Т.ОЮУНЖАРГАЛ: МОНГОЛ ХАЛГАЙГААР ҮС АРЧИЛГААНЫ БҮТЭЭГДЭХҮҮН ХИЙЖ ДЭЛХИЙН БРЭНД БОЛГОНО
urug.mnСэтгүүлч:
НИЙГЭМ 6 сар, 4 долоо хоног өмнө

urug.mn

Сургалтын төлбөргүй байсан учраас сайн үсчин л болъё гэж шийдээд салоны үйлчлэгчээс ажлын гараагаа эхэлсэн Т.Оюунжаргал өдгөө өөрийн хоёр салонтой. Үүгээр зогсохгүй үс арчилгааны чанартай бүтээгдэхүүн хайж яваад Испанийн Tahe брэндийг албан ёсоор Монголдоо оруулж ирээд дөрвөн жил болжээ. Мөн хэрэглэгчийнхээ үс уналтын асуудлыг шийдэхийн тулд халгайн эмчилгээг санаачлан, хамтран ажилладаг Испанийн үйлдвэртээ  Монгол халгайгаа авч очоод бүтээгдэхүүн үйлдвэрлүүлэхээр шинжлүүлж, нааштай хариу авчээ. Т.Оюунжаргал үсчидтэйгээ хамтдаа хөгжихийг уриалж нийслэл, 21 аймгийн 3500 гаруй үсчдэд үнэ төлбөргүй сургалт орсоор байгаа юм. 

 

Бизнес өрөг нэвтрүүлгийн энэ удаагийн зочин “Эко бьюте халгай” ХХК, “Tahe Монгол” ХХК-ийн үүсгэн байгуулагч, захирал Т.Оюунжаргал. 

 

Их сургуульд сурах сургалтын төлбөргүй учраас том  салонд цэвэрлэгч хийж байгаад ч хамаагүй үсчин болъё гэж шийдсэн.

Таны үсчин болсон түүх их сонирхолтой юм билээ. Салоны үйлчлэгчээс ажлын гараагаа эхэлж үсчин болж байсан. Өөрөө зорьж үсчин болж байв уу, эсвэл амьдралын шаардлагаар болж байсан  уу?

Үсчин болохоосоо өмнө маш олон ажил хийж үзсэн. Цайны газрын зөөгч, самар түүж зарах, жижиглэнгийн бараа зарах гээд олон ажил хийсэн. Надад гол нь дээд сургуульд сурах төлбөр байгаагүй учраас ямар ажил хийвэл би илүү өөртөө цаг гаргадаг, хөгждөг ажилтай болох вэ гэж их боддог байсан. Ресторанд туслах тогооч, бэлтгэл ажилтан хийе гэхээр хэнд ч харагдахгүй, хэнд ч үнэлэгдэхгүй учраас дэмий юм байна. Ерөөсөө л гоё том зэрэглэлийн салонд цэвэрлэгч хийж байгаад ч хамаагүй үсчин болъё гэж шийдсэн. Тэгээд үсчин болъё гэж зориг шулуудаад гурван өдөр Улаанбаатар хотоор  явсан. Сонин авах мөнгө байхгүй, автобусны ч мөнгөгүй, 21 настай охин өглөө гараад л салон болгоны хаалгыг онгойлгоод л ажилд авах уу гээд л явдаг байсан. Тэгээд гурав дахь өдрөө бараг шантардгийн даваан дээр Их дэлгүүрийн урд талын Сөүл салон надад үүд хаалга нээж байсан. Асар их буянтай газар. Би хажуугаар нь явах бүрдээ мөргөдөг. 

Манайхан үсчин гэхээр  байрны буланд суудаг, суудал түрээсэлж ажилладаг хүмүүс л гэж ойлгоод байдаг. Гэтэл та одоо хоёр салоны эзэн болчихсон байна. Энэ хүртлээ та хэдэн жил шал угаах ажлаа хийсэн бэ?

