Б.МӨНХНЯМ: МИНИЙ 20 ЖИЛИЙН ХИЧЭЭЛ ЗҮТГЭЛ ЭНД ХҮРГЭСЭН
urug.mnСэтгүүлч:
НИЙГЭМ 7 сар, 2 долоо хоног өмнө

urug.mn

"Бизнес өрөг" нэвтрүүлгийн АНУ-д бэлтгэсэн цувралын шинэ дугаараар АНУ-ын Конгрессийн харьяа эрүүл мэндийн стандарт хэмжилзүйн Засгийн газрын агентлагийн санхүү хариуцсан захирлаар ажиллаж байгаа Б.Мөнхнямтай ярилцлаа. Тэрээр өмнө ньFox televisions, The Times, The Wall Street Journalзэрэг телевиз, сэтгүүлүүдийг багтаасан, жилийн орлого нь манай улсын ДНБ-тэй ойролцоо буюу 10 тэрбум долларын орлоготой Дэлхийн хамгийн том медиа  компаниудын нэгNEWS.CORPORATION-ийн санхүү эрхэлсэн захирлаар ажиллаж байсан туршлагатай. Харвардад MBA хамгаалаад, News.corp-ийн санхүү эрхэлсэн захирлаар урилгаар очиж байжээ. Одоо ажлынхаа хажуугаар Америк дахь Монгол бизнес эрхлэгч нартаа зөвлөх үйлчилгээ үзүүлэх компаниа байгуулаад ажиллаж байна. ​​​​​​

Сайн байна уу, та  өөрийгөө  товчхон танилцуулахгүй юу ?

Сайн байна уу? Намайг Баатарын Мөнхням гэдэг. Манайх Завханы айл л даа. Гэхдээ би Дарханд өссөн. Есөн хүүхэдтэй айлын зургаа дахь нь. Монголын жирийн л нэг ажилчин ангийн гэр бүлд өссөн. Аав ээж хоёр минь есөн хүүхдээ өсгөх гэж насан туршдаа л зогсолтгүй ажилласан даа.

Америкт ямар ямар сургуулийг  ямар мэргэжлээр төгссөн бэ? 

Би бакалавраа Бригам Янгийн Их Сургуулийн Хавай дахь кампусд төгссөн. Дараа нь Вашингтон ДС, Америкийн нийслэл рүү нүүж ирээд магистертаа сурах болсон. Тэр үед GMAT шалгалт өгөөд Харвардад орох гэсэн боловч орж чадаагүй. Тэр оноогоороо ДС-д байдаг Georgetown-ий их сургуульд орсон. Тэнд сурч байхдаа жил гарны хугацаанд дахиад GMAT-ын шалгалтдаа бэлдсэн. Дахиад шалгалтаа өгөөд бараг хоёр  жилийн дараа Харвардад бизнесийн удирдлагын ангид элсэж,  төгссөн.

Америкт ирээд 23 жил болж байгаа юм байна. Энэ хугацаанд ямар ямар ажлууд хийж байв?  

Ер нь бол тугал ч хариуллаа, туг ч барьлаа. Мэдээж оюутан байхдаа рестораны зөөгчөөс эхлээд зөндөө л ажил хийсэн.  Гэxдээ би харьцангуй азтай байсан. Америкт ирэхээсээ өмнө Германд амьдардаг байсан. Тэгээд оюутан байхдаа Хавайд Герман хэлний жуулчдын хөтөч хийдэг байв. Бусад ажлуудыг бодоход маш амархан байсан л даа. Дараа нь бакалавраа дуусгаад Вашингтон.ДС хотод ирээд нэг компанид оютнуудын зөвлөх хийдэг ажилд орсон. Сүүлд нь тэр компанийнхаа захирал болсон л доо. Тэнд ажиллаж байхдаа би магистертаа сурсан. Тэгээд төгсөөд дэлхийн хамгийн том медиа компаниудын нэг News.Corp компанийн санхүү эрхэлсэн захирлаар ажиллаж байсан. 

Та бакалавр, мастераа Америкт төгсөөд, томоохон компанид ажиллаж байсан байж дахин яагаад Харвардад сурахаар болсон бэ? 

