Р.АНХНЯМ: ЭЭЖ БОЛОХООС ИЛҮҮ САЙХАН МЭДРЭМЖ ҮГҮЙ
urug.mnСэтгүүлч: Т.БОЛОРТУЯА
НИЙГЭМ 2 сар, 1 долоо хоног өмнө

urug.mn

Монгол бүсгүйн гоо үзэсгэлэн, авьяас чадварыг дэлхийн дэлгэцэнд тамгалж чадсан Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Рагчаагийн Анхнямыг “Хөрөг” нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт урьлаа. Түүнийг үзэгч олон ухаалаг, зөөлөн, үзэсгэлэн төгөлдөр, дотортой жүжигчин хэмээн тодорхойлдог. Бид энэхүү ярилцлагаараа үзэгч, уншигт та бүхэнд айл гэрийн эзэгтэй, хоёр хүүхдийн ээж Р.Анхнямыг харуулахыг зорьлоо.

-Танд өдрийн мэнд хүргэе. Ярилцлагаа таны ээж болсон түүхээс эхэлье гэж бодлоо. Анх ээж болж байсан сэтгэгдлээсээ хуваалцаач? 

-Ээж болохоос илүү сайхан зүйл эмэгтэй хүний амьдралд байдаггүй. Надаас төрсөн хүүхэд шиг минь намайг чин сэтгэлээсээ хайрладаг, намайг гаднаас ороод ирэхэд баярлаж угтдаг тэр нүд шиг гайхамшигтай, хөөрхөн, амьдралын аз жаргал гэж байдаггүй байх. Чин сэтгэлээсээ намайг хайрлаж, хүлээдэг жижигхэн хүмүүс. Энэ бол эмэгтэй хүн болж төрсний, ээж болсны хамгийн гайхамшигтай мэдрэмж. Амьдралд өдөр өнгөрөх тусам, хүүхдүүдээ харах бүрт “Ямар гайхамшигтай юм бэ, би яаж, ямар азаар ээж болов оо” гэж боддог.

"ХҮҮХДҮҮДИЙНХЭЭ ХАМГИЙН САЙН ДАСГАЛЖУУЛАГЧ НЬ БАЙХЫГ ХҮСДЭГ"

-Та хэр сайн ээж вэ? 

-Би сайн ээж байхыг маш их хичээдэг. Хүүхдүүдийнхээ найз нь байх юм сан. Хүүхдүүдэд маань ямар нэгэн асуудал тулгарлаа гэхэд ээж, аав руугаа хамгийн түрүүнд ханддаг байгаасай. Айдас нь биш найз нь байх юм сан. Хамгийн том нөмөр нөөлөг нь болох юм сан гэж маш их хичээдэг. Мэдээж хүүхэд өсгөх амархан биш. Хүүхэд анх төрөхдөө л өөрийнхөө ааш, зантай төрдөг гэж боддог. “Чи ийм ааштай, ийм хандлагатай, ийм хүн болоорой” гэж би хүмүүжүүлж чадахгүй. 

Монголчуудын хэлдэг нэг ийм үг бий. “Би биеийг нь төрүүлсэн болохоос, ухааныг нь төрүүлээгүй” гэж.  Би хүүхдүүдийнхээ сайн чиглүүлэгч, хамгаалагч нь байх юм сан гэж хүсдэг.

-Та хүүхдүүдээ хэрхэн дасгалжуулдаг вэ? 

Хүн анх хүүхдээ төрүүлчихээд, байнга нялх байна л гэж бодоод байдаг юм билээн жил бүр нас нэмээд, ухаан тэлж, амьдралд харьцаж байгаа хүмүүсийнх нь тооо нэмэгдээд, үзэж харж, сонсож дуулж байгаа бүх зүйл нь өөрчлөгдөж байдаг. Гэтэл ээжийн нүдээр харахад дандаа нялх харагддаг. Гэхдээ тэгж бодож болохгүй юм билээ. 

