И.ОДОНЧИМЭГ: МЭРГЭЖИЛ МИНЬ ЗАРИМДАА НАМАЙГ МУУ ХҮН БОЛГОДОГ
urug.mnСэтгүүлч: Т.БОЛОРТУЯА
НИЙГЭМ 1 жил, 2 сар өмнө

urug.mn

“Хөрөг” нэвтрүүлийн энэ удаагийн дугаарт МУГЖ И.Одончимэгийг урьж, ярилцлаа. Тэрээр урлагийн хүн амьдралдаа олон золиос гаргаж, амжилтад хүрдэг. Эрүүл мэнд, зүрх сэтгэл, бие физиологи зэрэг олон зүйлсээ гэмтээж, тухайн дүрээ гаргадаг тухай хуваалцлаа. Түүнтэй бид амьдралын мөн чанар, утга учир, жүжигчин хүний үнэ цэн, нийгмийн асуудлууд зэрэг сонирхолтой сэдвүүдээр ярилцлаа. 

-Сайн байна уу. Та сүүлийн үед ямар уран бүтээл дээр ажиллаж байна вэ? 

-Сайн байна уу. Би одоо “Зохиолгүй амьдрал” нэртэй инээдмийн драмын жүжигт ажиллаж байна. Энэ жүжгийн нэр нь “Худалч эхнэр” гээд 1920 онд бичигдсэн Америкийн зохиол. Үзэгчид үзэж байж л юу хэлэх гээд байгаа санааг нь ойлгох байх. Найруулагч маань нэгийг бодож, хоёрыг тунгааж, энэ жүжгээ тавьж байна. Жанрын хувьд ч энэ цаг үед маш хэрэгтэй юм болов уу. Хүмүүс их стресс,  бухимдалтай байна. Стрессээ тайлна гэдэг нь хувь хүнд болон нийгэмд чухал ач холбогдолтой. Стрессгүй байж хүн эрүүл байдаг. Стрессээс шалтгаалан маш их өвчлөл үүсэж байгааг анагаахын шинжлэх ухаан баталсан байна. Нийгэм их стресстэй байгаа үед инээдмийн уран бүтээл тавих нь  зөв юм гэж манай найруулагч үзсэн юм. 

Инээдмийн урлаг зогсоод, ямар ч тоглолт бололгүй бараг дөрвөн жил боллоо. Яг энэ цаг үед хүмүүст бухимдал их байна. 

–”X tuts” продакшн тайзны уран бүтээлээсээ хэсэг хөндийрлөө. Энэ хугацаанд юу хийсэн бэ. Яагаад тайзны уран бүтээлээсээ хөндийрөх болов? 

-Тайзан дээр гаралгүй зургаан жил орчим болжээ. Сэтгэл догдлол их байна. Бид олон жил инээдмийн шоу урлагт тоглосон. Тиймээс дэлгэцийн сайхан уран бүтээл хийе гэж ярилцаад, 2017 оны гурван сараас хойш тайзан дээр гараагүй юм байна. Энэ хугацаанд дэлгэцийн урлагт уран бүтээл туурвилаа. “Солиот эх” киногоо гаргалаа. Түүнээс хойш миний хувьд “Хөөрхөн ээжтэй охин”, “Хайрыг битгий гомдоо” гээд 16 ангит кино хийлээ. Энэ мэтчилэн дэлгэцийн урлагт цаг, заваа зарцуулж байна. 

-Сүүлийн үед иргэдийн бухимдал ил гарч, залуус жагслаа. Та үүнд ямар байр суурьтай байна вэ?

-Одоо үнэхээр аль нам нь хамаагүй, Монголын ард түмэн, Монгол улсын төлөө цаашдын хөгжлийн төлөө, чиг хандлага, зөв бодлогын төлөө хамгийн зөв үг дуугарч байгаа хүмүүсээ бид дэмжиж, хүрээлэх хэрэгтэй. Түүнээс би энэ намыг л дэмждэг гээд нөгөө намын зөв үг хэлж байгаа хүний чихээ бөглөөд, нүдээ буруу тийш нь харуулж байгаад “Чи зайл” гэж хэлэх нь холгүй байна. Ингэж туйлширч болохгүй.

-Жагсаалын үеэр урлаг соёл, олны танил хүмүүсийг ирсэнгүй гээд нэлээн шүүмжилсэн. Үүнд тайлбар өгвөл?

