ӨНӨӨДӨР ТӨРСӨН ӨДӨР НЬ ТОХИОЖ БУЙ ДАЛАЙ ЛАМЫН ТУХАЙ БАРИМТУУД
urug.mnСэтгүүлч: Urug.mn
НИЙГЭМ 1 сар, 1 долоо хоног өмнө

urug.mn

urug.mn image

Өнөөдөр 14-р Далай лам Данзанжамцийн мэндэлсэн өдөр. Тэр ийнхүү 85 нас хүрлээ. 

Түүнд Лхамо Дондүв хэмээх нэр өгсөн ба энэ нь "Тусыг бүтээгч охин тэнгэр" гэсэн утгатай ажээ. Такцэр (Хүрхрэгч бар) тосгон бол уулын орой дээр орших жижиг ядуувтар суурин бөгөөд уулын орой дээрээс доош өргөн хөндий цэлийн харагдана.

Олон жилийн турш энэ газар хэн ч сууршин сууж, газар тариалан эрхэлж байгаагүй ба зөвхөн нүүдэлчин ардууд л бэлчээр болгон ашиглаж байжээ. Үүний шалтгаан нь энэ нутгийн цаг уур урьдчилан мэдэхийн аргагүй ширүүн байдагтай холбоотой. Дээрхийн Гэгээнтэн "Цөллөг Дэх Эрх Чөлөө" номондоо өөрийн бага үеийн тухай дурсахдаа: "Намайг бага байх үед манай гэр бүлийнхэн энэ ширүүн газарт амь зуух гэж зориглосон хориод зоригт хүмүүсийн нэг байсан юм даа." гэж бичжээ.

 

/Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Ламын төрсөн нутаг Такцэр тосгон. Зүүн Төвөд, Амдо муж. Гэрэл зургийг Диего Алонсо./

Далай Ламын эцэг эх арвай, гурвалжин будаа, төмс тарьж амьдардаг эгэл тариачин хүмүүс байв. Түүний эцэг дундхан нуруутай, хурц ааштай хүн байжээ. Дээрхийн Гэгээнтэн "Би нэг удаа түүний сахлыг жоохон угзарснаас болж маш ширүүн шийтгүүлж билээ" гэж дурссан байдаг. Гэвч тэр сайн хүн байсан бөгөөд хэнд ч хэзээ ч муу санаа хадгалж яваагүй юм. Дээрхийн Гэгээнтэн ээжийнхээ тухай хэзээ нэгэн цагт уулзаж байсан хүмүүсийн дотор хамгийн сайн хүн байсан гэж дурсана. Түүний ээж нийт арван зургаан хүүхэд төрүүлснээс зөвхөн долоон хүүхэд амьд үлджээ.

Дээрхийн Гэгээнтний хоёр эгч, дөрвөн ах нь нялх насны хэцүү үеийг даван үлдсэн байна. Ахмад эгч Цэрэн Дулмаа түүнээс 18 насны ахмад байжээ. "Эгч маань ээжид гэр орон, аж ахуйд туслаж, бас төрөхөд тусладаг байсан юм. Намайг төрсний дараа эгч минь намайг гар дээрээ өргөн аваад миний нэг нүдний зовхи нээгдээгүй байгааг үзээд эрхий хуруугаараа нүдний зовхийг шууд хүчээр нээж онгойлгосон бөгөөд аз болоход сүүлд ямар ч муу үр дагаваргүй өнгөрсөн юм." гэж Дээрхийн Гэгээнтэн дурсан бичсэн байдаг. Түвдэн Жигмэд Норбү хамгийн том ах нь бөгөөд Такцэр ринбочийн хойд дүрээр тодорсон ба удаах ах нь Лувсан Самдан юм. Хамгийн бага дүү Данзан Чойжал мөн Аари ринбочийн хойд дүрээр тодорсон байна.

