“БИД ЭКСПОРТОЛЖ ЧАДАЖ БАЙНА, ТӨР ОЛОН БИЧИГ ЦААС, ШАТ ДАМЖЛАГАА БАГАСГААЧ”
urug.mnСэтгүүлч: Б.БОЛОРЧИМЭГ
НИЙГЭМ 2 сар, 1 долоо хоног өмнө

urug.mn

“Экспорт Монгол -2022” олон улсын форум, үзэсгэлэнгийн хүрээнд  зохион байгуулагдаж буй цуврал хэлэлцүүлгийн эхний дугаар “Үйлдвэрлэл ба экспорт” сэдэвтэйгээр явагдлаа.

Хэлэлцүүлгийн зочноор:

1. ЖДҮГ-ын дарга Я.Эрдэнэсайхан

2. “ТЭСО” корпорацийн экспортын газрын захирал Г.Энхбаяр

3. “Мон Пеллетс” ХХК-ийн захирал Ш.Дэлгэрмаа

4. “Нолли” брэндийн үүсгэн байгуулагч Ч.Мөнхбадрах нар оролцлоо.

Хэлэлцүүлэгт оролцогчдын ярьсан онцлох мэдээллийг хүргэж байна.

ХОНИНЫ НООСООР БОРДОО ҮЙЛДВЭРЛЭЖ, ГЕРМАН, АВСТРИ, АМЕРИК РУУ ЭКСПОРТЛОЖ БАЙНА

“Мон Пеллетс” ХХК-ийн захирал Ш.Дэлгэрмаа

Хонины ноосоор бордоо үйлдвэрлэж, Европын орнууд болон АНУ-руу экспортолж эхэлж байна. Хонины ноосыг бордоо болгох процесс нь хэдий хугацаанд хийгдсэн, Европ руу экспортлох боломж нь ямар байна вэ. Хэдий хэмжээгээр гаргаж байна вэ?

Манай компани угаагаагүй хонины ноосоор 100 хувь ус болон химийн бодис хэрэглэхгүйгээр хонины ноосон органик бордоо хийдэг. Энэ бордоог 2004-2011 оны хугацаанд Германы Гумболдтын их сургууль хөгжүүлсэн. Манай компани 2016 онд технологийг нь худалдаж авах гэрээ байгуулж, 2018 онд Монголд үйлдвэрээ байгуулж, 2019 оноос эхлэн Герман улсад экспортолж эхэлсэн.

Экспортлоход цоо шинэ бүтээгдэхүүн. Дэлхийн зах зээлд хонины ноосон органик бордоо гэж байгаагүй. Тэр ч утгаараа бидэнд маш их шалгуур, лабораторийн тест шинжилгээ болон гэрчилгээнүүд авах шаардлагатай болсон.

Энэ бүтээгдэхүүнийг экспортод гаргах боломжийн хувьд өнөөдөр манай бүтээгдэхүүнийг Европын холбоонд бөөний үнээр буюу нэг кг нь 2-2.5 еврогоор нийлүүлж байна. Гэтэл тэр нь зах зээлд очоод 13 еврогоор борлуулагдаж байна. Бидэнд нэгдүгээрт, гадаад зах зээлийн боломж өндөр байна. Хоёрдугаарт, хонины ноосон бордоо нь хаягдал биш. Органик бордоо гэхээр хаягдлуудыг дахин боловсруулсан бордоо байдаг. Тэр утгаараа манайх 100 хувь нөхөн сэргээгдэх түүхий эд байдаг.

Монгол улс 31 сая хоньтой. Түүнээс 45 мянган тонн ноос жил бүр гарах боломжтой. Үүний есөн мянга нь хаягдал байдаг.

Манай үйлдвэрийн хүчин чадал 4000. Түүхий эд хангалттай байна. Гадаад зах зээлд манай бүтээгдэхүүний эрэлт сайн байна. Бүтээгдэхүүний хэрэглээ болон хэрэглэгчийн сэтгэл ханамж өндөр байна. Бид ирэх жилээс АНУ-аас гадна Бельги улс руу ачилтаа бэлдэж байна. Англи улсаас бас санал ирсэн байна. Энэ бүхнийг хийхийн тулд экспортыг дэмжих төсөлд хамрагдсан.

