“БАНК ЗӨВХӨН МӨНГӨ ХАДГАЛДАГ, ЗЭЭЛДЭГ ГЭХ ОЙЛГОЛТЫГ ХАЛЖ, БИЗНЕС ЭРХЛЭГЧДЭД ЗӨВЛӨН, САНХҮҮГЭЭР НЬ ДЭМЖИЖ БАЙНА”
urug.mnСэтгүүлч: Админ
НИЙГЭМ 11 сар, 4 долоо хоног өмнө

urug.mn

Аливаа бизнесийн байгууллагууд үйл ажиллагаа нийгмийн хариуцлагын бодлого, байгууллагын соёлоороо дамжуулан нийгэмд зөв жишиг тогтоож байдаг. Энэ агуулгын хүрээнд ярилцахаар Бизнес өрөг нэвтрүүлэгт Хаан банкны Иргэдийн банк хариуцсан дэд захирал Д.Ариунбатыг урилаа.

-Бидний ярилцах урилгыг хүлээн авсанд баярлалаа. Ярилцлагаа шууд тоон үзүүлэлтээс эхэлье гэж бодож байна. Яагаад гэхээр арилжааны банкнуудыг хувьцаагаа нээлттэй, IPO хийх хууль батлагдсанаас хойш олон нийтэд тоон үзүүлэлт л чухал болоод байна. Хаан банкны өнгөрсөн жилийн гол амжилт нь анх удаа 15 их наяд давсан активтай, амжилттай ажиллаж буй явдал. Тэгэхээр өнгөрсөн жилийн онцлох тоон үзүүлэлтээ хуваалцаач?

-Хаан банк бол салбар дундаа тэргүүлэх байр суурьтай ажилладаг. Өнгөрсөн жил ч гэсэн санхүүгийнхээ тоон үзүүлэлтээр тэргүүлж ажиллалаа. Анх удаа 15 их наяд давсан активтай хөрөнгөтэйгөөр компанийнхаа үзүүлэлтүүдийг гаргасан. Мэдээж зээлийн багц найман их наяд хүрсэн. Бид зээл олголтыг маш сайн дэмжиж ажилласан гэсэн үг. Тэгэхээр жижиг дунд бизнес эрхлэгчдэд зээлийн үйлчилгээг маш сайн хүргэж ажилласан байна. Зөвхөн санхүүгийн үзүүлэлтээрээ амжилттай ажиллахаас гадна олон ажлуудыг сайн хийсэн. 2015 оноос бүх банкны салбар цахимжилт хийж эхэлсэн.  Гэхдээ төлбөр тооцооны хэсэг л цахимжаад байсан юм. Хаан банкны хувьд өнгөрсөн жилээс түлхүү зээлийн үйлчилгээг хэрэглэгчдэд амар хялбар байлгахаар чиглэж, цахимжуулах ажлаа хийж эхэлсэн. Энэ ажлууд маань амжилттай хэрэгжиж, харилцагчид маань ам сайтай байгаа.

ХЭРЭГЛЭЭНИЙ ЗЭЭЛИЙГ ГАР УТСААРАА ХОЁР МИНУТАД АВАХ БОЛОМЖ БҮРДҮҮЛСНЭЭРЭЭ САЛБАРТАА АНХДАГЧ

-Зээлээ цахимаар авна гэсэн үг үү?

Зээлээ хаан банкны аппликейшнээр  авч болно гэсэн үг. Хоёр минутын дотор л зээлийн хэрэгцээгээ хангах боломжтой. Зээлийн апп-уудтай л адилхан. Мэдээж банк хадгаламжийг харилцагч нараасаа татна. Төлбөр тооцооны байдлыг найдвартай аюулгүй хангах үүрэгтэй. Дээрээс нь санхүүгийн хэрэгцээг нь хангах үүднээс зээл олгоно. Зээл олгох үйл явцыг маш амар хялбар болгож чадсан нь маш том амжилт. Эхний ээлжид бид хэрэглээний зээл гэж яриад байдаг. Цалингийн, автомашины лизинг, тэтгэврийн зээлүүд зэргийг амар хялбараар авах боломж бүрдүүлсэн гэсэн үг. Энэ үйлчилгээг бусад банкнууд хийж чадаагүй. Одоогоор манайх тэргүүлэгч нь байгаа.

-Арилжааны банкууд хуулийн шахалтын дагуу хувьцаагаа нээлттэй арилжаалах болсон. Хувьцаагаа нээлттэй болгосон эхний банкуудын хувьцааны ханш унаж байгаа үзүүлэлт ажиглагдсан. Хөрөнгийн зах зээлийн боломжийг хэрхэн харж байна вэ?