"Намайг онцгой хүүхэд байж болох юм гэсэн бодол хэний ч санаанд төрөөгүй нь мэдээжийн хэрэг. Нэг айлд нэгээс илүү хувилгаан төрсөн гэдэгт итгэхэд их л хэцүү, мөн намайг Далай Ламын хойд дүрээр тодруулна гэж миний аав ээж хоёр төсөөлөх ч үгүй байсан юм даа." гэж Дээрхийн Гэгээнтэн дурсан бичжээ. Хэдийгээр түүнийг төрөх үед маш хүндээр өвдөөд хэвтэрт байсан аав нь ид шидийн адил гэнэт эдгэсэн боловч тухайн үед үүнийг хэн ч анзаарч тоогоогүй ажээ.

"Мөн надад хойшид намайг юу хүлээж байгаа бол гэх ямар нэгэн онцгой зөн совин төрдөггүй бөгөөд миний урьдын дурсамжууд ч маш энгийн байдаг. Жишээлбэл би зодолдож байгаа хүүхдүүдийн дийлэгдэж буй, хүч муу хүүхдийн талд ордог байсан юм. Би ээжийн хамт тахианы чингэлэгт өндөг түүхээр ороод тэнд хоцрон үлдэж байснаа санадаг. Тахианы үүрэнд сууж эм тахиаг дууриан дугарах явдал надад их таалагддаг байсныг санаж байна. Миний бас нэг дуртай зүйл бол бага байхдаа цүнхэнд хувцсаа цуглуулан чихээд алс хол аялалд явах гэж байгаа мэт "За би Лхас орно, За Лхас орно доо" гэж үглэдэг байв. Хожим энэхүү баримтын талаар, бас ширээний толгойд суулгаж байхыг үргэлж шаарддаг байсан зэрэг үйл явдлыг дурсацгааж, ирээдүйд агуу их үйл хэрэг бүтээх тухай өөрөө мэдэж байгаагийн зөн билгэ гэж ярицгаах болсон юм.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам бол өмнөх арван гурван Далай Ламуудын үе дараалсан хойд дүр (анхдугаар Далай Лам 1351 онд төржээ) бөгөөд түүнийг цагаан бадам лянхуа барьсан энэрэнгүй бодьсадва Жанрайсиг буюу Авалокитешварын дүр мөн гэж гэдэг. Үнэн хэрэгтээ Дээрхийн Гэгээнтэн Далай Лам нь Бурхан Багш Шагжтүвийн үед амьдарч байсан бярман хүүгээс эхэлсэн Жанрайсиг бурханы 74-р дүр юм. "Үүнд та үнэхээр итгэдэг үү гэж надаас үргэлж асуудаг. Хариу өгөхөд тун амар биш. Гэвч 56 настай байхдаа өөрийн одоогийн энэ амьдралын туршлага, мөн буддын шашинтний итгэл үнэмшилийн хувьд ч урьдын арван гурван Далай Лам нар болон Жанрайсиг бурхантай, мөн Бурхан багш Шагжтүвтэй оюун билгийн гүн холбоотой болох баримтыг төвөггүй хүлээн зөвшөөрч байгаа." хэмээн Дээрхийн Гэгээнтэн айлдсан байдаг.

Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Ламыг тодруулсан нь

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам дөрвөн настайдаа. Зүүн Төвөд, Амдо муж, Гүмбүм хийд