Олон улсын төслүүд, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих газар болон Монгол улсын төрийн байгууллагууд дэмжлэг үзүүлж байгаа ч нөгөө талдаа шалгуур үзүүлэлтүүд, сорилтууд нэлээн тулгарч байна.

ТЭМЭЭ, ЯМААНЫ СҮҮН БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД ТАНИУЛНА

“ТЭСО” корпорацийн экспортын газрын захирал Г.Энхбаяр

Тесо группын хувьд маш олон жилийн хугацаанд экспортын судалгаа шинжилгээний ажлуудыг цогцоор нь хийсэн. Одоо Хятад, Солонгос, Киргизстан руу бүтээгдэхүүнээ гаргаж байна. Ямар бүтээгдэхүүн, хэдийн хэмжээгээр гаргаж байна вэ. Монголоос бүтээгдэхүүнээ гаргахын тулд ямар шат дамжлагыг туулсан бэ?

Монголоос гарах шат дамжлагууд хэцүү байдаг уу гэвэл тийм. Гэхдээ бэлтгэл, цаг хугацаа хэрэгтэй. Гэхдээ анхны бүхэн амаргүй. Хоёр, гурав дахиасаа илүү туршлагажиж, хөнгөн болдог.

БНХАУ, Өвөр Монгол руу хамгийн олон бүтээгдэхүүн экспортолж байна. Түүний араас  Киргизстан улсын экспортын хэмжээ орно. Мөн Солонгос улсын экспорт амжилттай байна. Япон улстай түүхий эд, материалаар харьцаж байгаа бол алсдаа бараа материал солилцох талаас илүү ажиллаж байна. Мөн Турк улс руу хүсэлтээ өгөөд, эхний ээлжийн шалгуурууддаа тэнцсэн.

Экспортыг Монголоос бус нөгөө талаас тодорхойлдог. Ашгийн хувьд маш их өсөлт үзүүлдэг. Заримдаа 140, 180 хувийн өсөлтүүд үзүүлэх боломжтой байдаг. Бид ихэвчлэн аарц суурьтай бүтээгдэхүүнийг экспортод гаргаж байна. 2023 онд тэмээ болон ямааны сүүн суурьтай бүтээгдэхүүнүүдийг дэлхийн зах зээлд таниулах, үүгээрээ шинэ брэнд бүтээхээр ажиллаж байна.

ЖИЖИГ ДУНД КОМПАНИУД НЭГ БРЭНД ДОР НЭГДЭЖ, ТЭЖЭЭВЭР АМЬТНЫ ХУВЦАС, ХЭРЭГЛЭЛ ҮЙЛДВЭРЛЭЖ ЭКСПОРТОЛЖ БАЙНА

“Нолли” брэндийн үүсгэн байгуулагч Ч.Мөнхбадрах

Та бүхэн тэжээвэр амьтны хувцас хэрэглэл гээд шинэ, онцлог бүтээгдэхүүн экспортлох гэж байгаа юм байна. Экспортын боломжийг яаж олж харсан бэ. Экспортлоход тулгамдаж байгаа асуудал нь юу байна вэ?

Нолли брэнд тэжээвэр амьтны хувцас хэрэглэл, тэр дундаа жижиг биетэй өхөөрдөм нохойнуудад зориулсан ноолууран цамц, ноолууран цамц үйлдвэрлэж байна. Жишээ нь, таван төрлийн цамцнаас бүрдэх коллекц гаргасан. Тэдгээр жижиг нохойнуудаа тээвэрлэх, үүрэхэд зориулсан цүнх үүргэвч, мөрлөдөг цүнх зэрэг бүтээдэхүүн хөгжүүлсэн.

Таван төрлийн ноолууран цамц, долоон төрлийн арьсан цүнх, оосор, хүзүүвч цээживч зэрэг жижиг хэрэглэлүүдийг хөгжүүлж, батлахад нэг жилийн хугацаа зарцуулсан.

