ХОЛБОО, САНГИЙН ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ БАТЛАГДВАЛ ТББ ГЭЖ БАЙХГҮЙ БОЛНО
urug.mnСэтгүүлч:
НИЙГЭМ 6 сар, 4 долоо хоног өмнө

urug.mn

urug.mn image

УИХ Төрийн бус байгууллагын тухай бие даасан хуулийг 1997 онд баталсан. 24 жилийн хугацаанд нийгмийн өөрчлөлтийг дагаж төрийн бус байгууллагууд сангийн үйл ажиллагааны чиглэл, цар хүрээ, зохион байгуулалтын хэлбэрт ч томоохон өөрчлөлтүүд гарсаар байна. Энэхүү өөрчлөлтийн дагуу ТББ-ын эрх зүйн зохицуулалтыг шинэчлэх, тусгайлан ТББ-ын хэлбэр тус бүрээр буюу холбоо, сангийн зохицуулалтыг нарийвчлан хийх шаардлага зүй ёсоор тавигдаж байна хэмээн хууль санаачлагч үзжээ. Харин ТББ-уудын төлөөлөл үүний эсрэг байр суурьтай байгаа юм. Учир нь уг хууль батлагдсанаар төрийн бус байгууллага гэх ойлголт огт байхгүй болох, төрөөс хараат болох эрсдэлтэй гэж үзэж байгаа юм. Иймээс төрийн бус байгууллагууд уг хуулийг эсэргүүцэн Засгийн газар, УИХ-ын гишүүдэд шаардлага, захиа хүргүүлж боломжит бүх хувилбараар санал бодлоо илэрхийлээд байгаа юм. Иймд ТББ-ын төлөөллүүдтэй болон хуульчтай холбогдож дараах мэдээллийг тодрууллаа.

Бид нэн түрүүнд хуулийн эсрэг дуу хоолойгоо өргөж, санал бодлоо илэрхийлж буй  Бодлогод залуусын оролцоо ТББ-ын захирал Т.Амарзаяатай  холбогдож холбоо, сангийн эрх зүйн хуулийн талаарх байр суурийг нь сонслоо. Тэрбээр энэ талаар “Холбооны эрх зүйн байдлын тухай хууль, Сангийн эрх зүйн байдлын тухайн хууль гээд хоёр хуулийн төслийг Хууль зүйн дотоод хэргийн яамнаас арван нэгдүгээр сарын 24-нд өргөн барьсан. Энэ хоёр хуулийн төслөөр нийтэд тустай үйл ажиллагаа явуулдаг буюу хүний эрх, ардчилал зэрэг чиглэлээр ажилладаг байгууллагуудыг холбоо руу орох ёстой гэж зохицуулсан. Харин сангийн эрх зүйн байдлын тухай хуулийг харахад илүү ил тод байдал, тайлан, хариуцлагын талаар тусгасан ийм хуулийн төсөл байгаа.

Гэхдээ холбоо ч бай сан ч бай аль аль нь холбооны эрх зүйн байдлын хууль дээр туссан иргэний нийгмийн хөгжлийг дэмжих зөвлөлд тайлангаа явуулдаг байхаар энэ хуулийн төсөл дээр тусгасан. Байр суурийн хувьд хүний эрхийн түгээмэл тунхаглал, Үндсэн хуулийг харахаар  хүний эрхийн нөхцөл байдлыг аль болох дээрдүүлэх, дээшлүүлэх ёстой байтал үүний эсрэг ухралт хийж байна гэж харж байна.

"ЭНЭ ХУУЛЬ БАТЛАГДСАНААР ТББ ГЭХ НЭРШИЛ УСТАЖ БҮГД ХОЛБОО ЭСВЭЛ САН БОЛНО"

Энэ хуулийн төслийн яг юу нь болохгүй байна вэ гэвэл нэгдүгээрт, иргэний нийгмийн дэмжих зөвлөл. Хүний эрхийн үндэсний комиссыг сонгодог шиг нээлттэй сонгон шалгаруулалт явуулаад ажлын хэсгийн хүмүүсээ сонгоно. Үүнд төрийн болон иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл байна гэсэн утгатай зүйл заалт байгаа. Энэ есөн хүн сонгогдсоны дараа Засгийн газраар оруулаад, ерөнхий сайд батламжилна гэсэн ойлголт явж байна. Тэгэхээр ерөнхий сайд энэ зөвлөлд хэнийг оруулах үгүйг шийднэ. Энэ  зөвлөлд таалагдахын тулд ажилладаг болчих юм бол хараат бусаар ажиллах боломжгүй  гэж харж байгаа учир иргэний, хүмүүнлэг ардчилсан нийгмийг хөгжүүлнэ гэсэн энэ зорилтын эсрэг байна гэж харж байгаа.

