Б.ДАВААСҮРЭН: БУСДААС ДУТАХГҮЙ АМЬДАРЧ ЧАДАХ ИТГЭЛ, УРМЫГ ХӨЛБӨМБӨГИЙН СПОРТООС АВСАН
urug.mnСэтгүүлч: Б.БУЯНДАЛАЙ
НИЙГЭМ 3 сар, 3 долоо хоног өмнө

urug.mn

urug.mn image

Амьдрал гэнэтийн явдлаар дүүрэн. Маргааш битгий хэл хэдхэн хормын дараа юу болохыг, юу тохиолдохыг урьдчилан таахын аргагүй. Магнай хагартал баярлах үйл явдал тохиолдож мэднэ. Тэнгэр хөмөрчихсөн шиг санагдуулан, уй гашууд автуулж ч мэднэ.

Багаасаа хөлбөмбөгийн спорттой амьдралаа холбон, шүүгчээр ажилласан Батбилэгийн Даваасүрэнгийн хараа 2019 онд гэнэт мууджээ. Бүр 14-хөн хоногийн дотор юу ч харахаа больж. Эмч нар торлогийн үхжилт гэж оношлон, Монголд анхны тохиолдол болохыг хэлжээ. Удаан хугацаанд эмчилгээ хийлгэсний хүчинд хараа нь бага зэрэг оржээ. Гэхдээ л өмнөхөө яаж гүйцэх вэ.

Тэрбээр өөрийгөө төдийгүй өөр шигээ харааны бэрхшээлтэй хүмүүсийг хөгжүүлэх, нийгмийн харилцаанд ороход нь туслах зорилгоор Монголын хараагүйчүүдийн хөлбөмбөгийн холбоог өнгөрсөн жил байгуулжээ. Улмаар өдгөө харааны бэрхшээлтэй хүмүүст зориулсан хөлбөмбөгийн сургалт явуулж байгаа юм.

2032 оны паралимпийн наадамд багаа бэлдээд оролцуулах, энэ спортыг Монголд хөгжүүлэхийн төлөө зүтгэж яваа түүнийг “Хөрөг”-т онцоллоо.

-Та манай уншигчдад өөрийгөө дэлгэрэнгүй танилцуулна уу?

-Намайг Батбилэгийн Даваасүрэн гэдэг. Би эхнэр, гурван хүүхдийн хамт амьдардаг. Найзууд маань намайг Давка гэж дууддаг. 2012 онд МУБИС-ийг газар зүй, аялал жуулчлалын менежер мэргэжлээр төгссөн. Ерөнхий боловсролын сургуулиа төгссөнөөсөө хойш 2019 оныг хүртэл Монголын хөлбөмбөгийн холбоонд шүүгчээр ажилласан. Ийм хүн байна.

Ер нь багаасаа хөлбөмбөгийн спортод хорхойссон. Бүхий л тэмцээнийг алгасалгүй үзнэ. Дэлхийн оддын тоглолтыг шимтэнэ. Энэ бүхэн хөлбөмбөгийн спорттой амьдралаа холбох, шүүгч болоход их нөлөөлсөн.

“Хөлбөмбөгөөр хоолоо олж идэхгүй” гэж олон хүн надад хэлдэг байлаа. Арга ч үгүй. Тухайн үед шүүгчийн цалин үнэхээр бага байв. 14 хоног шүүгээд 18.000 төгрөг авдаг байсан гээд бодохгүй юу, 2007 оны үед. Бага байгаа биз. Гэхдээ л би шантраагүй, “Больё” гэж бодоогүй. Гэхдээ өвчний өмнө сөхөрсөөн, сөхөрсөн.

-Таны хараа өмнө нь муудаж байсан уу. Гэнэт тийм харамсалтай зүйл болсон уу?

-Өмнө нь ерөөсөө муудаж байгаагүй. Гэнэт л хараа муудсан. 14 хоногийн дотор юу ч харахаа больсон.

-Яг ямар оноштой вэ?

-Торлогын үхжилт гэж оношилсон. Дотроосоо идэгдээд гэх юм уу, хуурч унаад... Ингэж харааны бэрхшээлтэй болсон тохиолдол Монголд өмнө нь бүртгэгдэж байгаагүй гэсэн. Би анхных нь.

