СОЁН ГЭГЭЭРЛИЙН ТУХАЙ
urug.mn Сэтгүүлч: Санчир
НИЙГЭМ 5 сар, 3 долоо хоног өмнө

urug.mn

urug.mn image

   Хүн төрөлхтний түүх өөрөө үнэн худал мөн алдаа онооны хэлхээс. Гэхдээ худлаасаа үнэн нь, алдаанаасаа оноо нь их байсан учраас өнөөдрийн хүмүүнлэг бас ардчилсан тогтолцоо, нийгэм бий болж чадсан юм. Өнөөдрийн та бидний хувьд эрх чөлөө, ардчилал, хүний эрх, шударга ёс, төр улс, хуулийн засаглал зэрэг ойлголтууд хэдийнэ танил болсон. Харин эдгээр ойлголтуудыг бий болгож, хүн төрөлхтний үнэт зүйл болгон хүлээн зөвшөөрүүлэх зам асар их бартаа саад цаг хугацааг туулсныг бид хэзээ ч  мартаж болохгүй. 2500 жилийн өмнө философич Плато тухайн үеийн Грекийн нийгмийн худал хуурмагтай тэмцэж, шударга ёс болон үнэний төлөө өөрийн амь биеэ зориулсан байдаг. Үнэт зүйлс чухамдаа асар их үнэ цэнээр олддог.

  4000 жилийн өмнөөс Өрнө, Дорны философчид нийгмийн тухай, хүний тухай, төрийн тухай, шударга ёсны тухай бодож, оюун ухаант хүн төрөлхтний түүхэнд дэвшилтэт үзэл санаанууд энэ үеээс төрөн гарч эхэлсэн. Товчхондоо хүн төрөлхтний оюун ухаанд өмнө нь хэзээ ч байгаагүй гэрэл гэгээ энэ үеээс орж иржээ. Энэ бол “ХҮН” хамгаас үнэ цэнэтэй хэмээх ойлголт. Хүний тухай ярьж эхлэнэ гэдэг тухайн цаг үед маш том дэвшил байсан юм.

   Энэ ойлголт тодорч бас бүдгэрсээр 17-р зуунтай золгох хүртлээ утга санаагаа бүрэн олоогүй юм. 17-18-р зууны үед Европ тив бүхэлдээ шашны мухар сүсэг, хаад ноёдын хэмжээлшгүй шунал хүсэлд автсан харанхуй байлаа. Зөвхөн хэн нэгэн санваартан эсвэл эрх мэдэлтэн л эрх чөлөөтэй мөн өмч хөрөнгөтэй, хүсэл мөрөөдөлтэй харин эгэл ардууд ямар ч үнэ цэнэгүй яг л харх адил хувь тавилантай байсан үе. Хаад ноёдын гэр бүлд төрсөн бол хичнээн тэнэг байсан ч сайхан амьдарч, харц ардын гэрт төрсөн бол ямар ч мундаг байгаад ядуу чигээрээ үлддэг тийм харгис байсан цаг.

   Хувь хүн хэмээх ойлголт байхгүй энэ цаг үед тухайн үеийн философчид “Соён гэгээрэл” хэмээх үзэл санааг гаргаж хүн нэг бүрийн үнэ цэнэ, эрх чөлөөний төлөө тэмцэл эхэлжээ. Соён гэгээрлийн хувьсгалыг бас Хүмүүнлэгийн хувьсгал хэмээн нэрлэдэг ба энэхүү хувьсгал 4 гол асуудлыг хөндсөн юм. Энэ 4 асуудлаас салж байж л хүн төрөлхтөн эрх чөлөөтэй амьдарч, хүмүүнлэг улс нийгмийг байгуулж чадна гэсэн үг.

  • Мухар сүсэг
  • Шашны төөрөгдөл
  • Хэт их сэтгэл хөдлөл
  • Хоцрогдсон уламжлал

  Эдгээр зүйлс хүний оюун ухааныг шоронд хийж хүний чөлөөтэй бодож сэтгэх боломжийг хаадаг гэж үзсэн. Соён гэгээрэл яагаад амжилт олж хүн төрөлхтний түүхэнд өмнө нь өрнөсөн өөрчлөлт, хөдөлгөөнүүдээс ялгаатай вэ гэхлээр Соён гэгээрэл нийгэмд буй бүхий л болохгүй бүтэхгүй зүйлийг өөрчлөхийн тулд эхлээд хүн өөрийгөө өөрчлөх ёстой гэсэн үзэл санааг гаргаснаараа онцлог юм. Энэ хорвоо ертөнцийн төв бол “ЧИ” чиний бодол, төсөөлөл, хүсэл бол чиний хувьд бүх зүйл. Битгий өөрийгөө үгүйсгэж, бусдаас өөрийгөө хай, хүн болно гэдэг гэдэг өөрөө өөрийгөө бүтээх үйл явц болохоос хэн нэгний хуулбар байж болохгүй.