Миний баримталж байгаа зарчим бол өөрийнх нь чадах зүйлийг өөрөөр нь хийлгэх. Яг өөрөөр нь ойлгуулах хүүхдэд маш чухал. Хэрхэн, яаж амьдрах вэ гэдэгт нь дасгалжуулж, тусалъя гэж боддог. Түүнээс тэр хүний өмнөөс амьдарч болохгүй юм байна гэдгийг нэлээн хожим ойлгосон. Үүнийг хүүхдээ төрүүлэхээс өмнө ойлгох ёстой юм билээ. Би одооноос ойлгоод, зөв амьдарч эхэлж байна.

“НӨХРИЙНХӨӨ ХАМГИЙН САЙН НАЙЗ, ЗӨВЛӨГЧ НЬ БАЙХ ЮМ САН ГЭЖ БОДДОГ

-Та үзэсгэлэнтэй, зөөлөн, эерэг эмэгтэй. Залуу, ганц бие байхдаа олон кинонд дүр бүтээж, үзэгч олны хайрыг татаж байсан. Тухайн үед улс төрийн, олны танил, чинээлэг гээд олон залуу араас тань гүйж байсан байх. Гэхдээ яагаад энгийн, даруухан залууг амьдралын ханиараа сонгосон бэ?

-Би тайван л амьдрах дуртай. Эргэн тойрондоо, цаг тутамд тухгүй байдлыг нь мэдрэх муухай. Гэртээ ч, нөхрийнхөө хажууд ч, гадуур хүмүүсийн хажууд ч өөрийнхөө аашаар байхыг хүсдэг. Хүмүүст тааруулж биш өөртөө тааруулж амьдардаг. Жишээлбэл, би өөрт тухтай  хувцаслах дуртай. Намхан гутал өмсвөл хурдан алхахад төвөггүй байна. Урт, намирсан хувцас өмсвөл гоё дулаахан байна.

Миний нөхөр надад тав тух өгдөг хүн. Надад ямар ч шаардлага тавьдаггүй. Би байгаагаараа л нөхөртөө хүлээн зөвшөөрөгддөг. Нөхрийгөө ч би яг өөрийнх нь байгаагаар хүлээж авдаг. Мэдээж хоёр өөр орчин өссөн, өөр үзэл бодол, зан ааштай хүмүүст дутагдал бий. Надад ч, манай нөхөрт ч дутагдал бий. Болохгүй, бүтэхгүй ааш, зан, үйлдэл ч байна. Тэр нь надад төвөггүй байвал заавал тэр хүнийг засах гэж оролдох шаардлагагүй. Угаасаа хүн засагдана гэж байхгүй. Хүн ер нь өөрийнхөө ааш, зантай төрдөг гэж боддог.  Хажууд нь тухтай байгаа болохоор л би тэр хүний хажууд байя гэж шийдсэн.

-Та хэр сайн эхнэр вэ?

-Баярсайхан намайг их сайн эхнэр гэдэг. Мэдээж хайр, халамж байлгүй яах вэ. Гэхдээ тэр хүнийг, хүсэл мөрөөдлийг нь, хийх гэж байгаа зүйлийг нь, сэтгэлд нь байгаа баяр, гунигийг нь хамгийн сайн ойлгодог, амьсгалаар нь мэдэрдэг, хамгийн сайн зөвлөгч, найз нь байх юм сан гэж боддог. Харцаар нь, бараг амьсгалаар нь өнөөдөр сэтгэл дундуур байна, өнөөдөр баяртай байна гээд л бүх зүйлийг нь мэддэг. Би өөрийгөө сайн эхнэр гэж хэлнэ ээ. 

"ХААНА Ч, ХЭЗЭЭ Ч ӨӨРИЙНХӨӨРӨӨ ТУХТАЙ БАЙХЫГ ЭРХЭМЛЭДЭГ"

-Та амьдралдаа баримталдаг ямар нэгэн зарчим бий юу?

