Ц.ЖАРГАЛАНТУУЛ: ХОЁР, ГУРВАН НАСТАЙ ХҮҮХДИЙГ Ч ЦЭЦЭРЛЭГТ НЭМЭЛТЭЭР ЭЛСҮҮЛЭХГҮЙ
urug.mnСэтгүүлч: Д.ГАНЗОРИГ
НИЙГЭМ 1 долоо хоног, 6 өдөр өмнө

urug.mn

Ирэх хичээлийн жилд сургууль, цэцэрлэгийн бүртгэл хэрхэн явагдах, хичээл ямар байдлаар үргэлжлэх талаар Нийслэлийн боловсролын газрын хэлтсийн дарга Ц.Жаргалантуулаас тодрууллаа.

 

Ирэх хичээлийн жилд 2 настай хүүхдийг цэцэрлэгт хамруулахгүй гэх шийдвэрт иргэд бухимдалтай байна. Ямар үндэслэлээр ийм шийдвэр гаргасан юм бэ?

Коронавирусийн эрсдэлээс сэргийлэх зорилгоор ийм шийдвэр гаргалаа. Нэгдүгээрт, хоёр настай хүүхдийн дархлаа илүү сул байдаг учраас эцэг, эхийнхээ асрамжинд заавал байх ёстой гэж үзсэн. Нэгэнт Засгийн газар тогтоол гаргасан учраас бид хэрэгжүүлж ажиллана. Өмнө нь Нийслэлийн хэмжээнд 120 мянган хүүхэд цэцэрлэгт хамрагдаж байсан бол энэ жил 92 мянган хүүхэд цэцэрлэгт хамрагдах төлөвтэй байна. Ингэхдээ 5 настай хүүхдийг цэцэрлэгт бүрэн хамруулна. Сүүлийн гурван жил цэцэрлэгийн бүртгэл цахимаар явуулсан. Гэтэл энэ жил зөвхөн 5 настай хүүхдүүдийг элсүүлж байгаа учир бүртгэлийг цахимаар хийхгүй, уламжлалт аргаар хийхээр бэлтгэж байна.  Өмнө нь цэцэрлэгт хамрагдаж байсан хүүхдүүд харьяа цэцэрлэгтээ хэвийн хамрагдаад явна.

Тэгэхээр өмнө нь цэцэрлэгт хамрагдаж чадаагүй 3,4 настай хүүхдүүд ч элсэх боломжгүй гэсэн үг үү?

Тийм ээ. Зөвхөн 5 настай хүүхдийг л бүртгэнэ. Ингэх болсон бас нэг шалтгаан бол УОК-оос өгсөн чиглэлтэй холбоотой. Нэг ангид 20-иос дээшгүй хүүхэд хичээллэх ёстой.  Ингээд ирэхээр бүлгийн тоо нэмэгдэнэ. Олон анги хичээллэнэ, анги танхимын хүрэлцээний асуудал тулгарна. Энэ онцгой нөхцөлд эцэг эхчүүд үүнийг ойлгоосой гэж хүсч байна.

Бэлтгэл ажлыг хэрхэн хангаж байна вэ? Ер нь, Нийслэлд нийт хүүхдийн хичнээн хувь нь цэцэрлэгт хамрагддаг юм бэ?

Нийслэлийн хэмжээнд цэцэрлэгийн 3579 бүлэг ажиллаж байна. Нэг бүлэгт 20 хүүхэд хамрагдана гэж тооцвол, нэг бүлэгт 70 мянган хүүхэд хамруулж амжихаар байгаа юм.  Тиймээс бид зөвхөн 5 настай хүүхдээ авъя, анги бүлгийн хүрэлцээгээ боломжоороо нэмээд явъя гэж тооцож байна.  Өнөөдрийн байдлаар, цэцэрлэгийн хамран сургалт 80,2 хувьтай байна. Олон улсын жишгээр, хамгийн багадаа нийт хүүхдийн 85 хувийг цэцэрлэгт хамруулах нөхцөлийг бүрдүүлсэн байх ёстой гэж үздэг.

Хувийн хэвшлийн  цэцэрлэгүүдтэйгээ хүүхдүүдийг хамруулах боломжтой юу гэж эцэг эхчүүд асууж, бухимдаж байна.  Ийм боломж бий юу?

Бид энэ асуудлыг ярьж, судалж байна. Ажлын хэсэг гарсан. Хувийн цэцэрлэгт нөөц байх боломжтой. 25 хүүхдийн багтаамжтай ч 20 хүүхэд хамруулдаг цэцэрлэгүүд бий. Одоогоор судалж байна. Өмнө нь ч жилд 3 мянган хүүхдийг ийм байдлаар хамруулж байсан. Сүүлд авсан мэдээгээр, энэ хичээлийн жилд хувийн хэвшлийн 95 цэцэрлэгт 1900 орчим хүүхдийг хамруулах боломжтой байна.  Гэхдээ хүүхдүүдийг нэмж хувийн цэцэрлэгт хамруулах асуудлыг Засгийн газрын түвшинд хэлэлцэнэ.

Дэлгэрэнгүйг дээрх бичлэгээс хүлээн авч үзнэ үү.

 

2 сэтгэгдэл


comment image

Зочин - 2020-07-31

Жирийн үед ч сургууль цэцэрлэгийн хүрэлцээ муу нэг ангид стандартаас хэтэрсэн олон хүүхэд явдаг бсан одоо нэг ангид 20хүүхэд гэхээр анги багш хүрэлцэхгүй бгаагаар 2настай хүүхдүүдийг золиослож бна 3,4 настай хүүхдүүд ч гэсэн нэмэлт элсэлт авахгүй гэж бна энэ бүх хүүхэд сурч хөгжих эрх нь зөрчигдөж бна ядаж хүрэлцэхгүй бгаа бол хувийн цэцэрлэгтэй хамтарч хөнгөлөлттэйгээр сургаж болдоггүй юм уу. Эцэг эхчүүд энэ дээр санал нэгдэж хүрэлцээтэй сургууль ,цэцэрлэгтэй болмоор юм.

103.26.193.22


comment image

Зочинтуяа - 2020-08-02

2 болон 3 настай хүүхэдтэй өрх толгойлсон ганц бие ээжүүд яаж хүүхдүүдээ тэжээх вэ цалинтай ээжийн 50.000 өөр орлогогүй бгаа хүмүүсийг хэрхэн яаж шийдэх гэж бна вэ

66.181.161.24