Г.БАТЗОРИГ: ХАНШИЙН ӨСӨЛТИЙН ГОЛ БУРУУТАН НЬ ЗАСГИЙН ГАЗАР
urug.mnСэтгүүлч: Б.ОДГЭРЭЛ
ЭДИЙН ЗАСАГ 2 сар, 3 долоо хоног өмнө

urug.mn

urug.mn image

Сүүлийн дөрвөн жилд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ 120 хувиар өссөн бол иргэдийн орлого 50 орчим хувиар нэмэгдсэн байна. Үүнээс үүдэн иргэдийн худалдан авах чадвар хоёр дахин багасаж, хоёр хүн хүн тутмын нэг нь ядуу амьдрах болжээ. Эдийн засгийн энэ хүнд үед иргэд хэрхэн амьдрах учраа олохгүй байгаа талаар ярьж буй. Эдийн засагч Г.Батзоригтой уулзаж, эдийн засгийн нөхцөл байдал болоод гаднын орнууд ядууралтайгаа хэрхэн тэмцдэг, тэмцэж буй талаар дараах зүйлсийг хэллээ.

  • Инфляци одоогоор 14.7 орчим хувьтай байна. Харин улсын инфляци 13.8 хувь руу орж байна. Буурах хандлагатай явж байгаа гэсэн үг. Энэ нь Монгол банкны зорилтот түвшингээс 5-6 хувь өндөр байгаа. Дэлхийн ихэнх улс ковидын дараа мөнгө хэвлэснээс үүдэн инфляцитай нүүр тулсан.
  • Хүссэн хүсээгүй ийм үед худалдан авах чадвар буураад эхэлдэг. Цалин хөлс нь хүрэлцэхгүй байгаа нөхцөлд хүмүүс таналт хийнэ гэсэн үг. Таналт хаана явагддаг гэхээр, тансаг хэрэглээний бараа бүтээгдэхүүн, үргүй томоохон зардлууд дээр явагддаг. Үүний дараа хоол хүнс гэх мэтчилэн өдөр тутмын хэрэглээ үлдэнэ.
  • Гол хэлэх гээд байгаа зүйл нь бид хямралын эсрэг санхүүгийн дархлаатай байх хэрэгтэй. Санхүүгийн дархлаа нь хуримтлал байдаг. Банкны хадгаламж гэхээс илүү хөрөнгийн зах зээл дээр хуримтлал үүсгэвэл болно. Энгийн жишээ ярихад, хүн өдөр бүр тамхи татдаг. Дунджаар жилийн тамхины зардал 800 орчим мянга болж байгаа юм. 800 мянган төгрөгөө 20 жил хуримтлуулахад 100 сая төгрөг болно. Энэ нь амьдрал дээр бага зардал юм шиг боловч бид урт хугацаандаа хуримтлуулаад явах юм бол, ямар ч хямралын үед дархлаатай байна гэсэн үг. Ямар ч хэмжээний орлоготой хүн хуримтлал үүсгэх боломжтой. Жишээ нь 500 мянган төгрөгийн орлоготой бол сардаа 10 мянга гэх зэргээр хуримтлуулчхаж болно. Энэ мэтчилэн хуримтлуулах хэрэгтэй. Хоёрдугаарт үргүй зардлуудаа хянаад, зээл авахаас татгалзах нь чухал. Зээл одоогийн нөхцөлд санхүүгийн дарамт л авчирна.
  • Мөн эрүүл амьдралын хэв маяг руу шилжихгүй бол, ийм үед өвдөх нь өрхийн санхүүгийн хувьд дарамт болно. Эдийн засаг гэхээс илүү амьдралын хэв маягтай холбоотой өөрчлөлтүүд хийх нь зөв. Эрүүл амьдралын хэв маягруу шилжихгүй бол хямралын үед өвдөх нь өрхийн санхүүд асар их дарамт учруулна. Жижиг зүйлсээс төлөвлөөгүй санхүүгийн зардал гардаг учраас үүн дээрээ зохицуулалт хийж байж энэ хүнд үеэс гарна.
  • Би хөрөнгийн зах зээл дээр сүүлийн арван жил ажиллалаа. Өдрийн талыг би судалгаанд зарцуулж байна. Хөрөнгө оруулагчдын мөнгийг өмнөөс нь удирдах ажил хийгээд явж байхад, нэг хүн ажлынхаа хажуугаар 30 минут судлаад хөрөнгө оруулалт хийчихдэг асуудал биш. Бид бие өвдөхөөр эмч дээр очиж, оношоо бичүүлэн, эм ууж эрүүл болдогтой адилхан санхүү дээрээ ч мөн тэгж хандмаар байна. Өөрөөр хэлбэл мэргэжлийн хүнтэй уулзаж, зөвлөгөө аван санхүүгийн хөрөнгө оруулалт хийгээрэй гэж хэлмээр байна. Хуримтлал үүсгэх нь санхүүгийн боловсролоос эхэлнэ.
