МӨРИЙНД БУЛААЛГАСАН “АЗГҮЙ” АМЬДРАЛЫН ТҮҮХҮҮДЭЭС...
urug.mnСэтгүүлч: Б.ОДГЭРЭЛ
НИЙГЭМ 1 долоо хоног, 5 өдөр өмнө

urug.mn

urug.mn image

Залуус эд хөрөнгө, найз нөхөд, гэр бүлээ мөрийнд тавьж амьдралаа золиосолсоор байна. Бид энэ удаа Монгол Улсын хуулиар зохицуулагдах мөрийтэй тоглоомын талаар ярих гээгүй. 1xBet гэх цахим мөрийнд донтож, амьдралаа алдсан хэд хэдэн жишээг уншигч та бүхэн сэрэмжлүүлэг болгон хүргэх гэж байна.

ХООЛНЫ ХҮНС АВАХ МӨНГӨӨ ХҮРТЭЛ МӨРИЙНД ҮРЧИХСЭН БАЙСАН

Тохиолдол нэг.

Иргэн Э одоо 24 настай. Гурван настай хүүтэйгээ үлдсэн ганц бие ээж. Түүний ханилсан нөхөр Bet-нд донтсоноос үүдэж тэдний гэр бүл салан, бяцхан хүү нь ээж, аавтайгаа элэг бүтэн амьдрахын жаргалаа “мөрийнд” булаалгажээ. Нөхрийнхөө худал хуурмаг, өр зээлд дарагдан байж бооцоо тавьдаг энэ байдлаас залхан, салах шийдвэр гаргасан Э сэрэмжлүүлэг болгох үүднээс дараах зүйлийг ярилаа.

“Бид хоёр таван жил үерхсэн. Гурав дахь жилээсээ хамт амьдарч эхэлсэн юм. Тэр үед найз залуу маань огт ажил хийдэггүй ч мөнгө ихтэй байдаг байсан. Эхэндээ би Bet тавьдаг талаар нь мэддэг байгаагүй. Сүүлдээ мэдэж эхэлсэн ч, мөнгө алдахаасаа олдох нь их байсан учраас тэгтлээ эсэргүүцээгүй. Эндээс бүх зүйл эхэлсэн. Үнэндээ би бараг өөрөө дэмжигч нь болчихсон байсан. Байгаа мөнгөө алдаж, данс нь улайрах болгонд өөрийнхөө ээж, ааваас мөнгө асууж авч өгдөг байсан юм. Амьдралаа өөрийнхөө гараар сүйдэлж байгааг тэр үед ойлгоогүй гэх юм уу.

Энэ байдал үргэлжилсээр бид хоёр арван сая төгрөгийг 40 сая болгоно гэж төсөөлөөд, хоёр талын ээжээсээ тав таван сая төгрөг худлаа хэлж авсан. Манай найз залуугийн ээж Солонгост ажил хийдэг. Харин манай ээж зундаа жуулчин хийж хадгаламж үүсгэсэн болохоор нэг их татлаа түтлээгүй олдсон юм. Мөнгө авахдаа, “бид хоёрын Солонгос явах виз бүтчихлээ. Мөнгөө байршуулчихвал л болно” гээд худал хэлсэн. Хоёр талын ээжүүд эсэргүүцэх зүйлгүй бид хоёрт тусалж байна гэж бодоод мөнгө шилжүүлсэн. Ингээд л энэ мөнгийг алдчихсан. Хормын дотор л алдсан. Түрээсэлдэг байсан байрныхаа түрээсийг өгч чадахгүйд хүрч хөөгдсөн. Би тэр үед гэртээ харьж чадахгүй бараг гудамжинд гарсан даа. Хоолныхоо мөнгийг нөгөө л Bet-ээрээ зохицуулж, амь зууж явсан өдрүүд цөөнгүй. Амархан олдсон мөнгө угаасаа юу ч болохгүй юм. Хожсон мөнгөөрөө найз нөхдөө дааж, өдөр дараалан шоуддаг шахуу байсан.

