УЛСЫН АВАРГА П.БҮРЭНТӨГС: ААВ МИНЬ ХҮҮГЭЭ ТЭНГЭРЭЭС ХАРСАН БАЙХ
urug.mnСэтгүүлч: Д.ГАНЗОРИГ
СПОРТ 3 сар, 2 долоо хоног өмнө

urug.mn

Үндэсний Их баяр нааадмд ес даван түрүүлсэн Монгол Улсын Аварга П.Бүрэнтөгсийн баярын сэтгэгдлийг хуваалцлаа.

Төрийн наадамдаа одтой сайхан барилдаж түрүүллээ. Наадамчин олонтойгоо сэтгэгдлээ хуваалцахгүй юу?

Төрт ёсны баяр наадам сайхан болж өндөрлөлөө. Цар тахлын үед ч гэлээ наадмаа амжилттай зохион байгууллаа. Монгол бөхийн ноён оргил Аварга хэмээх цолонд хүрсэндээ туйлын их баяртай байна. 

Таны олон жилийн хөдөлмөрийн үр шим гарлаа шүү дээ?

Тийм ээ. Бөхийн спортдоо хоёргүй сэтгэлээр зүтгэсний, 20 гаруй жил тууштай хичээллэсний  ач гавьяа ирж байна даа.  Спортын амжилт гэдэг цаг хугацааны асуудал байдаг. Намайг байнга дэмжиж байдаг, бөхөө хайрладаг Монголын ард түмэндээ баярлалаа гэж хэлье. Миний түрүү  бол та бүхний минь ач гавьяа шүү.

Бас нэг түүх яримаар байна. Аав минь 1992 онд Монгол Улсын анхны аварга болчин болж байсан. Өнгөрсөн жил бурхан болсон. 28 жилийн дараа аавынхаа аварга хэмээх цолыг хүртсэндээ баяртай байна. Аав минь хүүгээ тэнгэрээс харсан байх аа.

Нутгийн аваргатайгаа түрүү, үзүүр булаалдахаар гарч ирэхэд ямар мэдрэмж төрж байв?

Н.Батсуурь аваргатайгаа харгүй сайхан барилдлаа. Бид амьдрал дээр найзууд. Харин бөхийн спортдоо бол өрсөлдөгчид шүү дээ.

Өчигдөр танай нутгийнхан төв талбайдаа уухайлж, “Увс нуур” дуугаа дуулж байсан. Тэр их хүндлэлийг мэдрэхэд огших сэтгэл төрж байсан байх аа?

Тэгэлгүй яах вэ. Нутгийн бөхөө түрүүлэхэд Увс нуураа дуулдаг сайхан уламжлал тогтчихлоо шүү дээ. Энэ дашрамд, миний амжилтын ард байсан Увс нутгийнхандаа баярлалаа гэж хэлье.

Монгол бөхийн хийморь, торгон ногоон дэвжээний ээл ивээл, түмэн олны дэмжлэг  гэж сайхан юм даа?

Тийм ээ. Монголын ард түмний буян, Монгол бөхийн спортын ээл гэдэг сайхан. Олны түмний буян гэдэг ч хязгааргүй юм. Бөхийн спортыг сонгосондоо туйлын ихээр баярлаж байна.

Нийт наадамчиддаа, бөхөд хайртай Монголчууддаа хандаад та юу хэлэх вэ?

Монголын ард түмэндээ Ардын хувьсгалын 99 жилийн ойн баярын мэндийг хүргэе. Та бүхэн минь сайхан наадаарай.

 

1 сэтгэгдэл


comment image

Чинбат арчаагүй сда юу өгөв - 2020-07-14

Бүрэнтөгс сайн байлаа бэлтгэлч гарлаа өрлөө давлаа гээд түрүүлсэн Nissan , Toyota нар ч машинаа өглөө одоо Гацуурт ХХК Чинбат түрүүлсэн бөхдөө ядаж нэг приус ч гэсэн өгчихөөч баян луйварчин сда минь

203.221.124.51