СЭТГЭЛ ЗҮЙЧ: ХҮЧИРХИЙЛЭЛД ӨРТСӨН Ч ЭМЭГТЭЙЧҮҮД ЯАГААД САЛЖ ЧАДДАГГҮЙ ВЭ?
urug.mnСэтгүүлч: Urug.mn
НИЙГЭМ 4 долоо хоног өмнө

urug.mn

urug.mn image

Гэр бүлийн хүчирхийллийн хохирогч нь дийлэнхдээ эмэгтэйчүүд байдаг. Үүнийг олон судалгаанаас харж болно, амьдрал дээр ч илхэн байгаа асуудал. Цагдаагийн Ерөнхий Газрын 2019 оны эхний 4 сарын гэмт хэргийн тайланд 486 гэр бүлийн хүчирхийлэл бүртгэгджээ.

Тэгвэл, эмэгтэйчүүд яагаад хүчирхийлэлт орчноос салаад явчихдаггүй вэ? Гаднаас нь дүгнэхэд, шүүмжлэхэд амархан л даа. “Тэгээд салчихгүй яасан юм”, “хүүхдүүдээ ийм орчинд амьдруулж байх гэж”, “өөрөө л ийм амьдрал сонгосон” гэх мэт элдвээр бид ярьдаг. Энэ бол хохирогчийг буруутгаж буй хандлага юм. Хүчирхийлэгч гэхээр, гаднаас нь харахад “муухай амьтан” байх албагүй, “цэвэрхэн”, боловсролтой, нэр хүндтэй, олонтой харицаж чаддаг нэгэн ч байна. Ийм хүнээс тийм авир гардаг гэдэгт хэн ч итгэхгүй. Энэ тохиолдолд, нийгэм үл итгэж, бас л хохирогч буруутгагдах магадлалтай. Хүчирхийлэл гэхээр зөвхөн бие махбодийн буюу зодох, яргалах гэх мэт биеийн махбодийн асуудал биш юм. (Гэр бүлийн хүчирхийллийн талаар дэлгэрэнгүй эндээс уншаарай).

“Эмэгтэйчүүд яагаад хүчирхийлэлт орчноос салж чаддаггүй вэ?” гэвэл, үүнд маш олон хүчин зүйлс нөлөөлж байдаг. Бидний харж, хэлж байгаа шиг тийм ч амархан шийдвэр биш. Тухайн эмэгтэй шийдвэр гаргахын тулд олон зүйлсийг тооцоолох ёстой болдог юм. Өөрөөр хэлбэл, амьдралын талаар дараах асуудлуудад хүлээтэй байдаг гэсэн үг:

-Хүүхэд: Хүүхдээ өнчрүүлэхгүй байх, “элэг бүтэн” байлгахыг хүсэх, хойд эцэгтэй болгохгүй байх…

-Ахуй, амьдрал: орон байргүй болох, тэжэээгчээ алдахгүй байх, бие даан ганцаараа өрх гэрээ авч явах чадваргүй болох вий гэдгээс айх. Хүний хамгийн наад захын хэрэгцээ бол аюулгүй тайван орон байр. Өөрийгөө болон хүүхдээ орон байргүй болгох вий гэхээс айх.

Санхүү: Зарим эмэгтэйчүүд өөрийн гэсэн орлогогүйн (албан ажил эрхэлдэггүй, бүхий л амьдрал/цагаа гэр бүлдээ зориулсан) улмаас хараат байдаг тул бие даан тусдаа амьдрах шийдэлд хүрэхээс айх. Өөрөөсөө гадна хүүхдийн хоол унд, хувцас, бичиг хэрэгсэл гэх мэт амьдралын нэн хэрэгцээт хэрэглээг салсаны дараа хэрхэх талаар бодоход найдваргүй мэт санагдах. Хэрэв тухайн эмэгтэй албан боловсрол, мэргэжилгүй бол бүр хүнд нөхцөлд байна гэсэн үг юм.

