Б.ГАНХУЯГ: ТАВАН ТОЛГОЙ ОРДЫГ ЦОГЦООР НЬ ХӨГЖҮҮЛБЭЛ 9000 ХҮН АЖЛЫН БАЙРТАЙ БОЛНО
urug.mnСэтгүүлч: Б.БОЛОРЧИМЭГ
ЭДИЙН ЗАСАГ 1 сар, 2 долоо хоног өмнө

urug.mn

 

 

“Өрөг” бизнесийн нэвтрүүлэг энэ удаа “Эрдэнэс Таван Толгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуягтай ярилцлаа.

Иргэдэд өөрсдийнх нь өмчит компаниас анх удаа мөнгөн хэлбэрээр ногдол ашиг тараалаа. Энэ үйл явдлын ард сэтгэгдэл ямар байна? Сүүлийн хоёр гурван жил ашигтай ажиллаад байна гэж яригдсан боловч мөнгөн хэлбэрээр ашгаа өгөөгүй.

Манай хамт олон болон “Эрдэнэс Таван Толгой” төслийг эхлүүлсэн маш олон хүний хичээл зүтгэл, энэ шийдвэрийг гаргасан хүмүүсийн үр дүн олон жилийн дараа илэрч байгаа нь энэ. Миний хувьд бол мөрөөдөл байсан. Ер нь 1072 хувьцааг эдийн засгийн агуулгаар нь хөгжүүлэх юмсан гэсэн хамгийн том сонирхол, хамгийн том эрмэлзэл хувь хүний хувьд надад байсан.

Ахмадуудад тараасан мөнгө, шинэ гэрлэсэн хосуудад өгсөн мөнгө зэрэг халамж хэлбэрээр тараасан бүх мөнгө Эрдэнэс Таван Толгой ХК дээр өр болж үлдсэн. Чалко компаниас авсан 350 сая долларын урьдчилгаа төлбөр, Хөгжлийн банкнаас 200 сая доллар гээд 550 сая доллар түүний хүү, хүүгийн хүү бүгдийг нь “Эрдэнэс Таван Толгой” компани дарсан.

1072 хувьцаа анх гарсан өдрөөсөө эхлээд улс төрийн хувьцаа байсан, улс төрийн нэртэй тоо болж хувирсан. Иргэдэд олгосон сонгуулийн сая төгрөг, хүүхдийн 21 мянган төгрөгний анхны төсөв, ахмадууд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд өгсөн сая төгрөг 1072 хувьцаатай холбоотойгоор “Эрдэнэс Таван Толгой” компаниас санхүүжиж явсан. Оюутнуудад болон шинээр гэр бүл болсон хосуудад 500 мянган төгрөг үүнд явж л байсан. Цаашилбал 2016 онд сайн хувьцаа гээд иргэдээс хувьцааг нь худалдаж авсан. Энэ бүх зүйл эдийн засгийн агуулгаар тавьсан нэртэй цаад утга нь дандаа улс төрийн санал, улс төрд нөлөөлөх ийм акцууд байсан.

“Эрдэнэс Таван Толгой” ХК2017 оноос хойш ашигтай ажилласан гэдэг. 2017 оноос хойш өнөөдрийг хүртэлх ашгийг өр дарсан гэж ам тагладаг. Тэгэхээр энэ өр бол иргэдэд халамж хэлбэрээр тараагдсан мөнгө юмаа гэж та хэлэх гээд байна уу?

Ерөөсөө л тийм.Чалко компаниас 350 сая долларын урьдчилгаа төлбөр авсан. Хөгжлийн банкнаас 200 сая доллар. Ингээд 550 сая доллар түүний хүү, хүүгийн хүү бүгдийг нь “Эрдэнэс Таван Толгой” компани дарсан. Энэ 550 сая доллар компани руу буюу бизнесийн хөгжил рүү ороогүй. Хаашаа орсон гэхээр нийгмийн бэлэнчлэх сэтгэлгээг тэжээх халамжийн мөнгө болсон. Дээрээс нь Засгийн газар хоёр ч удаа татварын урьдчилгаа маягаар энэ компаниас мөнгө татаж байсан. Мөн хувийн компани дээр байсан Таван толгой Гашуун Сухайтын чиглэлийн авто замыг энэ компаниар өр тавиулаад мөнгийг нь төлүүлж байсан зэрэг дандаа улс төрийн шийдвэрээр, улс төрийн хүрээнд бизнесээ төлөвлөж чадахгүйгээр хараат бусаар үйл ажиллагаа явуулж байсан.

2016 оноос хойш байсан эрх барьж байгаа Засгийн газар харин ийм системээс татгалзсан. Бизнес дээр ч Төр сайн менежер гэдгийг харуулах ёстой. Харуулахдаа хараат бусаар ажиллах боломжийг нь энэ компанид олгож байна. Оролцохоо больсон учраас 2017 оноос хойш бид ямар нэг төрийн шийдвэргүйгээр, зөвхөн ашигтай ажиллахын төлөөх бизнесийн зарчмаар явж байна.

Одоо бол бид Төрийн оролцоогүйгээр, бизнес зарчмаараа ажиллаж байна                                                      

     Санхүүгийн хүнд үе гээд одоо хүүхэд бүрд 100 мянган төгрөг тарааж байгаа. Энэ дараа нь танай дээр өр болж үлдэх үү?        Энэ манайд хамааралгүй.

     Гэхдээ дараа нь сан нь хоосроод өрөнд орчихоороо танайхаас аваад төлчихдөг юм биш үү? Та нар төрөөс хараат                 бусаар ажиллаж чадах уу?

     2016 оноос хойш улс төр, бизнес хоёрыг салгаж явах ёстой гэсэн зарчмаар ажиллаж байна. Өмнө нь бол өр дарах зохион                  байгуулалттай ажиллаж байсан нь үнэн. Засгийн газар өнгөрсөн долдугаар сард Эрдэнэт үйлдвэрийн үйл ажиллагааны үндсэн ч     чиглэлийг баталж өгсөн. “Эрдэнэс Таван Толгой” ХК-ийн буюу Таван Толгойн ордыг цогцоор нь хөгжүүлэх гадаргын ерөнхий              төлөвлөгөө, бизнес төлөвлөгөөний үндсэн чиглэлийг баталж өгч байна. Энд зөвхөн та нар энэ төслүүдийг хийгээд ашигтай ажиллуул. Энэ ашгаараа бусад төслүүдээ санхүүжүүлээд, энд маш том хэмжээний үйлдвэрлэл технологи, хагас болон бүтэн боловсруулсан нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн хийлгэх парк зохион байгуулах гэдэг үүргийг бидэнд өгч байна. Энэ бол бизнес. Энэ компанийн 87%-ийг төр өөрөө эзэмшиж байгаа учраас “Эрдэнэс Таван Толгой” компанийг бизнес талаас хараат бусаар ашигтай ажиллуулах нь төрд өөрт нь ч ашигтай.