Хүн амьдралдаа нэг том нөлөө үзүүлэх хүнтэй учирдаг гэдэгт би итгэдэг. Намайг бакалавраар суралцаж байхад BYU-д нэг профессор байсан юм. Нэг орой би тэднийд хоолонд уригдаад, тэр үед  надад "Мөөгий, чи ирээдүйг өөрчилмөөр байгаа бол Харвардад ор. Ганцхан чи өөрөө юу сурахдаа гол нь биш, чи тэнд хэнтэй танилцахдаа учир нь байгаа юм" гэж хэлсэн. BYU бол миний хамгийн хайртай сургууль, туршлагатай сайн профессорууд олон ажилладаг. Бидэнд хамгийн сайн зөвлөгөөг өгдөг байсан юм.  Тэгээд тэр профессорын зөвлөгөө миний толгойнд хоногшчихсон байсан. Тэгээд л шантрахгүй шалгалтдаа уйгагүй бэлдэж, олон дахин хүсэлт гаргаж Харвардад элсэж байсан юм. Тэр профессорын зөвлөгөө үнэн байсан. Би тэр сургууль зөвхөн өөрөө хичээл сураад зогсоогүй, насан туршийнхаа хамгийн сайн, ухаантай найзуудтайгаа танилцаж, амьдралыг өөрөөр хардаг болсон. Одоо миний хамгийн сайн гурван найзын маань хоёрнь ДС-д ажиллаж байгаа, нэг нь Цагаан ордонд ажилладаг байсан. Нэг найз маань Колумб улсын Засгийн газарт ажиллаж байна. Би тэд нараас маш их юм сурсан. Би  хожуу магистераа эхэлсэн. Тэгэхэд хорин хэдхэн настай манай нэг найз Колумбиагийн  Засгийн газарт зөвлөх хийгээд, дэлхийн эдийн засагт нөлөө үзүүлээд явж байсан.

Харвардад орохдоо яаж бэлдэж байв?

Ерөөсөө л хуваарь гаргасан. Өдөр бүр доод тал нь 2 цаг бэлтгэнэ гэж. Би өглөө болгон 2 цаг яг номоосоо бэлддэг байсан. Тэгээд өдөр нь зав зайгаараа бэлтгэнэ.

Харвард төгссөний дараа ямар боломжууд нээгдсэн бэ? 

Надад гурван компанид ажиллах боломж байсан. Ихэнх Америкийн их дээд сургуулиуд төгсч байгаа оюутнууддаа ажлын байртай болгох зорилготой ямар нэгэн оффис, оюутны холбоо байдаг. Тэдний үүрэг нь оюутнуудыхаа CV-ийг аваад бизнесүүдтэй холбож өгдөг. Би төгсөх семестертээ CV-гээ өгсөн байсан. Тэндээс гэртээ хамгийн ойрхон, бас өөрийхөө санал бодолтой таарах СЕО-г сонгоод ажлаа сонгосон доо.

News.Corp-ийн санхүү эрхэлсэн захирал хийнэ гэхээр яг ямар ямар ажлууд хийдэг байсан бэ? Дороо хэдэн хүн удирдаж байв?

Санхүүгийн захирал ер нь нягтлангийн департмент, эдийн засгийн шинжээчид, санхүүгийн шинжээчид гэсэн гурван  баг хариуцаж ажилладаг. Хамгийн том нь accounting буюу нягтлангуудын баг, дотроо гурван багтай 70-аад нягтлангууд ажилладаг байсан. 

Нягтлангийн баг өнгөрснийг бүртгэж мэдээллээр хангана. Эдийн засаг, санхүүгийн шинжээчид зах зээл одоо дээр юу болж байгааг мэдээлнэ. Энэ бүх мэдээлэл дээр үндэслээд санхүүгийн захирал буюу миний ажил гүйцэтгэх захиралдаа  мөнгөө хаана, яаж хөрөнгө оруулалт хийх вэ,  эсвэл хадгалаад хүлээх үү гэдэг зөвлөгөөг өгдөг.

Гэхдээ энэ миний анх дааж авсан том баг биш. Миний өмнө нь ажиллаж байсан компани гурван салбартай 150-иад ажилтантай байсан.

News Corp бол миний ажиллаж байсан хамгийн том компани. Жилийн орлого нь 10 гаруй тэрбум доллар. Манай Монголын дотоодын нийт бүтэгдэхүүн 14 тэрбум доллар, хэдхэн доллар тэрбумаар илүү.