  • Хадгаламж өлсөхөөс эхэлдэг гээд ярьдаг. Энэ бол магадгүй нэг хүний кейс байх. Бусад улсын иргэд орлогынхоо 20-иос хэтрэхгүй хувийг хадгалж байх жишээтэй. Хэрэгцээгээ зөв хянаж, бүсээ чангалахгүйгээр мөнгөө л хадгалдаг гэсэн үг. Эдийн засгийн тогтворгүй үед манайхны санхүүгийн шийдвэр гаргалт дандаа нэг жил дотор яваад байгаа юм.Герман, Америк зэрэг орныг харахаар  иргэд нь мөнгөө 10, 20, 30 жилээр хадгалдаг. Гэтэл бидэнд таван жилийн хугацаатай хугацаатай хадгаламж байдаг бил үү. Бодох асуудал. Нэгэнт л 70, 80 жил амьдарна гэж бодож байгаа бол санхүүгийн шийдвэр гаргалтаа урт хугацаагаар тооцох хэрэгтэй. Тиймээс нэг жилийн хугацаатай хадгаламж биш, 5-10 жилийн хугацаатай хуримтлал үүсгээд үз. Тэгж байж хуримтлалын гол хүчийг нь мэдэрнэ. Олон улсад санхүүгийн зах зээл нь 300-400 жилийн түүхтэй хөгжиж, энэ зарчмаар явсны үр дүнд өнөөдрийн дундаж давхарга нь бий болж баяжсан. Гэнэт баяждаг зүйл гэж байхгүй. Бид тэвчээртэй байх хэрэгтэй. Койн гэх мэтчилэн богино хугацааны зүйлд азаа үзэж алдаад байж болохгүй гэсэн үг.
  • Монголын эдийн засаг нүүрснээс л хамаарна. Гаргаж чадвал эдийн засаг сайжирна. Чадахгүй бол хүндэрнэ ээ л гэсэн үг. Өнөөдөр Эрдэнэс таван толгой ХХК эхний сардаа 400-500 саяын борлуулалт хийсэн байна. Үүний 300 сая нь гэрээгээр явчхаад бодитоор 100 сая нь л зах зээл рүү орж ирж байна. Энэ мэт зүйл нь валютын ханш унах суурь нөхцөл болоод, иргэдийн худалдан авах чадварыг инфляциас болоод валютын ханшаар огцом унагаад байгаа юм. Тэгэхээр ирэх жил Эрдэнэс таван толгой ХХК гэх мэт уул уурхайн томоохон байгууллагууд бодитоор  орлого олох хэрэгтэй.
  • Төсөв дээр зорилтот түвшин лүү инфляцийг ойртуулна гэсэн байсан. Мөн эдийн засгийн өсөлтийг нэлээн өндөр тавьсан. Энэ тоонууд хоорондоо нэлээн авцалдаагүй харагдаж байна билээ. Сонгуулийн өмнөх жилийн төсөв учраас дахиад л төсвийн тодотгол орно. Нэлээн зарлага өндөртэй батлагдах байх.
  • Бид ганц зүйлийг ойлгох хэрэгтэй. Иргэний нийгэмд юу чухал гэхээр, юуг хаанаас нэхдэг байхаа мэддэг байх хэрэгтэй. Өнөөдөр валютын ханшийн буруутан нь Монгол банк огт биш. Валют оруулж ирдэг субъект биш гэсэн үг. Орж ирсэн нөөцийг зүй зохистой хуваарилах үүрэгтэй л этгээд юм. Гол валютын нөөцийг олж ирэх ёстой институц нь засгийн газар. Засгийн газар өөрөө доллараа олж ирж байж эдийн засаг сэргэнэ. Үүнийг бид таван сард л хийх боломжтой байсан. Гэтэл нөхцөл байдал хүндэрсний дараа засгийн газраас тусгай ажлын хэсэг байгуулагдаж байна. Эцэст нь ийм бодлогын үр нөлөөгөөр  иргэд хохирч байгаа юм.  Ханшийн  гол буруутан нь засгийн газар. Төмөр зам урт хугацааны хөтөлбөр байхад сонгуулиас өмнө шахаж хийх гээд бидний хэрэглэх байсан валютыг сэлбэг хэрэгсэлд авахад зарцуулж ногоон шугамаар хэрэглээд байсан. Эдийн засгийн дунд хугацаандаа хэрэглэх ёстой нөөцийг богино хугацаанд шахахаар эдийн засаг хүндэрч байгаа юм. Энэ мэтчилэн бодлогын алдаа их бий.