Корона вирусээс болж нүүрсний тээвэр эрс багасаж, манай төсвийн орлого бүрдэхэд хүндрэл учирлаа. Одоо ер нь              тээвэрлэлт ямар байна? Нэмэгдлээ гэсэн мэдээллүүд гараад байсан. Энэ оны төлөвлөгөөндөө хүрч чадахаар байгаа юу?

Зургадугаар сарын 10 хүртэл байдал хүнд байсан. Орлого 71%-иар тасарсан. 6-р сарын 10-наас хойш нөхцөл байдал харьцангуй      гайгүй болж, наймдугаар сараас хэвийн нөхцөл байдалд орсон. Есдүгээр сараас экспортын дамжин өнгөрөх чадвар яг өмнөх          буюу өмнөхөөсөө 15-16 хувира илүү явж байна. Тэгэхээр байдал хэвийн нөхцөлд орсон, харин төлөвлөгөөгөө нөхөх боломжийг         бидэнд өгч байна гэж харж болно.

Нүүрсний тээвэрлэлт ярихаар бид төмөр замтай байсан бол гэдэг харамсал ярьдаг. Төмөр замгүйгээс болоод өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд таван тэрбум ам.доллар алдсан байна гэж УИХ дарга саяхан ярьж байсан. Харамсаад л яриад байна. Ер нь төмөр замын асуудлыг яг одоо 50, 50 км барьчихсан байгаа шигээ өнгөрсөн 10 жилийн хугацаанд шийдвэрлэж болоогүй юм уу?

2018 оноос шийдэж эхэлсэн. Тэгээд төсөв, гэрээний ажил 2019 онд эхэлсэн.

Шийдэж чадаагүй нөхцөл байдлаа улс төржилт гэж ам тагладаг. Энэ улс төржилт гэдгийн цаана нь яг юу байдаг юм бэ?

Улс төрийн шийдвэрээр ажил яваагүй гэдэг нь үнэн. Энэ бол цагаан дээр хараар бичигдсэн зүйл. Мөн улс төрөөс гадна өөр олон асуудал энэ компанийг зовоож байсан нь ч үнэн. 2014-2015 оны Эдийн засгийн маш том уналтын жилүүд тохиож байлаа. Нүүрсний үнэ нилээн унасан. Худалдаж авахад Цагаан хадан дээр 25 доллар хүрэхгүй байсан үе байгаа. Ажилчдынхаа цалинг тавьж чадахгүй байх хэмжээний хямралд өртсөн тохиолдлууд байсан зэрэг санхүүжилтын асуудал хэцүү байсан. Мэдээж улс төрийн үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн албан тушаалтнууд нэгдсэн байр суурьтай болж чадаагүй удсан нь гол асуудал юм. Төмөр замаа хааш нь явуулах вэ, нарийн цариг байх уу, өргөн цариг байх уу гэдэг асуудал дээр олон жил маргаж бизнесийг гацаасан.

Та энэ компанийг яг бизнес талаас нь удирдаж байгаа хүний хувьд тэдэн жилийн өмнө төмөр зам барих боломжтой байсан даа гэсэн харамсал байдаг уу?

Улс төрийнхөө дотоод зөрчлийг тухайн үед төрийн өндөр албан тушаалтнууд ойлголцоод, төмөр зам нь Монгол улсын ирээдүйн хөгжлийн суурь юм гэдгийг хараад нэгдсэн ойлголттой болж чадсан бол дор хаяж таван жил хэмнэх байсан.

Таван жилийн өмнө төмөр замтай болчихсон байх боломж байсан. Таван жилийн өмнөөс үргэжилсэн бол саяын 2017-2018 оны орлого 2-2,5 дахин өсөх боломжтой байсан. Мөнгөн урсгалын хувьд ийм боломж байсан гэсэн үг.

Цаагуураа бол энэ шийдвэрийг гаргах нь геополитик, гео эдийн засаг зэрэг олон зүйлээс хамаардаг учраас ээдрээтэй нарийн асуудал олон байсан юм байна гэдгийг хүлээн зөвшөөрдөг.

 

Гэрэл зургийг MPA

Одоо энэ хоёр чиглэлийн төмөр замын санхүүжилтийг яаж шийдэж байгаа вэ? Нүүрсний борлуулалтын эрх өгөөд, тухайн компани танайхаас авсан нүүрсээ өөрсдөө борлуулаад санхүүжилтээ шийдэж байгаа гэж үнэн үү?

Хоёр төмөр замыг бид 2019 онд эхлүүлсэн. Таван толгой - Зүүн баянгийн төмөр зам бол стратегийн өндөр ач холбогдолтой төмөр зам. Нэгт нь мэдээж олон гарц бий болно. Одоо бол зөвхөн Таван толгой - Гашуун Сухайт гэдэг гарцаар нэг замаар ганцхан шугамаар гарч байна. Манай эдийн засгийн бүх зангилаа тэнд боогдож байна.

Таван толгой – Зүүн баянгийн зам бий болсноор гурван шинэ гарц бий болно:

  1. Энэ зам төмөр замын төв магистралтай холбогдоно. Төв магистралтайгаа холбогдсноор ОХУ болон бусад гуравдагч зах зээлд нийлүүлэх боломж нь бүрдэх юм. Эдийн засгийн хувьд бол өрсөлдөх чадварыг 4-5 дахин нэмэгдүүлж байгаа.
  2. Эдийн засаг тэлэх маш том боломж. Говьд усны асуудал манш хүнд. Усны асуудлыг шийдвэрлэхэд энэ Таван толгой - Зүүн баянгийн чиглэлээр явснаар хагас боловсруулсан болон бүтэн боловсруулсан, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн, шууд борлуулах боломжтой бүтээгдэхүүн бий болж, хэд дахин нэмүү өртөг шингэсэн, хэд дахин өндөр үнээр зарах эдийн засаг тэлэх боломж үүсч байгаа юм.
  3. Стратегийн хувьд бол мэдээж хоёр хөрштэйгөө шууд холбогдох геополитикийн асуудал боломжууд зөндөө байна. Давуу талууд олон. Санхүүжилтын хувьд би өөрсдөө шууд санхүүжүүлж байгаа.

