Б.ЧОЙМАА: НӨХРИЙНХӨӨ ЭРХ ГҮНЖ, ХҮҮХДИЙНХЭЭ ЖАРГАЛТАЙ ЭЭЖ БАЙХЫГ Л ЭРХЭМЛЭДЭГ
urug.mnСэтгүүлч: Т.БОЛОРТУЯА
НИЙГЭМ 5 сар, 2 долоо хоног өмнө

urug.mn

urug.mn image

Нөхрийнхөө эрх гүнж, хүүхдийнхээ жаргалтай ээж байхыг эрхэмлэдэг хэмээн ярих түүнийг Б.Чоймаа гэдэг. Тэрээр “Монгол билиг” сэтгэл судлалын төвд сэтгүйчээр зургаа дахь жилдээ ажиллаж байгаа аж. Хүүхэд байхаасаа л хүүхдүүдэд тусалдаг хүн болохыг мөрөөддөг байсан тэр есдүгээр ангидаа сэтгэл зүйч мэргэжлийг олж, хүний зүрх сэтгэлтэй ажиллаж, амьдралын зөв замд нь чиглүүлдэг учраас сэтгэл зүйч болохоор зорилго шулууджээ. Б.Чоймаа “Би хамгийн хариуцлагатай үедээ хамгийн жаргалтай амьдарч буй эмэгтэй” хэмээн өөрийгөө тодорхойлсон юм.

ХҮМҮҮСТ АМЬДРАХ ИТГЭЛ, УРАМ, ЗОРИГ ӨГДӨГ УЧРААС СЭТГЭЛ ЗҮЙЧ БОЛСОН

Тэрээр анх найман настайдаа Говь-Алтай аймгаас Улаанбаатар хотод иржээ. Шөнийн хотод буухад энд тэндгүй гэрэл гялбаад л, түүнд үнэхээр гайхалтай санагдсан гэв. “Хот үнэхээр гоё юм байна даа” гэж бодоод, өндөр сэтгэгдэлтэй буусан боловч маргааш өглөө нь түүний бодол эсрэгээрээ эргэсэн аж.

Энэ тухайгаа ярихдаа “2005 он. Гудамжны хүүхэд маш их байсан. Миний үеийн, надаас жаахан хүүхдүүд тэрэг түрээд, гуйлга гуйгаад явж байхыг хараад дээшээ нэг юм зураад л явсан. Надад маш хэцүү санагдсан. “Над шиг эрхлээд явж байх ёстой хүүхдүүд яагаад ингээд явж байгаа юм бол” гээд их эмзэглэж байсан. Тэгээд л би энэ хүүхдүүдэд тусалдаг хүн болно гэж шийдэж билээ.

Найман настай эхэлсэн мөрөөдөл одоо хүртэл явсаар байгаад энд хүрсэн байна. Би анх зүгээр л хүүхдэд тусалдаг хүн болно гэж бодсоноос юу хийхээ мэдэхгүй байсан. Ямар ч байсан нэг том компани байгуулаад, хүүхдэд тусалдаг асрамжийн газар юм уу, буяны байгууллагатай болно гэж бодож байсан. Жаахан томрох тусам энэ байдал өөрчлөгдсөн. Яагаад өөрчлөгдсөн бэ гэвэл би өөрөө хот руу шилжиж ирээд, манай амьжиргааны төвшин нэлээн тааруу болж, өөрөө тусламж авдаг хүүхэд болж эхэлсэн. Миний эргэн тойронд өнөөх хүүхдүүд байж л байсан. Тэр хүүхдүүдтэй харьцаад үзэхэд, хүн материаллаг хэрэгцээг нь хангаад байхаар авах албатай гэдэг бодолтой болдог гэдгийг ойлгосон. “Энэ хүн надад тусалж байна, би одоо илүү их хичээх хэрэгтэй” гэж боддоггүй юм байна. Муу зан сурчихдаг. Өгч байгаа нь гоё ч илүү ихийг авах шуналтай болдог. “Тэгвэл би ингэж материаллаг хэрэгцээг нь хангаад ямар ч хэрэггүй юм байна. Би өөр юу хийх вэ” гээд хайж эхэлсэн.