Лхамо Дондүвыг дөнгөж гурван нас хүрэх үед XIII Далай Ламын хойд дүрийг эрж олох хайгуулын багийг Төвдийн засгийн газраас томилсон ба тэд хэдэн онцгой шинж тэмдгийг дагаж Гүмбүм хийдэд хүрэлцэн ирэв. Энэ шинж тэмдгийн нэг нь 1933 онд 53 настай байхдаа жанч халсан XIII Далай Лам Түвдэнжамцын занданшуулсан лагшин байлаа. Тэрхүү занданшуулсан суугаа лагшины тэргүүн өмнө зүгээс зүүн хойш эргэн харсан нь нэгэн шинж тэмдэг болсон юм. Үүний дараа тун удалгүй засаг баригч ахлах лам нэгэн шинж тэмдгийг үзжээ. Төвөдийн зүүн талд орших ариун Лхамо Лхацо нуурын усанд түүний мэлмийн өмнө төвөд цагаан толгойн "А", "Га", "Ма" гэсэн гурван үсэг маш тодорхой урган гарч үзэгджээ. Дараа нь алтан, оюу мэт дээвэртэй гурван давхар өндөр дуганы дүрс хөвөн гарч түүнээс алслан гарах зам уулын зүг чиглэсэн байлаа. Эцэст нь тэрээр нэг этгээд хачин усны гоожууртай жижиг байшинг үзсэн байна. Тэрээр "А" үсэг зүүн хойд зүгийн Амдо мужийг зааж байна хэмээн итгэж хайгуулын гол багийг тийш илгээсэн байна.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам дөрвөн настайдаа. Зүүн Төвөд, Амдо муж, Гүмбүм хийд.

Хайгуулын баг Гүмбүмд хүрмэгц зөв замаар явсан гэдэгтээ бүрэн итгэлтэй болов. Хэрвээ "А" үсэг Амдог зааж байгаа бол "Га" үсэг Гүмбүм хийдийг заасан нь үнэн болов. Учир нь Гүмбүм хийд гурван давхар алтан, мөн оюу мэт ногоон өнгөтэй дээвэртэй юм. Ингээд мөнөөх уул хийгээд этгээд хачин гоожууртай байшинг олох л үлдээд байв. Ойр орчмын тосгонуудад тийм байшинг хайж эхлэв. Хайгуулын баг эрж хайсаар Дээрхийн Гэгээнтний эцэг эхийн арц модны мөчрөөр усны гоожуур хийсэн дээвэртэй байшинг олмогцоо шинэ Далай Лам тун холгүй байгаа юм байна гэдгийг ойлгоцгоов. Гэвч тэд хүрэлцэн ирсэн зорилгоо нээлгүй зөвхөн нэг шөнө хонуулахыг гуйсан байна. Ахлах лам Кевцан ринбочэ зарлага хүн мэт хуурмаг дүр гарган гэрт оройжин хүүхэдтэй тоглон түүний хойноос ажигласаар цагийг өнгөрөөжээ.

Хүүхэд түүнийг таниад "Сэрагийн лам, Сэрагийн лам" гэж хашгирсан аж. Сэра бол Кевцан ринбочийн хийд юм. Маргааш өдөр нь тэд явцгааж хэдэн өдрийн дараа албан ёсны төлөөлөгчийн зэрэгтэй буцан ирсэн байна. Энэ удаад тэд XIII Далай Ламын хэрэглэж байсан эд юмс болон өөр бас бус эд зүйлсийг авчирав. Тухай бүрт балчир хүү XIII Далай ламын эд зүйлийг зөв тодорхойлон "энэ минийх, энэ миний юм" гэж хэлж байлаа. Энэхүү сорилт нь хайгуулын багийн өмнө Далай Ламын шинэ дүр байна гэдэгт итгэхэд хүргэсэн байна

Удалгүй Такцэр тосгоны балчир хүүг шинэ Далай Ламаар тодруулав. Эхлээд Лхамо Дондүв хүүг Гүмбүм хийдэд авчирсан байна. "Энэ үеэс л миний амьдралын жоохон аз жаргалгүй үе эхэлсэн юм." гэж Далай Лам ээж ааваасаа салсан ба танихгүй газар ирснийгээ санаж дурсан бичсэн байдаг. Гэвч хийдийн амьдралд хурдан дасах хоёр нөхцөл байсны нэгдүгээрх нь түүний ах Лувсан Самдан тэр хийдэд шавилан сууж байв. Сэтгэл тайтгаруулах удаах зүйл бол түүний өндөр настай багш байсан бөгөөд өөрийн балчир шавийг жанчиндаа ороон өвөр дээрээ байнга авдаг байжээ.