  Хүн бусдыг бодохоосоо өмнө, бусдын төлөө амьдрахаасаа өмнө эхлээд өөрийгөө олж, өөрийгөө танин мэдэх хэрэгтэй. Өөрийгөө хайрлаж чаддаг, өөрийгөө таньж мэдсэн хүмүүс бусдыг маш сайн ойлгодгоос гадна хэн нэгэнд хэзээ ч гай болдоггүй. Хувь хүн нэг бүрийн үнэт зүйл, ухамсар, ёс суртахуун нийлж тухайн нийгмийн үнэт зүйл,ёс суртахууныг бий болгодог. Тиймээс хувь хүний хөгжил, төлөвшил гэдэг өөрөө нийгмийн хөгжил, цэцэглэлтийн үндэс юм.

  Нийгэм гэдэг зүйл нэг л өдөр сайн сайхан болдоггүй эсвэл хэн нэгэн мундаг хүн гарч ирээд улс орныг өөрчилдөггүй. Тухайн улс орны, нийгмийн хөгжил дэвшил нь хувь хүний мэдлэг боловсрол дээр тогтдог. Соён гэгээрлийн хөдөлгөөн тиймээс нийгмийн хамгийн жижиг хэсэг болох хувь хүний хөгжлөөс нийгмийн хөгжил шууд хамаарна гэсэн логикийг дэвшүүлж чадсанаараа хүн төрөлхтий түүхэнд хувьсгал болж чадсан.

  Соён гэгээрлийн хувьсгалын ачаар өнөөдрийн хүмүүнлэг,иргэний, ардчилсан нийгэм дэлхий ертөнцөд тогтож чадсан. Гэхдээ мэдээж бүх улс орон энэ өөрчлөлт, шинэчлэлтийг хөрсөндөө буулгаж чадаагүй, тэрний нэг нь манай Монгол улс юм. Монголд яагаад Соён гэгээрэл явагдаагүй вэ гэхлээр, дараах хүчин зүйлүүдийг дурдаж болно.

  • Шашинд инновац явагдаагүй
  • Уламжлалаа сохроор дагадаг
  • Мухар сүсэгт автсан
  • Шинжлэх ухааныг үнэлдэггүй

  Монгол улсад Соён гэгээрлийн үзэл санаанууд хойд хөршөөс тодорхой хэмжээнд орж ирсэн ч үзэл сурталд дарагдаад нутагшиж чадаагүй. Үүний дараагаар ардчилсан хувьсгалтай зэрэгцээд нийгэмд өрнөсөн шинэчлэлт өөрчлөлттэй хамт орж ирсэн ч хэн ч үнэлэхгүй байсаар буруу ойлгогдсоор өнөөдрийг хүрчээ. Бид соён гэгээрлийг шашины үэзл санаатай их хольдог, үнэндээ Соён гэгээрэл шашны эсрэг анхлан гарч ирсэн юм шүү дээ. Соён гэгээрэлд урлагийн үзэл санаанууд байдаг ч, дуу дуулаад, хөгжим тоглоод соён гэгээрсэн улс үндэстэн байхгүй.

  Соён гэгээрлийн хөдөлгөөнийг Монгол оронд эхлүүлэх цаг нь болсон. Болохгүй бүтэхгүй байгаа, худал хуурмагт автсан, эмх замбараагүй манай нийгмийг өөрчилж чадах цорын ганц хүчин зүйл бол Соён гэгээрэл билээ. Соён гэгээрэл гэдгийг холоос хайх эсвэл үүнээс зугтах хэрэггүй. Соён гэгээрнэ гэдэг хүн өөрийгөө өөрчилнө бас хөгжүүлнэ гэсэн үг. Соён гэгээрнэ гэдэг эргэлзэнэ, дахин дахин асууна, шүүмжинэ бас эргэцүүлнэ гэсэн үг. Соён гэгээрнэ гэдэг өөрийгөө танин мэднэ бас өөрийгөө танин мэдсэнээр бусдыг танин мэднэ гэсэн үг. Бусад яг над шиг хүсэл тэмүүлэлтэй, мөрөөдөлтэй бас хэн байхаасаа үл шалтгаалан бүх хүн адилхан үнэ цэнэтэй гэдгийг ойлгох хэрэгтэй.

Бид өөрчлөлт бас шинэчлэлийг холоос хайгаад хэрэггүй. Та өөрийгөө өөрчилж бас хөгжүүлж чадахаас хамаарч энэ улс орны хувь заяа шийдэгдэх болно. 

 

 

 

3 сэтгэгдэл


comment image

Зочин - 2019-12-07

Сайхан нийтлэл байна. Амжилт

103.57.94.170


comment image

Жаани - 2019-12-07

Час хийтэл сайхан бичжээ. Олон олон хүн уншиж ойлгоосой! Дараагийн нийтлэлийг чинь хүлээж байя! Амжилт!

212.95.5.172


comment image

Зочин - 2020-04-24

Таалагдаж байна шүү

66.181.161.5