-Намайг хүмүүс МАН-ыг дэмжсэн гээд их шүүмжилж байна. Би дэмжсэн. Сая их л тэсэж, тэвчиж, зөндөө доромжлуулж, элдвээрээ гүтгүүлж, үнэхээрийн хэлээ хазаж сууж өнгөрөөлөө. Манай гэр бүл тэр чигээрээ алтны уурхайн эзэд болж хувирлаа. Гэр бүлээрээ нүүрс олборлодог хүмүүс боллоо. Гэр бүлээрээ л МАН-аас баахан мөнгө авсан боллоо. Би нэг ч мөнгө аваагүй. Үүнийгээ би хаана ч бардам хэлнэ. Цэвэр итгэл, үнэмшлээрээ дэмжсэн. Яагаад болохгүй гэж. Би тийм эрхтэй.

Маш олон хүн муухай Монгол хүн болж байна. Тэдэнд хүнийг өөд нь гаргах хүсэл, нүд, сэтгэл алга. Бид яагаад хэн нэгнээс зөв сайхныг олж харах нүдгүй болтлоо ийм их стресс, бухимдалд орчхов оо. Ийм их уур уцаарт орчхов оо. Ганцхан Монгол улс хямарч байгаа биш дэлхий нийтээрээ хямарч, эдийн засгийн маш хүнд нөхцөлд байна. Энэ үед харин Монгол яах вэ гэдгийг уужуу тайван ухаанаар бодох цаг нь ирсэн байна. Энэ улс төрийнхөнд шахалт үзүүлэх цаг нь гарцаагүй болсон гэдэг нь хэн бүхэнд тодорхой байна. Маш олон хүн өөдгүй сэтгэлээр төрд ажиллаж иржээ гэдэг нь бидэнд мэдрэгдэж байна.

“ЗАЛУУЧУУД АЖИЛЛАЖ, ХӨДӨЛМӨРЛӨХГҮЙ БОЛ САЙХАН ИРЭЭДҮЙ МӨРӨӨДӨХ ХЭРЭГГҮЙ” 

-Монголд л болохгүй байна, бүтэхгүй байна. Гадагшаа л явья гэж залуучууд ярьж байна. Таны хувьд Монголдоо үлдэх шалтгаан, сайхан зүйлсийнх нь талаар хуваалцаач? 

-Эх орноос илүү сайхан газар гэж үгүй. Энд ажиллаж, хөдөлмөрлөвөл амьдрах боломж их байна. Зах зээл байна. Сайхан өргөн уудам нутаг байна. Үнэхээр явна гэж шийдсэн хүмүүс явж үзэж байж л эх орныхоо үнэ цэнийг ойлгоно доо. 

Залуучууд ажиллаж, амьдрах боломж байхгүй байна гээд л ярьж байна. Тэд  ерөөсөө ажил хийхгүй байна. Зарим хүн хоёр газар зэрэг ажиллаад, зохицуулаад, болоод байна. Хоёр зэрэг ажиллаад, олсон мөнгөө зохицуулаад яагаад болохгүй гэж. Нэмээд гэр бүл төлөвлөлт байхгүй. Монгол “миа” байна гээд л. Өөрөө ажил голоод, байж ажил олдохгүй байна гэж яриад л. Ажлын зар шиг их зүйл сонинд алга. Бид ажиллая. Харин цалин мөнгө бидний амьдралд хүрэхгүй байна гээд нийтээрээ цалин мөнгөө нэмүүлэхээр ярилцаад, тэмцэж, шаардлага тавьж болно. 

БИД ХҮҮХДИЙНХЭЭ СУРГАЛТАД АНХААРЧ, АМРААЖ, ХАМТ ТОГЛОЖ, ХҮҮХДЭЭР НЬ БАЙЛГАДАГ 

-Цахим орчинд хүүхдийг хүүхдээр нь байлгасангүй гэж их шүүмжилдэг болсон байна. Та өсвөр насны, кино контентод тоглодог охинтой хүний хувьд үүнд ямар байр суурьтай байна вэ?