Хэсэг хугацаа өнгөрсний дараа Лхамо Дондүв ээж аавтайгаа дахин уулзаж тэдний хамт Лхас орох ёстой байлаа. Гэвч энэхүү үйл явдал бүтэн хагас жилийн дараа болсон юм. Учир нь орон нутгийн ислам шашинт хятад дарга Ма Буфэн хувилгаан хүүд Лхас орох зөвшөөрөл өгөлгүй өндөр татвар нэхэж байв. Дөнгөж л 1939 оны зун Лхамо Дондүв түүний аав ээж, ах Лувсан Самдан, хайгуулын багийн хэсэг гишүүд болон бусад мөргөлчин хүмүүсийн хамт Лхас хот руу аялалд хөдөлжээ.

"Лхас орох аян зам гурван сарын хугацаанд үргэлжлэв. Нүдэнд харагдах эргэн тойрны юм бүхэн маш их гайхал төрүүлж байснаас өөр зүйлийг би санадаггүй. Хөндий талд бэлчих зэрлэг сарлагууд, жижиг жижиг сүргээр явах зэрлэг илжиг (кьянг), энд тэнд цөөн тоогоор үзэгдэх сайга бөхөн маш хурдан хөнгөн давхин өнгөрнө. Мөн надад хааяа нэг тааралдсан гуаглан хашгирах галуу шувууны сүрэг их таалагдаж байсан." гэж Дээрхийн Гэгээнтэн дурсан бичжээ.

Лхамо Дондүвыг дээд албан тушаалтан нараас бүрдсэн засгийн газрын төлөөлөгчид хүлээн авч хотын хаалганаас хоёр бээрийн зайтай орших Догутан гэдэг газар урин залж авчрав. Маргааш өдөр нь Лхамо Дондүвт Төвөдийн ард түмний шашин оюун санааны удирдагчид өргөмжилсөн баяр ёслол болов. Дараа нь түүнийг ах Лувсан Самдангийн хамт Лхасаас баруун зүгт орших Дээрхийн Гэгээнтний зуны ордон Норбүлингад залжээ.

 

1940 оны өвөл Лхамо Дондүвыг Ботала ордонд урин залж Төвөдийн оюун санааны удирдагч мөн хэмээн албан ёсоор өргөмжилсөн байна. Үүний дараа удалгүй олонд хүлээн зөвшөөрөгдсөн Далай Лам Жокан сүмд морилж сахил хүртэн даахь үргээх ёслолыг гүйцэтгэсэн юм. Энэ мөчөөс эхлэн тэр толгой халзан, хүрэн улаан лам хувцас байнга өмсөх ёстой боллоо. Эртний уламжлалын дагуу Дээрхийн Гэгээнтэнд өөрийнх нь Лхамо Дондүв нэрийг сольж Жамбал Агваан Лувсан Еши Данзанжамц нэрийг соёрхожээ.

Ингээд түүний номд суралцах үе эхлэв. Сургалтын төлөвлөгөө нь бусад лам хуврагуудын адил учир шалтгааны ухаан, Төвөдийн соёл ба урлаг судлал, санскрит, анагаах ухаан, бурханы шашны гүн ухааныг судлах хөтөлбөртэй байлаа. Сүүлчийн буюу буддын гүн ухаан хамгийн чухал, хамгийн хүнд сургалт тул таван хэсэгт хуваан судалдаг бөгөөд үүнд Пражняпарамита (билиг барамидын сургаал), Мадхьяамака (төв үзлийн ухаан); Винайн ёс (лам хүний сахил санваар, ёс суртахууны сургаал); Авхидхарма (метафизик) ба Прамана (учир шалтгаан буюу танин мэдэхийн онол) эдгээр таван хэсэг байв.