Нолли брэндийн нэг онцлог нь бид бүтээгдэхүүний хөгжүүлэлт судалгаагаа хийгээд, ашигтай загвараа зохиож, патент өмчлөлийг нь аваад, худалдааны зах зээл хөгжүүлж, таниулах ажил хийж, дотоодын жижиг дунд үйлдвэрүүдтэйгээ хамтраад бүтээгдэхүүнээ хийлгэдэг. Өөрсдөө нэг ч үйлдвэрлэл хийхгүй. Өөрсдөө бүтээгдэхүүн хөгжүүлэлтээ хийгээд, захиалгаа хийж, экспортод гарна. Учир нь жижиг дунд компани болгон тэжээвэр амьтны зах зээлийг судлаад, бүгдээрээ тус тусдаа бүтээгдэхүүн хөгжүүлэлт хийгээд, дор бүрдээ явбал хэн ч хэзээ ч гарч чадахгүй. Түүний оронд нэгдсэн нэг брэндийн дор бүгд чаддаг чаддгаараа нийлээд явах нь зүгээр.

Энэ бизнес рүү орсон шалтгаан нь би 10 жилийн турш жижиг дунд бизнесүүд зөвлөх үйлчилгээ үзүүлж байна. Энэ хугацаанд анзаарсан нэг зүйл нь жижиг дунд компаниуд дор бүрнээ бүгдийг өөрсдөө хийнэ гэвэл маш их ажил болпог. Эргэлтийн хөрөнгө, маркетинг, санхүү, экспортын шаардлага хангаж, бүтээгдэхүүнээ экспортлох нь дундаас дээш компанид асуудалгүй. Харин жижиг дунд компаниудад маш хэцүү ажил байдаг.

“ЖДҮГ “ЭКСПОРТЫГ ДЭМЖИХ ТӨСӨЛ”-ӨӨС 32 ААН-Д НАЙМАН ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ЗЭЭЛ ОЛГООД БАЙНА”

ЖДҮГ-ын дарга Я.Эрдэнэсайхан

Дэлхийн банкны 20 сая долларын санхүүжилттэй, ХХААХҮЯ-ны хамтран хэрэгжүүлж байгаа “Экспортыг дэмжих төсөл” саяхан Жижиг дунд үйлдвэрийн газрын мэдэлд очсон. Энэ төслөөс хичнээн ААН-үүд санхүүжилт авсан бэ? Өмнө нь олон улсын санхүүжилттэйхамтарсан төсөл, хөтөлбөрүүдээс манай үйлдвэрлэгч, экспортлогчид  санхүүжилт хэлбэрээр хамрагдах боломж хэр байсан бэ?

Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан сүүлийн жилүүдэд зээл олголттой асуудлаа ил тод, нээлттэй болгож, олгох ёстой хүмүүст нь олгодог болсон. Дэлхийн банк бидний зээл олголтын асуудлуудыг ил тод болсон байна гэж үзэн “Экспортыг дэмжих төсөл”-ийнхөө түншлэлийн хөтөлбөрийн буцалтгүй тусламж олгодог хэсгээ Жижиг дунд үйлдвэрийн газартай 2022 оны хоёрдугаар сараас эхлэн хамтран олгож эхэлсэн.

Экспортыг дэмжих төсөл нь 2016 оноос Монголд хэрэгжсэн, 20 сая долларын санхүүжилттэй төсөл юм. 2016-2019 оны хооронд Сангийн яаманд хэрэгжиж, нийт 76 төсөл, 800 гаруй мянган долларын санхүүжилт олгосон байдаг.

2020-2022 оныг хүртэл ХХААХҮЯ-нд хэрэгжиж, нийт 68 төсөл, дөрвөн тэрбум төгрөгийн санхүүжилт олгосон. Энэ төсөл 2023 оны арванхоёрдугаар сард дуусна. Тиймээс эрчимжүүлэх шаардлагатай гэж үзсэн учраас дэлхийн банкны төлөөлөл ЖДҮГ-ынхантай уулзаж, эрчимжүүлье гэдэг санал тавьсан. Бид гарын авлагадаа өөрчлөлт оруулж, 2022 оны хоёрдугаар сараас эхлэн аж ахуйн нэгжүүддээ зар хүргэсэн.