2-3 жил шал угааж, үйлчлэгч хийсэн. Миний Даагий гэдэг нэр тэр үеийн дадлага, дагалдан гэдэг нэрээс үүдэлтэй.  Хамгийн гол нь тэр гоё хамт олон намайг түшиж авч, ажил хийж сургасан. Үйлчлэгч хийж байхдаа цалин хүрэхгүй, автобусныхаа мөнгийг олохын тулд ажил дээрээ аарц буцалгаж авч ирээд зардаг байлаа. Аарцыг минь авч хүртэл дэмждэг байсан тийм сайхан хамт олноор би өлгийдүүлсэн маш азтай хүн. Сөүл салон маань  тухайн үеийн Монголын салоны зах зээлд хамгийн гоё соёлыг нэвтрүүлж байсан газар. Үйлчилгээний соёл, харилцаа хандлага, хүмүүсийг бэлтгэх зэргээрээ тэргүүлдэг компани байсан. Тэр газартаа би явсаар байгаад менежерийг нь  хүртэл хийсэн. Тэнд сурсан бүх зүйл минь  өнөөдөр намайг энэ төвшинд ирэх анхны гараа болж байсан. Анх 50 мянган төгрөгийн цалинтай ажиллаж  байсан. Орлогоо ахиад яаж сайжруулах вэ гээд хамгийн түрүүнд үсний  шулуун химийг сураад халтуур хийж мөнгөтэй болъё гээд л заалгаад л хийдэг байсан. 

Тэгээд үсчин болоод л өөрийн бизнесээ эхлүүлээд тусдаа гарсан уу? 

Сөүл салондоо ажилласаар байгаад л бизнесээ эхлүүлсэн. Дөрвөн жилийн дараа манай салбарын менежер “Чи ер нь болчихсон байна даа. Манайхаас тусдаа гарч байгаа үсчдийг харж байна уу, үйлчлүүлэгчид чинь хэр байна, чи маш сайжирсан байна. Биеэ даагаад үзвэл яасан юм” гэж зөвлөж байлаа. Тухайн үед би яагаад намайг явуулах гээд байгаа  юм болоо л гэж бодож байв. Хүн ажил нь гарт нь ороод ирэхээр тайван бүсдээ орчихдог гэдэг үнэн.  Болоод л байгаа юм чинь гээд.  Тэгээд яг өөрийн байнгын үйлчлүүлэгчдийн тоог бодоод үзсэн чинь 120-130 хүн байна. Тэгээд л ер нь яагаад болохгүй гэж гэж бодоод анх тусдаа гарч байсан. Гэхдээ харамсалтай нь тэр хүмүүсээс 30 хүн нь л намайг тусдаа гарахад зорьж ирсэн.  Байршил солигдсонтой холбоотой, магадгүй миний салоныг илүү хүндэлдэг хүмүүс тэндээ үлдсэн. 

Тусдаа гарна гэхээрээ суудал түрээсэлсэн үү? Салон байгуулсан уу?

Салон байгуулах хэмжээний мөнгө байхгүй учраас эхлээд суудал түрээсэлсэн.  Гарахдаа хуримтлал ч байхгүй, сэтгэл хөөрлөөрөө гараад явчихсан. Өдөртөө 1-2 хүнтэй, заримдаа хүнгүй.  Мөнгөгүй болоод ирэхээрээ л хүн их юм бодож эхэлдэг юм билээ. Тэгээд түрээс нь яваад байдаг. Туслахдаа цалин өгч чадахааргүй болох гээд байдаг. Яг их дэлгүүрийн хойно байсан. Тэгээд хүнгүй үедээ Их дэлгүүрийн 4-р давхрын номын дэлгүүр орж ном уншдаг байсан. Тэнд бизнесийн номууд уншаад хүн үйлчлүүлэгчдийг татахын тулд ингэх юм байна. Төрсөн өдрөөр нь хөнгөлттэй үйлчилнэ, дуудна, бэлэг гэж угтах хэрэгтэй юм байна зэрэг олон юм сурч аваад л хэрэгжүүлээд байсан. Ер нь бизнес гэдэг өгөхийн ухаан юм байна гэдгийг эрт мэдсэндээ баярладаг. Яг өгөхдөө би энэ хүнд өгчихсөндөө биш бүр чин сэтгэлээсээ өгч байж олдог. 

