Б. БУДЖАРГАЛ: МИНИЙ ЗОРИЛГО ХОЛЫН ЗАЙН ГҮЙЛТЭЭР ДЭЛХИЙН РЕКОРД ТОГТООХ
urug.mnСэтгүүлч: Urug.mn
НИЙГЭМ 1 долоо хоног, 2 өдөр өмнө

urug.mn

urug.mn image

Олон өдрийн гүйлтийн тамирчин Б. Буджаргал тэмцээний зардлаа олох зорилгоор хандивын аян өрнүүллээ. Тэрээр энэ оны 9 дүгээр сарын 20-нд Тайланд улсад болох 12 цагийн гүйлтийн тэмцээнд орохоор бэлдэж байгаа юм.

Тамирчин Б. Буджаргал нь 2020 оны 1-р сард  мөн Тайланд улсад болсон тэмцээнд оролцжээ. Харин корона вирусийн хөл хорионоос үүдэн эх орондоо ирж чадалгүй хүнд байдалд гацжээ. Энэ талаар ярихдаа, “Тайланд улсад ирээд 10-аад сар болж байна. Энэ хугацаанд бэлтгэл сургуулилтаа хийсээр байгаа. Мөн санхүүгийн асуудалтай их тулгарлаа. Түрээсийн байрнаас эхлээд хоол хүнс гээд хэцүү үе байсан ч элэг нэгт ахан дүүсийн ачаар түрээсийн байрны өрнөөсөө гарсан. Хандивын аян өрнүүлсний учир нь нэг тэмцээнд ороход  ойролцоогоор 20-30 сая төгрөгийн өртөгтэй байдаг. Өмнөх тэмцээнүүдэд оролцоход дэмжсэн байгууллагууд байсан ч өөрөө зардлаа гаргаад, өр зээл тавих ч удаа байсан. Харин энэ удаа цаг хүнд байгаа учраас хандивын аян өрнүүлж байгаа юм. Тэмцээнд оролцож амжилт гаргахад миний нэр гэхээс илүү улсын маань нэр гардаг болохоор бахархууштай санагддаг” гэв.

Б.Буджаргал нь 11 дүгээр сарын 16-нд АНУ-ын Флорида мужид болох зургаа хоногийн, ‪12 дугаар сарын 28-нд АНУ-ын Аризона мужид болох 10 хоногийн хэт холын зайн гүйлтийн тэмцээнд орох төлөвлөгөөтэй байгаа юм.  Тэрээр тив дэлхий, олон улсын чанартай есөн удаагийн хэт холын зайн гүйлтийн тэмцээнд оролцсноос дөрөвт нь амжилт үзүүлжээ.  

Тамирчин Б. Буджаргалаас цөөн хэдэн зүйлийг тодрууллаа.

-Анх яагаад гүйлтийн спортоор хичээллэх болсон бэ?

-Би хүүхэд байхдаа хөдөө гэрээсээ аймгийн төв рүү гүйчихдэг байсан. Мал хариулж өссөн болохоор гүйж харайхдаа сурамгай байсан хэрэг. Арван жилийн сургуулийн тэмцээнд их оролцдог байлаа. Амжилт ч их гаргадаг байсан.

-Гүйлтийн спортоор хичээллээд хэр удаж байна вэ?

-20 гаруй жил болж байна. Харин олон өдрийн гүйлтийн төрлөөр хичээллээд 10 гаруй жил боллоо. Энэ хөдөлмөрийнхөө үр дүнг амжилтаараа үнэлдэг. Миний туйлын зорилго  хэт холын зайн гүйлтээр дэлхийн рекордыг шинээр тогтоох явдал юм.

-Тайланд улсад байрлах Монголын элчин сайдын яамнаас таныг дэмжиж байна уу? та хандаж үзсэн үү?

-Энд байрлах Монголын элчин сайдын яамнаас надтай холбогдсон. Тэмцээнд оролцохоор бол дэмжиж ажиллана гэдгээ хэлсэн. Мөн тамирчдыг ивээн тэтгэгч байгууллагатай хамтарч ажиллах тухай бид ярилцсан.

 

 

0 сэтгэгдэл


Одоогоор сэтгэгдэл алга байна