-Саяхан нэг коммент дээр “Хоёр новш минь, хүүхдээ хүүхдээр нь байлгаач. Битгий хүүхдээ тамлаад бай, хүүхдээрээ юм хийгээд...” гээд бичсэн байсан. Би түүнийг уншаад их гайхсан. Бид хоёр хүүхдийнхээ сургалтад анхаардаг. Хүүхдээ амраадаг. Чөлөөт цагаа аль болох хүүхэдтэйгээ өнгөрүүлж, Бархүү орой бүр хүүхэдтэйгээ тоглож, орондоо хэсэг сайхан инээлдэж, орой нь би охинтойгоо ярилцдаг. Үүнийг хүмүүст дэлгэх албагүй. Бид хоёр хүүхдээ хангалттай хүүхдээр нь байлгаж, харьцаж, сайхан байдаг. Магадгүй хэдэн кино, контентод тоглосныг л илүү хараад байх шиг байгаа юм. Миний хүүхэд өөрийнхөө тоглох ёстой дүрүүдэд л тоглосон. Миний охин лайв хийгээд л, янз бүрийн этгээд, гаж үг хэллэг хэрэглээд, олон нийтийн сүлжээ, үеийнхнийхээ дунд буруу хэлбэрээр оролцож, муу зүйл үлгэрлээгүй байх гэж бодож байна. Би үзээгүй байгаа юм болов уу гээд гайхаад л  байна. 

Хаа очиж хүмүүс их өөрөөр ойлгоод байдаг юм шиг байна. Бага, жаахан байхдаа их хэвлүүхэн байсан. Түүнийг нь л тэгж бодоод байдаг юм уу. Харин ч ёстой хүүхдээрээ. Аливаа зүйлд их мэдрэмжтэй. Хоёр уран бүтээлч хүнээс гарсан болоод тэр үү аливаа юмыг хүлээж авах чадвар, дотор сайтай, жүжиглэлтэд өөрийн гэсэн өгөгдөлтэй учраас бид контент, кинонд оролцуулдаг. Ганцхан манай хүүхэд ингээд байгаа юм биш. Дэлхий нийтийн жишиг. Уран бүтээлчдийн хүүхэд кинонд тоглоод явж л байдаг. Яагаад болохгүй гэж. Үүний төлөө хүүхдийг хүүхдээр нь байлга гээд элдвээр доромжлоод байх шаардлага байхгүй. Миний охин хүүхдээрээ л байгаа. 

ТОГЛОСОН ДҮРЭЭРЭЭ ТҮМНИЙ СЭТГЭЛД ҮЛДЭХ НЬ УРАН БҮТЭЭЛЧ ХҮНИЙ ҮНЭ ЦЭН

-Уран бүтээлч хүний үнэ цэн хаана оршдог вэ? 

-Уран бүтээлч хүний үнэ цэн гэдэг тоглож байгаа уран бүтээлээсээ л шалтгаалах байх. Хэр зэрэг өөрийнхөө мэргэжлийг эзэмшсэн байна. Тэр хэмжээгээрээ тоглож байгаа жүжиг, кино, шоу, уран бүтээлд яаж тоглож байна гэдэг хүнд үнэлэгдэх үнэлэмж байх. Гэхдээ үүнийг цаг хугацаа харуулна. Үлдэх дүрүүд цаг хугацааны турш үлдэж л байдаг. Өнөөдөр бид бүхэн үүнийг мэдрээд л явж байна. Өнгөрсөн цаг хугацаанд ямар кинонд ямар жүжигчний тоглосон дүр үлдэж байна вэ гэдэг нь одоо бидэнд тодорхой харагдаж байна. Яг үүн шиг уран бүтээлч хүний үнэ цэн уран бүтээлд нь оршдог. 

ЖҮЖИГЧИН ХҮМҮҮС ЗОВЖ, ЖАРГАХДАА ДУРТАЙ УЧРААС ХЭЗЭЭ Ч ЯЛАРХДАГГҮЙ 

-Жүжигчин хүний юу нь хамгийн сайхан байдаг вэ? 

-Жүжигчин хүмүүс зовж, жаргадаг. Жүжигчин хүний ажлыг маш амар, хялбар гэж ойлгодог хүмүүс их байна. Цаанаа ямар их ачаалал, хөдөлмөр, ямар их бодож, боловсруулалт хийж, бие физиологиороо дамжуулж, мэдрэл сэтгэхүйгээрээ наадаж, дүр бүтээдгийг хүмүүс тэр бүр мэддэггүй. Харахад их амархан бэлдсэн зүйлс үзүүлээд байдаг. Энд хүрэх хэмжээнд яаж ажилласныг хэзээ ч хүмүүс шүүж, тунгаадаггүй учраас уран бүтээлч хүмүүсийн ажлыг их амархнаар ойлгож, жаргаж мөнгө олдог, цэнгэж амьдардаг гэж ойлгодог. Гэтэл үүнийг маш хүнд, хар ажил гэж хэлдэг. Уран бүтээлчид ч гэсэн үүнийгээ ярьдаггүй учраас их амархан гэж ойлгогддог. 