Мөнгө олохгүй байгаа үедээ шантраад буцаад ажиллаж байсан салон руугаа яваагүй юу? 

Ном уншаад жижиг жижиг өөрчлөлт хийгээд ирэх үед болохоор юм шиг санагдаад эхэлсэн. Нэг  удаа найзтайгаа телевизээр нэвтрүүлэгт ороод ажлаа сурталчлаад л ярьж байсан чинь шууд утсаар холбогдсон хүн надаас өөрөө хаана ямар сургууль төгссөн бэ? Том том юм яриад байх юм. Мэргэжлээрээ хэдэн жил ажиллаж байгаа юм бэ? гэж асуухад нь би бүдэрсэн.  Тухайн үедээ 45 хоногийн курс төгссөн, салонд ажиллаж байсан  гэж хариулсан байх.  Тэгж хэлж байхдаа өөрөөсөө их ичсэн. Тэгээд л ер нь энэ чиглэлээрээ илүү сайн сурах хэрэгтэй юм байна гээд Бээжин рүү сургалтад явж байлаа. 

Монголд олон л сургалт байдаг, яагаад Бээжинг зорьж сурч байв? 

Гаднын зах зээлд энэ салбар яаж ажиллаж, хөгжиж байна гэдгийг нүдээрээ үзэхийг хүссэн. Сургалтын төлбөрөө бас инээдтэй олж байсан юм байна.Хавар нь 50 ширхэг төлөг худалдаж аваад, намар нь шүдлэн болохоор нь янзлаад, зарж, мөнгө гаргаад Бээжин явж байсан. Орчуулагчтай, орчуулагчийнхаа гэрт амьдарна. Мөнгө яваад байдаг би юм сурдаггүй, сурсан юмаа чамлахаар. Дээрээс нь жирэмсэн хордлоготой, нойлын өрөөнд баахан уйлж байгаад л гарч ирдэг. Би яах гэж энд ирэв, би юу ч авахгүй явлаа гэж боддог байсан. Гэхдээ одоо бодоход надад асар их юм өгсөн байна лээ.

Өөр орнуудад манай салбар яаж хөгжиж байна гэдгийг судалж түүнийг нэвтрүүлэхийн тулд боломж гарвал гадагшаа явдаг. 

Таныг фейсбүүкээр хараад байхад гадагшаа их явдаг. Зөвхөн аялдаггүй юм шиг байна лээ. Яах гэж явдаг вэ? 

Мөнгө, боломж нь гарвал их л явахыг боддог. Олон жилийн өмнө тухайн үед сайд байсан хүн надаар үсээ засуулдаг байсан юм. Нэг удаа Европ руу олон улсын хуралд явж байгаа гэж ярихад нь тухайн үед мундаг хүмүүст л виз гардаг гэж бодоод гоё юм би тантай явж болох уу гэсэн чи өөрөө зардлаа төлөөд явж болно гээд, хамт явж байсан. Цуглуулж байсан найман сая төгрөгөөрөө ямар ч эргэлзээгүй хүмүүс дагаад Европ явж байсан. Тэнд очоод өглөө буудлаасаа гараад л салоных нь гаднаас хараад зогсохоор ороод ир ороод ир суу гэнэ. Тэгээд тэр үсчдийнх нь гоё байгааг, имидж нь гоё байгааг, ур чадварыг нь хараад. Эд нар яагаад ийм сонин содон гоё байна вэ? гэж бодно. Тэд нарын үнэхээр 4 жил дээд сургуульд энэ мэргэжлийг эзэмшдэгт л хамаг учир нь байгаа юм байна лээ. За тэгээд Хонконг явж үзлээ, Солонгос явж сурлаа. Солонгос явах бүр гоё. Очоод  өндөр төлбөр нэхээд байдаг. Тэгээд таньдаг Солонгос үйлчлүүлэгчийнхээ найзаар дамжуулаад 2008 оны Азийн аварга үсчин дээр сурахын тулд христийн сүмд очдог. Цуглаан дээр ярьж байхдаа Монголоос нэг ийм охин ирсэн чи тусалбал ямар вэ гээд шашны журмаар. Тэд  ертөнцийн эзэн энэ хүнд тусал гэнэ гэхээр маш сайн тусалдаг, гоё юм билээ. Тэгж яриулаад, туршлагатай үсчин дээр  долоо хоног үнэ төлбөргүй сурсан.