-Манай банк нийт өрхийн 78 хувьд үйлчилгээ үзүүлдэг. Хүн амынхаа 82 хувьд нь үйлчилгээ үзүүлдэг. Бидний харилцагч олон байгаа. Хаан банк хувьцаат нээлттэй компани болно гэдэг нь өнөөдрийн харилцагч байсан хүн өмчлөгч болох боломж бүрдэж байна гэсэн үг. Хөгжсөн орнуудын иргэд хөрөнгийн зах зээлийнхээ тоглогч нь болсон байдаг шүү дээ. Бүгд хувьцаа худалдаж авдаг. Ийм байдлаар явдаг юм билээ. Тэдэнд нэг ойлголт байдаг. Чи өнөөдөр ямар бүтээгдэхүүн хэрэглэдэг, тэр компанийнхаа хувьцааг ав гэдэг. Чи хэрэглээд мөнгө чинь гарч л байгаа бол нөгөө талд тэр нь орлого болоод, хувьцааны өгөөжөө нөгөө талын халаасандаа хийнэ. Нэг халааснаасаа гаргаад нөгөө халаас руугаа оруулж байна гэсэн үг л дээ.  Яг үүнтэй адил манай харилцагчид банкныхаа хувьцааг авч болно гэж хараад байгаа юм.

БАНКНЫ ХАМГИЙН ТОМ ДАВУУ ТАЛ НЬ НАЙДВАРТАЙ, ТОГТВОРТОЙ

-Арилжааны банкнуудыг байгууллага суурьтай, иргэд суурьтай гэж ангилаад байх шиг байна. Хувьцаа сонирхоход энэ нь банкны үзүүлэлтэд яаж нөлөөлдөг вэ?

-Хаан банкийг маш тогтвортой гэж харж болно. Энэ бол маш том давуу тал. Гол нь олон харилцагч байх тусам бид хариуцлагыг үүрч явдаг. Банкны удирдлагууд бүгд хэрэглэгчтэй харилцаж гараагаа эхэлсэн. Харилцагч төвтэй байж, бүх давхаргын харилцагчдад ямар үйлчилгээ хамгийн ойр байх ёстой юм гэдгийг өөрсдөө маш сайн анзаарч явах, үйлчилгээг нь саадгүй хүргэх гэх мэт маш том хариуцлагатай явдаг. Энэ утгаараа банкны засаглал ил тод байдал нэлээн сайн байгаа гэж хардаг

-Хаан банкны ихэнх харилцагчид жижиг дунд бизнес эрхлэгчид байдаг гэсэн судалгаа байдаг. Жижиг дунд бизнес эрхлэгчдэд зориулсан ямар онцлог бүтээгдэхүүн байна. Тэднийг хэрхэн дэмжиж, амжилтад нь хамт байж чадаж байна вэ?

-Банкны нийт зээлийн багцыг харахаар 47-48 хувь нь хэрэглээний зээл суурьтай байгаа юм. Бид жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжих бодлого гаргаж ажиллаж байгаа. Бизнесийн зээлийн багцаа илүү болгоод жижиг дунд бизнес эрхлэгчдээ дэмжих юм бол тэд цаашлаад ажлын байр бий болгоно. Дээрээс нь нийгэмд эдийн засгийн тогтвортой байдлыг бий болгоно гэдэг үүднээс энэ талдаа илүү чиглэж ажиллаж байгаа юм. Банк анхаарч байгаа эхний зүйл нь тэр хүмүүсийг санхүү эдийн засгийн хувьд нь чадваржуулах ажил. Эдийн засаг өсөхийн хирээр бизнесүүд томорч байна. Жижиг дунд бизнес эрхлэгчдийн хувьд арай нэг ахисан түвшинд гараад ирэхээр өөрсдийнх нь мэдлэг мэдээлэл их байх хэрэгцээ гарч, дараагийн шатанд гарах зөвлөгөө хайж, эхэлж байгаа. Энэ асуудал бүх бизнес эрхэлж байгаа хүмүүст тулгардаг. Үүн дээр нь банк зөв бодлого барьж, тэднийг зөв чиглүүлэх ажлыг хийх хэрэгтэй юм байна гээд “Бизнес инкубатор төв” гэх, жижиг дунд бизнесийг дэмжих төв байгуулаад ажиллаж байгаа. Ингээд тухайлсан харилцагчтайгаа хамтран зөвлөлдөж, чиглүүлээд ажилладаг. Жижиг дунд бизнес эрхлэгчид өөрсдөө бүх бизнесээ, санхүүгээ удирдана. Магадгүй тэнд нэг бизнесийн үйл ажиллагаан дээр нь хаалга, цонх нь эвдэрсэн бол  өөрсдөө засварчин болоод явчихдаг. Тэгэхгүйгээр арай өөр түвшинд гар аа гэдэг санааг хүргэхийг зорьж байна.

