УЛСТӨРЧИД ЭДИЙН ЗАСГАА "ХОРЛОХ" ТӨСВИЙН ТОДОТГОЛ БАТАЛНА
urug.mnСэтгүүлч: Д.ГАНЗОРИГ
ЭДИЙН ЗАСАГ 2 сар өмнө

urug.mn

urug.mn image

УИХ-аар төсвийн тодотголыг  өнөөдөр /2020.08.28/ эцэслэн батлахаар товтой байна. Өөрөөр хэлбэл, энэ онд төлөвлөсөн орлогоо бүрэн олж чадахгүйд хүрсэн тул шаардлагагүй зардлаа хасах хэрэгцээ тулгарч байна. Тэгвэл, төсвийн тодотголыг “улстөрийн шоу” хэмээн гишүүдийн дунд маргаан өрнөх болов. Үнэхээр ч, МАН УИХ-ын сонгуулиар ялахын тулд хэт үрэлгэн зардал гаргасныг бид санах ёстой. Энэ тухай УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж сануулж, шүүмжлээд үг хэлэх эрхээ хасуулж байсан нь саяхан.

 “Ковид-19” цар тахлын улмаас эдийн засаг хүндэрч байна. Ийм нөхцөлд хөшөө дурсгал барих зэрэг шаардлагагүй зардлуудаа хасаж, иргэдийн амьжиргааг дэмжих, ажлын байр бий болгоход зарцуулах хэрэгцээ тулгарсан. Гэтэл энэ удаагийн тодотголоор 4,8 их наяд төгрөгийн алдагдалтай төсвийг батлахаар оруулж иржээ. Хэрэггүй зардлаа хасахгүй байгаа нь эдийн засгаа хорлосон үйлдэл гэх шүүмжлэл ч өрнөж байна. Тухайлбал, УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн “4 их наяд 846 тэрбум төгрөгийн алдагдалтай төсөв батлах гэж байна. Бүх юмыг Коронавирус руу “чихээд” ийм их өр үйлдвэрлээд байвал 2016 оных шиг, дампуурлаа зарлахдаа тулсан хүнд байдал руу бид тулж очно” гэв. Харин УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж “МАН-ын сонгуулийн алдаа бол төсвийн тодотгол. Тэд алдаагаа засах гэж төсвийн тодотгол хийх гэж байна. Сонгуулиар халамж хавтгайруулсныхаа горыг амсаж байна” гэсэн юм.

Ийнхүү төсвийн тодотгол дагасан шүүмжлэл өрнөсөөр байна. Өнөөдрийн нөхцөлд, төсвөө тодотгох зайлшгүй шаардлага бий. Үүнийг ч Монголбанкнаас онцолсон. “КОВИД-19” цар тахал Монгол Улсын эдийн засагт  төлбөрийн тэнцэл, орлого, зээл гэсэн гурван сувгаар нөлөөлж байна. Тухайлбал, гадаад орчны экспорт нэмэгпэж, экспортын бүтээгдэхүүн, орлого буурснаас болж,энэ оны хоёрдугаар улиралд төлбөрийн тэнцэл 679,2 сая ам.долларын алдагдалтай гарсан” гэж тайлбарласан.Иймээс ч төсвийн тодотгол дээр төсвийн шаардлагагүй зардлуудыг танах, эдийн засгаа аврах, иргэдийн амьжиргааг бодолцох томоохон сорилт тулгарч байна.

 

 

0 сэтгэгдэл


Одоогоор сэтгэгдэл алга байна