А.АНУДАРЬ: ТАЙЗАН ДЭЭР ДУУЛЖ БАЙХДАА БИ ХАМГИЙН АЗ ЖАРГАЛТАЙ БАЙДАГ
urug.mnСэтгүүлч: Б.БУЯНДАЛАЙ
НИЙГЭМ 4 сар өмнө

urug.mn

Тэр багаасаа дуучин болохыг мөрөөдсөн. Гэвч түүний амьдрал санаснаар нь болоогүй. Нийгмийн ажилтан мэргэжлээр хоёр ч удаа сурах гэж оролдсон ч дуучин болох хүсэл нь түүний сэтгэлийн гүнд байсаар байлаа. Амьдрахын эрхэнд тогооч, таксины жолооч гээд юм, юм хийж явсаар 2014 онд Өмнөговь аймгийнхаа хөгжимт жүжгийн театрт орсноор урлагийн салбартай амьдралаа холбожээ. Хамгийн гол нь ингэснээр тэрбээр дуучин болох мөрөөдлөө биелүүлж, хүссэн мэргэжлээрээ ажиллах боломж түүнд бүрдсэн юм. Ингэж урлагийн салбарт хөл тавьж, багаас хүсэж, мөрөөдсөн дуучин мэргэжлээрээ одоо ч ажиллаж, уран бүтээлээ туурьвиж буй түүнийг Алтанцэцэгийн Анударь гэдэг.

Хэдэн жилийн өмнө “Чингис хаан” хамтлагийн ахлагч Д.Жаргалсайханы дуулсан “Шилийн богд” дууг дуулж, жинхэнэ утгаар нь доргиож, шуугиулснаар нь хүмүүс түүнийг илүү сайн мэднэ. Дуучин А.Анударийг “Хөрөг”-т онцоллоо.

ААВЫНХАА ҮГИЙГ БУС ХҮСЭЛ МӨРӨӨДЛӨӨ ДАГАДАГ БАЙЖ ГЭЖ ХАРАМСДАГ

-Та багаасаа дуучин болохыг мөрөөдсөн ч хүссэн мэргэжлээрээ сураагүй. Бүр сүүлд урлагтай амьдралаа холбосон юм билээ. Яаж ийж байгаад мөрөөдлөө биелүүлье гээд театрт орж байв уу?

-Тэгсэн. Сургуульд байхдаа дуулах, бүжиглэх дуртай хүүхэд байлаа. Монгол бүжиг, реп бүжиг их бүжиглэнэ. Өмнөговь аймгийнхаа бүх сумын уралдаанд түрүүлсэн удаа ч бий. Хамгийн анх наймдугаар ангидаа тайзан дээр гарч, дуулж байлаа.  Дуучин болох миний мөрөөдөл байсан. Гэхдээ амьдрал санаснаар минь болоогүй.

Аравдугаар ангиа төгсөөд аавдаа “Би дуучин болмоор байна” гэж хэлэв. Тэгэхэд аав гайхсанаа “Чиний дуулна гэж юу байдаг юм бэ. Мундаг хүмүүс л СУИС-д сурдаг, дуучин болдог” гэсэн. Би аавынхаа үгнээс зөрөөгүй. “За” л гээд өнгөрсөн. Тэгээд би Утга зохиол нийгмийн ажилтны дээд сургуульд нийгмийн ажилтны ангид орсон. Хүсэж, мөрөөддөгөөс минь тэс өөр мэргэжил. Дургүйд хүчгүй гэж яг үнэн.

“Миний хүсэл сонирхол биш юм байна” гээд хоёр жил сураад гарсан. Дараа нь тогоочоор хэсэг хугацаанд ажиллав. Нэгэнт сурсных төгсье гээд хичээсэн ч сургуулиасаа дахиад гарсан. Хүн өөрийн хүсэл, сонирхлоо дагах хэчнээн чухал гэдгийг өөрийн туулсан амьдралаараа мэдэрсэн, би. Ирээдүйд хүүхэдтэй болбол хүсэл, сонирхлыг нь маш сайн сонсоно. 

Одоо эргээд бодоход, би харамсдаг. “Аавынхаа үгийг бус өөрийнхөө хүсэл сонирхлыг дагах минь яалаа. Тэгсэн бол урлагийн салбарт эрт орох байсан” гэж. Ямар ч байсан хүсэл, мөрөөдлөө биелүүлье гээд 2014 онд театрт орж, урлагийн салбартай амьдралаа холбож байлаа. Маш олон удаа алдаж, онож, бүдэрсний эцэст театрт орсон минь тэр. Дуучин болох, урлагийн салбарт хөл тавих боломж олгосон Дашийн Гомбосүрэн даргадаа баярлаж явдаг.