Өөрсдөө нүүрсээ борлуулаад, борлуулсан орлогоороо тухайн компаниа санхүүжүүлж байна гэсэн үг үү?

Өөрөөр хэлбэл манай компани өөрийнхөө санхүүгийн чадавхид тулгуурлаад хөрөнгө оруулалт хийж байна. Эхний 750 тэрбумыг бүрэн санхүүжүүлж дууссан. Тусгай чиг үүргийн компани байгуулагдсан тохиолдолд бид хувь оролцоогоо тодорхой болгоод дараагийн шатны техник эдийн засгийн үндэслэлд дурдсаны дагуу ажлын гүйцэтгэлд хамаарах санхүүжилт хийхэд бэлэн. Компани өөрөө санхүүжүүлнэ.

Тухайн гүйцэтгэл хийж байгаа компанид нүүрс өгөөд тухайн компани цааш борлуулах нь нүүрсний үнийг үнэгүйдүүлж байгаа санхүүжилт болж байна уу гэсэн хардлага яваад байсан?

Таван толгой – Зүүн Баян чиглэлийн төмөр замаас гадна Таван толгой - Гашуун Сухайтын төмөр зам мөн 50 км баригдчихсан байна. Энд бол манай Таван толгой төмөр зам гээд Эрдэнэс Таван толгой компани 66% хувьцааг эзэмшдэг ийм компани ажилладаг. Энэ компани бол төмөр замын тусгай чиг үүргийн компани. Энэ компани хариуцаж үйл ажиллагаагаа явуулж байгаа. Энэ дээр бол обтек гэрээ явж байгаа. Обтек гэрээ бол тодорхой тоотой, хэмжээтэй. Тэр хэмжээнээс манайх илүү олборлодог учраас манайд эрсдэлгүй хэлбэрээр энэ гэрээ явж байгаа. Энд 986 сая ам.долларын санхүүжилтийг хийх ажлыг ямар нэгэн байдлаар саадгүй зохион байгуулаад явж байна. Эхний санхүүжилтийг бид өөрийн санхүүжилтээр хийсэн. 110 сая долларыг 2019 онд.Дараагийн санхүүжилтийг обтек гэрээний хүрээнд цаад худалдан авагч компанитай манайх давхар гэрээ байгуулах замаар хийнэ. Өөрөөр хэлбэл өөрсдийн үнийн эрсдэлд орохгүй, үнийн бодлого уналтад орохгүй хэлбэрээр зохион байгуулж явж байгаа.

Таван толгой - Гашуун Сухайт чиглэлийн төмөр замын ерөнхий гүйцэтгэгчээр “Бодь Интернэйшинл” ажиллаж байгаа. “Бодь Интернэшнл” компанийг яаж сонгон шалгаруулж авсан бэ? Тендер зарласан уу? Сонгон шалгаруулалт шударга явагдсан уу?

Таван толгой -Гашуун Сухайт чиглэлийн төмөр замыг ямар компаниар гүйцэтгүүлэх вэ гэдэг ажил бол олон жилийн хугацаанд яригдаж, сонгон шалгаруулалт болон санал асуулга аваад явсаар ирсэн гэж бид ойлгосон. Энэ хүрээнд үндэсний аюулгүй байдал, холбогдох байгууллагуудын төвшинд судалгаа явуулаад сонгон шалгаруулалт явагдсан юм байна лээ. Гурван компани оролцсон гэж харсан хоёр нь бол Хятад талын хөрөнгө оруулагчтай компаниуд, нэг үндэсний компаниудын консорциум орсон нэгдэл маягийн компани орсон юм байна лээ. Тэгээд тэр нь шалгараад одоо хариуцаад явж байгаа гэж ойлгож байгаа.

Тэгэхээр олон жилийн өмнөөс сонгон шалгаруулалт хийгдсэн гэсэн үг үү? Сонгон шалгаруулалт нээлттэй болж чадсан уу?

Тийм. Сонгон шалгаруулалт явагдаад компаниуд саналаа тавиад, тэрийг нь судлаад шалгаруулсан. Гэхдээ энэ ажлыг хоёр хүн аваад ч юм уу, гурван компани нийлээд хийчих ажил биш л дээ. Маш их хэмжээний санхүүжилт шаардагдах, бэлэн мөнгөний байнгын дутагдалд ордог, эрсдэл бий болдог том ажил. Тийм учраас тэрийг таслахгүй байна гэдэг чухал. Нэг минут, нэг секунд зогсохгүй байх үүргийг хүлээх хариуцлагатай компани байх ёстой.

 

Гэрэл зургийг MPA

 

Олон улсын хөрөнгийн бирж дээр IPO гаргах асуудал хойшилсон нь улс төржилт нөлөөлсөн. Гэхдээ компани нэгж хувьцааны эцсийн үнэлгээг тогтоож чадаагүй байсан. 1072 хувьцааны нэгж үнэлгээ 933 төгрөг гэдэг бол анх улс төрийн зорилготойгоор, бодит бусаар тогтоож байсан үнэлгээ. Одоо бид үүнийг бодитоор нь тогтоолгож байна

 

2019 онд “Эрдэнэс Таван Толгой” ХК олон улсын хөрөнгийн бирж дээр IPO гаргах гэж байсан. Олон улсаас хөрөнгө оруулалт татна гэсэн үг. Гэвч энэ ажлыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулчихсан. Хойшлуулчихсан уу бүр зогсоосон уу?

 

УИХ-ын тогтоол хэвээрээ байгаа огт оролдоогүй чиглэл өгсөн. Таван толгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг эрчимжүүлэх, төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх, иж бүрэн аж үйлдвэрийн парк байгуулах үүрэг өгсөн. Тогтоолын дагуу Засгийн газраас бас хэд хэдэн тогтоол гарсан. Саяын ярьж байгаа IPO гарах тогтоол бол энэ тогтоолын нэг хэсэг. Хөрөнгө босгох гэдэг асуудал байгаа. Таван толгойн ордыг бүхлээр нь хэрэгжүүлэхэд таван тэрбум долларын хэрэгтэй юм байна гэдэг санхүүгийн төсөөлөл гарсан. Энэ хөрөнгийг босгох дөрвөн төлөвлөгөө гаргасан. Түүнийг нэг нь олон улсын хөрөнгийн биржээс хөрөнгө босгох буюу IPO юм. Хөрөнгийн зах зээл бол хоёр дахь зах зээл, дэлхий нийтэд хамгийн их хөгжсөн хэлбэр. Хамгийн чухал нь компанийг ил тод нээлттэй болгодог.