Энэ ажилд тэнцэх гол  шалгуур нь юу байсан бэ? 

Ганцхан News Corp ч биш, ер нь Америкт ажилд ороход ГУРВАН том шалгуур байдаг. 

1) Мэргэжлийн дагуу боловсролтой байх хэрэгтэй. 

2) Ажлын туршлагатай байх хэрэгтэй. Дадлага туршлагатай хүн ажилд авна гэдэг бизнесүүдэд маш их мөнгө хэмнэдэг. Шинэ хүн зааж сургана гэдэг маш хэцүү. 

3) Зарим ажлууд мэргэжлийн үнэмлэх шаарддаг. Жишээлбэл, мэргэжлийн нягтлан бодох, эсвэл гэмт хэрэгтэй тэмцдэг сэтгүүлчид бол ихэнх нь criminal journalism буюу эрүүгийн сэтгүүл зүй гэсэн тусгай мэргэшсэн сэтгүүлчид байдаг.

Тэнд ажиллах хугацаандаа бизнесийн хувьд юу юуг мэдэж авсан бэ? 

Би тэндээс ХОЁР зүйлийг маш сайн сурсан:

  1. Бизнес моделоо цаг хугацаагаа тааруулаад өөрчлөх ёстой. Polaroid  яагаад уналтад орсныг бид нар эргээд нэг санах хэрэгтэй. Хэрэглэгч бол хаан.
  2. Бизнесийн удирдлага менежмент. Удирдах хүн удирдаж байгаа хүмүүстэйгээ яаж харилцах, бизнесийн холын зорилго, холын хараа ямар чухал вэ гэдгийг. Удирдагч, диктатурч хоёрын ялгааг л би тэнд сурсан.

Харь оронд, албан тушаал дээрээ хүлээн зөвшөөрөгдөхийн тулд хэр зэрэг өөрийгөө шахаж ажиллаж байв? 

Миний хорин жилийн хөдөлмөр намайг өнөөдөр энд авч ирсэн. Бакалавр, мастераа Америкт сурч төгссөн ч өөртөө дахин босго тавьж, зорьж өөрийгөө дахин зовоож Харвардад сурсан. Харвардад сурч байхад хичээл ихтэй болохоор шөнөдөө гуравхан цаг л унтдаг, өдөрт 3-4 энержи ундаа ууж хичээлээ хийдэг байлаа. Энэ гэхдээ эрүүл бус зөвлөгөө л дөө. Гэхдээ үнэхээр тэгж хичээж, стрессдэж ажиллаж байж энд хүрсэн. Тэрнээс биш гэнэт нэг өдөр тэнгэрээс өгчихсөн зүйл биш ээ. 

Одоогийн ажлаа танилцуулахгүй юу? АНУ-ын хууль батлах байгууллага Конгресст хуулийн төслийг нь боловсруулж өгдөг гэж ойлгох уу?  

Одоо би хоёр ажилтай гэж болно. Эхний ажил нь АНУ-ын эрүүл мэндийн стандард хэмжилзүйн ЗГ-ын агентлагт ерөнхий захирал хийж байна. Би Америкт яаж хууль бэлдэж баталдгийг хараад, манайхан яаж "гурилддаг"-тай харьцуулаад Монголын парламентад үнэхээр гутарч байна. Эрүүл мэндийн хууль батлахад зориулсан бүх хуулийн төслүүдийг бэлдээд Конгресс руу явуулдаг. Америкт нэг хууль батлахын тулд маш их дата мэдээлэл цуглуулдаг. Доод шатныхаа эмч, эрүүл мэндийн ажилтнуудаас судалгаа маш сайн авдаг. Судалгаанууд дээрээ мэргэжлийн хүмүүсээр анализ сайн хийж байж тухайн хуулийг баталдаг. 

Хоёр дахь ажил маань, хэдэн жилийн өмнө би өөрийхөө “MCN Consulting Group” бизнесийн зөвлөх үйлчилгээний компаниа байгуулсан. Хоёр хамтрагчтай. Тэр хоёр маань өдөр тутмын ажлыг аваад явж байна.

Яагаад консалтинг компани байгуулахаар болов? 

