О.ОЮУНБАТ: ДЭЛХИЙН АВАРГЫН ТАЙЗАН ДЭЭР ОХИНТОЙГОО БҮЖИГЛЭХ ЗОРИЛГОТОЙ
urug.mnСэтгүүлч: Т.БОЛОРТУЯА
НИЙГЭМ 1 жил, 4 сар өмнө

urug.mn

“Хөрөг” нэвтрүүлгийн энэ удаагийн дугаартMoondance хамтлагийн дасгалжуулагч О.Оюунбатыг урьж оролцууллаа. Түүний хувьд бүжгийн спорт бол амьдралынх нь хамгийн нандин зүйл юм. Бүжгийн спортоос амьдралын хань, хүсэл мөрөөдөл, зорилгоо олж авсан тухайгаа манай нэвтрүүлэгт ярьсан юм.

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртсэнд нь баяр хүргэе. Тухайн үед ямар мэдрэмж төрсөн бэ, сэтгэгдлээсээ хуваалцаач?

Тавдугаарт бүжиглээд, ранк нэг гээд гараад ирэх мэдрэмж супер байсан. Мэдэрч байгаа мэдрэмж бидний хувьд маш өндөр, нисэж байгаа мэт мэдрэмж төрсөн. Монголчууд багийн спортоос медаль авсан нь түүхэн амжилт. Бид ганц Монгол биш Азиас анх удаагаа багийн спортоор мөнгөн медаль авч байна. Бидний хувьд маш гоё, супер баяр байлаа. Бид өөрсдөө хүссэн. Үүнийхээ төлөө тасралтгүй бэлдэж, маш олон хүмүүсийн хүч, хөдөлмөрөөр хамтдаа зүтгэсэн. Зөвхөн тэр талбай дээр байгаа тамирчид биш сэлгээний тамирчид, хувцас дизайн, дуу хөгжим хийж байгаа хүн, бүжиг дэглэж байгаа хүн гээд маш олон хүний хөдөлмөр юм. Мөн тэдний ард дэмжиж байгаа гэр бүл, найз нөхөд гээд бүх хүмүүсийн нийлэмжээр энэ амжилтад хамтдаа хүрлээ.

ЭЭЖЭЭСЭЭ САЛСНААС ХОЙШ “БИ” ГЭДЭГ ХҮН БАЙХГҮЙ БОЛСОН

Та аль нутгийн хүн бэ? Гэр бүлийнхээ тухай яриач.

Би Дорнод аймгийн Цагаан-Овоо суманд төрсөн. Эхээс эгч, дүү гурвуулаа. Ээжийнхээ ахынд бид гурав хамтдаа өссөн. Манай ээжийн ах, түүний эхнэр хоёр маш сайхан хүмүүс байдаг. Өөрсдөө зургаан хүүтэй. Тэгсэн хэр нь бид гурвыг тэжээж, сургууль соёлд хүртэл нь өсгөж, хүмүүжүүлсэн. Эцгээсээ бага наснаасаа тусдаа байдаг.

Ээж маань есөн настай байхад өвчний улмаас нас барж байсан. Ээжээсээ салснаас хойш “Би” гэдэг хүн бараг байхгүй болсон. Хов хоосон юм шиг... Өсвөр насны дурсамж бараг байхгүй. Чимээгүй, бусдад саад болдоггүй хүүхэд өсөж, хүмүүжсэн.

Та хүүхэд насандаа ямар хүн болохыг хүсэж, мөрөөддөг байсан бэ?

Би хүүхэд байхдаа “Ямар ч байсан би оюутан болох ёстой. Маш олон хүмүүстэй танилцаж, Солонгост очиж ажиллаж, амьдарна” гэж боддог байсан.

Солонгос явсан. Хайртай хүн, хамт олон маань энд байсан учраас бүх сэтгэл зүрх, оюун бодол энд, бие тэнд байсан. Маш хэцүү байсан учраас удахгүй ирсэн.

БҮЖГИЙН СПОРТОД ХАЙРТАЙ УЧРААС ЮУ Ч ЗАРЦУУЛАХАД БЭЛЭН

Бүжгийн спортын үнэ цэн, хамгийн гоё зүйл нь юу вэ?

Бүжгийн спортын хамгийн гоё, чухал зүйл нь хүнийг үнэхээр дурлуулж чаддаг. Өөрийн эрхгүй энэ хөдөлгөөн, энэ бүжгийг хийхээр, энэ баг хамт олондоо ирэхээр аз жаргалтай болдог. Энэ гоё зүйлээ олохгүй өөр олон зүйл хийж үзсэн. Юу хийх вэ гээд гадагшаа явж ажиллаж үзлээ. Солонгост нэг жил ажиллаад, 4,7 сая төгрөг цуглуулж ирээд, тэр мөнгөөрөө шууд дэлхийн аваргад яваад, дуусгаж билээ. Гэхдээ би энэ бүхэндээ харамсдаггүй. Учир нь би хийж байгаа зүйлдээ дуртай учраас юу ч зарцуулахад бэлэн байдаг.

ҮРГЭЛЖ ЭХНЭРТЭЭ ДУРЛАДАГ

Эхнэрийнхээ юунд илүү татагдсан бэ?

Миний бүжиглэж байгаа бүх шалтгаан эхнэртэй минь холбоотой. Манай эхнэрийн гар нь их гоё зөөлхөн, жижигхэн. Маш гоё үнэртэй. Зогсож байсан газар нь үнэр нь үлдчихдэг байсан. Яг тэр үнэрийг нь хайж явдаг байсан байх.