Хоёрдугаарт энэ хуулийн төслүүд батлагдвал төрийн бус байгууллага гэдэг ойлголт байхгүй болно. 1997 онд батлагдсан ТББ-ын тухай хууль хэрэгжихгүй байна. Тэгэхээр ерөнхийдөө ТББ бүгд сан эсвэл холбооны аль нэг рүү нь хуваагдаж орно гэсэн үг” гэв.

Улсын бүртгэлийн ерөнхий газарт 2018 онд нийт 19260 гаруй ТББ бүртгүүлснээс 366, 2019 онд 21040 бүртгүүлснээс 406 ТББ үйл ажиллагааны тайлангаа ирүүлсэн байдаг. Төрийн бус байгууллагын тухай хуулиар сангаас бусад нь дүрэмдээ заагаагүй бол үйл ажиллагааны тайланг олон нийтэд мэдээлэх үүрэг хүлээдэггүй, зөвхөн тайланг хуульд заасан бүртгэлийн байгууллагад илгээх үүрэг хүлээж байна. Энэ шалтгаанаар ил тод бус байдлыг ил болгох боломжтой гэж харж байгаа талаар төслийн санаачлагчид дурдсан.

"ТББ ГЭДЭГ ОЙЛГОЛТЫГ АВЧ ХАЯХ НЬ ТӨРИЙН ЭСРЭГ ДУУГАРАХ ОРОН ЗАЙГҮЙ БОЛГОЖ БАЙНА"

Энэ талаар Бодлогод залуусын оролцоо ТББ-ын захирал Т.Амарзаяа “Бараг 600 гаруй маш олон иргэний нийгмийн байгууллагууд бидэнтэй нэгдсэн. Хүний эрх, ардчилал, засаглалыг бэхжүүлэх, сайжруулах чиглэлээр бодлогын судалгаа, мониторинг, нөлөөлөх сургалт зэргийг хийдэг байгууллагууд юм. Төртэй ямар нэгэн гэрээний үндсэн дээр ажил хийх шаардлагагүйгээр хөндлөнгөөс ажилладаг, үйл ажиллагаагаа явуулдаг байгууллагууд гэсэн үг. Тэгэхээр энэ хоёр хуулийн төсөл батлагдчихвал эдгээр байгууллагууд ажиллах боломжгүй болно гэж харж байна. Эсвэл хэлбэрээ өөрчлөөд хүчээр гишүүнчлэлтэй холбоо нэрийн дор үйл ажиллагаагаа үргэлжлүүлж болно. Гэсэн ч иргэний нийгмийн зөвлөлийн дор л үйл ажиллагаа явуулна. Иймэрхүү байдлаар төрийн бус байгууллага гэдэг ойлголтыг авч хаях нь төрийн эсрэг дуугарах орон зайгүй болгож байгаа юм байна гэж харж байгаа.

Гуравдугаарт, энэ хуулийн төслийг өргөн барьсан хүмүүсийн хэлж буйгаар төрийн бус байгууллагууд зорилгодоо нийцсэн үйл ажиллагаа явуулахгүй, улс төрчдийн нөлөөтэй байна гэж байгаа юм. УИХ-ын гишүүд бүгд ямар нэгэн байдлаар холбоо сангийн, ТББ-н тэргүүн байгаад байна гэж яриад байна. Тэгэхээр энэ хуулийг баталсан ч нийтэд тустай нэрийдлээр мөнгө угаавал угаана шүү дээ. Энэ асуудлыг шийдэх гэж байгаа болохоор энэ хуулийг батлах гэж байна гэж байгаа бол энэ асуудлыг шийдэж чадахгүй. Үндсэн гол зорилго нь иргэний нийгмийн байгууллагуудын дотоод үйл ажиллагаа, удирдлагад төр гараа дүрэх нь л гол зорилго нь гэж ойлгож байна.

Санхүүгийн ил тод байдлыг сайжруулах гэж байна гэж хэлж байгаа боловч одоо байгаа ТББ-ын хуулиар ч тайлагнаж, ил тод байх ёстой гэсэн заалт бий. Тэгэхээр ил тод бус байгаа юм бол байхгүй.  Хүний эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд нэг удирдлагатай байх ямар ч боломжгүй.  Сайжруулж чадахгүй бол ядаж бүр дордуулмааргүй байна”  гэсэн юм.