Өнөөдрийг хүртэл нийт 32 аж ахуйн нэгжид, найман тэрбум төгрөгийн санхүүжилт олгох гэрээ байгуулсан байна. Бид төлөвлөсөн хугацаандаа хангалттай биелэлттэй явж байна. Бид иргэд, аж ахуйн нэгжүүддээ төслийн зарыг сайн хүргэж, ААН-үүдийн хүсэлтүүд маш их ирсэн. 10 тэрбум төгрөгийн грант олгох зүйлд 15,16 тэрбум төгрөгийн хүсэлт ирсэн байна. Үүнээс сонгон шалгаруулалт хийхээр 50-60 хувь нь хасагдаж байна. Ингэхээр өнгөрсөн хугацааныхаа санхүүжилтыг гаргах, үлдсэн хугацааныхаа санхүүжилтыг хийх гэдэг сонгон шалгаруулалт зогсоохоос өөр аргагүй байдалд орсон. Үлдсэн хугацаанд арван тэрбум төгрөгийн санхүүжилтыг хангалттай гаргах боломжтой болсон. Өөрөөр хэлбэл, төсөл амжилттай хэрэгжих боломжтой болж байна.

ААН-ҮҮД ӨӨРИЙН ХӨРӨНГӨӨР БҮТЭЭГДЭХҮҮНЭЭ ЭКСПОРТОД ГАРГАСАН БАРИМТ ДЭЭР ТУЛГУУРЛАН, БУЦАЛТГҮЙ ТУСЛАМЖ ҮЗҮҮЛНЭ

Дэлхийн банкны 20 сая долларын санхүүжилттэй төсөл нь хөнгөлөлттэй зээл үү, буцалтгүй тусламж хэлбэрээр олгогдож байгаа юу?

Энэ буцалтгүй тусламж. Аж ахуйн нэгжүүд өөрийн хөрөнгөөр эхлээд экспортод бараа, бүтээгдэхүүнээ гаргана. Экспортод бараа, бүтээгдэхүүн гаргахад зориулагдсан тоног төхөөрөмж худалдан авна. Маркетингийн зардлаа гаргана. Гаргаад хийснийх нь дараа тэр баримт дээр нь үндэслээд 9+3 сарын хугацаанд ажлаа хийсэн тохиолдолд 50 хувь буюу нэг аж ахуйн нэгжид 300 сая хүртэлх төгрөг, кластер дээр 500 сая хүртэлх төгрөг буцалтгүй тусламж хэлбэрээр өгнө. Энэ төсөл өмнө нь 2022 он хүртэл хэрэгжихдээ аж ахуйн нэгжүүдэд өндөр шаардлага тавьдаг, олгох грант нь бага байсан. Үүнийг бид дэлхийн банкныхантай уулзалт, хэлэлцүүлэгт оролцох явцдаа аж ахуйн нэгжүүдэд тавигдах шаардлагыг нь багасгаад, олгох грантынх нь хэмжээг нэмэгдүүлсэн учраас тодорхой үр дүн гарч байгаа гэж харж байна.

ТӨСЛИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАД ОЛОНХИЙН САНАЛААР ШИЙДВЭР ГАРГАЖ, ИЛ ТОД БОЛДОГ

Аж ахуйн нэгжүүдэд олгох зээлийн шийдвэрийг гаргахад Дэлхийн банк хяналт тавьдаг уу? Бодит эзэндээ очиж байгааг хэн хянадаг вэ?

Тэгэлгүй яах вэ, үүнийг жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан дөрвөн үе шаттай сонгон шалгаруулалт хийж, олгодог. Үүнд:

• Яг газар дээр нь очиж үзнэ

• Төслийг нь үзнэ

• Төслийг нь уншина

• Иж бүрдлийг шалгана гэсэн дөрвөн үе шаттайгаар төсөл сонгон шалгаруулах хорооны хурлаар ордог.

Дэлхийн банкны олгож байгаа төсөлд энэ аргачлал буюу энэ дөрвөн үе шатаар сонгон шалгаруулна.

Төсөл сонгон шалгаруулах хорооны багт ажиллаж, шийдвэр гаргаж байгаа долоон гишүүний дөрвөөс дээш нь төрийн бус байгууллагын буюу олонх нь хөндлөнгийн хяналт тавьдаг, аж ахуйн нэгжүүдийн эрх ашгийг хамгаалдаг, төрийн бус байгууллагын төлөөлөл олонхийн шийдвэр гаргаж, олгож байгаа учраас хөндлөнгийн хяналт, ил тод болгож байна.