Идэр насны үе

1950 оны зун дуурь бүжгийн баярын нээлт болохоос нэг өдрийн өмнө Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Норбүлингад халуун усны өрөөнөөс гарч байхдаа хөл дор газар хөдөлж байгааг мэдэрсэн аж. Энэ газар хөдлөлт намдах үед ард олны дунд газар хөдөлсөн явдал зүгээр нэг хэрэг биш ээ, энэ бол муу ёрын тэмдэг гэсэн цуу яриа тарсан байна.

Уг үйл явдлаас хоёр өдрийн дараа Төвөдийн засгийн эрхийг барьж байсан Татаг ринбочэ Камын засаг даргаас Төвөдийн хилийн харуул руу Хятадын цэрэг гэнэт цөмрөн дайрсан тухай цахилгаан бичиг хүлээн авчээ. Өнгөрсөн намраас эхлээд Хятадын коммунистууд империалист түрэмгийлэгчдийн гараас чөлөөлөх зорилго бүхий хэмээн зарлан Төвөдийн хил рүү үе үе довтлох болсон юм. Ийнхүү Хятадууд өөрсдийн санааг хэрэг дээр хэрэгжүүлэхээр шийдсэнийг бүхий л зүйлс харуулж байлаа. "Төвөд орон асар их аюулд тулгарч байгааг болон түүний арми ердөө 8500 офицер цэргийн тоотой бөгөөд асар олноор тоологдох Хятадын Ардын Чөлөөлөх Армийн (ХАЧА) эсрэг зогсож чадахгүй гэдгийг би сайн ойлгож байсан." гэж Далай Лам бичсэн байдаг.

Хоёр сарын дараа 10-р сард 80,000 тоотой ХАЧА-ийн цэрэг Чамдогийн зүүн зүгт орших Дичу голыг гатлан нэвтэрсэн тухай мэдээг Лхаст хүлээн авав. Чингэж зандалчны сүх цаазын давцан дээр унаж, удалгүй Лхас ч бууж өгөх үйлийн хувь заяатай болов. Өвлийн хатуу ширүүн цаг ойртох тусам ард түмэн Дээрхийн Гэгээнтнээс засгийн бүрэн эрхийг өөрийн гарт авахыг улам бүр шаардаж эхлэв. Энэ түгшүүртэй цагт Төвөдийн засгийн газар Найчүн чойжонтой зөвлөлдсөний эцэст Найчүн чойжон Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын өвдөгт сөхрөн "Дүй-ла паб" (Цаг нь ирэв) гэж хэлжээ.

1950 оны 11-р сарын 17-ны өдөр Норбүлинга ордонд Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Ламыг Төвөдийн засгийн тэргүүнээр өргөмжлөх баяр ёслол болов. Тэрээр дөнгөж 15 настай байлаа.

11-р сарын эхэнд Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам энэхүү албан тушаалыг авахаас хоёр долоо хоногийн өмнө Лхаст түүний ах ирэв. "Түүнийг харсан даруйдаа ах минь ямар их зовлон амссаныг би шууд ойлгож билээ." гэж Далай Лам бичжээ. Түүний төрсөн нутаг Амдо, Гүмбүм хийд Хятадын хилтэй тун ойрхон оршдог тул коммунистуудын хяналтан дор маш хурдан оржээ. Түүнийг хийдэд бараг хоригдол шиг барьж байв. Үүний зэрэгцээ Хятадууд түүнд шинэ коммунист үзэл бодлыг үнэмшүүлэх оролдлого хийж, оюун ухааны хүчин чадлыг мохоохыг хичээжээ. Дараа нь Хятадын засгийг надад хүлээн зөвшөөрүүлэх зорилгоор Лхас руу явуулсан бөгөөд хэрэв би эсэргүүцвэл тэр намайг алаад, үүний төлөө шагнал хүртэх ёстой байжээ."

