ДЭЛХИЙН ТАЙЗНАА ГЯЛАЛЗСАН, ЕСӨН НАСТАЙ ЗАГВАР ӨМСӨГЧ С.ТЭМҮҮЛЭН
urug.mnСэтгүүлч: Т.БОЛОРТУЯА
НИЙГЭМ 2 сар, 3 долоо хоног өмнө

urug.mn

Арабын нэгдсэн Эмират улсын Дубай хотноо зохион байгуулагдсанlittle miss&mister Universe-2022 тэмцээнд Монгол улсаа төлөөлөн оролцож, “Дэлхийн шилдэг мистер, Азийн шилдэг мистер” хүүгээр шалгарсан Саранболдын Тэмүүлэн “Хөрөг” нэвтрүүлгийн энэ дугаарт оролцлоо. Тэрээр үе тэнгийнхэндээ зөв хүмүүжилтэй, байгальдаа ээлтэй байхыг уриалж, хэвлүүхэн яриа өрнүүлсэн юм.

С.Тэмүүлэнесөн настай,Singapore school in Mongolia  сургуулийн 4б ангид сурдаг. Аав, ээж, эгч, дүүгийн хамт амьдардаг байна. Түүний хувьд өнгөрсөн дөрөвдүгээр сараас эхлэн загвар өмсөж эхэлсэн байна. Тэр "Бяцхан мисс-2022”  тэмцээнд оролцож, 70 гаруй хүүхдээс нэгдүгээр байранд шалгарч, Дубайд болох олон улсын загварын тэмцээнд орох эрхтэй болсон тухайгаа ярьжээ. 

Тэрээр“Тэр үед эгч маань надад “Чи Дубайд болох тэмцээнд явахаар болсон” гэж хэлэхэд, би “Юу вэ, би Дубай явахаар болчихсон юм уу” гээд, их хөөрсөн. Тэмцээний бэлтгэлээ хийхдээ бүжгээ дөрөв хоног, алхаагаа хоёр хоног давтсан. Тайзан дээр алхаж байхдаа чигээрээ л алхах ёстой байдаг. Аль болох цэгцтэй, цэвэрхэн, гоё алхах ёстой. Бас алхах явцдаа дунд нь өөр үйлдэл, хөдөлгөөн хийж болно.   

Би анх эндээс явахдаа “Би чадах болов уу, би ялаасай” гэж бодож, их залбирсан. Дубайд очиж, тэмцээндээ орж, тайзан дээр алхаад, бүжгийн үзүүлбэрээ үзүүлж, Монгол улсаа илэрхийлэх ширээ зассан.  Би тайзны алхаа, “Хархираа” бүжгээрээ бусад оролцогчдоос ялгарч, илүү байсан учраас тэмцээндээ түрүүлсэн. Яг тэмцээнийхээ үеэр би цэвэрхэн, цэгцтэй, чигээрээ алхаж чадсан” гэж ярьж байлаа.

ШАГНАЛ АВАХ ҮЕДЭЭ “ААВ, ЭЭЖ МИНЬ БАЯРЛАХ БАЙХ ДАА” ГЭЖ БОДСОН

С.Тэмүүлэн тэмцээндээ түрүүлж, хоёр шагнал авсан бөгөөд шагнал гардуулах ёслолын үеэр нойр нь хүрээд, унтаж байсан хөгжилтэй түүхээсээ бидэнд хуваалцсан юм.

“Шагнал авах маш гоё байсан. Би “Азийн шилдэг мистер, Дэлхийн шилдэг мистер” гээд хоёр шагнал авсан. Тэмцээндээ түрүүлээд, шагналаа авах үед “Ээж, аав минь баярлах байх даа” гэж бодсон.

Эхний шагнал гардуулах үед яг нойрмоглож эхэлж байсан. Тэгээд титэм авахад гэнэт нойр сэргэчихсэн. Дараагийн шагнал гардуулах үеэр нойрмоглоод, унтчихсан байсан. Аав маань намайг “Хүүе, босоорой, шууд гараарай” гэж дуудаж сэрээгээд, шууд тайз руу гарсан. Тэр үед би хаашаа явахаа мэдэхгүй, аав руугаа буцаж явсан. Гэтэл аав “Цаашаа яваарай, чиний нэрийг дуудчихсан. Очоорой” гээд л. Тэгж очиж, нөгөө шагналаа авсан”.

Түүнийг анхны олон улсын тэмцээндээ амжилттай оролцоод, эх орондоо ирэх үед онгоцны буудалд ээж, эгч, дүү нар нь цэцэг бариад, угтаж авсан нь их гоё санагдсан хэмээн баяртайгаар ярьж байлаа. Мөн хичээлдээ очиход ангийнхан нь бэлэг бэлдэж, баяр хүргэсэн нь үнэхээр хөөрхөн байсан гэв. “Тэрээр, "Манай ангийн эмэгтэйчүүд нь нийлж, нэг том бамбарууш авч өгсөн. Харин эрэгтэйчүүд нь хоёр ширхэг шоколад өгсөн. Бүгд нийлж байгаад захидал бичиж өгсөн. Захидал дотор нь “Тэмүүлэндээ тэмцээндээ түрүүлсэнд нь баяр хүргэе, мундаг шүү” зэрэг их гоё үгс бичсэн байсан нь надад маш их таалагдсан” гэсэн юм.