Би анхнаасаа л өөрийн компанитай болно гэж боддог байсан. Олон жил бусад хүмүүст яаж хөрөнгө оруулах талаар зөвлөгөө өглөө. Тэгээд одоо өөртөө тэрийгээ ашиглая гэж бодсон.

Энд байдаг Монголчуудынхаа бараг бүх л төрлийн бизнесүүдэд зөвлөгөө өгч байна даа. Хумсны салонаас эхлээд Амозон дээр бараагаа зардаг бизнес эзэмшигч хүртэл байна.

Монголын бизнес Америкт гарах ямар боломж байна ? 

Мэдээж энэ бол гурван саяас 300 саяын зах зээл. Том боломж байлгүй яах вэ. Америкийн зах зээлд орж ирнэ гэдэг дэлхийн зах зээлд орох боломж гэсэн үг.

Юун дээр анхаарах ёстой вэ? 

За би хамгийн гол дөрвөн зүйлийг  хэлье.

1. Өрсөлдөгчдөө судал. Өрсөлдөгчид чинь ямар хүндрэл бэрхшээлийг даван туулсан байна вэ, тэрийг нь та бүхэн яаж алгасаж болох вэ гэдгийг маш сайн  судлах хэрэгтэй. Мөн юугаараа ялгарч гарч ирэх вэ гэдгээ мартаж болохгүй.  

2. Эхлээд жижгээр туршиж үз. Англиар үүнийг focus group гэдэг. Дараа нь хэрэглэгчдээсээ зөвлөмж сонс. Юу болж байгаа, юу болохгүй байгаагаа мэдэж авах. Тэгээд бизнесээ аажмаар томруул.  

3. Хууль дүрмийг нь судал. Америк бол Монгол биш. 

4. Америкийн үйлчлүүлэгчдийн зан төлвийг судлах хэрэгтэй. Тэрийг мэдэхгүйгээр Америкт орж ирээд ч хэрэггүй. 

Америк хөрөнгө оруулагч нар Монголд хөрөнгө оруулах талаар хэр зэрэг сонирхдог вэ? 

За би энд худлаа хэлж бөөрөнхийлөөд яах вэ дээ, гашуун ч гэсэн үнэнийг хэлье. Би Америкт бизнесийн ертөнцөд 20 гаруй жил ажиллаж, амьдарлаа. Америкчууд Монголд хөрөнгө оруулах дургүй ээ. Хэрвээ оруулах бол яг л таньдаг хүн, найдвартай, баталгаатай гэж л хайна уу гэхээс, шууд оруулахгүй. Гэхдээ энэ бол ганцхан Монгол гэдэг нэрнээс биш, ер нь хөгжиж байгаа орнууд бүгдээрээ адилхан.

Улсых нь төр засаг нэр хүндтэй биш, авилгалд байнга өртөж байдаг. Олон улсын хар саарал дансанд нэр нь байнга жагсаалттай. 

Хөрөнгө оруулагчид due diligence буюу арыг нь судладаг горимтой. Манайх шиг нэр хүнд муутэй орны хүмүүстэй бизнес хийх дуртай биш. Үүнд тэр хүмүүсийг буруутгахгүй. 

Бидэнд хөрөнгө оруулагчид хэрэгтэй. Манайхан хөрөнгө оруулагч гэхээр л “Оюу толгой” гэж боддог. Үнэндээ тэр гэрээ зөв хийгдсэн бол Монголд ашигтай л байх байсан. 

Тийм болохоор бид одоо ч гэсэн төр засгаа цэвэрлэх хэрэгтэй байна. Хууль дүрмээ бүх шатандаа биелүүлдэг болж байж, гадныхны  итгэлийг авна,  тэд мөнгөө оруулж ирэх болно.

Америкт байгаа Монголчууд бизнесээ эрхлэхдээ өөрсдөө л хөрөнгө оруулалтаа шийдээд явсан байна. Одоо харин энд байгаа бизнес рүү нэгдээд дараагийн шатандаа гарах, өргөжөөд хөрөнгө оруулалтаа шийдээд явж байгаа жишээнүүд гарч ирж байна уу? 