Дээрхийн Гэгээнтэн  Далай Лам албан тушаалдаа орсонтой холбогдуулан ял хэлтрүүлэх зарлиг гаргаж бүх хоригдлыг чөлөөлөв. "Би ийм боломж олсондоо ихэд баяртай байсан боловч зарим үед энэ нь гуниг төрүүлэм байсан юм. Урьд өмнө хоригдогчдын аж амьдралыг өөрийн ордонгоос байнга ажигладаг байсан бөгөөд хожим шоронгийн газрыг дурандах үед хашаан дотор хов хоосон, зөвхөн хэдэн нохой хог дээр хоолны үлдэгдэл хайн ухаж байгаа нь л харагдаж байлаа. Надад миний амьдралаас ямар нэг юм алга болчихсон мэт санагдаж билээ." хэмээн Далай Лам дурсан бичжээ.

15 настай Далай Лам бүрэн хэмжээт дайны үүдэнд зогсож байгаа зургаан сая ард олны маргаангүй удирдагч болсныхоо дараа нэн даруй засгийн газрын лам ба энгийн гэсэн хоёр шинэ даргыг томилов. Тэдний нэг нь лам Лувсан Даш, удаах нь хашир туршлагатай захирагч энгийн иргэн Лукангва байв. "Тэдэнтэй, мөн сайд нарын танхимтай зөвлөлдсөний дараа би гадаадад – Америк, Англи, Балба руу, эдгээр улсын засгийн газрыг бидний улсыг өмгөөлөн туслах тухай үнэмшүүлэн ятгах зорилгоор төлөөлөгчдийг илгээхээр шийдэв. Бас өөр хэсэг төлөөлөгчид Хятад руу тэдний цэргийн хүчийг гаргах тухай ярилцан тохиролцхоор явах ёстой байлаа. Эдгээр төлөөний хүмүүс энэ оны эцэст алсын замд гарцгаав. Үүний дараа тун удалгүй Хятадууд дорнод хязгаарт цэргийн хүчийг зузаатгаж эхэлсэн тул би ихэнхи том албан тушаалтнуудын хамт Төвөдийн өмнө зүг рүү шилжин, хэрэв нөхцөл байдал эрс муудах тохиолдолд хүрвэл хурдан хил давж Энэтхэгт зугтан гарахаар зэхсэн юм. Лувсан Даш, Лункангва хоёр үлдэж өөрсдийн албан үүргийг гүйцэтгэх ёстой байв." хэмээн Дээрхийн Гэгээнтэн бичсэн байна.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Домод байрлах үеийн фото зураг. 1951 он.

Дээрхийн Гэгээнтэн Далай Ламыг Сиккимын хил, Домод байрлах үед зөвхөн Хятад руу чиглэн гарсан төлөөлөгчид л зорьсон газраа хүрсэн ба бусад төлөөний хүмүүс үр дүнгүй буцаж ирэх болсон тухай мэдээ авлаа. Англи улс Төвөдийг эзэмших гэсэн Хятадын өнгөлзлөгийг хүлээн зөвшөөрч байсанд итгэхийн аргагүй байв. Мөн Америк улс туслахад татгалзсан хариу өгсөн явдалд Дээрхийн Гэгээнтэн маш их урам хугарав. "Би аймшигт их аюулд тулгарч, сэтгэлийн зовлонд автан Төвөд орон Хятадын коммунистын бүх хүчтэй цор ганцаар тулгарчээ гэдгийг ойлгож байлаа." гэж Далай Лам бичсэн байдаг.