-“Мэргэжлийн сургууь төгсөөгүй тул тэнцэхгүй байх”, “Оройтсон байх” гэсэн айдас, болгоомжлол танд байв уу?

-Байгаагүй. Би амьдрахын эрхэнд юм, юм л хийж явсан үе. Театрт ажиллаж байсан нэг найзтайгаа уулзах нь ээ “Театрт нэг орон тоо гарч” гэсэн юм. Хичээж байгаад шалгаруулалтад оролцлоо. Би гурван дуу дуулсан. “Мэргэжлийн сургууль төгсөөгүй намайг авах болов уу” гэсэн эргэлзээ байлгүй яах вэ. Ашгүй, би тэнцсэн.

Жинхэнэ сор болсон авьяастай, ур чадвартай, чадалтай уран бүтээлч орон нутагт олон байна. Орон нутгийн театрын уран бүтээлчид сард 500 гаруйхан мянган төгрөгний цалин авдаг. Бүгд ардаа гэр бүлтэй, амьдралтай, зээлтэй. Бага цалинг амьдралдаа хэрхэн хүргэж, яаж болгодог вэ. Зүгээр л театртаа, урлагийн салбарт хайртайгийнхаа хүчээр болгож яваа. Тийм уран бүтээлч орон нутагт маш олон.

ЧАНАРТАЙ УРАН БҮТЭЭЛ ХИЙХ, ХӨГЖИХ БОЛОМЖ, НӨХЦӨЛ ОРОН НУТГИЙН ДУУЧДАД БҮРДДЭГГҮЙ

-Орон нутагт ажиллангаа хувийн бүтээлдээ анхаарах, хөгжих боломж хэр байдаг вэ?

-Үнэнийг хэлэхэд харамсалтай нь маш бага. Хамтарсан тоглолтод оролцъё, уран бүтээл гаргая, клип хийе гэхэд байгууллагаас чөлөө өгдөггүй. Тиймээс ямар нэгэн уралдаанд өрсөлдөх, хамтарсан тоглолтод оролцох, хувийн уран бүтээлээ гаргах боломжоор хангадаг байгаасай гэж хүсдэг. Орон нутгийн уран бүтээлчдэд тийм боломж байхгүй. Шинэ уран бүтээл гаргая, тоглолт, уралдаан тэмцээнд оролцох гэсэн юм гэхэд нь гурав хоногийн ч болтугай цалинтай чөлөө өгөөд явуулбал том дэмжлэг шүү дээ. Гэтэл тэгдэггүй.

Өдөр, шөнөгүй үргэлж ажиллана. Том баяруудаар уран бүтээлчид гадаа цэнгэлдэхэд хав хар болтлоо бэлтгэл хийдэг. Цалин урамшуулал, нэмэгдэл маш бага. Бараг байдаггүй. Тийм учраас орон нутийн уран бүтээлчид хэчнээн хийе гэсэн ч хийх боломж, бололцоо, нөхцөл нь бүрддэггүй байхгүй юу.

Уран бүтээлчдийн хэн нь хэн бэ, хэр чадалтай, чансаатай дуучин бэ гэдгийг театрын дарга нар мэддэг. Гэхдээ тухайн уралдаанд амжилттай оролцон, олонд танигдчихвал театраасаа гарчихна, Улаанбаатар руу явчихна, алдчихна гэсэн болгоомжлол байдаг шиг байгаа юм. Уг нь тухайн хүний сонголт шүү дээ.

-Та театраасаа энэ оны дөрөвдүгээр сард гарсан. Дээрх хязгаарлагдмал боломжууд ийм шийдвэр гаргахад хэр нөлөөлсөн бэ. Эсвэл хувийн уран бүтээлдээ анхаарахын тулд тийм шийдвэр гаргасан юм уу?

-Аль, аль нь. Би Өмнөговь аймгийн театрт ажиллах дуртай байсан. Дээрх шалтгаанууд нөлөөлсөн. Нөгөө талаар өөрийгөө хөгжүүлэх, хувийн уран бүтээлдээ анхаарахын тулд би театраасаа гарсан.

Теарт найман ажиллах хугацаандаа хувийн уран бүтээлдээ анхаарч, уралдаан тэмцээнд оролцдог байж гэж харамсдаг. Театр “Тийм, ийм тоглолттой” гээд явуулахгүй байхад нь “Ажил чухал байлгүй яах вэ. Цалин авч байгаа юм чинь” гээд хойшлуулдаг байлаа. Тэгж явсандаа одоо харамсдаг.