Ингээд нэг хэсэг ухаан орсон. Найз залуу маань зөөгч хийхээр болж, “хөдөлмөрөөрөө мөнгө олж эхэлье” гээд л надад хэлсэн. Би тэр үед их сургуулиасаа гарчихсан байсан. Ингээд хамт ажиллая гэж бодоод худалдааны зөвлөх хийж эхэлсэн. Ажиллаад нэг сар ч болоогүй байхад манай найз залуу ажлаасаа гарсан.  Нөгөө л bet-ндээ орчихсон хэрэг. Элдэв шалтаг тоочоод гэртээ үлдэнэ. Сүүлдээ миний цалингаар Bet тавина одоо бодоход донтсон л юм билээ. Ажил амьдралаа алдан мөрийнд донтсон гэсэн үг. Энэ байдал үргэлжилсээр л байсан. Магадгүй тэр үед би ч донтсон байсан. Ингээд бид хоёр хүүхэдтэй болсон. Найз залуугаа гэртээ авчраад хамт амьдарч эхэлсэн. Найз залуу маань өглөө ажилтай гээд гардаг ч огт ажил хийгээгүй юм билээ. Bet-ээ тавьсаар байсан. Сүүлд манай ээж түүнийг хөөсөн. Ноднингийн цагаан сарын үеэр хүнсний материал аваад ир гэж ээжийн өгч явуулсан мөнгийг bet-лээд үрчихсэн байсан. Ингээд л бид салсан. Манай ар гэрийнхэн олон үйлдлийг нь уучилж, тэвчиж өнгөрүүлсэн. Би  ч адилхан. Хувь хүнийхээ араншинд ч юм уу донтсондоо ч юм уу тийм хүнтэй хамт амьдрах боломжгүй юм билээ.

МӨРИЙНӨӨС БОЛЖ ЭХНЭР ХҮҮХДЭДЭЭ ХАЯГДАН 150 САЯ ТӨГРӨГИЙН ӨРӨНД ОРСОН

Тохиолдол хоёр

Иргэн Х.С хоёр жил гаруй хугацаанд цахимаар мөрийтэй тоглоом тоглосон. Энэ хугацаанд тэр гэр оронгүй болж эхнэр хүүхдээсээ салжээ. Мөн дээрээс нь 150 сая гаруй төгрөгийн өрөнд орсон байна. Түүний хувьд 33 настай. Гэтэл мөрийтэй тоглоом тоглож, амьдралаа үрэн таран хийсэн түүнд дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу болжээ. Х.С-ын хувьд нутагтаа мах, түүхий эдийн наймаа, найман нэрийн дэлгүүр ажиллуулдаг байжээ.

Харин одоо...

Бид Х.С-тай холбогдож ярилцахад сэтгэл санаа нь маш хүнд байдалд байгаа гэдгээ илэрхийлж байв. Одоогоор Эрдэнэт хотод бусдаас зугтан очиж өрөө дарахаар ажиллаж байгаа юм байна.

Тэрбээр “Болж өгвөл үхээд өгмөөр байна. Эхлээд 20, 30 мянган төгрөгөөр тоглодог байсан бол 200, 300 мянган төгрөгөөр тоглодог болсон. Надад дандаа алдаж явсан үе байхгүй. Эхлээд олдог л байв. Нэг удаа бүр 30 сая төгрөг хожсон. Яах ийхийн зуургүй ороод ирсэн их мөнгийг ёстой л нэг баруун солгойгүй цацдаг юм билээ. Хажууд сууж байсан найздаа хүртэл 500 мянгыг нь ёндооны хишиг гээд өгчхөж байх жишээтэй. Гэтэл нөгөө 30 саяынхаа үлдсэн 20 саяар нь тоглоод алдчихдаг байгаа.

Тэгээд л алдсанаа олох гээд улам улайраад тоглочихдог юм билээ. Нэг л мэдэхэд гэр орон байгаа бүх амьдралаа тавиад туучихсан. Мөн дээр нь 150 сая төгрөгийн өртэй үлдсэн. Ах дүү хамаатан саднаасаа хүртэл худал хэлж мөнгө аваад тоглочихсон. Ах нь худалдаа наймаа эрхэлдэг байсан учраас нутгийнхныхаа ноднин жилийн хаврын ноолуурыг аваад мөнгийг нь өгөөгүй байгаа. Өрөө төлж барагдуулах санаатай ажиллаж байна. Хамгийн гол нь эхнэр хүүхдээсээ салсандаа үнэхээр харамсаж байна” гэж ярив.

