ИРГЭД: ХҮҮХДЭЭ САЛХИНД ГАРГАХАД ЗАМЫН ТҮГЖРЭЛД ЗУРГААН ЦАГ ЗАРЦУУЛЖ БАЙНА
urug.mnСэтгүүлч: Б.БУЯНДАЛАЙ
НИЙГЭМ 1 долоо хоног, 5 өдөр өмнө

urug.mn

Нийслэлчүүд бидэнд хамгийн тулгамдаж буй асуудлын нэг нь хотын ойр орчинд цэвэр агаарт гарах тав тухтай газар. Хүүхдүүдээ салхилуулъя, гэр бүлээрээ цэвэр агаарт гаръя гэхээр улаанбаатарын ойр орчинд тухтай, цэвэр агаартай газар бараг байдаггүй. Ганц байгаа нь Богд уулын энгэр дэх Дугуй цагаан.

Иргэд арай ойроор нь тэнд хүүхдүүдээ агаар салхинд гаргая гэхээр амралтын өдрүүдэд хүн ихтэй, замын түгжрэл ихтэй байдаг. Ийшээ очиж агаарт гаръя гэхэд л замын түгжрээнд ирж, очихын зургаан цаг зарцуулдаг гэнэ. Үүний сацуу түгжрэн, түгжрэн ирээд агаарт гарахад хүүхдүүд нь хүйтэнд хэдхэн минут болоод даарчихдаг. Дугуй цагаанд дулаацах газаргүй тул гэр рүүгээ буцахаас өөр аргагүйд хүрдгээ учирлаж байлаа. Энэ асуудлаар иргэд ингэж ярьж байна.

ИРГЭН: ХОТООС ГАРААД Ч УТААГҮЙ ГАЗАРГҮЙ БОЛЧИХЛОО

Хүүхдүүд чөлөөт цагаа өнгөрүүлэх орчин үнэхээр дутагдалтай байна. Дугуй цагаанд ингээд сайхан байна гэж бодоход хүний урманд суух сандал ч алга. Энэ мэтчлэн хүний наад захын шаардлагатай зүйлс дутагдалтай байна. 

Түрүү жил энэ хавиар утаа гайгүй байсан. Одоо Зайсангийн ийшээ утаа өгсөөд ирлээ. Жилээс жилд улам нэмэгдээд, улам шахагдаад байна. Сүүлдээ хотоос гараад ч утаагүй газаргүй болох нь. Шахагдсаар байгаад сүүлдээ чухам хаачих юм байгаа юм. Энэнээс илүү ихэсвэл бүр хэцүүднэ.

Өмнөх жилүүдэд Яармаг руу ч юм уу гараад салхилчихдаг байсан. Одоо тийшээ гарахад ч ялгаагүй утаатай байна. Тэгэхээр ерөөсөө очих газаргүй болчихлоо. Нэг бол хол явах, эсвэл өндөрлөг газар руу л гарах сонголт байна. Өөр сонголт алга.

Ханиад их байна. Хүүхдүүд гэлтгүй би хүртэл ханиад тусаад, бараг сар болж байж эдгэлээ. Тэгэхээр хүүхдэд бүр хэцүү байгаа нь ойлгомжтой. Томчуудад ийм хүнд тусаж байгаа юм чинь. Ямар ч байсан ханиад тусаад эдгээд, ханиаднаас ханиадны хооронд амьдарч байна. Одоо хичээл эхлэхээр яах юм байгаа юм. Ханиадны дэгдэлт, замын түгжрэл бүр их нэмэгдэнэ. Яадаг юм байгаа юм, бүү мэд.

ИРГЭН: ХҮҮХДЭЭ САЛХИНД ГАРГАХАД ЗАМЫН ТҮГЖРЭЛД ЗУРГААН ЦАГ ЗАРЦУУЛДАГ

Манай гэр V сургуулийн хажууд байдаг. Манайх хоёр хүүхэдтэй. Бид ойрхон гээд Хандгайт руу салхинд гардаг байсан. Тэгсэн чинь сүүлийн үед Хандгайт руу хүртэл утаатай болчихлоо. Одоо ганц байгаа газар нь Богд уулын Дугуй цагаан руу гарах энэ юм.

V сургуулиас наашаагаа амралтын өдрүүдэд зам түгжрэлтэй. Наашаагаа зөвхөн ирэхэд гурван цаг явна. Гурван цаг шүү.  Дугуй цагаан уг нь зогсоолтой.  Гэвч зогсоол нь дүүрчихнэ. Энд, тэнд зогсоол хайж явсаар машинаа арайхийж тавина. Зогсоолоос наашаагаа ирэх гэсээр байтал хүүхдүүд минь даарчихдаг. Энд таван минут болоод л буцах шаардлага гарна.  Дулаахан газар ороод суучихъя гэхээр өнөөх хүн битүү. Иймэрхүү л байгаад байгаа юм. Тэгээд мэдээж харина шүү дээ. Харихдаа дахиад гурван цаг түгжирнэ. Ийм л байна.

ИРГЭН: ИЙШЭЭ АВТОБУС ЯВДАГГҮЙ, АЛХАЖ ИРЛЭЭ

Бид сая ийшээ хүрч ирээд, агаар амьсгалаад, хичээлдээ зориулж боргоцой түүсэн. Ирэхэд аягүй хүндрэлтэй байсан. Автобус байгаагүй, бид аймар удаан алхсан. Миний бодлоор жаахан хүүхдүүдэд зориулаад автобусны буудал нэмбэл илүү зүгээр юм болов уу гэж бодож байна. Гадаа гарахаар аягүй их утаа үнэртдэг. Үүнээс болоод хувцсанд хүртэл утаа шингэчихдэг. Утаагаар амьсгалахаар утааны бараг үнэртэй болоод амьсгалмааргүй санагддаг. Ууланд гарч ирээд амьсгалахаар гоё байна.

ИРГЭН: БОГД УУЛЫН АМ БҮХЭН ТӨЛБӨРТЭЙ БОЛЧИХЛОО

Иймэрхүү газар олон байвал уг нь зүгээр л байна. Би ажил ихтэй болохоор завсар зайгаар нь хүүхдээ салхинд гаргадаг. 

Бүх уул ам нь төлбөртэй болчихсон. Сая гэхэд л 5000 төгрөг заавал төлж байж орж ирлээ. Зүгээр яваад хүүхдүүдээ салхилуулах боломж алга.

ИРГЭН: УТААНААС БОЛЖ МОНГОЛЫН БҮХ ХҮҮХЭД ХАРШИЛТАЙ БОЛЖ БАЙНА

Ийшээ хагас, бүтэн сайн өдөр хүн ихтэй. Түгжрэл бас ихтэй болчихдог. Цонх онгойлгонгуут хүхрийн сонин үнэр үнэртдэг. Цонхоор харахаар тэнгэр манантай ч юм шиг саарал өнгөтэй байдаг. Үүнээс болж Монголын бүх хүүхэд харшилтай болж байна. Гэр хороолол руу дахин төлөвлөлтийн барилга ерөөсөө барихгүй байгаа нь буруу. Зөвхөн шамбааралдсан хэсэгтээ л дахиад барилга нэмж бариад байгаа нь утаа, агаарын бохирдолд их нөлөөлдөг.

0 сэтгэгдэл


Одоогоор сэтгэгдэл алга байна