Юм л үзэх гэж явж байгаа нь тэр. Хамт явж байгаа хүмүүс маань өглөө хуралдаа явцгаана. Би буудлаасаа гараад л үсний салонуудаар явж үйлчилгээ, үсчдийн ур чадвар, шинэ салбарынхаа шинэ зүйлүүдийг судладаг байсан. Заримаар нь үйлчлүүлнэ, заримынх нь гаднаас нь цонхоор нь харчихдаг байлаа. Францад үсчид нь маш чадварлаг байдаг нь мэргэжлээ дээд сургуульд дөрвөн жил сурч эзэмшдэгт байдаг юм байна гэж ойлгосон. 

Азийн орнуудаар ч нэлээн явж судалгаа хийсэн. Хонгконг, Солонгос гээд. Солонгос руу үйлчлүүлэгчийнхээ найзаар дамжуулаад христийн шугамаар явж туршлага судалж байсан. Шашны журмаар учраас хүмүүс өндөр үнэ нэхэхгүй, маш сайхан хүлээж авч, долоо хоног сурсан.

 

Анх таны хувьд амьдралын шаардлагаар үсчин болж байсан юм байна. Орлоготой, мөнгөтэй болсон үедээ ажлаа солих боломж байсан байх? Эсвэл ажилдаа үнэхээр дуртай болохоор энэ салбартаа  үлдсэн үү?

Анх ажилтай л болох нь чухал байгаад энэ мэргэжлийг сонгож байсан ч ажлаа сурахын хэрээр мэргэжилдээ улам их дурласан. Би хүүхэд байхаасаа л хүн баярлахыг харах дуртай байсан. Хүнд тус болоод баярлалаа гээд нүдэнд нь байгаа зүйлийг харах маш гоё мэдрэмж. Хүмүүс үсээ янзлуулчихаад гоё болчихлоо,  өөр харагдаж байна, гоё харагдаж байна гэхээр урамшаад улам  ажилдаа дурладаг. Би оффис дээрээ ажиллах дургүй, салон дээрээ хүний үс засаж, үйлчлүүлэгчдийнхээ дунд байх л дуртай. Борлуулалтын тайлан, багийн хурал дээр сууж байгаад салон дээрээ очихоор стресс тайлагддаг шүү. 

Үсчний суудал түрээсэлж байгаад хэдэн жилийн дараа салоноо нээсэн бэ? Үсчин, гоо сайхны салоны бизнест амжилттай явахад гол хүчин зүйлүүд нь юу вэ?

2008 онд бие дааж гараад, жил гарны дараагаас үйлчлүүлэгчдийн тоо ихсээд, дарагдаж эхэлсэн. Хэд хэдэн ч гарын шавьтай болсон. Ийм төрлийн бизнест чанар маш чухал.  Мөн цаг үеэ мэдэрч  шинэлэг зүйлс гаргаж ирдэг байх нь чухал. Анх үсчний суудал түрээслээд явах нь л болж байна гэж явж байгаад түрээсийн газраасаа гарах болоод л салон бодож эхэлсэн. Хүн ер нь тайван бүсдээ амархан дасдаг юм билээ. 

Хэрэглэгчдийнхээ өтгөн үстэй болох хүслээс “халгай эмчилгээ”-г санаачилж, хөгжүүлсэн Зун хөдөө явж халгайгаа өөрсдөө түүдэг. 

Би танай салоноор 2013 оноос хойш үйлчлүүлсэн. Анх танай үсний халгай эмчилгээ их таалагдаж байсан.  Халай эмчилгээ бол танай гол брэнд байх. Үүнийг юунаас санааг олж, хөгжүүлж, нэвтрүүлж байв?