БОГИНО ХУГАЦААНД МӨНГӨӨ ӨСГӨДӨГ УЧРААС АЖИЛ ХИЙХ ДУРГҮЙ БОЛЖЭЭ

Тохиолдол гурав.  Хоёр жил гаруй хугацаанд мөрийтэй тоглож өрөнд орсон Х.С анх 20, 30 мянган төгрөгийн бооцоо тавьж эхэлсэн байна. Харин одоо залуус 200, 300 мянган төгрөгөөр мөрийтэй тоглох болж. Энэ нь богино хугацаанд өсчихдөг учраас зарим нь бүр ажил хийх дургүй болсон байна. Энэ талаар бид 24 настай Н.Б-тай ярилцахад “Би лав өчигдөр 200 мянган төгрөг хожсон. Харин өнөөдөр 100 мянга гаруйг нь алдлаа. Гэхдээ алддаг өдөр байхад давуулж олдог өдөр байдаг юм” хэмээв. Харин тогтсон ажил хөдөлмөр эрхэлдэг эсэх талаар асуухад “Ажил хийхийг нэг их хүсэхгүй байна. Уг нь саяхан нэг газар тогооч хийж байсан. Гэхдээ цалин буухгүй, зарим нөхцөлд хүндрэлтэй байсан учраас гарчихсан. Өдөр нь таксинд яваад оройгоор покер тоглочихдог болохоор ажил хийх хүсэл ч төрөхгүй байна” гэлээ.

МӨРИЙТЭЙ ТОГЛООМ ТОГЛОХДОО БИ ЮУ ГЭЖ ДОНТОХ ВЭ ДЭЭ ГЭЖ БОДСООР ЯВААД Л ДОНТЧИХДОГ

Бид үүнтэй холбогдуулан донтолт гэж чухам юу болох, хаанаас эхэлдэг талаар сэтгэл зүйч У.Чанцалдуламаас тодрууллаа.

-Мөрийтэй тоглоомд донтож улмаар өр ширэнд орсон хүмүүсийн сэтгэл зүйн асуудал их эмзэг байдаг бололтой. Тиймээс тэдний сэтгэл зүйд анхаарлаа хандуулах хэрэгтэй болсон байна. Тийм үү? 

-Донтолт гэдэг талаас яривал хүн ямар ч зүйлд донтож болно. Жишээ авахад тамхичин хүн тамхиа татахгүй болохоор уур нь хүрээд, байж ядаад, давчдаад л. Ганцхан ширхэг тамхи олоод татчихмаар байна. Хоол унд хамаагүй ухааны юм ярьдаг. Харин тамхиа сороод хэсэг хугацааны дараа сэтгэл санаа нь тайвшраад ирдэг. Энэ бол өөрөө өөрийнхөө хэрэглээг хянах боломжгүй, бодол санаагаараа өөрийгөө удирдах боломжгүйд хүрсэн гэсэн үг. Тэр хүний хүсэл зоригоос хамаарахгүй болоод ирж байгаа юм.

Мөрийтэй тоглоомын хувьд мөрийтэй тоглох, мөрийтэй тоглоомонд донтох хоёрын хооронд ялгаатай. Мөрий тавьж тэдэн төгрөг олчих юмсан гэдэг нь чухал биш, ерөөсөө л мөнгөө тавиад тоглох үедээ кайф авдаг, асар хүчтэй тоглох дур төрдөг. Энэ бол донтолт.

-Таны саяын хэлсэн зүйлээс харахад мөнгө олохыг чухалчилдаггүй. Харин тэр кайф авахын төлөө тоглодог байх нь?

-Биш. Би тэрбумыг олчихъё гэх, өр зээл тавих нь чухал биш, тоглох нь чухал. Донтох эмгэг гэдэг хүнийг улам өөр рүүгээ татдаг. Одоо болохгүй гэж хэзээ ч хэлдэггүй. Хүн тэр дунд нь орж явсаар нэг л мэдэхэд уураг тархинд нь амьдрал ахуйгаа өөд нь татъя, өсч дэвжихийн тулд мөрийтэй тоглоомоор гайгүй мөнгө олж л цаашаа явах юм байна гэдэг бодлын тойрогт орчихдог.

Мөрийтэй тоглоом бол маш богино хугацаанд хүний амьдралыг үгүй хийдэг. Тэрбум төгрөгийн өрөнд орно гэдэг тэр хүн насаараа төлөөд барахгүй. Тэр битгий хэл бид ч 500.000 төгрөгийн лизингээр авсан гар утсаа алдчихаад яадаг билээ. Хэд хоног бодоод л, нүдэнд харагдаад, тэгдэг ч байж, ингэдэг ч байж гэж харамсдаг. Мөрийтэй тоглоод хамаг байдгаа алдсан хүн үүнээс ч дор юм болно.

