ӨНӨӨДӨР ДОХ-ТОЙ ТЭМЦЭХ ДЭЛХИЙН ӨДӨР
urug.mnСэтгүүлч:
НИЙГЭМ 1 сар, 2 долоо хоног өмнө

urug.mn

urug.mn image

Хүний дархлал хомсдолын вирус (ХДХВ)-ээр үүсгэгддэг Дархлалын олдмол хомсдол (ДОХ) өвчинтэй тэмцэх дэлхийн өдрийг 1988 оны арванхоёрдугаар сарын 1-нээс эхлэн жил бүр тэмдэглэж ирсэн.

ХДХВ нь хүний дархлалын тогтолцоог дарангуйлснаар бие махбод аливаа халдвартай тэмцэх чадваргүй болдог бөгөөд дэлхийн олон сая хүнийг хамарч буй эрүүл мэндийн томоохон асуудал хэвээр байна. 2021 оны хувьд "Тэгш бус байдлыг зогсооё, ДОХ-ыг зогсооё" уриатайгаар энэ өвчнөөс урьдчилан сэргийлэх, олон нийтийн мэдлэгийг дээшлүүлэх чиглэлээр тэмдэглэн өнгөрүүлнэ.

ДОХ-той тэмцэх дэлхийн өдөр нь ДЭМБ-аас санаачилсан дэлхийн эрүүл мэндийг сахин хамгаалахад чиглэсэн 11 чухал өдрийн нэг юм.

ХДХВ-ийн халдвар нь дархлалын тогтолцоог гэмтээсний улмаас хүний бие аливаа өвчнийг эсэргүүцэн тэмцэх чадваргүй болдог. Улмаар амь насанд аюул учруулахуйц халдвар, хорт хавдраар өвчилж, мэдрэлийн тогтолцооны гүнзгий хямралд орохыг Дархлалын олдмол хомсдол /ДОХ/ өвчин гэнэ. Нэгэнт ХДХВ-ийн халдвар авсан хүн насан туршдаа халдвар тээгч болж бусдад халдвар тараах боломжтой байдаг.

Энэ өвчний анхны тохиолдлыг 1970-аад оны сүүлчээр Швед, Америк, Танзани болон Хаити улсын нутаг дэвсгэрт илрүүлжээ. ДОХ гэдэг нэр томьёог эмч нар 1981 онд нэвтрүүлсэн байна. Үүнээс хоёр жилийн дараа Францын эмч Люк Монтанье болон түүний хамтрагчид ХДХВ-ийн халдвар байдаг болохыг нотолж чаджээ.

ДОХ-той тэмцэх олон улсын бэлгэ тэмдэг бол өвөрмөц хэлбэрээр нугалсан торгон тууз буюу "улаан тууз" юм. Энэхүү бэлгэдлийг 2002 онд 48 настайдаа ДОХ-оор нас барсан Америкийн зураач Фрэнк Мур 1991 оны дөрөвдүгээр сард бүтээжээ.

Зөвхөн 2020 онд тус өвчнөөр 1.5 сая хүн шинээр оношлогдож, 680 мянган хүн нас барсан. Одоогоор дэлхий даяар 37.7 сая хүн ДОХ-той амьдарч байгаа ба тэдний 70 хувь нь ретровирусийн эсрэг эмчилгээг насан туршдаа хийлгэх шаардлагатай.

Монголд анх 1992 онд Камеруны хоёр иргэн монгол бие үнэлэгч бүсгүйчүүдэд ДОХ/ХДХВ халдааснаар энэ өвчний гинжин урвал эхэлсэн юм. Манай улсад бүртгэгдээд байгаа ХДХВ-ийн халдварын тохиолдлууд 100 хувь бэлгийн замаар дамжсан бөгөөд цус цусан бүтээгдэхүүн, эмнэлгийн тусламж үйлчилгээгээр болон эхээс хүүхдэд халдвар дамжаагүй байна. 

Манай улс 2003 онд анх ретровирусын эсрэг эмчилгээг хийж эхэлжээ. ХДХВ-ийн халдварын тохиолдлын 81.2 хувь нь эрэгтэй, тэдний 80 хувь нь бэлгийн цөөнх эрэгтэйчүүд байгаа бөгөөд нийт тохиолдлын 76.8 хувь нь 39-өөс доош насандаа (15-39 нас) оношлогдсон байна.

 

Монголд

Он гарснаас хойш Монгол Улсад ХДХВ/ДОХ-ын 11 тохиолдол илэрсэн бөгөөд нийт халдвар авсан хүний тоо 322 болжээ.bӨнгөрсөн аравдугаар сард шинээр 5 тохиолдол бүртгэгдсэн нь сүүлийн нэг жилийн хугацаанд байгаагүй өндөр тоо аж. Хамгийн сүүлд өнгөрсөн оны есдүгээр сард 5, арваннэгдүгээр сард 4 тохиолдол илэрч байв.

Хүний дархлал хомсдолын вирус буюу ДОХ-той холбоотой цөөн баримт дурдвал: 

БАРИМТ 1

Америкт 9,5 минут тутамд нэг хүн ДОХ-ын халдвар тээгч болдог.

БАРИМТ 2

ХДХВ өрөөний температурт хатсан цусанд зургаа хоног амьдрах чадвартай байдаг.

БАРИМТ 3

ХДХВ нь бусад вирустай адил далайн усанд амьдрах чадваргүй. ХДХВ нь өндөр температурт мэдрэг боловч хэт хүйтэн орчныг тэсвэрлэнэ. Шинжээчид цельсийн нэмэх 60 градуст вирус устдаг болохыг нотолжээ.

БАРИМТ 4

ДОХ нь хүн төрөлхтний түүхэнд хамгийн их судлагдсан халдвар гэнэ. Гэхдээ эмчлэх аргыг одоо болтол нээж чадаагүй байна. 2005 онд ХДХВ-ийн халдвартай аавыгаа хазсан гурван настай хүүхдийн хэрэг дэлхийд шуугиан дэгдээв. Удалгүй хүүхэд цусаар дамжин халдварласан нь тогтоогдсон юм. Учир нь энэ нь бэлгийн зам болон цусаас өөр замаар халдварласан түүхэн дэх цор ганц тохиолдол байлаа.

БАРИМТ 5

Энэ сэдвээр Холливуд анх 1993 онд Philadelphia нэртэй уран сайхны кино хийж үзэгчдэд хүргэжээ. Бүтээлийг амилуулсан жүжигчин Том Хэнкс шилдэг дүрийн шагнал хүртсэн билээ.

0 сэтгэгдэл


Одоогоор сэтгэгдэл алга байна