2009 оноос халгай эмчилгээг хийж эхэлсэн. Анх үсчин болох үеэс л хүмүүсийн үсний асуудлыг асуухаар үсний уналт, шингэрэлт л хариулдаг байсан. Намайг анх үсчин болж байхад хүмүүс  шулуун хими хийж үсээ номхруулдаг байсан. Амьдралын хэв маягаас болоод хүмүүсийн үс улам л шингэрээд байна. 2070 он гэхэд хүмүүс  үсгүй болно гээд л ярьдаг. Тэр үнэний ортой. Маш их арчилж байж л тогтоон барьж байна шүү дээ. Халгайн эмчилгээ бол хэрэглэгчээс л үүссэн асуудал. Эмээ маань хүүхэд байхад халгайгаар их угааж өгдөг байсан. Тэгээд салонтой болоод үүнийг л хэрэгжүүлье гээд туршиж эхэлсэн. Анх нэг их халгай авч ирээд муутгаад хаяах тохиолдол их байсан. Тэгээд туршиж, хөгжүүлсээр байгаад одоо манай гол брэнд үйлчилгээ. 

Өөрсдөө явж халгайгаа түүж ирдэг байсан уу?

Ээж, аав хоёр минь Төв аймгийн Лүн суманд амьдардаг байсан. Аав ээж дээрээ очихдоо л өвөлжөөнийхөө дэргэдээс түүчихнэ. Сүүлдээ зун хол явж түүж, нөөцөлдөг болсон. Анх хүмүүсийг хэвтүүлж байгаад порлонд халгай шингээж байгаад шавшдаг байсан. Тэгээд удалгүй цоргоор гоожуулж үсийг нь шавших технологи олсон. Хэрэглэгчид шууд үр дүнгээ өгдөг гээд маш дуртай байдаг. 

Санхүүгийн сахилга батгүйгээс болж компаниа алдах хэмжээний өрөнд орж ч байсан. Одоо өөрөө зөвхөн цалингаараа амьдардаг.

Бизнесийн хувьд асуудал юун дээр гарч ирдэг байв?

Асуудал мөнгөн дээр биш хүний нөөц дээр л гардаг. 2-3 жил бүхнээ зааж өгч сургаж байсан хүмүүсээ нэг өдөр бүгдийг нь алдаад өөрөө шалаа угаагаад сууж байх үе ч байсан. Сургасан хүнээ алдах анх их хэцүү санагддаг байсан. Одоо нэг их хямрахаа больсон. Ямар ч бизнес дээр хүмүүс гарч орж байдаг урсгал байж л байдаг шүү дээ гэж ойлгосон. Санхүү зөв удирдаж чадаагүйгээс бас асуудлууд гарч байсан. НӨАТ-ын өрөнд ороод компаниа байхгүй болгох хэмжээнд ч хүрч байсан. Өөрөө санхүүгээ хянахгүй. Салонуудаар явж сургалт хийхдээ гоё харагдсан зүйлүүдээ шууд өөрийнхөө салон дээрээ хийгээд л засвар хийгээд л. 

Ямар ч тооцоогүй, дураараа дургиж байсан үе бий. Хэмжиж чадвал удирдаж чадна гэдэг. Ядаж нягтлангийн курст суучихгүй дээ гэж харамсаж байсан үе байгаа. Тэгээд сүүлдээ шагналаа хүртээд, цалингаар амьдардаг болоод таксины ч мөнгө байхгүй. Өршөөлийн бичиг бэлдээд энэ татвар, НӨАТ ингэж төлье гээд л төлөвлөгөө гаргаад төлөөд явсан.

Гахайнд цуглуулж байсан мөнгөөрөө Испаниас анх үс арчилгааны бүтээгдэхүүн захиалж, дараа нь түүнийгээ албан ёсоор Монголдоо борлуулах эрхийг нь авсан.

Танайх Испаниас үс арчилгаа, гоо сайхны “Ta He” брэндийг албан ёсоор  оруулж ирдэг. Яагаад худалдааны бизнес рүү орох болсон бэ?