ААН-ҮҮД ХАМТРААД АЖИЛЛАВАЛ ЭКСПОРТЫН БОЛОМЖ ИХ БАЙНА

Монгол банк энэ оны наймдугаар сард хийсэн судалгаагаар экспортлогч 540 ААН-ийн 30 хувийг нь түүврийн аргаар судалгаанд хамруулахад, ердөө гуравхан хувь нь олон улсын төсөл, хөтөлбөрүүдэд хамрагдаж чадсан гэсэн хариулт өгсөн байна. 60 хувь нь банк болон банк бус санхүүгийн байгууллагаас зээл авч, санхүүжилтээ шийддэг гэсэн судалгаа гарсан байна.Олон улсын байгууллагын төсөл, хөтөлбөр, санхүүжилтэд хамрагдахад манай аж ахуйн нэгжүүдэд тулгарч байгаа асуудал нь юу вэ?

Олон төрлийн шаардлага, шалгуур байна. Жишээлбэл, хэдийгээр өнөөдөр сонгон шалгаруулалтад тэнцсэн ч, үргэлжлүүлэн есөн сарын хугацаанд өөрөө хөрөнгө мөнгөө гаргаад, бизнесээ хийж чадах уу гэдэг асуудал байна.

Монголын үйлдвэрлэгчид гаднын зах зээл рүү кластер хэлбэрээр хамтарч гарах нь хамгийн зөв. Бид нэлээн олон жил экспорт гэж ярьж байна. Гэхдээ үүнийг аж ахуйн нэгжүүд дангаараа хийх ёстой мэтээр ойлгож, ярьж байсан. Одоо бол илүү кластер хэлбэрээр болох хэрэгтэй. Жишээлбэл, Ноос ноолуурын холбоо гэж байдаг. Ноос ноолуурын компаниуд нь нийлээд, Монголын потенциал нь юу байна, бид жилд хэдэн ноосон оймс, ноосон цамц хийж чадах вэ, гэдэг нөөцөө эхний ээлжинд тодорхойлох ёстой. Үүндээ үндэслээд, ГХЯ, ЭСЯ, Дипломат төлөөлөгчийн газрууддаа даалгавар өгөх ёстой юм шиг байна. “Монгол улс жилд 20 сая ноосон оймс хийж чадна. Тэгвэл та бүхэн АНУ-д байгаа элчин сайдад тийм хэмжээгээр борлуулах гэрээ хийхээр ажилла” гэх зэргээр. Элчин сайдын яамд үүнийг хийж, бид аж ахуйн нэгжүүдээ кластер хэлбэрт шилжүүлж, тухайн зорилтот орных нь стандартыг нь судлаад, тохирлын болон гарал үүслийн гэрчилгээг нь авах тал дээр танхим, төрийн бус байгууллагуудтай хамтарч, нэгдэж авч өгөхгүй бол аж ахуйн нэгжүүд тусдаа явбал хүндрэлтэй. Ихэвчлэн хэсэг хугацаанд хөөцөлдөж байгаад хаячихдаг.

Өнөөдөр экспортод гаргаж байгаа аж ахуйн нэгжүүдийн ихэнх нь албан бусаар гаргаж байна. Тиймээс албан тоо баримт, статистик мэдээлэлд ордоггүй. Тэд танил тал, карго зэргээр борлуулалтаа хийж байна. Үүнийг албан ёсны болгох ёстой.

Экспортыг дэмжих төсөлд энэ жил 100 гаруй аж ахуйн нэгж төсөлд хамрагдъя гээд ирсэн байна. Үүний 70 орчим хувь нь эхний ээлжийн шаардлага хангаж байна. Потенциал бол байна. Гол нь энэ олон аж ахуйн нэгжүүд тус тусдаа явах бус кластер хэлбэрээр болоод, чиглэл чиглэлээрээ нэгдээд, явах ёстой юм.

НООС НООЛУУР, МАЛЫН ГАРАЛТАЙ ТҮҮХИЙ ЭДЭД СУУРИЛСАН БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭЛ ЭКСПОРТЫН ДИЙЛЭНХ ХУВИЙГ ЭЗЭЛЖ БАЙНА

Экспортыг дэмжих төсөл ХХААХҮЯ-нд ирснээс хойш 68 аж ахуйн нэгж шаардлага хангасан гэж байна. Тоон статистикаар харвал эдгээр байгууллагын ихэнх нь ямар төрлийн үйлдвэрлэл экспортлогчид байна вэ?