Сэтгэл зүйн түвшинд: өөртөө итгэх итгэл доогуур байх, ирээдүйгээ бодохоос айх…

Нийгэм, соёлын хүрээнд:гэр бүл болон нөхөрийнхөө нэр хүндийг унагахаас айх, найз нөхөд гэр бүлийнхэн, нийгмээс ирэх шүүмжээс айх гэх мэт өөр олон дарамт. Хэдий хүчирхийлэлтэй байсан ч салах, орхиод явахад хүний нүдэнд харагддагүй олон хүчин зүйлс байгаа биз?! Бидний хэд нь яг эдгээрийг тухайн эмэгтэйн өмнөөс боддог вэ?

Дээрх асуудлууд ихэвчилэн гаднаас буюу нөхөр, хамтрагч ба тэдний гэр бүлийнхнээс байнга хэлдэг тул тухайн эмэгтэй түүний хэлсэнд итгэн “нээрээ л би яаж ганцаараа амьдрах вэ, би бие дааж амьдарч чадахгүй…” гэх мэт үгэнд автан өөртөө итгэх итгэл унасан байх нь элбэг.

Сэтгэл зүйн хувьд шийдвэр гаргахад маш хэцүү. Яагаад гэвэл тухайн хүчирхийлэгч нь нэг бол уурлаж аймаар дүрд орж, эсвэл хамгийн сайхан ааштай, элдэв янзаар хайраа илэрхийлсэн нэгэн болон хувирдаг. Энэхүү хүчирхийллийн тойрог дунд эмэгтэйчүүд, хүүхдүүд байнгын түгшилт, айсан, гайхсан, итгэх эс итгэхийн хооронд өдөр хоногийг өнгөрүүлж байдаг. Олон ч өдөр, сараар энэ тойргийн давтамж өнгөрөх магадлалтай. Хайртай ч юм шиг, хайргүй ч юм шиг.

Айдас бол үнэхээр бодит:“Чи надгүйгээр амьдарч чадахгүй”, “чамайг хэн ч тоохгүй”, “чи надгүйгээр хэн ч биш”, “надаас салвал би чамайг ална шүү”, “танай гэр бүлийнхийг ална шүү”, “хүүхдийг чинь ална шүү” гэх зэрэг тоо томшгүй заналхийлэл, доромжлол, дайралт дунд амьдарч байгаа эмэгтэй хэрхэн яаж салах, орхин явах тухай бодож амжих, бодож зүрхлэх вэ? Ийм амьдрал дунд зөвхөн өөрийгөө болон хүүхдээ яажшуухан аюулгүй, амьд байлгах тухай л бодно. Ийнхүү, хүчирхийлэлд амьдарч буй эмэгтэйчүүд, ямар нэгэн аргаар, хором бүрийг даван туулж амьдарч байдаг юм.

Өөрөөр хэлбэл, тохиолдож буй асуудал тус бүрт дүн шинжилгээ хийж өөрийгөө, үр хүүхдээ эрүүл аюулгүй орчинд амьдруулахын тулд учирч болох эрсдэл, хохиролыг тооцоолж, хугацаа алддаг бөгөөд энэ бүхнийг бие махбодийн болон сэтгэл зүйн тэсвэр тэвчээр гаргаж даван туулдаг. Даван туулах үйл явц өөрт нь болоод хүүхдэд маш эрсдэлтэй. Салахгүй байхад дээр дурьдсан хүчин зүйлс нөлөөлөхөөс гадна тухайн эр хүнийг өөрчлөгдөх байх гэж итгэх, горьдох, цаашид хамтын амьдралаа сайхан болно гэсэн хамтын хариуцлагаа ухамсарласан түүний гүйцэлдүүлэх хүсэл ч бас бий.

Тиймээс салах, орхиод явах гэдэг шийдэл нь ярвигтай, төвөгтэй удаан хугацааны үйл явц юм. Орхих шийдвэрт хүрэхийн тулд эхлээд оюун санаа, сэтгэл зүй түвшинд бэлэн болж байж төлөвлөгөө гаргаж эхэлнэ. Мэдээж салах төлөвлөгөөг гаргахын тулд дээр дурдсан олон зүйлсийг тунгаах шаардлагатай. Энэ үйл явц нь хууль эрхзүйн хүрээнд ч мөн удаан үргэлжилнэ. Эмэгтэйд ихэд төвөгтэй санагдана, ажил амьдралаа зохицуулах нэмэлт ачаалал ирнэ. Өөрийн болон хүүхдийн сэтгэл зүйн, бие махбодийн аюулгүй байдлаас гадна эцэг эх байх хариуцлага, орлого олох, орон байр гэх мэтийг мөн төлөвлөх хэрэгтэй болно.