2007 онд Эрдэнэтэд нэг улсын аварга болсон. Орой нь шоудаад, жаахан согтсон юм уу, яасан юм. Очоод гуяыг нь дэрлээд хэвтээд байсан гэсэн. Яаж дасгаж авсан юм. Эр хүний мэхээ ашигласан юм байлгүй. Одоо бодоход төсөөлөхийн аргагүй. Өөрийнхөө багш, хүндэлж явдаг хүнтэйгээ нэг гэр бүл болоод, гурван хүүхэдтэй болсон. Хүүхдүүд маань яг бидэнтэй ижилхэн бүжиглэж байна. Бага хүүхдүүд маань ч бүгдээрээ авьяастай харагддаг. Бүжиглэх маш мэдрэмжтэй хүүхдүүд байна. Эцэг эхийн ген хүүхдүүдэд маань байдаг юм шиг санагддаг.

Эхнэртэйгээ нэг салбарт бүр нэг хамтлагт хамт ажиллах ямар байдаг вэ?

Манай эхнэр маш зөв хүн. Бусдыг уучилдаг, хүлээж авдаг. Маш сайхан сэтгэлтэй. Тэр байдлууд нь ч надад нөлөөлсөн. Хамтдаа нэг баг удирдаад явж байгаагийн хувьд бид хоёрын уг хүнийх нь зан гарч ирээд, хэдий үзэл бодол салдаг ч дараа нь үр дүнг нь харахад тэр нь илүү зөв юм шиг санагддаг. Бид хоёр дандаа хоёр тийшээ хараад байдаг. “Ийм боломж байна” гэхэд “Үгүй, ийм боломж байна” гээд л. Байнга зөрөлддөг. Энэ нь арай өөр зүйлийг олж харах боломж. Тэгэхгүй, зөвхөн нэгийнхээ зөв гээд байвал тэр нь буруу ч байж магадгүй.

Бид хоёрын хувьд үзэл бодол маань бүжгээс болоод дандаа хоёр тийш салдаг ч бүх цаг үед хамтдаа. Үргэлж л эхнэртээ дурлаж байдаг.

ХЭЗЭЭД ҮНЭНЧ БАЙХЫГ ЭРХЭМЛЭДЭГ

Өөр өөр үзэл бодолтой хүмүүсийг нэгтгэж, хөдөлгөөн, амьсгалыг нь хүртэл нэг болгоно гэдэг маш их хөдөлмөр байдаг байх. Таны хувьд багаа дасгалжуулахдаа ямар зарчим баримталдаг вэ?

Энэ олон хүмүүсийг базаж, бэлтгэл сургуулилт хийнэ гэдэг маш хэцүү. Маш олон сар, жилийн хөдөлмөр байдаг.

Би маш үнэнч. Энэ занг маань манай хамтлагийнхан бүгд мэднэ. Би багийнхандаа хэзээ ч худлаа ярьдаггүй. Тиймээс тэд надад худлаа ярих нөхцөл үүсдэггүй. Хэрвээ тийм байдал үүсвэл би маш хатуу зарчмаар шууд завинаасаа буулгадаг. Манай залуучууд бүгд эхнэр бид хоёроос үлгэр жишээ авдаг. Бид хоёр үнэн байвал тэнд үнэн оршино. Хэрвээ ямар нэгэн байдлаар хамтлагт өргөстэй халгай ороод ирвэл хэцүү. Шууд таслахгүй л бол багийг маш амархан тараадаг.

Мэдээж баг дотор янз бүрийн ааш араншинтай хүмүүс байдаг. Тэр бүгдтэй харьцахын тулд өөрийгөө илүү тайван байлгаж, тэр хүмүүсийг ойлгож, бүх хүмүүстэй хамтдаа байж, асуудлыг нь хамтдаа шийдэж, цаашаа хамтдаа явах нь маш чухал байдаг.

ДЭЛХИЙН АВАРГААС АЛТАН МЕДАЛЬ АВАХ ЗОРИЛГОТОЙ

Бүжигчин хүний амжилтын оргил нас гэж бий юу? Залуу насны спорт гэх ойлголт байдаг шүү дээ.

Бүжигчдийн нас бол тоо гэж боддог. Жишээлбэл, би 36 настай. Сая 2022 оны улсын аваргад өөрөө бүжиглэсэн. Гаднын орнуудад харж байхад дандаа 60, 70, 80  нас гарчихсан хүмүүс бүжиглэж байдаг. Нас бол зүгээр л тоо. Хамгийн гол нь хүн өөрөө хүсэл, зорилготой байх хэрэгтэй. Түүндээ дуртай байсан цагт үргэлж энэ спорттойгоо хамт байх боломжтой юм шиг санагддаг. Би 40, 50 нас хүрчихлээ гээд өөрийгөө зогсооно гэж харахгүй байна. Охин маань одоо 10 настай. Дэлхийн аваргын тайзан дээр охинтойгоо хамт бүжиглэнэ гээд өөртөө зорилго тавьсан. Охиноо хүлээж байна.

Танай хамтлагийн цаашдын зорилго юу байна вэ?

Хамтлагийн хувьд хамгийн том зорилго маань дэлхийн аваргын тэмцээнд алтан медаль авах.Moondance бүжгийн клубийн хувьд бүжгийн спортоор дамжуулж, маш олон залуучуудыг энэ эгнээндээ нэгтгэж, зөв соёлтой, хандлагатай залуучуудыг нийгэмд маш олноор үйлдвэрлэж гаргамаар байна.  

Ярилцсанд баярлалаа.

1 сэтгэгдэл


comment image

ЗочинЭрдэнэчимэг - 2022-10-31

Баяр хүргэе нутгийн хүүдээ

202.55.188.119