"ЭНЭ ОНД ЭДИЙН ЗАСГИЙН УНАЛТ ЁРООЛДОО ХҮРЧ, ИРЭХ ОНД СЭРГЭНЭ"
urug.mnСэтгүүлч:
УЛС ТӨР 1 долоо хоног, 3 өдөр өмнө

urug.mn

urug.mn image

Засгийн газрын хуралдааны шийдвэрийг Сангийн сайд Б.Жавхлан танилцууллаа.

Тэрбээр,  "Жил бүрийн есдүгээр сарын 15-нд Сангийн яам ирэх оны төсвийн төслийг өргөн мэдүүлдэг. Энэ хуулийн анхны төслийг өнөөдөр танилцуулав. Мөн төрийн худалдан авалттай холбоотой судалгааны үр дүнг Засгийн газрын гишүүдэд танилцуулсан. Төсвийн хөрөнгө оруулалтын гүйцэтгэл энэ онд тааруу буюу 30 хувьтай байна. Өнгөрсөн оны энэ үед 50 хувь байсан юм. Үүнд цар тахлын үеийн тээвэрлэлт саатсан зэрэг асуудал нөлөөлөв.   
Энэ онд эдийн засгийн уналт ёроолдоо хүрч, ирэх онд сэргэнэ гэж төсөөлөн улсын төсвийг боловсруулсан. Төсвийн шинэчлэлүүд үргэлжилнэ. Цар тахлын дараах үеийн эдийн засгийг эрчимжүүлэхэд энэ төсөв чиглэнэ. Төсвийн урсгал зардал бүр нийгэмд үр өгөөжтэй байхад анхаарна. Дэд бүтцийн салбараар дамжуулж эдийн засгаа дэмжих хөрөнгө оруулалтыг улсын төсвөөс санхүүжүүлнэ. Мөн нийслэлийн түгжрэлийг шийдэх, төвлөрлийг сааруулахад анхаарна. Боловсрол, соёл урлагийн салбарт томоохон өөрчлөлт хийхээр төлөвлөж байна. 198 мянган төрийн албан хаагч байна. Энэ тоог өсгөхгүйн тулд хувийн хэвшлээр төрийн зарим ажил үйлчилгээг гүйцэтгүүлэн, хувийн хэвшлээ дэмжих, төрийн албыг цомхон болгохоор төлөвлөж байна.         
Ирэх онд зэс, нүүрс, алтны үнэ өндөр айх тул экспортыг тултал хийх хүсэлтэй байгаа ч биднээс шалтгаалахгүйгээр экспорт саатах эрсдэл бий. Энэ онд 16 тонн нүүрс худалдах төлөвтэй байна. Төмрийн хүдэр, зэсийг төмөр замаар тээвэрлэх буй тул хэвийн үргэлжилж байна. Ирэх онд төсвийн алдагдал 5 орчим хувь байна. 2023 онд 3 хувь болж буурна.
Хөрөнгө оруулалтын үр өгөөжийг өсгөхөд онцгой анхаарна. Тодруулбал бидний хийсэн хөрөнгө оруулалт дараа дараагийн жилүүдэд зардал өсгөх биш орлого оруулдаг байх ёстой.  Гэхдээ боловсролын салбарын зардал буураагүй.          Эрүүл мэндийн салбарт хамгийн их хөрөнгө оруулна. Шилжих хөрөнгө оруулалт буюу өнгөрсөн онд эхэлсэн ч дуусаагүй төслүүдийг дуусгахад анхаарна. Концессын төлбөрүүдийг төлнө. Цар тахлын дараах эдийн засгийг дэмжихэд ирэх оны улсын төсөв зорино.
Ирэх онд хүүхдийн мөнгийг сард 20 мянган төгрөг олгохоор төсөвт суулгасан. 100 мянган төгрөгөөс шууд 20 мянга болгон бууруулахаар зарим өрхөд хүнд тусах тул бид өөр хувилбаруудыг судалж байна. Ирээдүйн өв санг хүүхдийн мөнгөтэй холбоно. Ингэснээр хүүхдийн мөнгийг халамжаас хуримтлал, цаашлаад хөрөнгө оруулалт болгох ажлыг эхлүүлнэ. Учир нь хүүхэд 18 насанд хүрэхэд 18-19 сая төгрөгийн хуримтлалтай болох тооцоог хийсэн. Үнэхээр шаардлагатай нөхцөлд нь энэ мөнгөний тодорхой хувийг мөнгөжүүлэх сонголтыг гэр бүлүүдэд олгоно.       
Татварын бодлогын хувьд энэ онд НӨАТ-ын орлого төлөвлөснөөс 30 хувиар өслөө. Үүнд татвар төлөгчийн суурь тэлсэн нь нөлөөллөө.  Анх нийт ААН-ийн 46 хувь нь НӨАТ төлөгч байсан бол одоо 67 хувь болсон. Гэсэн ч цаана нь 33 хувь төлөхгүй буюу далд эдийн засаг байсаар байна.  Захуудад ч НӨАТ-ын баримтыг олгож байна.  Дахин татварын өршөөл үзүүлэхгүй. Татвар төлөхгүй байх давлагаа, хандлагыг өөгшүүлэхгүй. 

Инфляцыг онилох нь Төв банкны бодлого юм.  

0 сэтгэгдэл


Одоогоор сэтгэгдэл алга байна