Хэрвээ олон улсын хөрөнгийн бирж дээр гарвал хэчнээн долларын хөрөнгө оруулалт татан төвлөрүүлнэ гэсэн төлөвлөгөөтэй байсан бэ?

Тэгээд Таван Толгойн ордыг цогцоор нь хөгжүүлэхэд яг хичнээн хэмжээний хөрөнгө оруулалт шаардлагатай вэ талаар олон улсын санхүүгийн байгууллагуудтай ажиллаад тав биш 3.7 тэрбум доллар шаардлагатай болохыг тогтоосон.

Энэ дотроо нэг тэрбум долларыг нь “Эрдэнэс Таван Толгой” ХК өөрөө хариуцах ёстой. Үүнээс 50 орчим хувь болох 469 орчим сая долларыг бид өөрсдөө хариуцаад явж байна. 1,3 орчим тэрбумыг нь олон улсын хөрөнгө оруулагчдад технологийн зээлээр, эсвэл IPO гаргах, хамтарсан компани байгуулах, хувь эзэмших гэдэг дөрвөн хувилбараар хөрөнгө татна гэж судлаад явж байгаа. Үүний нэг хувилбар нь л IPO. Яагаад больсон гэхээр ковидоос болоод эдийн засгийн хүндрэлтэй байдал бүх газар бий болсон. Тэгэхээр өдийд олон улсын хөрөнгийн бирж дээр гарах нь эрсдэлтэй гэж үзсэн. Үүнийгээ дагаад компанийн үнэ цэнэ буюу нэгж хувьцааны үнэ бидний тооцоолсонд хүрэхгүй байх магадлалтай юм.

Тиймээс хөрөнгө оруулалт татах өөр хувилбар хай. Та нарт дөрвөн хувилбараар хай гэж хэлсэн IPO –г одоо боль нөгөө гурван хувилбарын боломжийг судал гэсэн чиглэл дээрээс өгсөн байна.

Хөндлөнгөөс харахад улс төржилтөөс болж л олон улсаас хөрөнгө татах боломжоо хойшлуулсан гэж харагдсан. IPO биш олон нийтийн компанийн тодорхой хувийг зарах гэлээ гэсэн мэдээ яваад байсан. Уурхайчид чинь хүртэл жагсаал хийгээд байсан биз дээ.
Үнэхээр зарах гэж байсан уу? Улс төржилт байсан уу?

Улс төржилт байсан. IPO гэдэг бол компанийн хэсгийг зарах биш, олон улсын хөрөнгийн бирж дээр санал болгож хөрөнгө оруулалт л татаж байгаа хэлбэр. Үүнийг тэр хэмжээний хувийг нэг этгээд аваад мөнгөө өгнө, тэр мөнгө нь энд байршина. Таван Толгойн орд Бор толгой, Бор Тээг, Онч-Хараат, Оорцог, Цанхи гэсэн таван хэсгээс бүрдэж байгаа. Энэ таван хэсгийнх нь Цанхи нь бол зүүн баруун гэж ангилагддаг. Зүүн Цанхи дээр нь энэ Чалко компанийн гэрээ байгаа. Чалко компанийн гэрээтэй хэсэг буюу нийт ордын 980 сая тонн, үүний 57% нь коксжих нүүрс, 43% нь хагас коксжих болон эрчим хүчний нүүрстэй хэсгийг бид “Эрдэнэс Таван толгой Майнинг” гэж компани байгуулсан. Энэ компанийнхаа 30%-ийг олон улсын хөрөнгийн бирж дээр санал болгож байгаа юм. Энэ компаниа олон улсын хөрөнгийн бирж дээр санал болгох гэж байсан. Үүнийг л хийх гэж оролдсон.

IPO хийхэд бэлэн байсан уу?

95 хувьтай бэлэн байсан. Гэхдээ бид энэ компанийн нэгж хувьцааны үнэ цэнийг унагахгүй байх үүрэгтэй. Үнэ цэнийг нь өсгөхийн тулд 1072 хувьцааны үнэ цэнийн нэмэгдүүлэхийн тулд ногдол ашиг гэдэг зүйл яригдаж байна. Таны хувьцаа үнэ цэнэтэй зүйл шүү гэдгийг мэдрүүлэх хэрэгтэй.

Үүнийг мэдрүүлээгүй байхад хувьцааны хоёрдахь арилжаа эхэлбэл зохион байгуулалтгүй худалдан авалтууд явагдаж хувьцааны нэгж үнэлгээний үнэ унах юм.Хэдэн сая хувьцаа зарагдана үүнийг 933 төгрөгөөс доошоо оруулахгүйн тулд компани худалдаж авах шаардлагатай болно. Жишээ нь 14,7%-ийг бүгдийг нь худалдаж авна гэвэл 557 тэр бум төгрөг компанид хэрэг болно худалдаж авахад. Ийм хэмжээний санхүүжилт манайд байхгүй учраас хувьцааны үнэ унана. 933 биш 100, 200 төгрөг ч болж магадгүй. Тэгээд гадаадын хэн ч авахыг бид мэдэхгүй. Тэгэхээр компани өөрөө эрсдэлд орохгүйн тулд хэзээ арилжаа эхлүүлэх вэ гэдэг бол нарийн тооцоотой, төлөвлөгөөтэй байх хэрэгтэй. Компанийн үнэлэгээ ч тодорхойгүй байсан.

 

Гэрэл зургийг MPA

Саяхан манай улсад суугаа БНХАУ-ын элчин сайд ярилцлагандаа манайх танайхаас нүүрсээ авч л байгаа. Гэхдээ хэрэглээ багассантай холбоотой овоолго үүссэн байгаа гэж ярьсан байсан. Цаагуураа ямар дипломат санаа явж байна гэсэн таамагууд явж байсан. Дэлхийн нийт нүүрсний хэрэглээний 50 хувийг БНХАУ хэрэглэдэг. Гэхдээ Хятадын хэрэглээ буурч байгаа тоо гарч байгаа. Энэ тоо цаашдаа буурсаар байвал манай нүүрсний үнэ, үнэ цэнэтэй байх тал дээр бид яаж ажиллах ёстой вэ? Энэ тал дээр төлөвлөгөө бий юу?