Ихэнх нь Монголын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнд суурилсан ноос, ноолуур, малын гаралтай түүхий эдэд суурилсан бүтээгдэхүүнд үйлдвэрлэдэг аж ахуйн нэгжүүд байна. Бас нэг дэвшилтэт зүйл нь IT компаниуд, оюун ухаанаа ашиглаж, гаднаас мөнгөн гуйвуулга, програм хийх, програм хөгжүүлэлт хийх байдлаар төсөл бичиж байгаа компани нэлээн хувийг эзэлж байна. Энэ бол маш сайн. Өөрөөр хэлбэл, бид хоосон орон зайгаас экспорт буюу доллар олж ирэх гээд байна. Бусад уламжлалт салбарууд маань ч явах ёстой.

ИРЭХ ОНД ААН-ҮҮДЭД 30 ГАРУЙ ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ЗЭЭЛ ОЛГОНО

Жижиг дунд үйлдвэрийн газарт одоо эсвэл ойрын хугацаанд яригдаж байгаа санхүүжилтын ямар боломжууд байна вэ?

Жижиг дунд үйлдвэрийн агентлаг байгуулагдснаасаа хойш Засгийн газрын бонд, Хөгжлийн банкны бонд, бусдад төлөх 127 тэрбум төгрөгийн өртэй байсан. Энэ өрөө бүрэн барагдуулж дууссан. Өнөөдөр энэ байгууллага өргүй болсон. Одоо бид эргэн төлөлтөөсөө төвлөрүүлж, мөн 2016 оноос өмнө өгөөд, алга болсон, эзэн нь олдохгүй байгаа аж ахуйн нэгж, иргэдийн өрийг төлүүлэх талд хичээн ажиллаж байна. Үүнийгээ төлүүлээд, ирэх он гэхэд 30 гаруй тэрбум төгрөгийн зээлийг аж ажуйн нэгжүүдэд олгоно гэж бодож байна. Үүнээс гадна экспортыг дэмжих төсөл, зах зээл бэлчээрийн удирдлагын хөгжил гээд Азийн хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сан гэж байдаг. Энэ сангийн хяналтын баг өнгөрсөн наймдугаар сард ирж, уулзаад, зөвхөн хоршоонд чиглэсэн дөрвөн тэрбум төгрөгийн санхүүжилтыг олгоё гэсэн. Энэ мэт дэвшилттэй алхмууд гарч байна. Бид дотоодоосоо гэхээс илүү гадагшаа чиглэсэн санхүүжилтын арга хэмжээнүүд зохион байгуулахаар төлөвлөж, ажиллаж байна.

Экспорт Монгол -2022” олон улсын форум, үзэсгэлэнгийн хүрээнд  зохион байгуулагдаж буй цуврал хэлэлцүүлгийн дараагийн дугаар “Экспортын санхүүжилт ба олон улсын төсөл хөтөлбөрүүд” сэдэвтэйгээр та бүхэнд хүрэх болно.

Та ч бас хэлэлцүүлэгт саналаа ирүүлэх боломжтой. Доорх холбоосоор орж саналаа илгээнэ үү?

https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSfxDuHAgyEy897jFbX0wqH4ybD5DwZ1uCR4d1Fv3UGFhHaPrw/viewform?usp=sf_link

Хэлэлцүүлгийн үр дүнд нийт оролцогчдын саналыг нэгтгэж шийдвэр гаргагчдад хүргэнэ. Үндсэн форум 2022.12.6-ны мягмар гарагт 10:00-17:00 цагт Туушин зочид буудлын Соёмбо болон Сүлд танхимд зохион байгуулагдана.

www.exportmongolia.org цахим талбараар олон улсад шууд дамжуулна.

Бүртгүүлэх: https://www.exportmongolia.org/2022/register

Нэмүү өртөг шингэсэн экспортоор эдийн засгаа сэргээе.

Холбоо барих: 9406-5929, 9696-8778

Хэлэлцүүлгийн дэлгэрэнгүйг дээрх линкээр орж үзнэ үү.

 

0 сэтгэгдэл


Одоогоор сэтгэгдэл алга байна