Тэр их сонин. Үйлчлүүлэгчдээсээ үсээ ямар болгомоор байгааг асуухад бүх хүн намирсан үс л гэдэг байсан. Үсчин нь ур чадвартай, сэтгэлтэй байгаад торго шиг намирсан эрүүл үстэй болгоход бүтээгдэхүүн л чухал болохоор сайн бүтээгдэхүүн олон жил хайсан. Тухайн үед манайд орж ирдэг чанартай сайн бүтээгдэхүүн ховор байсан. Би гэртээ жижигхэн гахайнд мөнгө цуглуулдаг байсан юм. Гахайд цуглуулсан мөнгө маань 700 мянга болсон байв. Хайсаар байгаад онлайнаар нөгөө 700 мянган төгрөгөөрөө анхны бүтээгдэхүүнээ Америк руу захиаллаа. Захиалсан бүтээгдэхүүнүүд маань ирээд хэрэглэж үзсэн чинь маш сайн үр дүн гараад эхлэв. Тэр бүтээгдэхүүнээ судлаад байсан чинь Испани гаралтай бүтээгдэхүүн болж таараад компани руу  нь мэйл бичиж харилцсаар байгаад албан ёсоор оруулж ирдэг болсон. 

Тухайн компани Монголоос холбогдоход яаж хүлээж авсан бэ? Шалгуур тавьж байв уу?

Мэйлээр өөрийгөө, компаниа, олон жил ажиллаж байгаа мастер үсчин, үс арчилгааны халгай эмчилгээ хийдэг зэргээ танилцуулна. Туршлага нөлөөлсөн байх. Мөн энэ хүн тууштай ажиллах юм шиг байна гэдгийг танилцуулгуудаас дүгнэсэн байх. 

Худалдааны бизнес нь салоны бизнесээс нь илүү ашигтай юу?

Би анх яг тэгж боддог байсан. Даанч ашгаа үзэж чадахгүй олон жил болсон доо. Санхүү дээр асар том асуудал байсан. Мөн анхнаасаа гэрээгээ хийхдээ шинэ зах зээл нээж байгаа учраас тухайн компаниар маркетингийн зардлаа гаргуулах зэрэг зүйл дээр анхаарах ёстой юм билээ. Би бүх зүйлээ өөрөө хийж цаг үрдэг байснаа ойлгосон. 

Хоёр жилийн хугацаанд нийслэл, 21 аймгийн 3500 үсчдэд үнэ төлбөргүй сургалт орсон

Та гэхдээ салбартаа танигдсан үсчин болохоор таны брэндийг дагаж бүтээгдэхүүн нь борлуулагддаг байх тийм үү?

Салонтой болохоор ч биш хувь хүнд л итгэсэн. Салбарынхаа олон үсчдэд  би баярлах ёстой. Олон бүтээгдэхүүн байхад намайг тоогоод, миний бүтээгдэхүүнийг сонгож хэрэглэдэгт.  Хоёрт нь би мэргэжлийн хүн. Бидэнд ямар асуудал байдаг билээ, өнгө гаргалт, үсний уналтын асуудал гээд. Тэр асуудлуудыг шийдэх боломжтой юм байна гэдгийг туршиж мэдсэн. Худалдааны компаниа байгуулаад дөрвөн жил болж байна.

Та нийслэл, орон нутгаар явж үсчдэд үнэ төлбөргүй сургалт ордог нь бүтээгдэхүүний борлуулалтаа сайжруулах зорилготой юу?

Тийм. Сайн бүтээгдэхүүнийг, үр дүнтэй хэрэглэхийн тулд үсчид үсний бүтэц зэрэг олон юм мэдэх хэрэгтэй  гэдгийг ойлгосон. Тэгээд үсчдийн сургалт өгдөг болоод ирэхээр хүмүүсийн худалдан авалт сайжраад, хүмүүс маань хамт хөгжиж эхэлсэн.  Хэрэглэгчдэдээ ч олон зүйлийг хэлж өгөх хэрэгтэйг ч харж эхэлсэн.  Стандарт мөрддөг байхыг ч уриалдаг болсон. Зарим үсчид жин хэмжүүр ашиглахгүй буддаг. Тэгвэл хэчнээн сайн бүтээгдэхүүн хэрэглээд үр дүн гарахгүй. Таны үсийг ийм гоё будгаар будах гэж байна гэж үзүүлээд нэмэргүй. 