Англи, Америкийн зүгээс Төвөдийн хувь заяанд хайхрамжгүй хандсан байдалд урам хугарсан Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Хятадын бүрэн хэмжээгээр цөмрөн орох явдлыг зогсоох зорилгоор сүүлчийн арга хэмжээг авч Бээжин рүү Хятадуудтай хэлэлцээ хийхээр Камын губернатор Або Агваан Жигмэг илгээв. Түүний төлөөлөгч Төвөдийн дэвсгэр нутагт Хятадын цэргийн ангийг оруулахгүй байх талаар Хятадын удирдлагад ятган үнэмшүүлэх ёстой байлаа. "Гэтэл нэг орой би ганцаараа сууж байтал радиогоор "Төвөдийг энх тайван замаар чөлөөлөх "17 зүйл гэрээ"-нд БНХАУ-ын засгийн газрын төлөөлөгчид болон тэдний хэлснээр, Төвөдийн орон нутгийн засгийн төлөөлөгчид гарын үсэг зурав." гэж ширүүн бүдүүлэг хоолойгоор зарлалаа. Хятадын тал Төвөдийн тамгийг хуурамчаар үйлдэж Абогийн толгойлсон төлөөлөгчдийг энэ хэлэлцээрт гарын үсэг зурахыг албадан тулгажээ. Ингэж Хятадууд хэдийгээр бууны аман дор ч Төвөдүүдийн найр тавимтгай занг ашиглан төрийн эргэлт хийсэн юм." гэж Далай Лам бичжээ. Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Лхаст 1951 оны 8-р сарын дундуур буцаж морилсон юм.

Цагаачлан гарахын өмнө

Дараагийн есөн жилийг Далай Лам Хятадын цэргийн бүрмөсөн эзлэх оролдлогыг зогсоох, Хятадын түрэмгийлэлийн эсрэг Төвөдийн эсэргүүцлийн хүчний улам бүр өсөж байгаа дүргүйцлийг тайтгаруулах гэсэн чармайлтаар өнгөрөөжээ. 1954 оны 7-р сард Дээрхийн Гэгээнтэн Далай Лам 1955 оны 6-р сар хүртэл үргэлжилсэн энх тайвны хэлэлцээр хийхээр Хятадад түүхт айлчлалт хийлээ. Тэр Мао Цзэдун болон Жоу Эньлай, Жу Дэ, Дэн Сяопин нарыг оролцуулсан Хятадын бусад жолоодогчидтой уулзсан байна.

1956 оны 11-р сараас 1957 оны 3-р сарын эцэс хүртэл Дээрхийн Гэгээнтэн Энэтхэгт байж Бурхан Багшийн (Будда Жаянти) лагшин мэндэлсний 2500 жилийн ойд зориулсан баярт оролцов.

1958-1959 оны өвөл Далай Лам Лхаст шашны сургууль төгсөх шалгалт өгч байх үеэр Хятадуудын улам даварч байгаа харгислалын тухай гайхал тасруулсан мэдээ ирсээр байв.

Цагаачлан дүрвэв

1959 оны 3-р сарын 10-ны өдөр Хятадын генерал Жан Зинь Төвөдийн удирдагчдыг энгийн мэт санагдахуйц Хятадын бүжигчид оролцсон театрын тоглолтонд урьсан урилга ирүүлээ. Удалгүй Далай Ламыг Төвөдийн цэргүүд дагалдах ёсгүй, түүний бие хамгаалагчид буугүй байхыг заасан урилга дахин ирэхэд Лхасын энгийн ард олон их түгшүүрт автав. Нэн удалгүй Норбүлинга ордонг тойрон арван мянга гаруй Төвөдүүд цугларч залуу удирдагчийн амь насанд тохиолдож болох бүхий л аюулыг тас цохох эрс шийдэмгий байдалд хүрсэн байлаа.

1959 оны 3-р сарын 17-ны өдөр Найчүн чойжонтой зөвлөлдөх үеэр Дээрхийн Гэгээнтэн Далай Ламд нутаг орноо орхин гарахыг тодорхой зөвлөсөн байна. Хэдийгээр Төвөдийг орхин гарах боломж тун бага байсан ч амжилттай зугатаж чадна гэсэн Дээрхийн Гэгээнтний мэргийг чойжон баталжээ.

Дээхийн Гэгээнтэн Далай Лам Кам мужийн бие хамаалагч нарын хамт дүрвэн гарч байгаа нь. 1959 оны 3-р сар. Гэрэл зургийг ДЛО.