-Өөртөө өндөр шаардлага тавихаар хүн түүндээ маш их ядардаг. Хүн  ядраад ирэхээр хэзээ ч сайхан ааштай байх боломжгүй. Өөртөө эхлээд хүн маш тухтай байх ёстой юм шиг санагддаг. Өөртөө тухтай гэдэг нь өөрөө өөртөө таалагдах. Зарим хүмүүс намайг “Та нүүрээ будаж байгаач” гэдэг. Будахгүй байх нь надад илүү амар амгалан байдаг. Магадгүй би өөртөө хариуцлага үүрэхгүй байгаа ч юм шиг. Маш олон зүйлд өөртөө хариуцлага үүрэх, өөртөө маш их шаардлага тавих нь сайн, муу хоёр талтай. Амьдралд аливаа зүйлийн тунг нь тааруулдаг байх хэрэгтэй. 

Би өөртөө баримтлах зарчим гэж тодорхойлдоггүй. Бүх зүйл надад тухтай байгаасай л гэж боддог.

-Танд шантармаар үе тохиолдож байв уу? 

-Надад өвдөх л шантармаар санагддаг. Өвдөхөөс л их айдаг. Ямар ч өвчин байсан. Түүнээс бусдаар хүний амьдралд шантармаар зүйл байдаг юм уу даа. Хэрвээ арга эв, ухааныг нь олоод явбал бүх зүйл шантармаар биш. Хүн мэдэхгүй зүйлээсээ айдаг. Хийж үзээгүй зүйлээсээ зүрх алддаг. 

Би шантрах гээд байвал оролдоод үздэг. Бүр болохгүй бол болино л биз дээ. Больчихно, орхиод явж болно. Амьдралд болж байгаа үйл явдлууд миний туулах л ёстой зүйл. Түүнээс зугтлаа гээд юу ч шийдвэрлэгдэхгүй. Түүнийгээ туулаад, хурдан шийдвэрлээд гарвал амар санагддаг. 

"ХҮНД ХОЁР ХӨЛӨӨС ИЛҮҮ АМЬДРАХ ИТГЭЛ, СЭТГЭЛИЙН ХҮЧ ЧУХАЛ"

-Та таван жилийн дараа Монгол кинод дүр бүтээлээ. Саяхан “Дасгалжуулагч” УСК кино нээлтээ хийгээд, үзэгчдийн хүртээл болж байна. Яагаад энэ кинонд тоглохоор болсон бэ?

-Янз бүрийн л киноны зохиолууд ирдэг. Уншаад үзэхэд энэ киноны агуулга, найруулагчийн өөрийнх нь хийх гэж хүсэж байгаа санаа нь надад их таалагдсан учраас би энэ кинонд тоглох ёстой юм байна гэж бодоод, киноныхоо саналыг хүлээж авсан.

-“Дасгалжуулагч” киноны трэйлэрийг харж байхад хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тухай кино шиг санагдсан. Та бүхэн энэ киногоороо юу харуулахыг зорьсон бэ?

-Манай кино хүний сэтгэлийн хүчний тухай. Би энэ кинонд тоглох гээд дүрийн судалгаа хийж яваад, нэг гэр бүлийн хүмүүстэй уулзсан. Нөхөр нь явж чадахаа болиод олон жил болж байгаа гэсэн юм. Тэр хүн надад “Та нар хөгжлийн бэрхшээлтэй хүний тухай кино гэхээр тэр хүнийг хөлтэй болгох л тэмцэл гаргаад байдаг. Тухайн хөгжлийн бэрхшээлтэй хүний ээж нь байлаа гэхэд, яаж хөлтэй болгох вэ, хаана очиж хагалгаа хийлгэх вэ, юу хийх вэ гээд л эрэл хайгуул хийж байгаагаар кинонд гардаг. Энэ тийм чухал биш. Хүн хөлтэй байх чухал юм бол зүгээр хөлтэй байгаа хүмүүс яагаад муухай амьдраад байгаа юм бэ. Бүгдээрээ л сайхан амьдрах ёстой биз дээ” гэж хэлсэн. Надад энэ үг маш чухал санагдсан. Би үүнээс “Энэ хүүхэд хөгжлийн бэрхшээлтэй, тэргэнцэр дээр суудаг. Гэхдээ энэ хүний амьдралд ээжээс юу хэрэгтэй вэ гэвэл энэ хүнд өгөх итгэл. Би байхгүй байсан ч ганцаараа хэрхэн, яаж амьдарч чадах вэ, яаж өөрийгөө авч явах вэ гэдэг сэтгэлийн хүчийг л би ээж учраас өгөх ёстой юм байна. Миний энэ кинонд гарах зорилго энэ юм” гэдгийг ойлгосон. Тиймээс найруулагчтайгаа ярьж байгаад, бид хоёр тэр тал руугаа илүү ажилласан.

