Т. ГАЛСАН: НОМ ХЭМЭЭХ ДӨРВӨЛЖИН НАР БИДНИЙГ ДОТРООС НЬ ГЭРЭЛТҮҮЛДЭГ
urug.mnСэтгүүлч: Urug.mn
НИЙГЭМ 1 сар өмнө

urug.mn

urug.mn image

Гурван өдөр дараалан Улаанбаатар хотын төв талбайд болсон “Номын баяр-2020” өдөрлөгт оролцсон Монгол Улсын Ардын Уран Зохиолч, "Болор цом"-ын эзэн, яруу найрагч Тангадын Галсантай уулзаж, цөөн хэдэн асуултад хариулт авч амжлаа. 

Энэ жилийн номын баяр урд өмнө жилүүдээс юугаараа онцлог байна вэ?

Дэлхий даяар гахай жилийн гаж тахал дэгдээд бүх юм хөл хориотой үед энэ ном эрдэм, соёл урлагийн  бүх ажил хаалттай байдалд орсон. Аз болоход Монгол улс маань гаж тахлыг тархаалгүй, анагаан намнаж чадаж байгаагийн буянаар намрын дунд сарын энэ сайхан өдөр бид номын баярыг хийж байна. Үүгээрээ энэ жилийн номын баяр өмнөх жилүүдээс дэндүү ялгаатай юм. Бусад орны хувьд номын баярыг хийж чадахгүй түгшүүрийн байдалтай байгаа. 

Таны бодлоор өнөөгийн залуучууд номонд хэр хайртай байна вэ?

Ерөөсөө манай Монгол бол дорно дахины номт таван гүрний нэг. Нэг хэсэг хүмүүс юм эрж байсан бол одоо ном эрдэг болсон байна. Тэтгэврийн өвгөн тэтгэврийн мөнгөөрөө шуудай ном надаас аваад явж байна. Энэ нь юу вэ гэхээр тэр өвгөн гэртээ очоод үр хүүхдэдээ элдэв янзын эд зүйлс биш ухаан, сэтгэлд нь шингэх уран үгсээр чуулсан оюуны их хоол  авч очиж байгаа юм. Бурам бол идээд дуусдаг. Бэлэг бол хэрэглээд дуусдаг. Тэгэхэд ном бол тэр айлд мөнхийн үнэлэгдэж байдаг аугаа их соёл юм. Манай ард түмэн өөрсдөө даалимба хөдөс өмсдөг. Үр ач нараа нэхийнд өлгийддөг атлаа номыг торгоор баринтаглаж дээдэлдэг.

Номыг та ямар нэг зүйлтэй зүйрлэвэл юу гэх вэ?

Ном бол хүний бүтээсэн нар юм шүү дээ. Тэнгэрийн нар бол орчлонг гаднаас нь гэрэлтүүлдэг. Харин энэ хүний бүтээсэн дөрвөлжин нар биднийг дотроос нь гэрэлтүүлдэг.

Өнөөдрийн энэхүү асартаа авчирсан бүтээлээс танилцуулаач?

Дэмий балай юм цагаан цаасан дээр эрээччихээд хүнд авчрах юм бол хэнд ч хэрэг болохгүй. Ард түмнийхээ эртний сайхан соёл уламжлалыг хойч үедээ өвлүүлэн үлдээх ёстой. Үүнийг ялангуяа настан бид хийх хэрэгтэй. Би билэг үгийн хоёр боть ном авчирлаа. Монгол хүн амныхаа билгээр хүнийг баярлуулдаг. Амны билэг нь ашдын билэг болж хүнийг хөгжүүлдэг учиртай. Билэг үг гэдэг нь ерөөлийн гурван бүтцийн гурав дахь нь байгаа юм. Жишээ нь сургуульд орж байгаа хүүхдэд, “эрдэмтэн Дамдинсүрэн шиг эрдмийн далай болоорой гэж хэлэх нь хүүхдэд түмэн төгрөг өгснөөс илүү юм.

Номын өдөрлөгт Б. Сумьяабазар профессорийн “Монголын нууц товчооны иж судалгаа” гэх 2262 хуудаст бүтээл дөнгөж хэвлэлтээс гараад уншигчдын хүртээл боллоо. Энэ талаар утга зохиол судлаач Х. Чойдогжамц , “Энэ жилийн номын баяр маш өргөн дэлгэр болж байна. Ялангуяа энэ жил их олон хэвлэлийн байгууллага, зохиолч уран бүтээлчид шинээр нэмэгджээ. Бүх асрууд дор хаяж 2-3 шинэ бүтээлтэй уншигчидтайгаа золгож байна. Жилээс жил ирэх тусам номонд зорьж ирсэн уншигчдаар бялхаж буй оюуны соёлыг түгээсэн маш цогц арга хэмжээ болж байна. Бидний асарт эрдэмтэн профессор  Б. Сумьяабазар “Монголын нууц товчооны иж судалгаа” гэх 2262 хуудастай бүтээлийг дөнгөж өнөөдөр хэвлэлтээс гаргаад уншигчдадаа танилцуулж байна. Энэхүү бүтээл нь Б. Сумьяабазар профессорийн нэгэн жарны нөр их хөдөлмөрийн үр шим билээ” гэв.   

 

 

0 сэтгэгдэл


Одоогоор сэтгэгдэл алга байна