Би тэнд ажилд орохдоо түрээсийн байранд байсан. Цалингийн зээлтэй байв. Найман жилийн дараа яг хэвэндээ байсан. Түрээсийн байранд, зээлтэй хэвээрээ. Ихийг хийх хүсэл, эрмэлзэлтэй, эрч хүчтэй, залуу байгаа дээрээ өөрийгөө хөгжүүлье, сорьё гээд Улаанбаатарт ирлээ.

Амьдрал минь нэгэн хэвийн байсан болохоос Өмнөговь аймгийн театрт ажилласны хүчинд би маш их зүйл сурсан, өөрийгөө хөгжүүлсэн. Мэдсэн, сурсан зүйлс тоо томшгүй их.

-Танай удамд дуучин хүн бий юү?

-Аав минь Дундговь аймгийн Гурвансайхан сумынх. Аавын ээжийн эмээ нь уртыг дууг үнэхээр сайхан дуулдаг хүн байсан гэсэн. Эмээгийн авьяасын үлдэгдэл надад үсэрч ирсэн юм болов уу гэж аав минь ярьдаг.

“ШИЛИЙН БОГД”-ЫГ ДУУЛСНЫХАА ДАРАА ХИЙМОРИЙН УУЛНЫ ТУХАЙ ДУУГ ЭМЭГТЭЙ ХҮН ДУУЛЛАА ГЭЖ ШҮҮМЖЛҮҮЛСЭН

-Та2019 онд “Шилийн богд” дууг дуулсан нь жинхэнэ тэсрэлт болсон, шуугиулсан. Орон нутгийн театрт дуулж, нам гүм ажиллаж явсан та гэнэт олны хараанд өртөн, “од” болох ямар байв?

-2019 онд Өмнөговь аймагт “Хөдөлгөөнт баг” хэмээх малчдад зориулсан аян өрнөсөн. Тэр үед би театраа төлөөлж, сумдын багуудаар явсан юм. Тухайн үед би хоёр дуу дуулах байлаа. Гэтэл үзэгчид дахиулсаар байгаад дөрвөн дуу дуулуулчихав. Тайзнаас буусны дараа үзэгчдийн алга ташилт тасардаггүй ээ. Дахиж дуулахаар бэлдсэн дуу байгаагүй. “Яах вэ” гэж гайхаж байгаад “Шилийн богд”-ыг дуулсан юм. Хувцсаа ч сольж амжаагүй. Пладжтай дуулсан. Тоглолт дээр, олны өмнө “Шилийн богд”-ыг анх удаа дуулсан минь тэр. Өмнө нь зөвхөн гэртээ л бэлдсэн байсан юм.

Намайг дуулж байхад нэг сэтгүүлч дүү маань бичлэг хийгээд, фэйсбүүктээ нийтлэсэн байсан. Би анхандаа мэдээгүй. Тэр бичлэг олон хүнд хүрсэн, шуугиулсан. Буйдхан театрт ажиллан, нам гүмхэн амьдарч байсан намайг олон түмэнд таниулсан. Магтаал, шүүмжлэлийн аль, аль нь ирсэн. Анхандаа шүүмжлэх хүн олон байлаа. Бусдад элдвээр шүүмжлүүлж байгаагүй би эмзгээр хүлээж авсан байж мэднэ. Ямар сайндаа тэр бичлэгийг цахим хуудсандаа тавьсан дүүгээсээ “Устгаад өг” гэж гуйх вэ дээ.

-Үнэхээр шинэлэг, гоё дуулсан гэж хүмүүс үнэлдэг. Зарим хүн юу гэж шүүмжилсэн бэ?

-“Эрчүүдийн хийморийн уулын тухай дууг эмэгтэй хүн дууллаа”, “Гудамжны хувцастай дуулж” гэх мэтээр шүүмжилсэн.

-Урлагаасаа, мэргэжлээсээ авдаг хамгийн гоё мэдрэмж тань юу бол?

ДУУЛЖ БАЙХДАА БИ ХАМГИЙН ЖАРГАЛТАЙ БАЙДАГ

-Дуучин болоод би маш их сэтгэлийн хаттай болсон. Зовсон ч жаргалтайгаар зовдог. Дуулж байхдаа би хамгийн жаргалтай байдаг.

-Заримдаа бэлтгэл дээр өнгө хүрэхгүй байх тохиолдол гарна. “Өнөөдөр хоолой муу байна даа” гэж бодоод тоглолт дээр дуулж байгаад үзэгчдийн алга ташилтад урамшаад дээд өнгөнүүдийг торохгүй авах үе бий.  Урлаг надад тийм их эрч хүч өгдөг. Хэчнээн ядарч, даарч, өлсөж байсан үзэгчдийн алга ташилтаас, уран бүтээлээсээ урам авдаг, жаргадаг.