Төлөвлөгөө байгаа. Бид түүнийг ямар агуулгаар хэлэв гэдгийг анхааралтайгаар судалсан. Үнэхээр эдийн засгийн агуулгаар нь хэлэв үү? Эсвэл дипломат бодлого байна уу гэдэг талаас нь. Бидэнд юу сонирхолтой вэ гэхээр эдийн засгийн агуулга, нүүрсний тээвэрлэлт маш чухал. Ирээдүйн 10 жилийн хугацаанд ямар хэмжээний нүүрсний нийлүүлэлтээс хамаарч ямар хэмжээний орлого орох вэ гэдэг нарийн тооцоо бидэнд байгаа. БНХАУ руу нийлүүлж байгаа коксжих нүүрсний том нийлүүлэгчийн хувьд үнийн болон нийлүүлэлтийн бодлогын тооцоо гаргасан.Хятад улсын нийт коксжих нүүрсний 20 гаруй хувийг манайх нийлүүлдэг.Цаашид манай бүтээгдэхүүний уналт харьцангуй бага байна гэж үзэж байна. Сая Цагаан хадан дээр хэт их овоорол бий болоод Цагаан хаднаас богино хугацаанд Ганц модны агуулах руу татах ажлыг Хятадын компаниуд өөрсдөө зохион байгуулсан. Өөрсдөө зохион байгуулаад Ганц модон дээр байгаа агуулахуудын нөөцийн төвлөрлийг 80 хүртэлх хувиар бий болгосон. Энэ нөөцийн төвлөрлийг цаашаа нийлүүлэхтой холбоотой асуудал бий болсон. Угаах үйлдвэрүүдийн, коксжих үйлдвэрүүдийн, гангийн үйлдвэрүүдийн хэвийн ажиллагаанаас хамаарч төвлөрөл бий болсон гэж ойлгосон. Ямар ч гэсэн есөн сараас татан авалт маш сайн явагдаж байна.

Жилийн жилд энэ явдаг процедурыг Хятадын өөрсдийнх нь талд буюу худалдан авагч талдаа асуудал үүсээд нийлүүлэлт гацсан гэдэг утгаар хэлсэн юм болов уу гэж өөдрөгөөр ойлгохыг хичээж байна.

Бидэнтэй харилцдаг 4-5 Хятадын гол худалдан авагч байдаг.Түүнийг дагасан 15-18 дагалдах шинж чанартай худалдан авагч бий. Үүнийгээ бид аль хэдийн маркетингийн хувьд тодорхойлчихсон байгаа. Эдгээр худалдан авагчдын худалдан авъя гэдэг хандлага нэмэгдэж байна. Өөрөөр хэлбэл эрэлт нэмэгдэж байгаа учраас бид үнийн бодлоготоо өөрчлөлт оруулах гэж байна.

Өнөөдрийн байдлаар хичнээн доллараар нүүрсээ борлуулж байна вэ?

Өнөөдрийн байдлаар бид коксжсон нүүрсээ 54 доллараар борлуулж байна. Коксжсон, хагас коксжсон гээд олон төрлийн нүүрс бий.Коксжих нүүрс нь мөн чанараасаа хамаарч 3-4 төрлийн үнэ тогтож явдаг. Дунджаар ярихад бид 54 доллараар борлуулж байна.2019 оны 8-р сараас хойш нүүрсний үнэ эрчимтэй унасан.

Гол худалдан авагч нартайгаа үнийн хэлэлцээрийг та бүхэн өөрсдөө хийдэг үү? Зах зээлийн зарчмаар үнээ тогтоож явж чаддаг уу? Янз бүрийн шалтгаанаар зах зээлийн үнээс доогуур өгдөг юм биш биз дээ? Үнээ яаж тогтоодог вэ?

2010 онд Чалко компанитай гэрээний ажлууд явагдаж байсан. Энэ гэрээ байгуулагдаад 350 сая долларыг бид урьдчилгаа хэлбэрээр авсан. 2017 оны 3 сарын 31-ний өдөр энэ төлбөрийг бүрэн төлж дуусгасан. Манай гадаад өр дууссан гэсэн үг. 2014 Хөгжлийн банкнаас бид 200 сая долларын зээл авсан. 2018 оны 10 сарын 26-ны өдөр Хөгжлийн банкны зээл, зээлийн хүүг бүрэн төлж дуусгасан. Ингээд гадаад дотоод өргүй болсон юм Эрдэнэс Таван Толгой компани. Чалко компанитай холбоотой зүйл бол таван төрлийн үнийн индексээр тогтоогдож явдаг. Бид үнийг тогтоохын тулд өнөөдөр тэнд тэдээр авч байна гэсэн төсөөллийн аргаар хоорондоо ярихгүй. Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн үнийн таван индексээр тогтоогдож явдаг. Энэ нь аль 2010 онд хийсэн гэрээний дүн. Үнийн инфлацийн арга. Энэ аргаараа явж байгаа учраас үнэ ингэж дэлхий нийтээрээ тогтдог.

Одоо бид шинэ үнэ тогтоох аргачлалыг бий болгосон нь нээлттэй зарлаад хамгийн өндөр санал хэлсэнд нь өгөөд яваад байгаа нь хоорондоо зөрүү гараад байгаа. Энэ бол Монголын үнэ. Одоо бид Монголын индексийн үнэ болох Цагаан хад, Таван толгойн индексийн үнийг боловсруулж байгаа. Үнээ боловсруулаад олон улсад индексээрээ хүлээн зөвшөөрүүлдэг. Ямар төрлийн нүүрс энд ирээд, ямар үнээр борлуулагдах вэ гэдгээ тэндээ олон улсын стандартаар хүлээн зөвшөөрүүлээд түүний дагуу албан ёсны нийтлэх эрхтэйгээр, араас нь баталгаа өгч явдаг. Монголд бол үнэ байдаггүй учраас өнөөдрийг хүртэл алдаж ирсэн.Бид индекс боловсруулах ажлыг жил гарангийн хугацаанд хийж байна. Энэ бол бидний шинэ тоглоомын дүрэм бий болох гэж байна гэж ойлгож болно.Үүнээс өмнө үнэ зарлаад дээд үнэ хэлж байгаа нь авдаг аргачлалаар тогтоож ирсэн нь бага үнэтэй байсан гэсэн үг.

Та түрүүн ярилцлагадаа хараат бусаар ажиллаж чадаж байна гэсэн. Саяхан төрийн албан тушаал хашиж байсан олон эрхмүүдэд шийтгэл ногдуулж, ял оноолоо. Тэр дунд “Эрдэнэс Монгол” төрийн өмчит компанийн гүйцэтгэх захирал байсан. Тухайн үед чухал шийдвэр гаргалаа гэж олон нийтээрээ баярлаж байсан бол хэдэн жилийн дараа буруутан болж байна.

Энэ нь төрийн өмчит компанийг удирдаж байгаа гүйцэтгэх захирлуудад маш том айдас болж байгаа байх. Компаниа цэвэр бизнесийн зарчмаар удирдаж авч явах зориггүй болох вий.

