Я.БАТХҮҮ: ХҮҮХДЭЭ БҮДЭРЧ УНАХАД БИТГИЙ СААД БОЛООРОЙ
urug.mnСэтгүүлч: Б.ОДГЭРЭЛ
НИЙГЭМ 10 сар өмнө

urug.mn

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан бид эцэг эхчүүд хүүхдүүдтэйгээ, ялангуяа өсвөр насны хүүхэдтэйгээ хэрхэн ойлголцоx ёстой талаар сэтгэл зүйч Я.Батхүүтэй ярилцлаа. Өсвөр насныхны тухайд эцэг эхчүүд нь тэдэнтэй огт ярилцдаггүй байж асуудал гарсны дараа гэнэт ярилцъя гэж тулгах нь тэднийг байцаалтад оруулж байгаа юм шиг эвгүй мэдрэмж төрүүлдэг талаар хэлж байна.  Тэгвэл энэ асуудал дээр сэтгэл зүйч  хэлэхдээ, эцэг эхчүүд хүүхэдтэйгээ өдөрт дунджаар 15 минут ярилцвал чанартай ярилцлага болж чадна. Ингэж ярилцахдаа өнөөдөр хэрхэн өнгөрөв гэх мэт ерөнхий асуулт асуух биш “Өнөөдөр чамайг баярлуулах ямар үйл явдал тохиолдсон. Гуниглуулж, уурлуулах ямар үйл явдал болов” гэх зэргээр нарийн асуух нь хүүхэд эцэг эхчүүд хоорондоо ойлголцох боломжийг бий болгодог байна. Ингээд сэтгэл зүйчийн өгсөн зөвлөгөө мэдээллийг уншигч танд хүргэе.

“Ерөөсөө л эцэг эхчүүдийн хийж чадах ганц зүйл бол үлгэрлэх. Өсвөр насны хүүхдийн амиа хорлолтоор Монгол Улс Зүүн Азидаа нэгдүгээр байранд орсон байна. Энэ маш ноцтой зүйл. Үүнээс юу харагдаж байна гэхээр, бид хүүхдүүдтэйгээ харилцаж чадахгүй байна гэсэн үг. Тэднийг ойлгож, ойлголцож чадахгүй байгаа хэрэг. Тэдний хэлийг ойлгохгүй байна шүү дээ. 
Манай монголчууд хүүхэд төвтэй. Хүүхэд гарангуут бүгдээрээ хүүхдийн төлөө гэдэг. Энэ нь нийгэмд сайн юм шиг харагдаж байгаа ч сэтгэл судлалын шинжлэх ухаанд буруу гэж үздэг. Хүүхдийг эцэг эх нь хайрлах зөв биш гэж үздэг гэсэн үг. Яагаад гэвэл эцэг, эх нь биенээ л хайрлах ёстой. Үүнийг хайрын гурвалжин гэдэг. Гурвалжны оройд аав нь байна. Хажууд нь хань нь байна. Нөгөө өнцөгт нь хайрын орон зай нэгдмэл байдал байдаг. Хүүхэд биш. Энэ гурвалжныг зөв тавих юм бол тэр гэр бүл санхүүгийн эрх чөлөөнд хүрдэг. Мөн тухайн гэр бүлд амар амгалан ноёлдог. Хүүхэд аюулгүй орчинд өсдөг. Хүүхэд мөн хүн хүнээ хайрлахыг харж сурдаг. Хайрыг авч ч чаддаг, өгч ч чаддаг хүмүүжилтэй болно. 
Шинэ үеийн хүүхдүүд гараад ирлээ. Үнэндээ бидний мэддэг зүйл хуучирч байна. Энэ хүүхдүүдийн бүгдийнх нь бүтэц, тархины хөгжил нь асар өөр байгаа. Тэднийг удирдаж харьцах боломжгүй. Хүлээн зөвшөөрөх, чиглүүлэх сонголт л аав ээжүүдэд үлдсэн. Тиймээс эцэг эхчүүд хүүхэд өсөж байхад ганцхан хүмүүжлийн загвараа бариад байж болохгүй. Хүүхдээ өсөж байгаа гэдгээ үргэлж тархиндаа байлгаж байх хэрэгтэй. 
Дараа нь эцэг эхчүүд хүүхдээ алдах ёстой гэдгийг мэдэх ёстой юм. Алдаж байж л амьдралаас мэдлэг туршлага чадвар хуримтлууллдаг шүү дээ. Тиймээс алдах эрхийг нь өгөх хэрэгтэй. Ухаантай эцэг эхчүүд хүүхдээ унагаахыг хүсэхгүй ч бүдрэхэд нь битгий саад болдоггүй. Амьдралд нь тохиодох зүйлсийг нь урдаас нь хааж явах юм бол хүүхэд өөртөө итгэлгүй, амьдрах чадваргүй л хүмүүс болно.

0 сэтгэгдэл


Одоогоор сэтгэгдэл алга байна