"ТОД ГАННАМ" ЭМНЭЛГИЙН ЗАХИРАЛ, СУВИЛАГЧ НАРЫН ШҮҮХ ХУРАЛ ХОЙШЛОВ
urug.mn Сэтгүүлч: У.УРАНЦЭЦЭГ
НИЙГЭМ 2 сар, 4 долоо хоног өмнө

urug.mn

urug.mn image

Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Тод каннам эмнэлэгт 2019 оны гуравдугаар сарын 26-ны өдөр гоо сайхны хагалгаанд орсон 29 настай эмэгтэй нас барсан харамсалтай хэрэг гарсан билээ.

Тодруулбал, талийгаач дээрх эмнэлэгт өөх соруулах хагалгаанд орж байгаад зүрх нь зогсч, Улсын нэгдсэн нэгдүгээр эмнэлгийн Эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлэгдэж байгаад дөрөвдүгээр сарын 01-ний өдөр нас барсан байдаг. Хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж дуусаад улмаар прокурорт шилжүүлсэн билээ. Прокурорын байгууллагаас хэргийг яллах дүгнэлттэйгээр шүүхэд шилжүүлсэн юм. Ингэхдээ "Тод Каннам" эмнэлгийн захирал, ерөнхий эмч Д.Тодномбат болон сувилагч Б.Мөнгөнчимэг нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

Энэхүү хэргийн шүүх хурал өнөөдөр Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 12:00 цагт товлогдоод байсан юм. Гэвч шүүх хуралдаанд оролцогчийн өмгөөлөгч хөл хорионд орсон тул хойшлуулах хүсэлт гаргасан байна. Шүүхээс хүсэлтийг хүлээн авч 2020 оны гуравдугаар сарын 18-ны өдрийн 10:00 цаг хүртэл шүүх хурлыг хойшлуулж шийдвэрлэв.

Хуулийн заалтыг тодруулбал, 10.6 дугаар зүйл. Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох: Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, эсхүл бусад болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний амь насыг хохироосон бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан байна.

0 сэтгэгдэл


Одоогоор сэтгэгдэл алга байна