Төр нөлөөлж байгаа хэлбэр нь тэр л дээ.

Та буруутан болох вий гэж айж байна уу?

Надад бол тэгж айх шаардлага байхгүй. Төр өөрөө нөлөөлж байгаа хэлбэр нь тэр. Тухайн ажлыг хийж байгаа хүн тэр гарын үсгийг зурсан нь үнэн бол, дараа нь тухайн асуудал нь буруу гэдэг нь батлагдсан бол хариуцлага хүлээх ёстой. Их бага, өнгөрсөн, өнгөрөөгүй ялгаа байхгүй. Үүн дээр бол хатуу байх ёстой. Хоёрт нь зөв гэж бодсон зүйлээ хуулийн хүрээнд хийгээд түүнийхээ талд хатуу чанд зогсож зарчмаа хамгаалах нь тухай компанийг удирдаж байгаа хүний өөрийнх нь зарчмын болоод багийнх нь чадамжийн асуудал.

Тэгээд засгийн газраас үүнийг ингэж хий, зур гэвэл та үгүй гэж хэлж чадах уу?

Судална шүү дээ. Яагаад хууль бус зүйл орж ирэхэд зурах ёстой гэж. Зурахгүй шүү дээ. Энэ бол болохгүй, боломжгүй гэдгийг компани өөрөө харсан байх ёстой. Энд эдийн засагч нар, санхүүчид байна, хуульчид байна. Энэ нэг хүний асуудал биш багийн зохион байгуулалт. Манай хамт олны барьж байгаа зарчим бол бүх ажлыг маш нарийн тооцоо судалгаа төлөвлөлт, олон улсад болж байгаа хамаарал бүхий этгээдүүдтэй уялдуулж суурь судалгаа сайтай хийж байна.

2018,2019 онуудад олон улсын олон зөвлөхүүдтэй ажиллаа. Энэ олон улсын зөвлөхүүд бидэнд бидний хараагүй, мэдээгүй, тооцоолоогүй маш олон зүйлийг хэлж өгч, эд нартай өрсөлдөх хэмжээнд боловсон хүчний нөөц, бодлогын бичиг баримт сайн боловсруулж авч явах суурь ноён нурууг тавьж өглөө.

Ингээд ямар ч байсан “Эрдэнэс Таван Толгой” ХК дараагийн 10 жилд ажиллах бүх төлөвлөлт, төсөв хөрөнгө оруулалт, хаанаас ямар зардалтай яаж хийх, хэн хийх, хэдий хугацаанд хийх, ямар боловсон хүчний бодлоготой явах, хяналтыг яаж хийх, хөрөнгийн удирдлага яаж хийх, хуулийн байгууллагуудтай яаж хамтарч ажиллах бодлогын бичиг баримт гаргаж чадсан. Тийм ч хүрээнд засгийн газраар үндсэн чиглэлээ бид батлуулж авсан.Ямар ч гэсэн 2026 он хүртэл үндсэн чиглэлээ төслийн хүрээнд, төслийн санхүүжилтийн хүрээнд, яаж мөнгөн урсгалтай байх, ямар ашигтай байх энэ бүх тооцоогоо нэгж алдалгүй хийсэн гэж үзэж болно.Үүн дээр ямар нэгэн хууль бус зүйл байхгүй. Энэ бодлогын хүрээнд л явна. Бүх тооцоо санхүүгийн болон мөнгөн гүйлгээ хуулийн гаргалгаа бэлэн болчихсон. Үүнээс далий орж ирээд, энэ дээр ингэ тэг гэдэг зүйл хүлээн авах боломжгүй. Бид ч гэсэн үүнийг засаг дээрээ ч гэсэн хэлж байгаа.

Би тантай ярилцахаасаа өмнө твиттерт жиргэж байсан жиргээгээ энд асууя. Тэртэй тэргүй 10 жил ажилласан компани төрийн сайн менежертэй, менежергүй ашигтай ажиллах нь тодорхой юм биш үү бизнес талаасаа?

Үгүй. 10 жил битгий хэл 30 жил ч ашигтай ажиллаагүй төрийн компаниуд зөндөө байгаа. Төрийн компани гэхээр хүмүүс Эрдэнэт үйлдвэр, Эрдэнэс Таван Толгой л гэж бодоод байдаг. 1800 гаруй компани байгаа шүү дээ. Цахилгаан станцууд байна, орон нутгийн төрийн өмчид компаниуд байна, дүүргүүдийн төрийн өмчит компаниуд байна. Дээрээс нь томоохон яам, тамгийн газрууд, бодлогын газрууд бүгд дэргэдээ төрийн өмчит компанитай. 2015 онд төрийн өмчийн хороо, одоогоор бол төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар бүх төрийн өмчит компаниудад тухайн үед энэ засаглалын нээлттэй байдал, компанийн үйл ажиллагаа, санхүүгийн үйл ажиллагаа, хууль тогтоомжийн хүрээнд ил тод нээлттэй явж байна гэдгийг байнгын анализ судалгаа хийдэг болсон. Тэр үед манай компани орж энэ шалгалтанд ороод 15% тай явж байсан. Сая 2019 онд бид 67%-тайгаа үнэлүүлсэн.

67%-тай гэдэг нь нийт төрийн өмчийн компаниудаа тэргүүлсэн гэсэн үг. Нэг номерт бичигдсэн.

Таны хувьд харьцангуй залуу хүн энэ компанийг авч байсан. Амжилттай ажиллуулж байна. Амжилт гэдгийг хийсвэрээр дүгнэж байгаа биш. Яалт ч үгүй хувьцааны ногдол ашиг тарааснаар дүгнэж байна. Яаж ажиллав энэ хугацаанд?

Таван толгойн ордыг хөгжлийнх нь зөв замд, голдиролд нь оруулахын тулд бид маш тодорхой зорилтууд тавьж ажилласан. Энэ зорилтууд нь зургаан зүйлээр илэрхийлэгдэнэ. Нэгт нь бол мэдээж ажилчдын асуудал, ажилчид бол бидний амьд капитал буюу үнэ цэнэ. Ажилчдын асуудал дээр бид зоригтой хэд хэдэн алхмыг авч хэрэгжүүлсэн. Өнөөдөр төрийн өмч болон хувийн өмч үл хамаараад,Эрдэнэс Таван Толгой хувьцаат компани Монголын хамгийн өндөр цалин өгч байгаа компани болсон. Ажилчдын цалинг 2018,2019,2020 оны үзүүлэлтээ оруулаад 45%-аар нэмсэн. Манай үйлчлэгч өнөөдөр гар дээрээ нэг сая 600 мянган төгрөг авч байгаа. Ийм цалин авч үзээгүй, үзэх ч боломжгүй төрийн албан хаагч зөндөө байгаа. Энэ капиталыг бид ингэж бий болгосноор үнэ цэнэтэй цаашид тэр ажил дээр дахиад ачаалал нэмээд өгөхөд ямар ч асуудалгүй хийгээд явах чадамжтай ийм багийг бүрдүүлэх зорилготой. Үүн дээр ч бас бид дахиад хэд хэдэн алхам хийнэ.