Зарим эмэгтэйчүүдийн хувьд бага насандаа гэр бүлийн хүчирхийлэл дунд амьдарсан байдаг тул эрүүл аюулгүй харилцаа гэж байдгийг мэдэхгүй байх магадлалтай. Манайх ийм л байсан, хүмүүс хоорондоо ингэж л харилцдаг юм байна гэсэн ойлголттой болсон байдаг гэсэн үг. Үүнээс гадна, бидэнд шингэсэн байдаг нийгмийн хэвшмэл ойлголт, эцгийн эрхт тогтолцооны дүрэм, хүлээлтүүд ч бас нөлөөлж байгаа.

Цаг хугацаа өнгөрөхөд, эмэгтэйчүүд өөрийгөө нийгмээс тусгаарлаж, найз нөхөд, гэр бүлийн холбоогоо бага багаар тасалсаар л байдаг. Үүнд ихэвчилэн нөхөр, хамтрагчаас хэлж буй үгс үйлдэл маш чухал нөлөө үзүүлнэ. Хүрээллээсээ айж буй хүн мэдээж ичнэ, санаа нь зовно. Хүчирхийлэгч ихэнхдээ эмэгтэйг буруутгадаг учраас энэ бүх зүйлийг өөрийнхөө буруу л гэж бодно. Тухайлбал “чиний тэр найз чинь чамайг тэгж уруу татдаг, тэр чинь ийм тийм”, “чи тэрэнтэй уулзвал би чамайг ингэнэ шүү, тэгнэ шүү”, “чи намайг сонгох уу, тэрийг сонгох уу”, “танайхан бол ингэдэг тэгдэг”, “чамайг танайхан тоодоггүй биз дээ” гэх мэт олон төрлийн өөрийн хяналтандаа байлгах шалтагуудыг бага багаар хэлж эмэгтэйг найзууд болон гэр бүлийнхнээс нь холдуулсаар л байдаг. Хүчирхийлэлт амьдралаа олон нийтэд мэдэгдэхгүйн тулд, хэн ч надад туслаж чадахгүй гэж боддогоос, хүчирхийлэгч нь найз нөхөд, гэр бүлийнхийг нь муулж, холбоотой байхыг нь зөвшөөрдөггүйн улмаас энэ харилцаагаа нуун дарагдуулахын тулд, аажмаар тусгаарлагдсаар эцэс сүүлдээ бараг ганцаараа үлддэг.

Иймээс бид, салсан ч бай салаагүй ч бай гэр бүлийн хүчирхийллийн хохирогч эмэгтэйг буруутгахаа болих хэрэгтэй байна. Салвал, энэ эмэгтэй өөрөө ийм тийм, өөрөө л хичээх, тэсэх хэрэгтэй байсан юм, хүүхдээ бодох хэрэгтэй байсан юм гэцгээнэ. Салахгүй хүчирхийлэлт орчиндоо байвал, салахгүй яасан юм, зөвхөн өөрийгөө л бодлоо гэх мэт олон талаас нь шүүмжилдгээ больж ТА өөрийгөө тухайн хүний оронд тавиад үзээрэй. Танд тийм амар байх байсан уу? Шийдвэр гаргах үйл явц бидний бодож байгаа шиг тийм ч амар биш юм.

Энэ хүртэл нь уншсан та, ойр дотны нэгэн чинь гэр бүлийн хүчирхийллийн хохирогч, даван туулагч гэдгийг мэдсэн бол түүнийг буруутгахаасаа өмнө ярилцаад, өөрөө номлохоосоо илүү, түүнийг сайн сонсоорой. Мэргэжлийн зөвлөгөө авахад нь туслаарай.

0 сэтгэгдэл


Одоогоор сэтгэгдэл алга байна