Хуулийн төсөл батлагдсанаар холбоо нь татвар төлөгчөөр татварын байгууллагын бүртгэл, хяналтад орсноор ашгийн төлөө бус байгууллагаар халхавчлан аж ахуйн үйл ажиллагаа эрхэлж байгаа этгээдүүдийг илрүүлэх, хууль бус үйл ажиллагаа эрхэлж байгаа холбоог ялган зааглах, хариуцлага тооцох боломж бүрдэнэ. Иргэний нийгмийн хөгжлийг дэмжих зөвлөл, ашгийн төлөө бус хуулийн этгээдийг дэмжих, санхүүжүүлэх санг байгуулан ажиллуулснаар иргэний нийгмийн нийтлэг хөгжлийн асуудлуудаар төртэй харилцах, хамтран ажиллах, түншлэлийн үр дүн нэмэгдэх, зөвлөлөөр дамжуулан ашгийн төлөө бус хуулийн этгээдийн чадавхыг бэхжүүлэх, дотоод засаглал, ёс зүйн, хариуцлагыг сайжруулах ач холбогдолтой гэж хууль санаачлагчид үзэж буй. Иймд бид энэ хуулийн талаар хуульчаас тодрууллаа.

Хуульч Л.Галбаатар  “Энэ хуулийн үзэл баримтлалыг нь харсан. Үзэл баримтлалдаа хоёр баримт бичгийг үндэслэл болгосон байна. Хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох чиглэл гэж байдаг. Үүн дээр ТББ-тай холбоотой хуулийг нарийвчлан зохицуулна гээд заагаад өгчихсөн. Засгийн газрын дөрвөн жилийн үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт иргэний нийгмийн байгууллагын оролцоог оновчтой бүрдүүлнэ гэсэн заалт байгаа. 

Зохицуулах гол зорилго ТББ-ууд мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх үйл ажиллагаанд оролцох эрсдэлтэй юм байна. Энэ эрсдэлийг хаана гэж үзэж байгаа юм билээ.   Хоёрдугаарт төрөөс ТББ-г дэмжих дэмжлэг хангалтгүй байна. Иймээс дэмждэг болъё гэсэн ийм хоёр үндэслэлээр энэ хуулийн төслийг боловсруулна гэдэг үзэл баримтлал байна.  Үзэл баримтлалынх нь тоон мэдээлэл хоорондоо авцалдахгүй байгаа.  Тухайлбал, ТББ-ын ихэнх нь буюу 70 хувь нь олон улсын байгууллагаас санхүүждэг гэж байна л даа. Олон улсын санхүүжилтийн цаана мөнгө угаах эвсэл байна гэдэг таамаг байгаа. Гэхдээ энэ 70 хувь буюу 67,7 хувь нь 10 жилийн өмнөх тоон мэдээлэл. Харин 2020 оны сүүлийн шинэ судалгаагаар 25,8 хувь нь тэтгэлгээр санхүүждэг гэсэн  тоон мэдээлэл байгаа юм. Тэгэхээр хуучин буюу 10 жилийн өмнөх тоогоор ингэж айлгаад, болгоомжлоод байна. Дараа нь ТББ-ууд тайлангаа өгдөггүй гэдэг асуудал. 2020 оны 3-6 сард ашгийн бус байгууллагуудад эрсдэлийн үнэлгээ хийсэн юм билээ. Энд 0,46 буюу дунджаас доогуур бага гэж үнэлэгдсэн.  Хуульд тайлан өгөх нь сайн дурын шинжтэй гэж заасан байдаг. Төрөөс мөнгөн дэмжлэг авдаггүй учраас заавал тайлагнаад байх шаардлагагүй.

ТББ-уудын эсэргүүцээд байгаа нэг шалтгаан нь хэлбэр, нэршлийг өөрчлөх явдал. ТББ гишүүдэд үйлчилдэг ТББ, нийгэмд үйлчилдэг ТББ гэсэн хоёр төрлөөр нэрлэгддэг. Үүнийг болиулж бүртгэгдсэн холбоо гэдэг нэр хэрэглэнэ. Монгол үндэсний, нэгдсэн гэдэг үгүүдийг нэрдээ ашиглах болохгүй гээд заагаад өгчихсөн. Тэгэхээр хоёр жилийн дотор бүгд дахин нэрээ бүртгүүлнэ гэсэн үг. Шинээр бүртгүүлэхэд янз бүрийн шалтаг гаргаад бүртгэхгүй байх вий гэсэн нэг болгоомжлол бий” гэв.

