УТАА МЭДРЭГЧ БАЙГААГҮЙ БОЛ ГУРВАН ХҮН УГААРТАЖ АМИА АЛДАХ БАЙЖЭЭ
urug.mnСэтгүүлч: Urug.mn
НИЙГЭМ 2 сар, 2 долоо хоног өмнө

urug.mn

Энэ сарын 1-нд Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороонд, хоёр бага насны хүүхдийнхээ хамт 50 гаран настай эмэгтэй угаартсан гэх дуудлага өгчээ.

Угаарын хий гарсан шалтгаан нь тухайн айл энгийн зуух ашигладаг. Мөн яндан нь хуучирч муудсанаас үүдсэн байна. Одоогоор угаартсан хүмүүсийн биеийн байдал хэвийн байгаа юм.

Энэ талаар СХД-ийн 22-р хорооны хэсгийн байцаагч, “Бид айлуудад, угаарын хийнээс урьдчилан сэргийлэх зөвлөгөө зөвлөмжийг өгч үргэлж шаардлага тавьдаг. Гэвч шаардлагыг тэр бүр биелүүлж хүлээж авдаг айл өрхүүд ховор. Манай хороонд л гэхэд төслийн зуухгүй, энгийн зуух ашигладаг айлууд их байдаг. Айл нь зуухаа солих боломжгүй гээд байхад бид яах вэ дээ. Энэ мэтчилэн анхааруулга өгсөөр байхад асуудал үүсгэж байгаа нь иргэдийн өөрсдийнх нь буруу юм даа” гэв.

Сайжруулсан шахмал түлшийг хэрэглэхэд заавал сайн чанарын зуух хэрэгтэй. Гэвч хотын захад байдаг айл өрхүүд зуухаа сайжруулах боломжгүйн улмаас өнөөг хүртэл хуучин зуухаа ашиглаж амь нас эрүүл мэндээрээ хохирох эрсдэлтэй байдалд ороод байна.

Угаарын хийн хордлогыг сууцны төрлөөр нь авч үзвэл энэ оны байдлаар гэрт 279, байшинд 575 тохиолдол гарсан.

Харин угаартахад гол нөлөө үзүүлдэг асуудал нь:

•           зуух ханан пийшин эвдэрсэн, битүүмжлэл муутай 200,

•           зуух яндангийн холбоос засвартай 118,

•           яндан хөө тортогтой 108,

•           үнс дүүрсэн 95,

•           түлш буруу түлсэн 143,

•           яндан намхан 94,

•           яндангийн сойлт хаасан 189  тохиолдол байжээ.

Иймд иргэд угаартах эрсдлээс урьдчилан сэргийлж Эрүүл мэндийн байгууллага болон хорооноос өгч буй зөвлөгөөг хэрэгжүүлэх нь чухал юм.

0 сэтгэгдэл


Одоогоор сэтгэгдэл алга байна