Намайг есдүгээр ангид байхад санамсаргүй байдлаар манай сургууль дээр сэтгэл зүйч ирсэн. Тэр сэтгэл зүйчийн яриаг сонсоод “Сэтгэл зүйч хүн бол хүний зүрх сэтгэлтэй ажиллах юм байна. Тэр хүний амьдралын зорилго чиглэлийг нь тодорхойлж, чиглүүлж өгдөг учраас би материаллаг хэрэгцээг хангаж тусалснаас илүү хөрөнгө оруулалт болох юм байна” гэж ойлгосон. Түүнээс хойш тууштайгаар хичээсэн хүссэн мэргэжлээ эзэмшээд, одоо ажиллаж байна” гэв.

ХҮҮХЭДТЭЙ БОЛООД Л ТЭР ЖИЖИГХЭН ХҮНИЙГ ХАРААД, ХАЙР ЗҮГЭЭР Л АСГАРДАГ ЮМ БИЛЭЭ

Төгс биш жаргалтай ээж байхыг эрхэмлэдэг тэрээр анх ээж болсон түүхээсээ хуваалцсан юм.

Б.Чоймаа “Намайг “Хүүхэдтэй болох магадлал маш багатай бага, үр шилжүүлэн суулгах л боломжтой. Өөрөөрөө жирэмслэх боломжгүй” гэж байсан. Гэтэл гайхамшгаар хүүхэдтэй болоод, маш их баярласан.

Хоёр жилийн хугацаанд муу мэдээтэй яваад байхаар хувь тавилантайгаа эвлэрээд бүх зүйл сөрөг, бүтэхгүй юм шиг санагддаг юм билээ. “Би угаасаа хүүхэдтэй болохгүй” гэж гутарч байснаа өөртөө худлаа итгэл үнэмшил төрүүлж “Хүүхэдтэй болж чадна аа. Одоохондоо карьерын хувьд боломжгүй. Тиймээс би жирэмслэлтээс хамгаалах хэрэгтэй” гэж боддог болсон. Жирэмслэлтээс хамгаалах аргуудыг хэрэглэдэг. “Ерөөсөө жирэмслэхгүй, одоохондоо болохгүй” гэж ярьдаг. Түүндээ 100 хувь итгэсэн байсан. Тэгж явсаар нэг л өдөр жирэмслэхэд ямар ч асуудалгүй болсон. Тэр үед маш их баярласан.

Хүүхдээ тогтоох гэж нэлээн үзсэн. Маш хэцүү байсан. Зулбачих гээд, дутуу төрчих гээд. Харин төрөх тийм ч хүнд байгаагүй. Учир нь би өвдөлтөд сэтгэл зүйгээ бэлдэж байсан учраас “угаасаа өвдөнө, үүнийг туулаад гарна. Тодорхой хэмжээнд эхэлж байгаа учир дуусна” гээд л.  36 цаг өвдөж, төрж билээ. Маш урт хугацаа. Гэхдээ “дуусна, би нэг шат ахих гэж байгаа шүү” гэдэгт төвлөрсөн болохоор төрөхийг зовлонд бодоогүй. Харин жирэмсэн байсан цаг хугацаа маш хүнд байсан.

“Ээж хүн гэдэг ямар агуу юм бэ” л гэж бодсон. Нэг хүнийг бие дотроо ургуулаад, бүтэн арван сарын дараа хүн болгоод төрүүлнэ гэдэг маш их ачаалалтай ажил байдаг. Юун одоо миний хийж байгаа ажил. Өдөр тутамдаа ачаалал ихтэй, эрүүл байх шаардлагатай. Гэхдээ хүүхэдтэй болсныхоо дараа хүн ямар ч нөхцөлгүйгээр ийм жижигхэн хүнийг хараад, хайр өөрөө “Би энэ хүнийг хайрлах ёстой” гэдэг шаардлагагүйгээр, бодолгүйгээр урсдагийг мэдрэх үнэхээр гоё байсан. Жинхэнээсээ хайр асгардаг юм билээ” гэсэн юм.