Бид энэ хуулийн төслийн талаар хүүхдийн эрхийн төлөө үйл ажиллагаа явуулдаг   “Лантуун дохио” ТББ-ын тэргүүн У.Ганбаяртай  холбогдож байр суурийг нь лавлахад “Бидний зүгээс энэ хуулийг эргүүлэн татах, буцаах тал дээр саналтай байгаа.  Холбоо, сангийн тухай хуулийн цаана нэг талаасаа ТББ гэдэг нэр томьёог тэр чигээр үгүй болгох, эргээд иргэний орон зай хумигдах эрсдэлтэй.   Яагаад ингэж хэлээд байна вэ гэхээр иргэний нийгмийн байгууллагуудын хувьд байж боломгүй зүйл заалтууд орж ирсэн байсан. Хуулийн заалтууд дээр иргэний нийгмийн байгууллагуудыг хянах, батламжлах, засгийн газар тайланг нь хүлээж авдаг гэх мэт заалтууд байгаа.  

Ер нь өнгөрсөн жилүүдийн хугацаанд ТББ байгууллагуудад ямар ч бодлого гаргаж байгаагүй.  Татвараас хөнгөлөх зэрэг ямар ч бодлого гаргаж байгаагүй. Үүнийг холбоо сангийн хуулиар зохицуулах гэж оролдож байгаа боловч ТББ үндсэн бие даасан, төрийн хяналтгүй байх, иргэний нийгмийн чөлөөтэй үйл ажиллагаа явуулах тэр бүх нөхцөл боломжийг хаагдах заалтууд орсон болохоор татах байр суурьтай байгаа.  

Мөн иргэний нийгмийн хөгжлийг дэмжих зөвлөл байгуулагдсанаар улс төрөөт хараат бус байна гэдэг итгэл үнэмшилгүй болчхож байгаа юм.

Ер нь холбоо сангийн тухай хуулийг Н.Наранбаатар болон Б.Энхбаяр гишүүд нэг талаасаа батлах гэж нэлээн зүтгэж байгаа. Цаанаа улс төрийн өөр зорилго байна уу, хамгийн их иргэний дуу хоолой, орон зайг бий болгох ёстой энэ орон яагаад хумих ийм заалтууд оруулж ирж байна вэ. Энэ нь олон улсын гэрээ контактад нийцсэн үүргээ биелүүлэх гэхээс илүү эсрэг явж байгаа арга хэмжээ.  Холбоо, сангийн эрх зүйн байдлын хуулиар ТББ гэх нэршил нь алга болох нь өөрөө маш их хор уршигтай. Энэ нь ТББ гэх нэр томьёог бүрэн орлож чадах уу гээд олон асуудал бий.  Иймд бид хуулийг эргүүлэн татах, энэ хуулийн эсрэг байр суурьтай байгаа” гэж хэлсэн юм.

 "ХҮМҮҮС ЭСЭРГҮҮЦЭЖ БАЙГАА Ч ХУУЛИЙН ТӨСЛИЙГ  БАТЛАХ ЭРСДЭЛ БИЙ"

Төрийн бус байгууллагууд өөрсдөө энэ хуулийг эсэргүүцэж, тэдний санаа бодлыг хуульдаа тусгаад дургүйцэж байгаа юм. Хуулийн төсөл өргөн баригдсан хугацаанаас бараг хоёр сар гаруйн хугацаанд энэ хуулийн төслийг эргүүлэн татахыг шаардаж санал бодлоо хэлсэн ч хуулийн хэлэлцүүлгийн үед л саналаа хэлж болно гэх тайлбарыг Засгийн газраас өгөөд буй. Тэгвэл ТББ-ууд эсэргүүцсэн хууль батлагдах уу? Энэ талаар хуульчаас лавлахад Л.Галбаатар “Хэчнээн ингэж хүмүүс эсэргүүцэж байгаа ч гэсэн батлах эрсдэл байгаа.  Өмнө нь ч гэсэн нийтийн мэдээллийн тухай хуулийг мэдээлэл авах эрхийг хязгаарлаж байна тодорхой хэмжээнд байгууллагууд, экспертүүд дуу хоолойгоо илэрхийлсэн ч гэсэн саналыг огт хүлээж аваагүйгээр баталсан.  Тэгэхээр холбоо, сангийн хуулийг ч гэсэн ингээд баталчих эрсдэл байгаа.

Сүүлийн хоёр баталсан хуулиуд бол ер нь засгийн газарт өргөн барьсан хувилбараараа л яваад байгаа. тэгж өөрчлөгдөж хүмүүсийн саналыг тусгаж байгаа нь харагдахгүй байгаа.