БАНК ЗӨВХӨН МӨНГӨ ХАДГАЛДАГ, ЗЭЭЛДЭГ ГЭХ ОЙЛГОЛТЫГ ХАЛЖ, БИЗНЕС ЭРХЛЭГЧДЭД ЗӨВЛӨГӨӨ ӨГӨН САНХҮҮГЭЭР НЬ ДЭМЖИЖ БАЙНА

Маш сайхан амжилттай явж байгаа жишээнүүд байгаа. Газар тариалан эрхэлдэг компани байгаа юм. Өөрийн тарьдаг газартай. Тогтмол ургац авч, борлуулалт хийдэг. Тэд манай хөтөлбөрт хамрагдаад хөгжөөд, арай өөрөөр ажиллах ёстой юм байна гэдэг зүйлээ ойлгосон. Бид зөвлөгөө мэдээллээс гадна санхүүгийн боломжийг нь гаргаж өгсөн. Тэдний компанийн хувьд яг л тарьж байсан талбай дээрээ үр тариагаа гурав дахин илүү хурааж чадсан. 300 сая төгрөгийн борлуулалт хийдэг байсан бол 900 сая төгрөгийн борлуулалт хийдэг болсон. Хуучин ойлголтоор банк гэхээр мөнгө хадгална, эсвэл зээл очиж авдаг газар. Энэ байдлаас банк дараагийн шат руу орсон байна.  Ажилтнуудаа ч гэсэн хэрэглэгчдэд зөвлөгөө өгөхөд бэлдээд эхэлсэн.

-Тэр зөвлөгөөг зээл авахаар материалаа бүрдүүлсэн хүмүүст өгдөг юм уу?

-Бизнес эрхлэгчдийг чадавхжуулах гээд маш олон хөтөлбөр байдаг. Харилцагчид өөрсдөө хамрагдаж мэдээллээ авчхаад цаашид хамтармаар байгаагаа хэлдэг гэсэн үг. Хаан банк бүх компанид зөвлөх боломжгүй. Тиймээс зөвлөдөг компаниудтай холбож өгдөг. Хөнгөлөлттэй нөхцөлөөр шүү дээ. Цөөхөн компаниудад өөрсдөө зөвлөөд хамтдаа явдаг. “Хамтын өсөлт төгөлдөр” гэж уриа үг маань өөрчлөгдөхийн хажуугаар үйл ажиллагаа маань өөрчлөгдөж байна.

-Хаан банк хамгийн олон нэгжтэй хамгийн олон ажилтантай. Байгууллагын соёлын талаар ярихгүй юу?

Жижиг компанийг тухайн захирал нь л удирдаад явна. Жаахан томроод ирэхээр удирдлагын баг удирдана. Бүр үндэсний хэмжээнийх болоод ирэх юм бол тухайн байгууллагын соёл удирдана. Манайх өдий зэрэгтэй тэргүүлэгч банк болоход соёл маш чухал нөлөөтэй байсан гэж боддог. Хамгийн гол нь ажилтнуудаа сургаж хүмүүжүүлэхэд нь анхаарсан газар. Ажилтнууд ч гэсэн зүрх сэтгэлээсээ ажиллаж чаддаг суурьтай.

-Орон нутагт ажиллаж байгаа залуучууд Хаан банканд ажиллах нь карьерын хувьд өсөлттэй байдаг байх. Та бол дилерээс эхэлсэн шүү дээ. Энэ өсөх боломж бүх хүмүүст нээлттэй байж чаддаг уу?

Бүх л ажилтнуудад тэгш боломж олгохыг зорьдог. Боломж нь ч байгаа. Цахим үйлчилгээний хүрээнд банкны бүтэц зохион байгуулалт ч өөрчлөгдөж байгаа. Ажилтнуудын хувьд ч гэсэн маш их боломжууд нээгдэж байна. Өөрийн чинь хэлдгээр баруун аймгийн нэг суманд ажиллаж байгаа ажилтан зөвхөн тэндээ ажиллана гэдэг ойлголт байхаа больж байна. Одоо ерөөсөө орон зайгаас үл хамаараад ажилтан ямар ч ажил хийж өгөх бололцоо бүрдэж байна.

