ВОЛЕЙБОЛЫН МАСТЕРУУДЫН ДАШТ-НЭЭС НОЁН КЛУБ БАГ МӨНГӨН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ
urug.mnСэтгүүлч:
СПОРТ 1 долоо хоног, 5 өдөр өмнө

urug.mn

Польш улсын Варшав хотоос Волейболын мастеруудын дэлхийн аварга шалгаруулах “Каман цом”-ын тэмцээнээс манай улсын баг тамирчид Азиас тэр дундаа Монгол улсаа төлөөлөн амжилттай оролцож хоёрдугаар байр эзэлж мөнгөн медаль хүртлээ.

Натур мед Ноён клубийн дасгалжуулагч, багийн ахлагч Р.Тамираа “Манай баг Монголоос есөн хүний бүрэлдэхүүнтэй явсан. Европт амьдардаг Монголчуудаас гурван хүн нэмээд 12 хүний бүрэлдэхүүнтэй энэ удаагийн дэлхийн аварга шалгаруулах мастерын тэмцээнд оролцлоо. Дөрвөн насны ангилалд өрсөлдөж аваргаа шалгаруулсан. Манай насны ангилалд нийтдээ таван баг өрсөлдөж дөрвөн тоглолт хийж гурван хожил нэг хожигдол авснаараа 11 дэх удаагийн мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд хоёрдугаар байр эзэллээ. Тэмцээнд Ази тивээ төлөөлөөд тэр дундаа Монгол улс оролцлоо. Энэ удаагийн тэмцээнд оролцож байгаа бүрэлдэхүүний ихэнх нь хуучин Ноён клубд тоглож байсан залуучууд байгаа. Мөн 2001 онд Монгол улсын Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээнээс шигшээ багт багтаж тоглож байсан залуучууд. 2001 онд бидний авч чадаагүй медаль байдаг. Сэтгэлд дутуу зүйл яваад байсан энэ удаагийн тэмцээн уралдаанд бид орсноороо дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль авсан баг хамт олноороо маш их бахархаж сэтгэл өндөр байна.

Одоо бид 40 гарчихсан залуучууд. Тамирчин гэхээсээ илүү эрүүл мэндээ бодож чийрэгжих  талаасаа волейболын спортоор хичээллэж байна. Хамгийн багадаа 25 жил хичээллэсэн хүмүүс байгаа. Волейболын спортоор хичээллэснээр бие бялдрын өв тэгш болон зан суртахууны өндөр соёлтой болж төлөвшдөг гэж ойлгож болно. Энэ удаагийн тэмцээнд клубийн статустай оролцох шаардлагатай байсан болохоор Монголынхоо нэр дор Натур мед Ноён гэдэг нэрээр оролцсон” гэж хэллээ.

Энэ удаагийн тэмцээн Засгийн газрын төлөвлөгөөт тэмцээний хуваарьт ороогүй байсан учраас тэмцээний зардлыг баг тамирчид өөрсдөө хариуцаж явсан байна. Мөн Натур мед уламжлалт сэргээн засах эмнэлэг Ноён клубийн Монголд байх хугацааны бэлтгэл хийх заалнаас эхлээд хувцас хэрэглэл материал гэх мэт зардлуудад тусалж дэмжсэн байна.

Натур мед сэргээн засах төвийн эмчилгээ эрхэлсэн дэд захирал Э.Буянжаргал “Манай Натур мед эмнэлгийн хувьд нийгмийн хариуцлагын хүрээнд Натур мед Ноён клуб дээрээс нь мастер ангилалд мөнгөн медаль аваад ирж байгаа баг тамирчдаа 2020 оноос эхлээд дэмжиж байна. Баг тамирчид маань амжилттай сайн оролцоод мөнгөн медаль аваад ирсэнд нийт эмнэлгийн хамт олныхоо зүгээс маш их баярлаж байна. Цаашдынх нь спортын тэмцээнд өндөр амжилт хүсье” гэв.

“Бид хэд энэ тэмцээнийг сар хагасын өмнө ерөнхийдөө болно гэж мэдсэн. Мэдсэн цагаасаа хойш виз хөөцөлдөх бүх зүйлээ зэрэгцүүлээд сар гаруй хугацааны бэлтгэл хийж оролцсон. Польш улсад амьдардаг элчинд сайдын яам мөн тухайн улсад амьдардаг Монголчуудын холбоо, ажиллаж амьдарч байгаа иргэд маш ихээр дэмжиж бидний амжилтын нэг хэсэг болж чадсан гэж бодож байгаа. Энэ удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн жил болгон зохион байгуулагдана. Тэгэхээр бид дараа дараагийн тэмцээн уралдаанд эрэгтэй эмэгтэй бүтэн багаараа оролцох бүрэн боломжтой гэж харлаа. Тиймээс амжилтаа ахиулахын төлөө хичээх болно” гэж Натур мед Ноён клубийн дасгалжуулагч, багийн ахлагч Р.Тамираа хэллээ.

 

0 сэтгэгдэл


Одоогоор сэтгэгдэл алга байна