙСЭЭР...
urug.mnСэтгүүлч: Urug.mn
УЛС ТӨР 1 долоо хоног, 5 өдөр өмнө

urug.mn

/Нэвтрүүлэг үзэх /

2021 оны 7-р сарын 3-ны 10 цагийн орчимд БЗД-т байрлалтай нийслэлийн эрүүл мэндийн газрын харьяа ЭНЭРЭЛ эмнэлгийн үүдэнд цементэн дээр Монгол улсын иргэн 35 настай эрэгтэй коронавирусийн улмаас амьсгалын дутагдалд орон нас барсан.

 

Гэгээн цагаан өдөр эмнэлгийн тусламж авахаар зорин очсон өвчтэй иргэнийг Энэрэл эмнэлэг, БЗД-ийн эмнэлгүүд тус бүр харьяаллын мөн биш гэж бөмбөг шиг ийш тийш нь “шидэж” явуулсаар иргэн эцэст нь “хөл дээрээ тогтож чадахгүй байна, ус ууя” хэмээн ус уух зуураа амьсгал хураасан байдаг. Эмнэлгүүд харьяаллын биш гэж хүн буцаадаг ч яаралтай, шаардлагатай үед Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хууль, эрүүл мэндийн тухай хуулиар хэн бэ гуайг ч хэдэн цагт ч хүлээж аваад үйлчлэх ёстой байтал дээрх эмнэлгийн удирдлагууд хуулиа мэдэхгүйгээс үүдэн муу менежментийнх нь балгийг иргэн амиараа төлсөн юм.

Тиймээс эл асуудалд хариуцлагагүй хандаж, шуурхай удирдлагаар хангаж чадаагүй эмнэлгийн гурван дарга болох НЭМГ-ийн эмнэлгийн тусламжийн дарга М.Мөнхдэлгэр, “Энэрэл” эмнэлгийн дарга А.Амартүвшин, Яаралтай тусламжийн 103 төвийн дарга Ц.Пүрэвдаш нарыг ажлаас нь чөлөөллөө хэмээн талийгчийг өнгөрсний маргааш НЭМГ-ын дарга Б.Бямбадорж мэдэгдсэн юм. Тэр бүү хэл ажлаас нь чөлөөлөх тушаал гаргаж, ажил хүлээлцэх үйл явц ч болсон нь баримт болон цаасан дээр үлджээ.

Гэтэл ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭВ гэх энэ үйл явц өөрөө бүхэлдээ жүжиг байсан нь цаг хугацааны эрхэнд тодорхой болов. Учир нь хариуцлага хүлээж, ажлаасаа халагдсан гэх А.Амартүвшин өдөр бүр ажилдаа очиж, тэр бүү хэл эмнэлгийнхээ камергүй хаалгаар орж гарч, өрөөндөө сууж байсныг эх сурвалжууд хэлж байгаа юм. Мөн бидэнд дараах хоёр баримт ч байна.

НЭГ. ШАГНАЛ ГАРДУУЛСАН БАРИМТ

НЭМГ-ын дарга Б.Бямбадоржийн 2021 оны 8-р сарын 2-нд гаргасан шагнах тухай тушаалыг халагдсан гэх А.Амартүвшин уншаад, ажилтнуудаа шагнаж байв. Өөрөөр хэлбэл ажлаасаа халагдсанаас 28 хоногийн дараа тэр тушаал уншаад, халатаа өмсчихсөн, шагнал гардуулж байлаа.

/А.Амартүвшин дараах шагнал тухай тушаалыг уншиж, шагнал гардуулав/

ХОЁР. ӨРӨӨНДӨӨ ТУХАЛЖ БАЙСАН БАРИМТ

Талийгаачийн ар гэртэй ЭНЭРЭЛ эмнэлгийн удирдлагууд юу болсноо тайлбарлаж, хүлцэл өчиж нэг ч удаа уулзаагүй ба талийгаачийн үеэл эмнэлгийн удирдлагуудтай уулзахаар, уулзалтаа бичиж авахаар зураглаачтай 2021 оны 9-р сарын 8-нд А.Амартүвшингийн өрөөнд ороход тэр өрөөндөө эмчилгээ эрхэлсэн орлогч даргынхаа хамт сууж байв. Ингээд А.Амартүвшин талийгаачийн үеэлтэй уулзаагүйгээр барахгүй ажил дээрээ түр ирж, юм авах гэсэн хүн болон жүжиглэж, ууттай хувцсаа бариад өрөөнөөсөө гарсан юм.