-Гэр бүлтэй болсон, шүүгчийн ур чадвараа ахиулъя гээд зүтгэж яваад гэнэт хараагүй болох танд хүнд туссан нь мэдээж. Хамгийн хэцүү нь юу байв?

-Ийм зүйл болно гэж огт төсөөлөөгүй. Гэнэт хараагүй болох хэцүү юм билээ. Үнэхээр хүнд туссан. Анхандаа би унтахаас аймар айдаг байлаа. Учир нь унтаад л өглөө сэрэх бүрд миний хараа огцом, огцом муудаад байв. Тэгээд орой унтахдаа “Өглөө сэрэхэд бүр ч дор болчихсон байх байх даа” гэж бодох хэцүү.

Дасахад хэцүү зүйл олон байсаан. Хийдэг юмаа хийж чадахаа больчих хэцүү. Хэн ч бухимдана, стресстэнэ. Би өрхийн тэргүүн хүн. “Харааны бэрхшээлтэй болж, юм хийж чадахаа больчихвол гэр бүлээ яаж тэжээх вэ” гэж санаа зовно. Дэлгүүрээс юм худалдаад авчихаж ч чадахаа болих ямар хэцүү гэж санана. Ямар бараа байгааг нь, үнийг нь харахгүй. Хүнээс байнга асуух хэцүү. Ингээд би “дууслаа” гэж л бодогсдон.

Уйгагүй эмчилгээ хийлгэн, сайн эмч нарын ачаар бага зэрэг хараа орсон. Гэхдээ өмнөхөө яаж гүйцэх вэ.

Одоо миний харааны заалт 100 гэж явдаг. Дахиж сэргэх боломжгүй. Үүнийг хөдөлмөр алдалтын чадвар гэж нэрлээд байдаг юм. Хөгжлийн бэрхшээлтэй ч би бусдын адил хөдөлмөрлөөд, ажиллаад явж байна. Алхаж байна. Тиймээс үүнтэй санал нийлдэггүй.

-Харааны бэрхшээлтэй хүмүүст зориулсан хөлбөмбөгийн спортыг Монголд хөгжүүлэх, холбоогоо байгуулах санаа танд хэрхэн төрөв?

-“Ийм амьдрал байдаг юм байна. Үзэж туулъя” гэж бодсон.Түүнээс биш нэг их айхтар сэтгэлээр унаагүй. Бодит байдалтай нүүр тулсан гэх юм уу даа.

2020 оны зун “За, даа хараа буцаад сэргэх нь боломж бага юм байна” гээд Монголын хараагүйчүүдийн үндэсний төв дээр анх очсон. Огт юм хардаггүй нэг хүн компютер дээр юм шивж байгааг хараад би үнэхээр гайхсан. Харааны бэрхшээлтэй хүмүүст үнэхээр их нөөц, боломж байдгийг би тэгэхэд улам ойлгосон юм.

Тэгээд би судаллаа, бодлоо. Ер нь хараагүй хүмүүс яаж амьдарч, өөрийгөө хөгжүүлж, ямар спортоор хичээллэж байна гээд судаллаа. Харааны бэрхшээлтэй хүн хичээллэх боломжтой олон спорт байсан. Хамгийн түрүүнд шахам “Хөлбөмбөг байна уу” гээд цахим ертөнцөөс хайлаа. Байдаг юм даа. Би бүр гайхсан. Монголд хараагүй хүмүүст зориулсан хөлбөмбөгийн спорт хэр хөгжсөн юм бол, хичээллэх боломж бий юү гээд судаллаа. Байгаагүй. Цахим ертөнцөөс ч ямар нэгэн мэдээлэл олдоогүй. Тэр үед “За, энийг яг Монголдоо хөгжүүлье. Яг миний хийх ёстой ажил байна” гэж бодсон. Ямар ч эргэлзээгүйгээр 2021 оны нэгдүгээр сард холбоогоо байгуулсан.

-Танай холбооны гол зорилго юу вэ?