Нэгдэх нь энэ, нэгдэх нь дотроо ажилчдын ажиллаж амьдрах орчин. 10 жилийн өмнө гэр кемптэй л байсан өнөөдрийг хүртэл гэр кемптэй л байна. Яахав дөрвөн гэрийн дунд нэг жорлонтой болсон. Үүнийг бол бид хөгжил гэж харахгүй байгаа. Тийм учраас орчин үеийн, яг ийм уул уурхайн ажил хийдэг хүмүүст зориулсан олон улсын стандартад нийцсэн кемп оффис баригдаж байна. Энэ бол манай бүтээн байгуулалт.

Хэзээ ашиглалтад орох вэ?

Ирэх оны 3-р сарын нэгэнд энэ ажил дуусаад үйл ажиллагаа нь хэвийн явагдах байх. Хоёр дахь ажил бол нөөцийн асуудал.

10 жил тэр кемптэйгээ байсан юм уу? Очиж үзээгүй болохоор мэдэхгүй байна.

Тийм тийм байсан. Энэ компани сүүлийн хоёр жил л хөгжлийн тухай ярьж байгаа. Тэрнээс өмнө бол зөвхөн засгаас өгсөн болон өмнө тавьсан өр төлбөрийг төлөх тухай л ярьж байсан.

Ажилтнуудын ажиллах орчих, нийгмийн хангамж бол бараг нойл байсан юм байна?

Муу байсан. Тийм учраас яг газар дээр нь очиж үзээд 10 жилийн өмнө есөн гэртэй байсан бол одоо 50 гэртэй болсон байх. Яахав дөрвөн гэр дундаа нэг жорлонтой болсон. Үүнийг бол хөгжил гэж үзэхгүй. Барилгын ажил эхэлчихсэн нэг нь 54%-тай, нэг нь 49%-тай явж байна. Тэгэхээр бид бас цагаан сараас өмнө ажилчдаа оруулаад, өөрийн гэсэн оффистой болох ёстой. Тухайн үед бол сендвичэн контейнер дотор л байсан. Одоо нэг арай өндөр л сендвич болохоос контейнер дотроо л байгаа. Уурхай хөгжөөгүй, уурхайг хөгжүүлээгүй. Бүтээн байгуулахад сэтгэл гаргаагүй, засаг төрөөс энэ боломжийг нь олгоогүй засаг төрөөс. Одоо бол компаний хөгжилд зориулаад явж байгаа.

Хоёр дахь нь нөөц. Нөөц ерөөсөө 1937 оноос хойш судлагдсан. Судлагдаад яваад байсан болохоос нэгдсэн нөөцийн тайлан, нэгдсэн нөөцийн мэдээлэл гэж байгаагүй. Баруун Цанхи, зүүн Цанхи, Бор тээг, Ухаа худаг, орон нутгийн таван толгой гээд хэсэгчилсэн нөөцийг хийгээд байсан болохоос биш нөөц ерөөсөө нэгдсэн маягаар гараагүй байсан. 2018 оны 8-р сарын 26нд эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр нөөцийн нэгдсэн тайланг батлуулсан. Анх удаа бүгдийг нь оруулаад Таван толгойн ордын хэмжээнд. Дээрээс нь сая 2019 онд хийгээд дуусч байна. Одоо холбогдох мэргэжлийн байгууллагад нь шилжүүлээд байгаа. Олон улсын Жорк стандарт гэж байдаг. Олон улсад хүлээн зөвшөөрдөг үнэ цэнэ хүргэдэг. Дээрээс нь Канадын Инай гэж стандарт байдаг. Монголын ресурс код гээд дүйцэхүйц энэ 3 кодод бид нэгдсэн тайлангаа шилжүүлсэн. Ингээд нэгдсэн нөөц яг хэд, ямар үнэлгээтэй гэдгийг нь гаргаж ирж байгаа. Өнөөдрийг хүртэл 933 төгрөгөөр үнэлэгддэг нэгж хувьцааны үнэ маань. Тэгээд 15 тэрбум хувьцаатай үүнийг үржүүлэхээр 11,4 их наяадын өөрийн хөрөнгөтэй компани. Энэ нэгж хувьцааны үнэ болох 933 төгрөг гэдэг чинь Засгийн газрын тогтоолоор л тогтоосон юм. Эдийн засгийн агуулгаараа биш юм.Тухайн сая төгрөг тараахдаа 1072-ийг 933 гээд сая төгрөг гаргаж ирэхийн тулд хийсэн. Энэ бол зүгээр улс төрийн шийдвэр. Одоо харин бид бодит санхүүгийн үнээр нь тогтоож байна. 954,980,1050 гэдэг 3 үнэ гарч байгаа. Энэ бол 933-аас үл хамаараад олон улсад энэ газар доор байгаа баялгийг яаж үнэлдэг энэ аргачлалаар үнэлүүлж байгаа. Энэ бол бидний хоёр дахь хийсэн ажил.

Тэгэхээр дараа жилийн ногдол ашиг тараахад бодитоор үнэлгээ тогтсон байх нь байна?

1050 гэхэд бид 15 их наяд төгрөгийн өөрийн үнэ цэнэ бүхий компанитай болох нь. Энэ болохоор 6 тэрбум орчим доллар. 6 тэрбум долларын үнэ бүхий компани хоёр тэрбум доллар босгох бүрэн бололцоотой. Ингэж эдийн засгаас агуулгаар нь үнэ цэнээ тогтоож авсан.