ХААН БАНКНЫ АЖИЛТНУУД ОРОН НУТГААС ТӨВ САЛБАРТ АЖИЛЛАЖ, ОНЛАЙНААР СУРАЛЦАН, КАРЬЕРАА ӨСГӨХ БОЛОМЖТОЙ

-Суманд ажиллаж байгаа хүн онлайнаар төвийнхөө ажилд оролцох боломжтой гэсэн үг үү?

Онлайнаар төв оффисынхоо ажлыг хийх боломжтой гэж ойлгож болно. Энэ утгаараа бүх карьерын хувьд ажилтнуудад боломж үүснэ. Хүн өөрөө хичээгээд, өөрийгөө хөгжүүлж чадаад дараагийн албан дээр ажил хийе гэх юм бол заавал Хэнтий аймагт байгаа хүн Улаанбаатарт ажилд орох гэж тэндээс ирээд амьдрах шаардлагагүй болно. Тэгэхээр Хэнтий аймгаасаа л ажиллана гэсэн үг. Эсвэл Говь-Алтай аймгаас төв банкны ажлыг хийх боломжтой. Энэ боломжуудыг Хаан банк дотроо бүрдүүлж байгаа. Үүний хүрээнд өнгөрсөн жилээс эхлээд маш олон төслүүд хэрэгжүүлж байна.

Бидний өөрсдийн нэршлээр Hybrid, shared office, smart office гэж бий. Энэ олон нэршилтэй төслүүдийн хойно бид ажилтнуудаа яаж зөв байршуулах вэ, дараагийн боломжийг нь яаж бий болгох вэ гэдгийг нь хараад байгаа юм. Одоо манай банкны гурван ажилтан байна. Нэг нь гэр бүлийн шалтгааны улмаас орон нутгаас ажиллаж байгаа. Гадаадаас ажиллаж байгаа ч хүн бий.  Нөхөр нь гадагшаа явж сурах болоод, өөрөө ажлаасаа гармааргүй байсан юм. Ингээд тэндээсээ банкныхаа ажлыг хийдгээрээ хийж байгаа. Тэгэхээр орон зай огт хамаарахгүйгээр гадаадаас ажиллаж болохоор болж байгаа юм. Манай банканд KB академи гэж саяхан бий болсон. Онлайн платформтой болоод тэндээ IT, технологийн чиглэлийн олон төрлийн хичээлүүдийг оруулаад байгаа юм. Тэндээс ажилтнууд өөрсдийнхөө дараагийн карьерт хэрэгтэй зүйлсийг сурахад нээлттэй. Орон зай үл хамааран ажиллах боломжийг нээх учраас хүмүүст хэрэгтэй, тэр талынх нь ур чадвар юу байх ёстой тэр хичээлүүдээ үзээд, шалгалтаа өгөөд тэнцэх юм албан тушаал ахих гээд олон шинэ боломжууд үүсэж байгаа. Банкийг зөвхөн санхүүгийн үйлчилгээ үзүүлдэг газар гэж харах биш болчхоод байна. Маш том технологийн компани гэж харсан ч болно.

-Хаан банк нийгмийн хариуцлагын хүрээнд хийж буй ажлаа яаж сонгож хэрэгжүүлдэг вэ? Олон хүмүүст хүрсэн нь хавдрын эсрэг аян байх. Тийм үү?

-Нийгэмд эерэг нөлөө авчрах төслүүдийг л сонгодог. Урт хугацаанд, тогтвортой үргэлжлэх нь чухал асуудал. Харилцагч нарын хамгийн сайн мэдэх нь хавдрын эсрэг аян. Үүгээр зогсохгүй маш олон төсөл хөтөлбөр санхүүжүүлсэн. Бид 2007 онд Хаан банк сан гэж байгуулсан юм. Түүнээс хойш 500 гаруй төсөл хөтөлбөрт 9.5 тэрбум төгрөг зарцуулсан байгаа. Энэ бол бизнесээс тусдаа ойлголт.

-Та 20 жил банктайгаа ажилласан байна. Яагаад энэ хугацаанд шилжилт хөдөлгөөн хийгээгүй вэ? Давуу тал бас олон байсан байх.

-Банк өөрөө том байгууллага учраас ажилласан жил болгон өөр, дараа дараагийн  албан тушаалууд надад сорилт болоод байсан. 20 жил болсныг мэдэхгүй л цаг хугацаа өнгөрсөн гэсэн үг. Хөгжих боломж байсан учраас л энэ урт хугацаанд ажилласан байна. Нэг албан тушаалд дээд тал нь гурван ажилласан байдаг. Сэтгэл зүрхээ гаргаж ажиллахаар дараа дараагийн үүд хаалга нээгдсээр л байдаг.

 

 

0 сэтгэгдэл


Одоогоор сэтгэгдэл алга байна