ХҮН БҮРТ БОЛОМЖ БИЙ. ХАРИН ТҮҮНИЙГЭЭ ХЭРХЭН АШИГЛАХ НЬ ХУВЬ ХҮНЭЭС ШАЛТГААЛНА 

-Та олон улсын кинонуудад их тоглодог. Олон улсын зах зээлд Монгол жүжигчид гарах боломж хэр байдаг вэ?

-Би Хятадад голцуу кинонд тоглодог. Хүн бүрт тийм боломж бий. Хэрвээ 1960, 1970, 1980 он байсан бол тэр үеийн театрын, киноны маш гоё жүжигчид, уран бүтээлчид байсан. Яг одоогийн энэ цаг үе шиг чөлөөтэй зорчдог, хил давдаг, хил давж очоод хүссэн бүхнээ хийж чаддаг нөхцөл байсан бол тэр хүмүүс гараад, гайхагдах байсан байх даа гэж би боддог. Одоогийн цаг үе бидэнд боломж, эрх чөлөө олгосон. Үүнийг хэрхэн, яаж ашиглах вэ гэдэг нь хувь хүнээс өөрөөс нь шалтгаална. Тийм, ийм арга зам байгаа гээд зураад тавьсан зүйл байхгүй.

Хүмүүсийн гаргасан замаар явахад амархан байдаг. Өөрөө зам гаргахад амаргүй байдаг. Заавал алдаж, онодог. Тэр зам нь чулуутай юу, хадтай юу, ангалтай юу гэдгийг мэдэхгүй туучаад явдаг. Тийм зүйлд миний зориг сайн гардаг юм шиг. Жишээлбэл, би Хятадад анх кинонд очоод, хэн ч байхгүй. Анх очоод л найруулагчтай, кино групптэй нь уулзаад л, энд ийм хүмүүс, ийм кино хийх гэж байна, чамайг дүрд авлаа гэж байхад надад ямар ч айдас байгаагүй. Би Хятад хэлгүй, тэнд таньдаг ямар ч хүн байхгүй мөртлөө Монголоос ганцаараа очоод л тоглосон. Миний гэр бүлийн хүмүүжил ч үүнд их холбоотой. Ямар нэгэн амьдралын саад, бэрхшээлийг ямар аргаар, зөв зохицуулаад, өөрт аюулгүй байдлаар өөрийгөө тэр дунд авч явах вэ гэдэг хүмүүжлийг манай гэр бүлийнхэн бүр бага байхаас эхлээд маш сайн тавьсан байна гэж би боддог. Тэр нь намайг айдасгүй байлгадаг. “Би яана аа” гэж хэзээ ч боддоггүй. “Би үүний аргыг нь олно доо. Ямар ч байсан арга байж л таараа” гэж бодоод, явдаг байсан. Тэр талаа харвал би зоригтой юм байна.

Миний нүдээр харахад хүн бүрт боломж байна. Бид нийтэрээ жаахан залхуу байна. Өөр газарт явж байхад залуучууд нь үнэхээр цаг наргүй, хөдөлмөрч. Сураад, номын хуудас эргүүлээд, хөдөлмөрлөөд байхдаа биш. Өөрийгөө хэрхэн, яаж хөгжүүлэх вэ гэдэгтээ, илүү өөртөө анхаарч хөдөлмөрлөж байна. Тэр нь илүү амжилтад хүргэж байна. 

ХАРАХ ӨНЦГӨӨ ӨӨРЧИЛЖ, ЭЕРЭГ БАЙГААРАЙ  

-Та маш эерэг харагддаг. Энэ их стресс, бухимдал дунд хэрхэн эерэг байдлаа хадгалдаг вэ?