ТӨГС ЭЭЖ БИШ ЖАРГАЛТАЙ ЭЭЖ БАЙХЫГ ХИЧЭЭДЭГ

Тэрээр үргэлжлүүлэн “Амьдралынхаа хамгийн хариуцлагатай үе дээр хамгийн жаргалтайгаараа байгаа эмэгтэй” гэж өөрийгөө тодорхойлмоор байна.  

Өмнө нь юу ч гэсэн миний дураар, би алдсан ч энэ миний амьдрал гэж боддог байсан. Харин одоо хэн нэгний амьдрал, хэн нэгний ирээдүй, тэр хүний хүмүүжил надаас 100 хувь хараат, миний гарт гэхээр маш том хариуцлага мэдрүүлдэг. Тэр хүнийг би нийгэмд сайн хүн болгож төлөвшүүлэх суурийг нь бэлдэж байгаа чухал цаг үе учраас хамгийн хариуцлагатай үе. Ээжийн үүрэг шүү дээ. Хажуугаар нь би өөрийнхөө карьерыг ч орхихгүй, гэр бүлийн амьдралаа ч орхихгүй хамгийн гол нь энэ бүхэндээ стресстэж бухимдсан зүйлгүй сэтгэл ханамжтай өнгөрүүлж байна. Би төгс ээж байх гэж хичээдэггүй. Жаргалтай ээж байх гэж хичээдэг” гэлээ.

БИ НӨХРИЙНХӨӨ ЭРХ ГҮНЖ НЬ

Гэр бүлийн харилцаа эрүүл байж, бат бөх, аз жаргалтай байдаг. Б.Чоймаа хэлэхдээ “Ажил дээрээ сэтгэл зүйч, гэртээ зүгээр л эмэгтэй хүн байхыг хичээдэг. Найзууддаа ч гэсэн сэтгэл зүйч нь биш, хөгжилтэй, эрх, шогч найз нь байх чухал.

Нөхрийнхөө хувьд юм мэдэхгүй, тэр хүний эрх гүнж нь л байна. Нөхөр  намайг гутарсан үед дэмжинэ. Би түүнийг гутарсан үед ойлгоно. Аль болох нэгэндээ дутагдсан зүйлийг нь тухайн үед нь өгөхөөс байнга би ойлгоод л, би дэмжээд л. Тийм зүйл байхгүй. Харин эсрэгээрээ тэр хүнээс надад дэмжлэг маш их хэрэгтэй байдаг. Үүнийг ч ойлгодог болохоор намайг сайн сонсдог, сайн эрхлүүлдэг. Эрхлүүлэхгүй бол би нүдэн дээр нь байхгүй болоод “чи намайг эрхлүүлээгүй” гээд л эхэлдэг. Яг энэ харилцаа нь бид хоёрыг тэнцвэртэй, эрүүл харилцаатай байлгадаг. Хэрвээ би зөвлөгөө өгөөд л байдаг бол бид хоёр эхнэр, нөхөр биш. Үйлчлүүлэгч, сэтгэл зүйч хоёр болно. Тийм дүрдээ хэзээ ч орж байгаагүй. Орохыг ч хүсэхгүй байна” гэсэн юм.

ЗУРАГ ЗУРАХ НЬ АМЬДРАЛААС АВЧ БУЙ БАС НЭГ ТААШААЛ

Түүний амьдралаас авдаг олон таашаалын нэг нь зураг зурах. Өөрт төрсөн мэдрэмжээ өнгө будгаар буулгадаг учраас гунигтай бус жаргалтай үедээ зурахыг эрмэлздэг гэв.