Дуртай ажлаа хийж байхад хүн ядрахыг мэдэрдэггүй, анзаардаггүй. Нэг мэдэхэд л өдөр өнгөрчихсөн байдаг. Хэчнээн хэцүү байсан ч, нойргүй хоносон ч маргааш нь эрч хүч дүүрэн босож чаддаг.

Урлагийн хүн болох ер нь хэцүү, хэцүү. Гэхдээ бас жаргалтай. Дуртай бол аймар жаргадаг. Дургүй бол зовдог. Дуртай бол зовсон ч жаргалтай зовно. “Тэр клип тэдэн төгрөг болох юм байна. Энэ дууг гаргачихмаар байна, яах вэ. Аль газар арай гоё клип хийх бол” гэх мэт зүйлс дээр шаналдаг байхгүй юу.

ИНЭЭЖ ЯВАХАД ЗОВЛОН ХҮРТЭЛ ЗУГТДАГ

-Арай эрт хувийн уран бүтээлдээ анхаардаг байж гэж харамсаж явдаг гэлээ. Та одоогоор хийгээд буйдаа, өөртөө хэр сэтгэл хангалуун явдаг вэ?

-Сэтгэл хангалуун явдаг.Маш азтай явж байна гэж боддог, өөрийгөө. Хүн өөрийнхөө байгаа юманд сэтгэл хангалуун амьдарч байж цаашдаа бүр өндөр оргилд гардаг, амьдралын зам нь дардан байдаг байх. Би муу юм бодох дургүй ээ.

Бага нас минь мал дээр өссөн. Хар багаасаа биеэ даасан. Айл, айлд очиж, ажил хийгээд хичээлийн дэвтэр, номоо бэлдчихдэг байлаа.

Бага насны минь амьдрал бараан байсан. Маш их бараан. Манай аав, ээж хоёр намайг жаахан байхад салчихсан. Хойд эцгийн гар хараад, зодуулж, нүдүүлээд явдаг, жаахан хатуу гар дээр бага нас өнгөрсөн.

Орой болгон таван ширхэг боорцог идээд унтдаг. Өглөө сэрээд таван ширхэг боорцог идээд л өнгөрөөдөг. Эмээ минь тоолж байгаад өгдөг тийм үед өссөн.

Ер нь ядуу хүн болгон ядуугаараа байдаггүй. Тэнэг хүний хүүхэд тэнэг төрөх албагүй. Хүмүүс тийм ойлголттой байдаг шүү дээ. “Наадахны чинь аав нь архичин. Наадах чинь архичин л байж таараа. Архичин болно” гэдэг. Тиймэрхүү юманд би аймар дургүй.

Бага насны амьдрал бараан байсан учраас ирээдүйнхээ замыг би цагаанаар тавих ёстой. Жаргал, зовлон хосолж байж хүний амьдрал амттай болдог. Магадгүй би багадаа ийм бараан амьдралыг туулаагүй байсан бол өнөөдөр ийм жаргалтай яваагаа мэдрэхгүй явах байсан ч юм бил үү. Байгаадаа сэтгэл хангалуун бус, даварчихсан, “Ингэмээргүй, тэгмээргүй байна” гээд л хамаг юмаа голж, шилээд явж байх байсныг таашгүй.

Ер нь инээж явахад зовлон хүртэл зугтдаг гэдэг яг үнэн. Би энэ үгэнд их дуртай. Яагаад ч юм бэ, уйлахдаа хүртэл цурхирж уйлдаггүй. Инээж байхад миний нулимс урсдаг.

-Та хэдхэн хоногийн дараа “Өнөөдөр чи сайн байлаа” тоглолтоо хийнэ. Энэ тоглолтынхоо талаар сонирхуулахгүй юу?

-Хишигжаргал гэдэг хилчин бүсгүй, найз охинтойгоо хамтран “Өнөөдөр чи сайн байлаа” гэдэг нэртэй анхны хамтарсан бие даасан тоглолтоо хийх гэж байгаа. “Өнөөдөр чи сайн байлаа” дууны шүлгийг би өөрөө бичсэн. Бид хоёрын тоглолт 2022 оны аравдугаар сарын 16-нд “UB place”-ын их танхимд ганцхан удаа болно.

Одоогоор би 10-аад шинэ дуу гаргаад байгаа. Гурвыг нь клипжүүлсэн. Олон жилийн турш мартагдахааргүй, чанартай, чансаатай уран бүтээл хийх сэн гэж хүсэж, зорьж явна. Юм мэдэх, сурах тусмаа хүн өөрийгөө хэр өчүүхэнг мэдэрдэг юм билээ. Алхам тутамдаа өөрийгөө хөгжүүлж, суралцсаар явна.

0 сэтгэгдэл


Одоогоор сэтгэгдэл алга байна