-Мөрийтэй тоглоомд залуус яагаад их донтох татагдах болов? 

-Мөрийтэй тоглоомоор баяждаг гэдэг агуулга л залуусыг уруу татдаг. Үнэн хэрэг дээрээ тийм биш. Хамгийн гол нь мөрийтэй тоглоомонд донтох гэдэг жаахан цаашаа явахад л асар том гарах гарцгүй зүйл рүү орох үүд нь нээгдэчихэж байгаа гэдгийг маш сайн ойлгох хэрэгтэй.

Мөрийтэй тоглоомоос бөөн бөөнөөр олоод баяждаг гэдэг агуулгын хэдэн хувь нь үнэн, хэд нь худлаа гэдгийг хэн ч мэдэхгүй. Хэн ч тогтоогоогүй. Залуусыг дуудаж оруулж байгаа хүмүүс “Болно, бүтнэ. Чи чадна” гээд л оруулж байгаа. Гэтэл цаана нь энэ бол зохион байгуулалттай, хэн нэгэн ашиг олдог л үйл явц. Тийм учраас ийм хүмүүсийн өгөөш, идэш болох вий гэдгээ маш сайн тунгааж бодохыг хичээ гэж хэлмээр байна.

Ер нь мөрийтэй тоглоомоор амьдрал ахуйгаа дээшлүүлээд явж байгаа тохиолдол байхгүй. Харин эсрэгээрээ асар их сэтгэлийн зовлон руу өөрийгөө хийчихэж байгаа юм. Өөрөөсөө гадна эцэг, эх, гэр бүлээ тэр чигээр нь ангал руу татчихдаг. Төлж барахааргүй өрөнд орно, хамаг эд хөрөнгөө зарна. Сүүлдээ амиа хорлоод нас барлаа гэхэд ард нь маш их сэтгэлийн дарамттай нөхцөлд хүмүүсийг үлдээж байгаа л асуудал.

-Ямар насны, ямар хүн илүү татагддаг вэ?

-Тэр хэн байх нь хамаагүй. Дээд боловсролтой байж болно, олон хэл мэддэг байх нь хамаагүй, нэг л яваад орчихвол жингүйддэг. Хүн чинь их сонин. Уг нь “Би юу гэж донтох вэ дээ. Алдвал больчихно” гэж боддог. Гэтэл нэг тавьж үзээд алдаад л, дахиад тавихаар олоод байгаа юм шиг. Энэ чинь тактикийн юм шүү. Мөрийтэй тоглоом гэдэг том бизнес. 100.000 өгөөд тоглотол 200.000 олоод, 300.000 олоод дахиад 500.000 олох маягаар итгэлийг нь төрүүлдэг. Ингэж олоод байгаа юм чинь гээд том хөдлөөд л хамаг юмаа алддаг. Мөрийтэй тоглоом гэдэг чинь шударга тоглоом биш. Ашгийн төлөө хүн зохиосон программ шүү дээ.

Нэмэлт мэдээлэл: ЦЕГ-аас Bet-ийг мөрийтэй тоглоом гэж үзэх боломжгүй. Тийм учраас хууль эрх зүйн хувьд хяналт тавих үндэслэл байхгүй. 1XBet-д платформд монголоос хэчнээн хаягаар нэвтэрч байгааг ЦХХХЯ-наас тодруулбал оновчтой. Цагдаагийн байгууллагаас үүнийг хянадаггүй талаар мэдээлсэн юм. Тэгвэл ЦХХХЯ-ны мэргэжилтэн ч мөн хянах боломжгүй гэсэн тайлбар өглөө. Ямартай ч хяналт тавих боломжгүй, толгойгүй, оройгүй энэхүү цахим мөрийнд олон айл үймж, хүүхэд өнчирч, залуус боломжоо алдсаар байна.

 

 

 

1 сэтгэгдэл


comment image

ananymous - 2023-01-26

ter ideruugan ylalt ntr gesen garuud ene sport beted huuhed zaluusiig urialna bur oorsdoo scorebet geed site neetsen huuhed zaluusiig horloj bn. ter nuhduudiig site.n ajilluulj baigaach gesen ydaj huuhed zaluusiig bitgii urialaachee geed urugiinhen neg ajil yvuulaad ogoorei. mahs ih uraildag humuus shuu betiig

103.212.118.127