/2021.09.08/

ГУРАВ. ӨРӨГ.МН САЙТЫН СЭТГҮҮЛЧИД МӨНГӨ ӨГӨХ ГЭЖ ОРОЛДСОН БАРИМТ

Ийнхүү Өрөг.мн сайтын редакц, сэтгүүлч У.Болортуяа ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭВ хэмээх энэ жүжгийн талаар сурвалжилга бэлтгэж, өнгөрсөн бямба гарагт олон нийтэд цацсан. Нэвтрүүлэг бэлтгэсэн сэтгүүлчийн танил нэвтрүүлэг цацагдсанаас 20 минутийн дараа чат бичиж, Энэрэл эмнэлгийн даргын тухай нэвтрүүлгээ цацахаа больж болох уу, гэрээ хийе гэж хэлүүлэв. Гэмт хүн гэлбэлзэнэ гэх үг эл үйлд тохирох мэт.

Энэрэл эмнэлэг хотын дарга М.Сумьяабазарын харьяанд байдаг тул бид түүнээс эл асуудлаар тайлбар авахыг оролдов. Түүний хэвлэлийн төлөөлөгчийн хэлснээр “ажлаас нь бол яалт ч үгүй чөлөөлсөн, яагаад ажил дээрээ байсныг мэдэхгүй байна, бид цаашаа тодруулъя” гэв.

Харин НЭМГ-ын дарга Б.Бямбадорж өвчтэй байгаа учраас яг одоогоор тайлбар хэлэх боломжгүй байна гэсэн юм.

Талийгаачийн төрсөн ах, төрсөн дүү бидэнтэй уулзаж, гомдолтой байгаа, хэн ч хариуцлага хүлээхгүй байгаа талаар ч ярьлаа.

ТАЛИЙГААЧИЙН ТӨРСӨН АХ Д.ГАНЖУУРЖАВ : ЗААВАЛ ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЛГЭНЭ 

“Монголын ард түмнийг бүгдийг нь хуурч, төр жүжиг тоглож өглөө. Хариуцлага хүлээсэн гээд байгаа дарга нь ажлаа хийж байна. Хэнийг хуураад байгаа юм бэ. Яагаад үнэн байж болдоггүй юм бэ. НЭМГ зурагтаар л уучлалт гуйж байна, эмгэнэл илэрхийлье гэсэн. Яг үнэндээ биднээс тэр эмнэлэг нь байна уу хэн нь байна хэн ч уучлалт гуйгаагүй. Манай гэр бүл энэ харамсалтай хэрэг явдлын өмнө эмнэлгийн удирдлагууд заавал хариуцлага хүлээх ёстой гэж үзэж байгаа. Тиймээс ч  Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга, Хотын дарга бүгдэд нь бичгээр хандсан. Мөн талийгч дүүг минь архичин байсан, зоорийн давхарт амьдардаг мэтээр НЭМГ-ын дарга Б.Бямбадорж гутаан доромжилсон. Манай дүү зураач хүн. Нэг өрөөгөө урлан болгоод нөгөө өрөөндөө амьдардаг байсан. Зураачийн урлан эмчийн өрөө шиг цэвэрхэн байх боломжгүй. Мод, төмөр, чулуугаар ч юм хийдэг байсан. Мөн задлан шинжилгээгээр талийгч дүү минь архи уугаагүй байсан нь тогтоогдсон. Архаг хууч өвчингүй ч гарсан. Өөрөөр хэлбэл тэр эрүүл саруул хүнд ЭНЭРЭЛ эмнэлэг ядаж амьсгалын аппарат зүүгээд өгчихсөн бол дүү минь амьд байх боломжтой байсан. Бид дүүгийнхээ нэр төрийг ч сэргээлгэмээр байна” гэв.

Энэрэл эмнэлгийн дарга ажлаа хийж байсныг НЭМГ-ын дарга Б.Бямбадорж мэдэхийн дээдээр мэдэж байсан. Учир нь түүний тушаал шийдвэрийг Б.Бямбадорж хэрэгжүүлээд зогсож байв.

Хотын дарга Д.Сумьяабазараа!!! Харьяанд нь чинь байдаг байгууллагууд хариуцлага алдаж, хүн нас барсан тохиолдлыг ч үл тоон сандал суудалтайгаа зууралдаж байна. Энэ жүжиг үргэлжлэх үү, та өөрөө дуусгах уу?

 

 

 

 

 

 

 

0 сэтгэгдэл


Одоогоор сэтгэгдэл алга байна