Гурав дахь нь бид нар өөрийнхөө хөрөнгөөр дотоодын бүх бүтээн байгуулалтаа хийчихлээ. Хоёр төмөр зам, цагаан дээр хараар очоод харахад болно. Нэг нь 57км зам, нэг нь 49 км зам тавьчихлаа. Дээрээс нь манай орд дээр нэгдсэн өртөө нь хүрээд ирлээ. Манай орд руу 5 5км-ээр ойртож байна. Газар дээр нь Өнөөдөр тэнд 2700 хүн ажиллаж байна. Зөвхөн төмөр замын бүтээн байгуулалт нь дээр үүнийг эхлүүлсэн. Дөрөв дэх нь 1072 амилсан. Энэ бол Монголчуудын маш том алхам. Анх удаа тэр нь хүнээс ямар нэгэн нэг ширхэг хувьцаа ч авахгүйгээр байгаа хувьцаанд нь тохирсон үнэлгээ бүхий ашгийг өгч чадлаа. Үнэтэй үнэгүй авсан нь сонин биш 1072 гэдэг чинь үнэ цэнэтэй юм гэдгийг баталгаажуулж чадлаа. Үүний араас бид бүх тооцоог хийлээ. Жишээ нь энэ 2026 он гэхэд бид 1,2 тэрбум долларын ашигтай компани бий болгож байгаа. Эндээс ашиг нь хэд байх 14,7% иргэдэд хэд нь очих уу ингээд тооцоо хийхэд хүртэл хувьцаагаа зараад гүйгээд байя гэж бодохгүй шүү дээ. Тавт бол мэдээж компани өргүй болсон. Ашигтай ажиллаж байгаа, алдагдалгүй болгосон. Төр сайн менежер гэдгээ харуулсан бид нарт. Жишээ нь би энгийн кейс хэлье бид 2019 онд 1 тэрбум 20 сая долларын борлуулалтын орлого хийсэн.Нэг их наяд 30 тэрбумын цэвэр ашигтай ажилласан. Оюу толгой компани 1 тэр бум 275 сая долларын борлуулалтын орлого хийсэн юм шиг байна лээ. Гэхдээ 340 тэр бум төгрөгийн алдагдалтай ажилласан.Ингээд л харьцуулаад үзэх ёстой. Энэ бол хөрөнгийн удирдлага гээд зөндөө юм явж байгаа байх л даа. Тэр компанийн дотоод асуудлыг би мэдэхгүй байна. Гэхдээ 100% Монголчууд ажиллуулж байгаа Эрдэнэс таван толгой хувьцаат компанийн хувьд бол чамлахааргүй амжилт.

Таныг оюутны холбооноос ажлын гараагаа эхэлсэн, нас туршлагын хувьд харьцангуй залуу гэж ярьдаг?

Миний ажлын гараа бол 1999 онд Худалдаа аж үйлдвэрийн танхимд Дэмбэрэл дарга дээр мэргэжилтэн хийж байлаа. Оюутан байхдаа давхар мэргэжилтэн хийдэг байлаа. Гадагшаа сурахаар явж ирсэн. Эрдэнэс Таван Толгой ХК-ийг төсөл байхаас нь анх холбогдож ажиллаж байсан 11 жил ажиллаж байна. Тэр хооронд шадар сайдын зөвлөх хийж үзлээ, Ерөнхийлөгчийн залуучуудын бодлогын зөвлөх хийж үзлээ. Энэ том ажлын хэсгүүдийн нарийн бичгийн дарга хийж үзсэн.

 

Эрдэнэс Таван толгой компанийн хувьд өргүй болсон, төмөр зам ашиглалтад орох юм байна. Ер цаашдаа ашигтай амжилттай ажиллах нь тодорхой болж байна шүү дээ. Гэхдээ яг нэг асуудал болж байгаа, шийдвэрлэх шаардлагатай байгаа ч юм уу, төр дээр очоод улс төржилтөөс болоод гацсан ч юм уу асуудал байна уу?

Ашиг олохын тулд, энэ ашгийг нэмэгдүүлж, өгөөжийг нь өгөхийн тулд л бид ажиллаж байгаа. Бидний энгийн зорилго энэ. Төрөөс бол бид хоёр төрлийн юм хүсээд байгаа. Эхнийх нь бол хяналтаа сайн тавиач ээ. Хэдий энэ төрийн өмнө үүргээ биелүүлээд явж байгаа ч гэсэн байнгын хяналт тавина гэдэг бол байнгын тэр дохиог өгч, түрүүний ярьдаг эрсдлийг гаргах вий гэж дохио өгч, зөв зохистой байрлуулах чиглэлийг олгож байна гэж ойлгож байгаа. Тийм ч учраас манайх сүүлийн жилүүдэд Үндэсний аудитын газраас ордог гүйцэтгэлийн аудит гэж байдаг. Төрийн өмчит компаниудад 3-5 жилд нэг удаа ордог маш их ажил болдог. Санхүүгийн аудит биш, санхүүгийн аудит нь зөвхөн тухайн жилийнхээ санхүүгээ өгөөд аудитладаг. Гүйцэтгэлийн аудит гэдэг нь орохоосоо авахуулаад гарах хүртэл бүгдийг нь хянана. Худалдан авалт, борлуулалт, тээвэр, захиргаа, шийдвэрүүд, журмуудын хэрэгжилт, орон тоо, төлөөлөн удирдах зөвлөл, санхүүгийн үйл ажиллагаа, шилжүүлэг, падан бүх юм, дансны гүйлгээ. Үүнийг бид 2010 онд хийлгэсэн 2018 он хүртэл. Тэгээд дараа нь бас санал тавиад одоо энэ 2020 онд дахиад орох гэж байна. Сайн шалгуулж байх хэрэгтэй.

Та нар тэгээд өөрсдөө санаачлагаараа хийлгэж байгаа юм уу?

Тийм.

За ойлголоо. Урилга хүлээн авч нэвтрүүлэгт ний нуугүй ярилцсан танд баярлалаа. Та бүхний ажилд амжилт хүсье.

 

 

 

 

 

 

3 сэтгэгдэл


comment image

Зочин - 2020-10-19

За мэдрэлтэж эхэллээ дээ, яалт ч үгүй оюутны холбооноос эхэлсэн гөлөгнүүд ажил хийнэ гэж бдггүйм даа

66.181.190.137


comment image

Зочин - 2020-10-19

сэтгүүлч ёс зүй муу байна. хүнийг юм ярьж байхад давхцаад яриад байх юм. эхлээд дуустал нь сонсоод дараа нь ярьж асуултаа асуух хэрэгтэй гэж бодож байна

202.131.236.138


comment image

Зочин - 2020-10-19

Гоё. Юм бүхэн болохгүй байна гэсэн өнөө нийгэмд ийм хүмүүс , ийм баг хамт олон улам олон болоосой. Сайхан ч асууж сайн ч бэлдэж хариулж, цүнх баригч биш менежер хүн гэдэгээ харуулсан ярилцлага болжээ. Гэрэлтэй байна. Монгол улс Мандан бадраг.

202.126.89.42