Оройн 10 цагийн орчимд Дээрхийн Гэгээнтэн Далай Лам энгийн цэрэг хувцас өмсөн цөөн тооны харуулын хамт бөөгнөрсөн хүмүүсийн дундуур арай гэж гарч Кьичу голын зүг хөдлөв. Энэ газарт түүнтэй бусад шадар хүмүүс болон гэр бүлийн ойрын төрөл садангууд ирж нэгдэцгээв.

Цагаачлал дахь амьдрал

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам ба түүний дагуул хүмүүс Лхасаас гарснаас гурван долоо хоногийн дараа Энэтхэгийн хил дээр хүрэлцэн ирэхэд Энэтхэгийн торгон цэрэг тэднийг угтан Бомдила хот хүртэл дагалдав. Энэтхэгийн засгийн газар Далай Ламд болон түүнийг дагагч нарт хорогдох газар олгох зөвшөөрөл өгч байгаагаа аль хэдийнээ урьдчилан мэдэгдсэн байлаа. 1959 оны 3-р сарын 31-ний өдөр Миссурид Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Энэтхэгийн ерөнхий сайд Жавахарлал Нерутэй уулзаж Энэтхэг рүү дүрвэн ирсэн Төвөд хүмүүст дэмжин туслах арга хэмжээний талаар ярилцан тохирчээ.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Төвөд хүүхдүүдэд орчин үеийн боловсрол олгох нь чухал гэдгийг ойлгон Энэтхэгийн боловсролын яамны дэргэд Төвөдийн дүрвэгсэдийн боловсролын асуудлыг шийдэх тусгай салбар нээх талаар Нерутэй ярилцаж тохиров. Энэтхэгийн засгийн газар Төвөд хүүхдүүдийг сургах сургууль нээх, түүний бүх эд хөрөнгийн зардлыг өөртөө хариуцан авав.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам анхны хэвлэлийн хурал хийж байгаа нь. Энэтхэг, Миссури. 1959.05.23.

1959 оны 6-р сарын 20-ны өдөр Дээрхийн Гэгээнтэн Далай Лам хэвлэлийн бага хурал зарлан хуралдуулж "17 зүйл гэрээ" хүчингүй болохыг албан ёсоор зарлав. Мөн Төвөдийн засгийн газарт чухал өөрчлөн байгуулалт хийв. Шинээр алба байгуулах захирамж гаргаж Мэдээллийн газар, Боловсролын газар, Дотоод асуудал эрхэлсэн газар, Аюулаас хамгаалах газар, Шашны хэргийг эрхлэх газар болон Эдийн засгийн асуудал эрхэлсэн газар тус тус байгуулав. Тоо нь 30 мянга хүртэл өссөн Төвөд дүрвэгсэдийн ихэнхи нь умард Энэтхэгийн өндөр уулын хормойгоор зам даган байрлах майхан лагериудад амь зууцгааж байлаа.

1960 оны 3-р сарын 10-ны өдөр Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Төвөдийн ард түмний бослого гарсны 1 жилийн ойг тохиолдуулан одоогийн үе хүртэл уламжлал болсон мэдэгдэл хийв.

"Би Төвөд нутагтаа үлдсэн ард түмэнд хандан ирээдүйг харсан алсын бодлогтой байх тал дээр онцгой анхаарал тавихыг хүсэв. Харин цагаачлан гарсан бидний хувьд хамгийн гол зорилго бол шинэ газарт аж амьдарлыг тохинуулахыг хичээж, өөрсдийн уламжлалт зан заншлаа нандигнан хадгалах явдал хичнээн чухал болохыг мэдэгдсэн юм. Харин ирээдүйн хувьд бидний гол зэвсэг бол үнэн, шударга байдал, чин зориг бөгөөд үүний ачаар бидний Төвөдүүд эцсийн эцэст Төвөд орныхоо эрх чөлөөний тэмцэлд ялалт байгуулна гэдэгт би итгэж байгаагаа илэрхийлсэн билээ."

Эх сурвалж: mn.dalailama.com сайт 

 

 

 

 

 

 

0 сэтгэгдэл


Одоогоор сэтгэгдэл алга байна