Сард хэдэн удаа уйлж байна. Сард хэдэн удаа хашхичиж, бачуурч байна. Зүгээр байгаа оюун тархи, мэдрэлээрээ хэдэн удаа тоглож байна. Зүгээр байгаа зүрхийг хэдэн удаа савлуулж байна. Манай уран бүтээлчид хэлэхгүй боловч маш их амьдралын золиос гаргадаг. Харагдах талаасаа л амархан, жаргалтай харагддаг юм шиг. Гэхдээ ингэж зовж, жаргахдаа өөрсдөө дуртай. Үүнийгээ сонгосон учраас хэзээ ч ялархаж байгаагүй. Түүнийгээ хэзээ ч өвчин, зовлон гэж бодож байгаагүй.

МЭРГЭЖИЛ МИНЬ ЗАРИМДАА НАМАЙГ МУУ ХҮН БОЛГОДОГ

-Жүжигчин хүн их золиос гаргадаг гэж ярьж байна. Таны амьдралдаа гаргаж байсан хамгийн том золиос юу байсан бэ?

-Туулсан амьдрал, бүтээсэн уран бүтээлүүдээ бодоход өдий болтол би зүгээр яваад ирээгүй. Энэ хооронд хайртай олон хүнээ алдсан. Маш хүнд хэцүү нөхцөлд, гарцаагүй байх ёстой хүмүүсийнхээ хажууд байж чадахгүй, өөдгүй охин, өөдгүй бэр, өөдгүй найз гэдэг шиг л миний амьдрал амархан байгаагүй.

Манай мэргэжил хагас цэрэгжилтийн байдалтай ажилладаг. Хүмүүс урлагийн хүмүүсийг тэгж боддоггүй. Ганцхан би биш маш олон жүжигчин ээж, аавыгаа сэхээнд байхад тайзан дээр байж л байдаг. Үзэгчдийг хүндлэх ёстой. Хамтын хөдөлмөр байдаг учраас хамт олны хөдөлмөрийг хүндэтгэх ёстой. Тиймээс хувийн амьдралыг золиосолдог.  Би ч гэсэн аавыгаа сэхээнд ороод, хүн бүр ирээд, салах ёс хий гээд дуудуулахад би очоогүй. Би энд жүжигтэй байсан. Би энд уйлаад л, тайз руугаа гараад л... гэтэл би айлын том охин. Тэнд байх л ёстой. 

Миний ээж осолд ороод, бүх мөч нь хугараад, шороо тоос холилддог бүх юмтайгаа холилдсон, тэнд охин хүүхэд хэрэгтэй байгаа. Эмэгтэй хүн, би л хэрэгтэй байсан. “Охин нь яагаад ирэхгүй байгаа юм бол оо” гээд гэмтлийнхэн гайхаж байсан гэсэн.

Маргааш нээлттэй учраас өглөөнөөс орой болтол жүжгийн сургуулилт хийгээд, найруулагч явуулахгүй, бүх сургуулилтаа дуусгачхаад, орой орж ирэхэд ээжийнхээ харцнаас яг намайг л хүлээж байсан юм байна гэдгийг шууд ойлгож билээ. Ороод л, хувинд бүлээн алчуур хийгээд, бүх юмыг нь цэвэрлэхэд, ээж юу ч дугараагүй. Би “Яана аа, ээж надад маш их гомдож байгаа болов уу” гэж бодож байсан. Гомдоод л дуугарахгүй байгаа юм болов уу гээд  “Ээж ээ, та намайг ойлгож байгаа байх. Би өглөөнөөс...” гэхэд ээж  “Юу ч битгий ярь, би чамайг ойлгохгүй бол хэн ч чамайг ойлгохгүй” гээд. “Ээж ээ, би маргааш жүжгийн нээлттэй” гэхэд “Баярлалаа. Охин үртэй байх ямар сайхан юм бэ. Санаанд ортол хэн ч цэвэрлэж өгөөгүй. Чи л санаанд ортол ээжийгээ цэвэрлэлээ” гэж байсан. 

ЭРҮҮЛ, АМАР ТАЙВАН БАЙХ НЬ АМЬДРАЛЫН ХАМГИЙН САЙХАН ЗҮЙЛ 

-Таны хувьд амьдралын мөн чанар юу вэ? 