20 гаруй жилийн өмнө анхны Монголчууд Америкт ирж байсан. Одоо нэмэгдээд Вержиниагийн Арлингтон хавьд гэхэд 8000 гаруй Монгол байгаа. Хэдхэн жилийн өмнөөс  л бид учраа олж эхэлж байгаа. Нийгэм, зах зээлийн орчин, бизнес яаж хийх вэ гэдгээ ойлгоод гэсэн үг. Дээр нь мэргэжлийн өндөр чадвартай боловсон хүчнүүд их гарч байгаа учраас тэд нараас илүү дэмжлэг аваад илүү их хурдацтай явж байна. Монгол бизнесүүд бие биенээ дэмждэг болж байна, Монголчуудынхаа бизнесийг зорьж очиж үйлчлүүлдэг болж байна.  

Баярлалаа. Таны ажилд амжилт хүсье. 

 

 

 

 

 

 

11 сэтгэгдэл


comment image

ЗочинЗочин - 2020-10-28

Сонирхолтой байна.Амжилт хүсье.Олон сайхан мэдээлэл хүлээж байна

202.9.40.177


comment image

Шугараа - 2020-10-28

Мөнхнямийн лайвуудыг үздэг үгийг нь сонсдог мундаг мэдлэгтэй туршлагтай бүсгүй хүний газар очоод өндөр боловсрол эзэмшээд амжилттай явахын зэрэгцээ монголынхоо төлөө санаа тавьж байнга ухааруулж өөрчлөхийн төлөө үгээ хэлж мэдээлэл өгдөгт чин сэтгэлээсээ талархдаг. Амжилт хүсье.Сайн сайхныг ерөөе.

202.126.88.219


comment image

Зочин - 2020-10-28

americ xun bish bol americd amdrad yadgiin ex orongui gazar usgui xun bsih unuugiin mglchuud ex ornoo orxij gadaad ruu yavax ix durtai gadaadad xetsuu uuriiguu aldsan xumuus bol ene mglchuud daa.

202.55.188.94


comment image

Зочин - 2020-10-28

Businessiin udirdlaga, MBA bol bolovsrol bish shuu dee. Neg l ih amjiltiin tuuh yarisan hun, wahahahs

64.119.19.251


comment image

Зочин - 2021-04-14

J.Erdenebat gishuun erunhii said baihdaa monkord hadgalamj zeeliin horshoog dampuuruulsan. Hariutslagaa hulee, sanhuugiin zohitsuulah horoo hamtarsan. Delgermaa CEO nuugdsan

85.203.44.97


comment image

Зочин - 2021-04-14

J.Erdenebat gishuun erunhii said baihdaa monkord hadgalamj zeeliin horshoog dampuuruulsan. Hariutslagaa hulee, sanhuugiin zohitsuulah horoo hamtarsan. Delgermaa CEO nuugdsan

85.203.44.97


comment image

Зочин - 2021-04-14

J.Erdenebat gishuun erunhii said baihdaa monkord hadgalamj zeeliin horshoog dampuuruulsan. Hariutslagaa hulee, sanhuugiin zohitsuulah horoo hamtarsan. Delgermaa CEO nuugdsan

85.203.44.97


comment image

Зочин - 2021-04-14

J.Erdenebat gishuun erunhii said baihdaa monkord hadgalamj zeeliin horshoog dampuuruulsan. Hariutslagaa hulee, sanhuugiin zohitsuulah horoo hamtarsan. Delgermaa CEO nuugdsan

85.203.44.97


comment image

Зочин - 2021-04-14

J.Erdenebat gishuun erunhii said baihdaa monkord hadgalamj zeeliin horshoog dampuuruulsan. Hariutslagaa hulee, sanhuugiin zohitsuulah horoo hamtarsan. Delgermaa CEO nuugdsan

85.203.44.97


comment image

Зочин - 2021-04-14

J.Erdenebat gishuun erunhii said baihdaa monkord hadgalamj zeeliin horshoog dampuuruulsan. Hariutslagaa hulee, sanhuugiin zohitsuulah horoo hamtarsan. Delgermaa CEO nuugdsan

85.203.44.97


comment image

Зочин - 2021-04-14

J.Erdenebat gishuun erunhii said baihdaa monkord hadgalamj zeeliin horshoog dampuuruulsan. Hariutslagaa hulee, sanhuugiin zohitsuulah horoo hamtarsan. Delgermaa CEO nuugdsan

85.203.44.97