Орон нутгийн зарим үсчиддээ бизнесээ яаж сайжруулах талаар хүртэл сургалтдаа ордог. Хүмүүс намайг яагаад өрсөлдөгчдөдөө нөү хаугаа заагаад байгаа юм бэ гэж асуудаг. Би Чанартай бүтээгдэхүүн оруулж ирчихээд,  чанарыг хүмүүст мэдрүүлэхгүй бол тэрийг хэн ч мэдэхгүй.Бүх хүн хөгжсөнөөр хэрэглэгч хожно. Бидэнд цэвэр өрсөлдөөн бий болно. Адилхан гэрийнх нь хажуу талын салон зорьж очдог салоноо илүү гоё угаалт хийж байхад хүн тийшээ л орно. Тэгэхээр би үүнд харин ч харамсдаггүй. 

Үйлчилгээний салбар зөв технологи дарааллыг ажилтан бүрдээ дадлага болгоно гэдэг амаргүй. Би нэг бүрчлэн бичиж өгч заадаг. 

Манай сайн үсчид сардаа 5-6 сая төгрөгийн цалин авдаг. Түүнээсээ татвараа яс төлдөг. Бид үүгээрээ бахархдаг 

Туршлагатай сайн үсчид хэдэн төгрөгийн цалинтай байдаг вэ?

Ур чадвараас нь шалтгаална.  Манайд сайн үсчид 5-6 сая төгрөг авдаг. Татвараа яс төлнө. Би үүгээр бахархдаг. Татвар төлдөггүй үсчид маш олон байдаг. Манай нэг үсчин төрөх гээд жирэмсний амралтын мөнгөө бодуулахад 11 сая төгрөг авч байсан. Гоё байгаа биз. Сүүлдээ ийм юмнаас л кайф авдаг болдог юм байна.

Та багаасаа л их хичээмтгий байсан  юм шиг байна. Энэ зан нь амьдралд нөлөөлсөн үү?

Байхгүйн зовлонг мэдэрч өссөн болохоор үүнийг ахиж амсахгүй шүү гэж их хичээж, бүгдийг чин сэтгэлээсээ хийхийг бодож явдаг.Ээж аав хоёр гүрийж гүрийж ажиллачихаад, цалингаа буухаар тансаглачихдаг байсан. Тэгээд амьдралд нь хүрэлцдэггүй. Тэр ойлголт надад бас эхлээд байсан. Мөнгөтэй болоод эхлэх үед дутуу мэдрэмжээ дүүргэх гэж байгаа юм шиг хэрэггүй хэрэггүй зүйлд мөнгө үрж тансагладаг үе байсан. Гэр бүлтэйгээ гадагшаа амраад ирэх хэмжээний мөнгөөр ганц цүнх авчихсан байх жишээний. Гэхдээ миний шунал тэр цүнхээр л дууссан.

 

Танай халгайн эмчилгээ брэнд болсон учраас франчайзинг эрх олгоод явах төлөвлөгөө бий юу ?

Шууд үүгээр мөнгө олох юм байна гээд явахаар хэзээ ч юм болдоггүй юм байна лээ. Надад боломж байсан ч чанартай л юм хийнэ бодоод түр хойшлуулаад байгаа. Дотоодын салонууд, Казахстанаас хүртэл халгайн эмчилгээний чинь франчайзинг авъя гэж холбогдож байсан.

Эсвэл халгайгаагаар үсний бүтээгдэхүүн хийгээд гадны зах зээл рүү гаргая гэж судалж байв уу?

Төлөвлөсөн байгаа. Монголдоо маш сайн чанар стандартад нийцсэн зүйл гаргаад дараа нь дэлхийн зах зээлд нэвтрүүлнэ гэж боддог. Испаниас албан ёсоор оруулж ирдэг “Tahe”-ийнхаа үйлдвэрийг Монгол бий болгох юмсан гэж ч боддог. Гүүний саам, халгай, чацарганатай бүтээгдэхүүн Tahe –тай хамтраад үйлдвэрлэнэ дээ гэж бодож байгаа. 