-Мэдээж харааны бэрхшээлтэй хүмүүсийг хөгжүүлэх, хэн хүнээс дутахгүй авьяас, ур чадварыг нь улам өнгөлж, гялалзуулах.Ерөнхийдөө манайд бүртгэлтэй 20-иод хүүхэд байгаа. Хүн хичээх юм бол харахгүй ч гэсэн хөлбөмбөг тоглож, өөрийгөө хөгжүүлж, тэр ч битгий хэл амжилт гаргах боломжтой гэсэн мессежийг өгөх, харуулах зорилготой.

-Монголд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс ажиллаж, хөдөлмөрлөн, хөгжих боломж хэр байна вэ?

-Үнэнийг хэлэхэд хөгжлийн бэрхшээлтэй гэхээр дорд үздэг. “Хараагүй хүн бол айхтар юм хийж чадах биш дээ. Энүүгээр юу хийлгэх вэ” гэдэг байдлаар ханддаг. Ямар нэгэн ажил хийлгээд үзэх юм бол хандлага нь арай өөр болох байх. Энгийн хүнээс илүү хийж чадахгүй гэдэг ч юм уу тиймэрхүү буруу ойлголтыг өөрчилж байж арай өөр түвшинд хүрэх байх.

Нөгөө талаар хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс нийгмийн харилцаанд төдийлөн оролцдоггүй. Олноос дөлдөг, олонх нь гэртээ л байхыг чухалчилдаг. Эцэг, эхчүүдийн ихэнх нь “Гадуур гаргавал гэмтэж, бэртчихнэ, хүн айлгачихна. Ийм байгаадаа сэтгэлээр унах байх” гээд хүүхдээ гадуур гаргадаггүй, ямар нэгэн секц, дугуйланд хичээллүүлдэггүй. Тэгэх тусмаа хүүхдээ нийгмээс тусгаарладаг. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс гадуур гарч, нийгмийн харилцаанд орж байж өөрсдийгөө бусдад зөвөөр ойлгуулна, хүлээн зөвшөөрүүлнэ. Тэгэхгүй байгаа атлаа “Биднийг ойлгохгүй байна. Ялгаварлаад байна” гэх нь буруу. Хаана, хаанаа асуудал байгаа.

-Та өөрийгөө хэр сайн аав, хань гэж боддог вэ?

-Манайх хоёр хүү, нэг охинтой. Сүүлд охинтой болоод маш их баярласан. Би маш сайн аав байхыг хичээдэг. Манай хүн миний сэтгэлийг өргөх гээд бүх талаар хичээж байгаа. Ханьдаа маш их баярладаг. Маш их хайртай шүү. Харааны бэрхшээлтэй болохоос өмнө надад нэг мөрөөдөл байсан юм. Тэр талаараа ярьж болох уу?

-Бололгүй яах вэ?

-Тухайн үед манайх автомашингүй байсанюм л даа. Хүүхдүүдтэйгээ хамт Зайсан толгой дээр гарч, хотыг харан, дурсамж дүүрэн гоё явахыг мөрөөддөг байлаа. Одоо тэр мөдөөдөл минь замхарсан. Тэгэх боломжгүй болсон.  

-Холбооныхоо, эх орондоо хөгжүүлж буй спортынхоо алсын харааг хэрхэн харж байна вэ?

-Алсын хараа гэвэл, 2032 оны паралимпэд баг бүрдүүлээд оролцох зорилготой. Харааны бэрхшээлтэй хүмүүс баг болж, амжилт үзүүлэх, цаашлаад улсынхаа нэрийг дэлхийд гаргах боломжтой. Хүн хичээх юм бол харахгүй ч гэсэн хөлбөмбөг тоглож болох юм байна, “Хэрвээ та эрүүл саруул биетэй л байж, хичээх юм бол юунд ч хүрч болно” гэсэн мессежийг өгөх зорилготой.

Харааны бэрхшээлтэй хүссэн хүн бүхэн манай сургалтад хамрагдан, хөлбөмбөг тоглон, байнгын бэлтгэл, сургуулилтад хамрагдах боломжтой. Ямар нэгэн төлбөргүй.

Хүн ер нь сэтгэлийн амьтан. Өвчин юм чинь эдгэчихнэ, эргээд сэргэх байх гэсэн итгэл, найдвараа би алдаагүй. Одоо ч гэсэн итгэл дүүрэн явна.

0 сэтгэгдэл


Одоогоор сэтгэгдэл алга байна