-Би ер нь их өөдрөг хүн. Надад бүх л зүйл болж бүтэх юм шиг санагддаг. Хүмүүс “За, наад чинь болохгүй дээ, худлаа байна даа” гэдэг. Гэхдээ миний хүссэн зүйлс болж, бүтээд л байх шиг санагддаг. Би аливаа зүйлийг “Тэгж болохгүй байх даа” гэж боддоггүй. “Болно доо, бүтнэ дээ. Бүх зүйл сайхан болно” гэж бүх зүйлийг өөдрөгөөр хардаг. Маш их орон зай байна. Тэр дунд хэрхэн яаж амьдрах нь миний өөрийн хичээл зүтгэлээс шалтгаална.

Заримдаа тайван биш байдаг. Нийгэмд уурлаж, бухимдах зүйлс маш их байдаг. Уурлаж, бухимдаад сайнаар шийдэгдсэн зүйл гэж байдаггүй. Өдөр тутамдаа маш олон хүнтэй харилцаж байгаа нөхцөлд хүмүүс нэг нэгэндээ уурлаж, бухимдахад нэг тал нь хүлээх хэрэгтэй. Хүн хамгийн ихдээ гурав хоног уурладаг. Яг оргил уур нь гурван минут байдаг. Үүний дараа тайван ярьж болно. Хэрвээ миний буруу байсан бол уучлалт гуйж болно. Яг ууртай үед нь уучлаарай гэвэл хүлээж авахгүй. Хүнийг тайвшруулаад, дараа уучлалтаа гуйгаад, ийм зүйлд ингэж ойлголцсонгүй, үүнийг яаж шийдвэрлэх вэ гээд ярилцах нь чухал. Ямар ч асуудлыг шийдвэрлэх нь чухал. Уурлаж, бухимдах нь чухал биш. Уурлалаа гээд ямар ч сайн зүйлд хүрэхгүй. Хэрэлдээд л дуусна. Үр дүнд нь шийдвэр гарахгүй. 

Ямар нэгэн асуудал гараад бухимдсан бол түүнийг шийдвэрлэх хэрэгтэй. Шийдвэрлэхийн тулд нэг тал нь буулт хийх ёстой. Би их буулт хийдэг хүн. Би хүмүүстэй хэрэлдье гэж боддоггүй. Хэрэлдмээр зүйл гарсан ч өөрийгөө бариад, тэр орчноос холдъё гэж боддог. Яагаад ингэж ярьж байна вэ гэхээр би өмнө нь хэрэлдээд үзсэн л хүн байгаа юм.

Одоо манай улсын нөхцөл байдалд хүмүүс өөрөө өөрсдийгөө л тайван байлгах хэрэгтэй юм шиг санагддаг. Бид тэртээ тэргүй бухимдалтай байж хоорондоо эв нэгдэлгүй байвдал юу ч биш болно. Бидэнд одоо эв нэгдэл маш чухал байна. Нэгнээ хайрлах хайр маш чухал байна. 

Бусдыгаа сайхан, эерэг талаас нь харж байгаарай. Бие биеэ хайрлахгүй, үзэн ядаад байвал байдал улам л хүндэрнэ. Хүн өөрийнхөө харах, бодох өнцгөө өөрчилж, илүү эерэг байх хэрэгтэй.

Би зүгээр л сайхан амьдармаар байна. Унтмаар байвал унтаж, идмээр байвал идэж, гадуур явмаар байвал яваад л. Өөрийнхөө хүссэнээр л баймаар байна. Бодвол манай аав, ээж, эмээ, өвөө намайг аз жаргалтай амьдраасай гэж намайг төрүүлж, бүх зүйлээ надад зориулж, хайрлаж амьдарсан. Би тэр хүмүүсийг баярлатал нь өөрийнхөөрөө, аз жаргалтай амьдармаар байна. 

Ярилцсан баярлалаа. Танд уран бүтээлийн арвин амжилт хүсье. 

Сэтгүүлч:Т.Болортуяа 

Эвлүүлгийн найруулагч:С.Баасандаш |СТА\

Зураглаач:М.Болдхүү, Б.Ёндонжамц

Зурагчин:Д.Занданбат 

Ярилцлагын видео хувилбарыг дээрээс үзнэ үү.

 

0 сэтгэгдэл


Одоогоор сэтгэгдэл алга байна