Би халгай болон сарлагийн сүүл  “Tahe”-ийн үйлдвэр дээр аваачиж шинжлүүлсэн. Халгайгаар үс арчилгааны бүтээгдэхүүн хийлгэе, сарлагийн сүүлээр үсний будагны каталогоны үс хийлгэе гээд. Шинжилгээгээр боломжтой гэж хариу гарсан. Гэхдээ коронагийн дараа болохоор хойшлуулсан. Бид сарлагийн сүүлээ зүгээр л хаячихдаг. Үсний будагны каталогт ашиглавал маш их хэмжээгээр манайхаас авдаг болно гэсэн үг. Одоо гаднаас бүтээгдэхүүн оруулж ирж байгаа ч үйлдвэрлэгч болно л гэсэн зорилготой ажилладаг даа.  

Урилга хүлээн авч ярилцсанд баярлалаа. Та бүхэнд ажлын өндөр амжилт хүсье. 

 

 

 

 

 

 

12 сэтгэгдэл


comment image

Зочин - 2020-11-19

Хөөх гайхмаар бахархмаар тууштай хичээмтгий бүсгүй байна даа.

192.82.68.45


comment image

Зочин - 2020-11-19

Бахархмаар сайхан бүсгүй бна.

139.5.219.213


comment image

Зочин - 2020-11-19

Сайн уу ямар мундаг юм бэ амжилт би таны сургалтанд суумаар бхын хаана бүртгүүлдэг юм болоо

122.201.22.177


comment image

Зочин - 2021-04-14

J.Erdenebat gishuun erunhii said baihdaa monkord hadgalamj zeeliin horshoog dampuuruulsan. Hariutslagaa hulee, sanhuugiin zohitsuulah horoo hamtarsan. Delgermaa CEO nuugdsan

85.203.44.97


comment image

Зочин - 2021-04-14

J.Erdenebat gishuun erunhii said baihdaa monkord hadgalamj zeeliin horshoog dampuuruulsan. Hariutslagaa hulee, sanhuugiin zohitsuulah horoo hamtarsan. Delgermaa CEO nuugdsan

85.203.44.97


comment image

Зочин - 2021-04-14

J.Erdenebat gishuun erunhii said baihdaa monkord hadgalamj zeeliin horshoog dampuuruulsan. Hariutslagaa hulee, sanhuugiin zohitsuulah horoo hamtarsan. Delgermaa CEO nuugdsan

85.203.44.97


comment image

Зочин - 2021-04-14

J.Erdenebat gishuun erunhii said baihdaa monkord hadgalamj zeeliin horshoog dampuuruulsan. Hariutslagaa hulee, sanhuugiin zohitsuulah horoo hamtarsan. Delgermaa CEO nuugdsan

85.203.44.97


comment image

Зочин - 2021-04-14

J.Erdenebat gishuun erunhii said baihdaa monkord hadgalamj zeeliin horshoog dampuuruulsan. Hariutslagaa hulee, sanhuugiin zohitsuulah horoo hamtarsan. Delgermaa CEO nuugdsan

85.203.44.97


comment image

Зочин - 2021-04-14

J.Erdenebat gishuun erunhii said baihdaa monkord hadgalamj zeeliin horshoog dampuuruulsan. Hariutslagaa hulee, sanhuugiin zohitsuulah horoo hamtarsan. Delgermaa CEO nuugdsan

85.203.44.97


comment image

Зочин - 2021-04-14

J.Erdenebat gishuun erunhii said baihdaa monkord hadgalamj zeeliin horshoog dampuuruulsan. Hariutslagaa hulee, sanhuugiin zohitsuulah horoo hamtarsan. Delgermaa CEO nuugdsan

85.203.44.97


comment image

Зочин - 2021-04-14

J.Erdenebat gishuun erunhii said baihdaa monkord hadgalamj zeeliin horshoog dampuuruulsan. Hariutslagaa hulee, sanhuugiin zohitsuulah horoo hamtarsan. Delgermaa CEO nuugdsan

85.203.44.97


comment image

Зочин - 2021-04-14

J.Erdenebat gishuun erunhii said baihdaa monkord hadgalamj zeeliin horshoog dampuuruulsan. Hariutslagaa hulee, sanhuugiin zohitsuulah horoo hamtarsan. Delgermaa CEO nuugdsan

85.203.44.97