Тэрээр “Би зураг зурах хоббитой. Том канвасууд дээр их зурдаг байсан. Одоо завгүй болоод зурж чадахаа больсон. Зураг зурахаар цэвэр мэдрэмжээ уусгаад гаргаж байгаа юм шиг санагддаг. Одоо миний хийж байгаа ажил зурагтай холбоотой болохоор бүр сонирхолтой байдаг. Оюутан байхдаа дуу сонсоод, төрж байгаа мэдрэмж нь ямархуу өнгө будгийн уусалттай юм шиг сэтгэгдэл төрж байна, түүнийг буулгах сонирхолтой байсан. Усан будгаар их зурдаг. Учир нь ус будгууд нь хоорондоо их гоё уусдаг. Цаасаа норгочхоод дээр нь будгаа дусаахад л хоорондоо өөрсдийнхөө зохицлоор уусдаг учраас тэр нь их таашаал өгдөг.

Би комиктой болохыг хүсдэг. Зураг зурах сонирхолтой болохоор ч тэр үү өөрийнхөө хувийн амьдралын өнгө аясыг эсвэл мэргэжлийнхээ өнгө аясыг хүмүүст хөнгөн байдлаар ойлгуулах сонирхолтой” гэж өөрийн сонирхол, мэдрэмж, хүслээ бидэнд хуваалцсан юм.

СЭТГЭЛ ЗҮЙЧ ХҮНИЙГ ОЙЛГОЖ, ЧИГЛҮҮЛДЭГ БАЙХ ЁСТОЙ

Ихэнх хүмүүс сэтгэл зүйч гэхээр асуудлыг шууд шийдвэрлэж, зааж өгдөг гэж ойлгодог аж. Харин сэтгэл зүйч хүн хүнийг ойлгодог, зөв замд чиглүүлж өгдөг хүн юм

Тэрээр “Сэтгэл зүйн хувьд тогтвортой байгаа хүн аль ч салбар, аль ч харилцаанд амжилттай байх боломжтой. Тогтворгүй байлаа гэхэд би сэтгэлзүйгээ яаж менежмент хийж зохицуулах вэ гэдэг ойлголттой байгаа хүн асуудлыг даван туулах чадвар өндөртэй.

Хүн бүр сэтгэл зүйчтэй байх хэрэгтэй гэдэг ч ойлголт нь өөр байх шиг байна. Зовлонгоо яриад, асуудлаа хэлэхэд, асуудлыг маань шийдээд өгдөг хүн гэж нийгмээрээ ойлгодог. Та сэтгэл зүйн хувьд илүү чадамжтай болоход, илүү өсөлт дэвшилттэй байхад танд юу хэрэгтэй байна вэ, таны хөгжлийн зам юу вэ гэдгийг бид чиглүүлж өгдөг. Түүнээс асуудлыг шийдвэрлээд л, бүхнийг мэддэг хүн шиг зааж, зааварлаад байдаггүй” гэв.

БҮХ ЗҮЙЛД ТӨГС БАЙХ АЛБАГҮЙ

“Олон үүрэг хариуцлагаар өөрийгөө ачаалуулахаас  аль болох зайлсхийгээрэй. Бүх зүйлд төгс байх албатай биш. Бүх зүйлийг зэрэг амжуулдаг байх ч албатай биш. Та өнөөдөр нэг жижиг зүйлийг хийж чадсан бол тэр л хангалттай. Энэ өдөр муухай өдөр байсан уу гэвэл үгүй. Та амжилттай зүйл хийсэн үү, хийсэн. Болсон үйл явцуудыг дүгнээд үзэхэд нэг муухай үйл явдал, нэжгээд сайн үйл явдал байж болно. Бид нэг л болоогүй, бүтээгүй зүйлд нь ач холбогдол өгч, тэр өдөр тэр чигтээ муухай байсан юм шиг бодох гээд байдаг. Хэрвээ тийм байгаа бол үүнийг анзаараад үзээрэй” гэсэн юм.

Бичлэгийг дээрээс үзнэ үү.  

0 сэтгэгдэл


Одоогоор сэтгэгдэл алга байна