ӨРХИЙН ОРЛОГО 19 ХУВЬ БАГАСАЖ, БАРААНЫ ҮНЭ ЗУРГААН ХУВИАР ӨСЖЭЭ
urug.mnСэтгүүлч: Б.ОДГЭРЭЛ
ЭДИЙН ЗАСАГ 2 сар, 3 долоо хоног өмнө

urug.mn

urug.mn image

Үндэсний статистикийн хорооноос нэг өрхөд ногдох дундаж үзүүлэлтийг энэ оны хоёрдугаар улиралд “Өрхийн нийгэм, эдийн засгийн судалгаа”-нд хамрагдсан 5857 өрхийн сүүлийн 12 сарын орлого, зарлагыг сард шилжүүлэн нийт өрхөд тархаан тооцсон байна. Нэг өрхөд ногдох сарын дундаж орлого, зарлагыг тооцохдоо цалин хөлсний орлого болон хүнсний хэрэглээний зарлагаас бусад төрлийн орлого, зарлагын сүүлийн 12 сарын дунджаар тооцжээ.

Өрхийн сарын дундаж бодит нийт орлогын хэмжээ 2022 оны хоёрдугаар улиралд 1.2 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 2.2 (0.2%) мянган төгрөгөөр, өмнөх улирлаас 60.2 (5.0%) мянган төгрөгөөр буурчээ. Бодит нийт орлогын хэмжээ өмнөх оны мөн үеэс 0.2 хувиар буурахад тэтгэвэр, тэтгэмжийн бодит орлого 66.9 (19.3%) мянган төгрөгөөр буурсан нь гол нөлөө үзүүлсэн байна.

Судалгааны 2022 оны хоёрдугаар улирлын дүнгээр өрхийн сарын дундаж нийт зарлага, оны үнээр 1.8 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 334.9 (22.7%) мянган төгрөгөөр, өмнөх улирлаас 74.9 (4.3%) мянган төгрөгөөр нэмэгджээ.

Нэг өрхийн сарын дундаж бодит нийт зарлагын хэмжээ 2022 оны 2 дугаар улиралд 1.2 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 62.9 (5.7%) мянган төгрөгөөр нэмэгдэж, өмнөх улирлаас 11.3 (1.0%) мянган төгрөгөөр буурчээ. Бодит нийт зарлагын хэмжээ өмнөх оны мөн үеэс 5.7 хувиар нэмэгдэхэд хүнсний бус бараа, үйлчилгээний бодит зарлага 38.8 (5.8%) мянган төгрөгөөр нэмэгдсэн нь голлон нөлөөлжээ.

Улсын дунджаар 2022 оны 2 дугаар улирлын байдлаар өрхийн сарын дундаж нийт зарлагад мөнгөн зарлагын эзлэх хувь өмнөх оны мөн үеэс 0.2 нэгж хувиар, өөрийн аж ахуйгаас хэрэглэсэн хүнсний бүтээгдэхүүний зарлагын эзлэх хувь 0.3 нэгж хувиар буурч, бусдаас үнэгүй авсан хүнсний болон хүнсний бус бүтээгдэхүүний эзлэх хувь 0.5 нэгж хувиар нэмэгдсэн байна.

Өрхийн сарын дундаж нийт зарлагыг хот, хөдөөгөөр авч үзвэл, хотын өрхүүдийн сарын дундаж нийт зарлага хөдөөгийн өрхүүдээс 251.8 (15.3%) мянган төгрөгөөр их байна.

Өрхийн амьжиргаанд нөлөөлж байдаг гол хүчин зүйлийн нэг нь өрхийн орлого юм. Өрхийн нийт орлогыг өрхийн мөнгөн орлого, өрхийн өөрийн аж ахуйгаас бэлтгэж хэрэглэсэн болон бусдаас үнэгүй авч хэрэглэсэн зүйлийн мөнгөн дүнгүүдийн нийлбэрээр тодорхойлдог.

Өрхийн мөнгөн орлого нь цалин хөлс, тэтгэвэр, тэтгэмж, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн орлого, хөдөө аж ахуйн бус үйлдвэрлэл, үйлчилгээний орлого болон бусад орлогоос бүрдэнэ.

0 сэтгэгдэл


Одоогоор сэтгэгдэл алга байна