Иргэний нийгмийн байгууллагын хуулийг бүхэлд нь өөрчлөхгүйгээр татварын хуулийн нэг хоёр зүйл заалтад өөрчлөлт оруулаад шийдчих асуудал юм. Засгийн газрын яриад байгаа энэ асуудал ТББ-н хуулиараа шийдэх биш татварын болоод өөр хуульд нэмэлт заалт оруулаад шийдчих боломжтой” гэв.

"ХУУЛИЙГ АЛЬ ШАТАНД ЭРГҮҮЛЭН ТАТАХ ЭРХ НЬ ЗАСГИЙН ГАЗАР, УИХ-Д БИЙ"

Үргэлжлүүлэн түүнээс ТББ-н хуулийг өөрчилснөөр ТББ-уудад ашиггүй тэгвэл хэнд хэрэгтэй талаар асуухад тэрбээр  “Саарал, хар жагсаалтад орохгүй байхад хэрэгтэй гэдэг санаа байгаа. Мөнгө угаах эрсдэлтэй байсныг бид ингэж хуулийг өөрчлөөд эрсдэлгүй болгочихлоо гэдэг ФАТФ олон улсын байгууллагад тайлангаа илгээхэд нэг хэрэгтэй. Өөрөөр тийм чухал биш.  Засгийн газар өргөн барьсан хуулийн төслөө аль ч үе шатанд татаж авах эрхтэй байдаг. Хэрвээ тухайн хуулийг олон нийт дэмжихгүй байна. Эсвэл бид буруу өнцгөөс бичсэн байна гэвэл татаж авах бүрэн боломжтой. УИХ-н гишүүд хэлэлцэх шаардлагагүй гээд буцаах эрх нь ч бий.  Одоогоор энэ хуулийг буцаах ёстой гэж хэлсэн гишүүн байхгүй л байна” гэлээ.

ТББ-уудын эсэргүүцээд байгаа  шалтгаан нь хэлбэр, нэршлийг өөрчлөх явдал. ТББ гишүүдэд үйлчилдэг ТББ, нийгэмд үйлчилдэг ТББ гэсэн хоёр төрлөөр нэрлэгддэг. Үүнийг болиулж бүртгэгдсэн холбоо гэдэг нэр хэрэглэнэ. Монгол үндэсний, нэгдсэн гэдэг үгүүдийг нэрдээ ашиглах болохгүй гээд заагаад өгчихсөн. Тэгэхээр хоёр жилийн дотор бүгд дахин нэрээ бүртгүүлнэ гэсэн үг. Шинээр бүртгүүлэхэд янз бүрийн шалтаг гаргаад бүртгэхгүй байх вий гэсэн нэг болгоомжлол бий гэдгийг ч хэлсэн юм.

Иргэний нийгмийн хөгжлийг дэмжих зөвлөлийг гишүүдийг Засгийн газраар орж, ерөнхий сайдаар батлуулахаар есөн гишүүнд хэнийг томилох нь төрөөс хараат болчхож байгаа юм. Тэгэхээр ерөнхий сайдаас хамааралтай хүмүүс иргэний нийгмийн удирдах зөвлөл байх нь.

Мэргэжлийн холбоо гэж бий. Мэргэжлийн холбоог сонгон шалгаруулах, эрхийг нь хүчингүй болгохыг сайд шийдвэрлэнэ гээд заагаад өгчихсөн. Тэгэхээр мэргэжлийн холбоо үйл ажиллагаа явуулахын тулд сайдаас хамааралтай болох юм. Иймээс ТӨРИЙН БУС биш ТӨРӨӨС ХАРААТ иргэний нийгмийн байгууллагууд ардчилсан гэх тодотголтой хүний эрхийг дээдэлдэг ч иргэнээ сонсдоггүй төрийн дор чөлөөтэй үйл ажиллагаагаа явуулж чадах эсэх нь эргэлзээтэй.

Үндсэн хуульд иргэд сайн дураараа эвлэлдэн нэгдэх, олон нийтийн байгууллага байгуулах эрхтэй гэж бий. Хоёрдугаарт мөн үндсэн хуульд тогтоомжийн талаар их хурлын гишүүндээ хандаж санал, шаардлага тавих эрхтэй гэж бий. Тийм учраас иргэн та өөрийнхөө харъя тойргийн гишүүндээ хандаад энэ хуулийн төслийн талаар байр суурь, саналаа илэрхийлж, шаардлага тавьж болно. Мөн Засгийн газарт ч хандах бүрэн эрх танд бий. Энэ бол зөвхөн иргэний нийгмийн байгууллага бус иргэн танд ч хамааралтай хуулийн төсөл билээ.

0 сэтгэгдэл


Одоогоор сэтгэгдэл алга байна