“БИ ЗАГВАР ӨМСӨГЧ БОЛОХ МӨРӨӨДӨЛТЭЙ”

Бид С.Тэмүүлэнгээс том болоод ямар хүн болохыг хүсдэг вэ гэж асуухад “Намайг жаахан байхад ээжийн минь зүрх өвддөг байсан. Тиймээс ээжийгээ өвтгөхгүйн тулд зүрхний эмч болно гэж боддог байсан. Гэхдээ одоо бол машин зардаг хүн болно гэж бодож байна. Учир нь эгч маань эмч болно гэсэн болохоор ээж намайг “Миний хүү эмч болж яах юм бэ” гэсэн. Миний бас нэг мөрөөдөл бол загвар өмсөгч болох. Би загвар өмсөгч болохын тулд хоолоо сайн идэж, сүү сайн ууж, ногоо  маш сайн идэж байгаа. Бас амттай зүйлс аль болох бага идэхийг хичээж байна” гэж хэвлүүхэн ярьж байгаа нь өөрийн мөрөөдлийн төлөө тууштай байж, хичээл зүтгэл гаргадаг болох нь харагдаж байна.   

“МОНГОЛ МААНЬ ДУБАЙ ШИГ ТҮГЖРЭЛГҮЙ, УТААГҮЙ, ХОГГҮЙ  БОЛООСОЙ

Тэрээр “Дубайд маш халуун, нэмэх 30 гаруй хэм байсан байх. Бас толгойгоороо хар, цагаан зүйлс ороосон хүмүүс байсан. 160 давхар, тэнгэр баганадсан байшингууд нь миний сонирхлыг ихэд татсан. Байшингууд нь адилхан хэлбэртэй биш дандаа өөр өөр хэлбэр, дүрстэй. Бас хоорондоо их зайтай. Бид хотын төвд нь очиж, дэлгүүр орсон. Дэлгүүр нь дотроо загасны маш том аквариумтай. Дубайн нэг төгрөг нь манай мянган төгрөгтэй тэнцэнэ. Идэх юмнууд нь маш үнэтэй. Гурван пицца авахад 188 мянга болсон. Гурван пиццагаа нэг нэгээрээ хувааж идээд л явсан. Монголоо, гэр бүлээ, дүүгээ маш их санасан.

Монголоо Дубай шиг л болоосой гэж хүсэж байна. Байшингууд нь цэмцгэр, өөр өөр хэлбэртэй, хоорондоо зайтай. Хог хаягдалгүй. Ногоон байгууламж ихтэй. Түүнийг нь өдөр болгон хүмүүс цэвэрлэдэг. Түгжрэлгүй болоосой гэж хүсэж байна” гэж өөрийн Дубайд очсон сэтгэгдлээ хуваалцсан юм.

Тэрээр үргэлжлүүлэн гэр бүлийнхнийхээ тухай бидэнд ярилаа. С.Тэмүүлэн ээжийнхээ нүд, ам, хацрыг дуурайсан. Харин эгч, дүү хоёр нь аавыг дуурайсан гэнэ. Мөн дүү С.Тэмүүжингээ “Хурдан том болоосой гэж хүсдэг. Том болохоор нь гар утастай болж байгаад холбогдож тоглох юм сан” гэж боддог гэв.  

“БАЙГАЛЬД ЭЭЛТЭЙ, БУСДАД ТУСАЛДАГ ХҮН БОЛНО”

С.Тэмүүлэн “Би ээж, аавынхаа үгэнд сайн ордог. Гэхдээ хааяа л ордоггүй” гэж яриад инээв. Тэрээр ээждээ юм барьж, хаалга онгойлгож, дүүгээ харж тусалдаг. Аав, ээж нь байхгүй үед дүүгээ шээлгэж, зурагтыг нь асааж, баалгаж, тоглуулж, унтуулах гээд зөндөө их зүйл хийдэг” гээд мундаг ах гэдгээ баталсан юм.

Мөн “Хүмүүст тусалж, халамжлах нь сайн гэж боддог” гэж гээд өөрийн тусалсан түүхээ бидэнд ярилаа. “Дээр нэг хүн тэрэгтэй хүнийг түрээд явж байхаар нь би гүйж очоод, хаалга онгойлгож өгсөн. Тэр хүн надад “Баярлалаа” гэж хэлсэн. Тэр нь надад гоё санагдсан учраас би хүнд тусалдаг болсон.

Манай аав, ээж “Эх орноо сайн хөгжүүлж, ил задгай газар, хөдөө орон нутагт хог хаяхгүй байж байгальд ээлтэй, сайн хүмүүжилтэй, тусч хүүхэд байгаарай” гэж хэлдэг. Би ч ийм хүүхэд байхыг хичээж, хог хаядаггүй, хүнд тусалдаг болсон” гээд бидний яриа өндөрлөсөн юм.

Ярилцсан сэтгүүлч: Т.Болортуяа

Зураглаач: М.Болдхүү, Б.Ёндонжамц

Эвлүүлгийн найруулагч: С.Баасандаш

Зурагчин: Т.Мөнх-Учрал

0 сэтгэгдэл


Одоогоор сэтгэгдэл алга байна