-Хүн сэтгэл санаа тайван амьдрах л амьдралд маш чухал юм байна. Бага залуу байхад гоё хувцас, гоё байшинтай болох тухай л боддог байлаа. Хүн тавин нас хүрсний дараа их өөрчлөгддөг юм байна. Тэр олон гоё хувцсыг аваад орохгүйгээс хойш. Тав, найман тасалгаатай байшин чухал биш. Яг надад хэрэгтэй, яг л болчихсон, надад үүнээс илүү зүйл хэрэггүй юм байна гэдгээ маш их ойлгож эхэлдэг юм байна. 

Ач холбогдол өгөх зүйл өөрчлөгдөж эхэлж байна. Эрүүл байх шиг жаргал алга. Эрүүл байж хүн сайхан уран бүтээлээ хийнэ. Эрүүл байж сайхан хүмүүстэйгээ хамт аялалд явах юм байна. Эрүүл байж маш гоё, юу ч бодохгүйгээр тачигнатал инээж, аз жаргалтай байх юм байна. Үнэхээр хэцүү өвчин тусчихвал мянга ганган брэндийн хувцас өмсөөд ч юу нь сайхан байх вэ дээ. Сэтгэл санаа тийм сайхан байх уу. Утгаа алдана биз дээ. Тиймээс хамгийн чухал, хамгийн сайхан зүйл бол эрүүл, нэг их зүйл хүсэхгүй, их зүйлд шунаж өөрийгөө зовоохгүй, сэтгэл санаа тааваараа, амгалан байх нь хамгийн сайхан амьдрал юм байна.

-Нас ахих тусам цаг хугацааны үнэ цэнийг ойлгодог гэдэг. Та цаг төлөвлөлтөө хэрхэн хийдэг вэ?

-Цагаа зөв ашигла гэж бид сонсоогүй биш сонсож л байсан. Ээж маань, багш маань хэлдэг л байлаа. Тоодоггүй л байсан байна. Одоо ч залуучууд тоохгүй байгаа байх. Энэ нь хүний жам юм шиг байгаа юм. Нас насны онцлог гэдэг шиг. Цаг бол ухардаггүй, зогсдоггүй гэдгийг яаж хүүхдүүдэд багаас нь сайн ойлгуулах ёстой юм бол оо. Тэр хөөрхөн аргыг л олох ёстой юм шиг. Тэгвэл л цагийн үнэ цэнийг мэдэх байх даа.

Би хүн богинохон насалж байна гэж боддог. Яагаад надад хүн богино насалж байна гэж бодогдож байгаа юм бол гээд бодоход, миний амьдрал надад таалагдаж байгаа юм байна. Би өөрийнхөө хүссэнээр амьдарч байгаа учраас надад амьдрал богино юм шиг санагдаж байна. Өшөө цаг хугацаа байвал, өөр олон гоё зүйлс хиймээр санагдаж байна. Уран бүтээлч хүн цаг, нас явах тусам ухаан, туршлага сууж, аливаа зүйлийг өөр өнцгөөс харах нүд гоё болдог юм байна. Ингээд бодохоор нас богинохон юм шиг санагдаж байгаа юм. Цаг хугацааны үнэ цэнийг хүн жам жамаараа л, цаг нь ирэхээр ойлгох байх. Мянга ухуулаад, нэмэр байхгүй.

-Залуус дүү нартаа хандаж хэлэх зүйл байна уу?

-Дэлхий нийтийг харахад, их өөр цаг үе ирж байх шиг байна. Зарим мэргэжлүүд хасагдаж, сонирхолтой, шинэ мэргэжлүүд гарч ирж байна. Ирж байгаа шинэ цаг үетэйгээ нийцсэн, мэдэрсэн залуу үе байгаасай, төрөөсэй, тэмүүлээсэй. Үүний тулд өөрийгөө яаж боловсруулах шаардлагатай байна, энэ бүхнийг сонирхож, өөрөө өөрийгөө үргэлж хөгжүүлээрэй гэж хэлмээр байна.

-Ярилцсанд баярлалаа. Танд уран бүтээлийн арвин амжилт, эрүүл энхийг хүсье. 

Нэвтрүүлгийг дээрээс үзнэ үү. 

 

2 сэтгэгдэл


comment image

DR. PRADHAN - 2023-01-16

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

129.205.113.147


comment image

DR. PRADHAN - 2023-01-16

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

129.205.113.147