  • Сүүлийн дөрвөн жилд гол хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ 120 хувиар өссөн байна. Гэтэл  иргэдийн цалин дөнгөж 50 хувиар өслөө. Үүнээс иргэдийн худалдан авах чадвар хоёр дахин буурсныг харж болно. Энэ хүнд үед дундаж болон дунджаас доогуур өрхүүдэд чиглэсэн зорилтот халамжийн бодлого хэрэгжүүлдэг олон улсын туршлагууд их байдаг. Энэ нь амьжиргааг унагаахгүй гэсэндээ авч хэрэгжүүлж байгаа бодлого.  Тэгэхгүй бол инфляци өндөр, валютын ханш тасралтгүй унаж байгаа энэ үед худалдан авах чадвар огцом буурна. Манай бодлого хавтгайрсан тал руугаа орчихсон. Жишээ нь Зүүн Ази номхон далайн орнуудтай харьцуулахад хүн амынхаа 80 хувьд халамж олгочихсон.  Хамгийн өндөр халамж олгосон улсуудын нэг. 
  • Тэгэхээр халамжийн бодлогыг зорилтот бүлэгт шилжүүлж болно гэсэн үг. Үүнийгээ тодорхой хэмжээний шалгууртай өгнө. Хүүхдээ сургуульд өгөх, боловсролыг нь тасалдуулахгүй байх. Өөрөө ажил хийх эрмэлзэлтэй. Дээрээс нь хүүхдийн эрүүл мэндийн үйлчилгээг идэвхтэй авдаг. Энэ мэт иргэдийн халамжийн мөнгийг нь үргэлжлүүлэн олгоё. Үгүй бол халамжийг чинь зогсооно гэдэг хөшүүрэгтэй. Энэ нь ирээдүйн ядуурлын түвшинг урт хугацаандаа аажмаар бууруулах  арга хэмжээ болдог.
  • Гэтэл өнөөдөр монголд хүүхдийн 100 мянган төгрөг өгдөг. Төсөв гэдэг зүйл чинь хязгаартай. Зарим айлд 100 мянган төгрөг долоон өдрийн хэрэглээ байж болно. Гэтэл заримд нь нэг өдөр хоолонд орох мөнгө байж болно шүү дээ. Ийм учраас л зорилтот бүлэг гэж нэрлээд байгаа юм. Дэлхийн банкнаас гурван иргэн тутмын нэг нь ядуу гэдэг судалгааг гаргасан байсан. Энэ нь ковидын өмнөх үеийн судалгаа.   
  • Дэлхий даяар дундаж давхаргыг дээшлүүлэх бодлого барьж байсан. Сүүлийн 30-40 жил барьж байсан энэ бодлого ковидоос болоод нурлаа. Дундаж давхарга дэлхийн аль ч улс оронд доошилж байна. Судалгаан дээр 35 хувь нь эрсдэлтэй бүлэгт, 15 хувь нь үнийн өсөлт, валютын ханшийн өөрчлөлтөд мэдрэг буюу унахад бэлэн хэсэг гэсэн байсан. Энэ 2019 оны судалгаа. Ингээд бодохоор тэр эрсдэлтэй бүлэг уначхаж байгаа юм.
  • 100 жил тутам нэг тахал гарна. Дээрээс нь 50 жил тутам нэг дайн болж байна. Таван жил тутам нэг хямрал болж байна. Энэ удаа бүгд давхцсанаар гурван дараалсан мөчлөгийн шок хүнд тусаж байна. Энэ үед манайх шиг хөгжиж буй улсад гурван том асуудал тулж буй. Юу гэхээр, Үнийн өсөлт, гадаад өрийн дарамт, эдийн засгийн хүндрэлийг даван туулах чадвар.
  • Ядуурал гэхээр зөвхөн нэг хүний ядуурлыг хараад байж болохгүй. Үе залгамжлах ядуурлын тухай анхаарах хэрэгтэй юм. Дани эсвэл Голландын ядуу гэр бүлд төрлөө гэхэд, би гурван үеийн дараа дундаж давхаргад орох боломжтой гэсэн судалгаа байдаг. Эсвэл энэтхэгт ч юм уу олон хүн амтай оронд төрлөө гэхэд найман үеийн дараа ядуурлаас гарах боломжтой гэсэн судалгаа байгаа юм. Бид зах зээлийн системд шилжээд хоёр үе л өнгөрөөж байна. Дани, Норвеги зэрэг улсад яагаад хоёр үеэр хэмжигдээд байна гэхээр тэнд тогтолцоо нь байгаа юм. Харамсалтай нь монголд эдгээр хүмүүсийг сөхөөрч байгаа хүн байна уу, мэдэхгүй. Энэ мэт судалгааг хийх л хэрэгтэй. Тэгж байж үүнтэй тэмцэнэ үү гэхээс шууд л эмзэг бүлгийнхнийг ажлын байраар хангаж, тэтгэмж олгоод явах систем нь ч байхгүй. Боломж ч байхгүй.

0 сэтгэгдэл


Одоогоор сэтгэгдэл алга байна