ГЭРЭЭСЭЭ ИЛҮҮ ТАВ ТУХТАЙ АЖИЛЛАХ ЭНГИЙН ЗӨВЛӨГӨӨНҮҮД
urug.mnСэтгүүлч: Urug.mn
МЭДЛЭГ ХӨТӨЛБӨР 2 долоо хоног өмнө

urug.mn

urug.mn image

Коронавирусийн цар тахлын улмаас дэлхий даяар олон сая хүн гэрээсээ ажил үүргээ  гүйцэтгэх  шаардлагатай  болсон. Ийм байдал нь нөгөөтэйгүүр иргэдийн сэтгэл зүйд сөргөөр нөлөөлж буй. Үүнтэй холбоотойгоор гэрээсээ ажлаа илүү тав тухтай хийх хэд хэдэн энгийн зөвлөгөөг танилцуулъя.

Гэрэл гэгээ нэм

"Хүн бүрийн зан төлөв өөр хэдий ч бүх хүнд ижил нөлөөлдөг хэд хэдэн зарчим бий. Нарны туяа, цэнгэг агаар, байгальтайгаа харьцах харьцаа нь сэтгэцийн эрүүл мэндэд нэн чухал байдаг нь үүний нэг жишээ юм” хэмээн Кембрижийн их сургуулийн сэтгэцийн эмч Тана Баламурали ярьжээ.

Нарны хурц туяа нь тархинд серотонийг ялгаруулахад дэм болдог аж. Ингэснээр хүмүүс тайвширч, төвлөрч, сэтгэл санаа нь дээшилж, түгших мэдрэмж нь багасдаг байна.

Нарны туяанаас авах ашиг тус асар их. Нарны туяа нь бидний орчин тойрноо хэрхэн хүлээн авахад нөлөөлж, нойрны үйл ажиллагааг хэвийн горимд нь оруулдаг. Хэн бүхний хувьд коронавирусний нөхцөл байдал хүндээр тусаж буй энэ үед нарны туяаг мэдрэх нь маш чухал юм” хэмээн “Assael Architecture” компанийн бие бялдар, сэтгэцийн эрүүл мэндийг хариуцдаг ажилтан Бен Шеннон ярьжээ

Үүнтэй холбоотойгоор ажлын ширээгээ цонхны ойролцоо байрлуулж, цонхоо нарны туяа нэвтрэхэд саад болгохгүйгээр гял цал болтол нь арчих хэрэгтэй гэж тэрбээр зөвлөв.

Дуу чимээ багатай орчинд ажлаа хийгээрэй

Аливаа дуу чимээг хүний тархи хэрхэн хүлээж авдгийг судалдаг Ноттингемийн их сургуулийн доктор Ребекки Дьюи ийм зөвлөгөө өгчээ. Хүний тархины янз бүрийн хэсгүүд эргэн тойрны дуу чимээ, түүний өөрчлөлтийг хянаж байдаг аж. Дуу чимээ нь хийж буй ажлаас сатааруулахад хүчтэй нөлөө үзүүлдэг.

“Дуу чимээ нь “зугт эсвэл тэмц” гэсэн хариу үйлдлийг өдөөдөг. Чанга дуу чимээ нь тархинд айдсын дохиог өгдөг миндал хэмээх хэсэгт нөлөөлдөг. Үүнд тархины гипоталамус хэмээх өөр нэг хэсэг хариу үйлдэл үзүүлснээр цусны даралт ихэсдэг байна. Дуу чимээнээс хол байхын тулд чихний бөглөөс ашиглахаас гадна гэртээ зөөлөн тавилга, зузаан хивс, хүнд хөшиг тавих боломжтой” хэмээн Ньюкаслын их сургуулийн профессор Адриан Рис ярьжээ.

Эмх цэгцтэй байгаарай

Эмх замбараагүй байдал нь хүний бие дэх кортилоз буюу стрессийн дааврыг нэмэгдүүлдэг нь тархинд сөрөг дохио, илүү ачаалал өгдөгтэй холбоотой байж магадгүй юм.

Кортизол гэнэт ялгарах нь аюулгүй байдаг ч байнгын өндөр түвшинд байвал санаа зовних, сэтгэл санаа гүн хямрах, толгох өвдөх, нойрны хэмнэл алдагдахад хүргэдэг байна.

“Орон гэр тань тав тухтай амрах орчин болж байвал зарим тохиолдолд эмх замбараагүй байх нь асуудал биш. Харин гэрээсээ ажлаа хийж буй тохиолдолд нөхцөл байдал өөр бөгөөд өөрийгөө сатааруулах зүйлийг аль болгох бага байлгах ёстой юм” хэмээн Суррейгийн их сургуулийн сэтгэл судлаач Элеонор Рэтклифф ярьжээ.

Босоод хөдлө

Гэрээсээ ажиллаж буй тохиолдолд та автобусны буудлаас ажлын газар хүртэлх зайг туулах шаардлагагүй болно. Өдөрт туулах хамгийн урт зам нь унтлагын өрөөнөөс гал тогоо хүртэлх зам болж хувирвал та хөдөлгөөний дутагдалд орно. Дасгал хөдөлгөөн хийх нь биеийн болоод сэтгэл зүйн эрүүл мэндэд чухал нөлөө үзүүлдэг гэдгийг мартаж болохгүй.

Хөдөлгөөний идэвхтэй байдал нь аз жаргалын даавар эндорфиныг ялгаруулж, түгшүүр, сэтгэл санааны хямралыг багасгаж, хүч өгдөг гэдгийг олон судалгаанаас харж болно.

Ажил үүргээ сууж, босох маягаар хослуулан хийхийг хүсвэл энгийн ширээнээс гадна зогсож байхдаа ажлаа хийхэд тохиромжтой ширээтэй болох хэрэгтэй юм. Түүнчлэн ажлын завсарлага авч, цэвэр агаарт гарах боломжтой.  

"Ажлын байрандаа ирж, буцах замыг туулах нь зарим хүний хувьд тайвшрах, тархи толгой нь сэргэдэг үе байдаг. Энэ нь тэднийг ажил болон ар гэрээ ялгаж салгах, хил хязгаар тогтооход нь тусалдаг. Гэрээс ажиллах үед ийм хил хязгаар алга болдог” хэмээн сэтгэл судлалын профессор Гейл Кинман ярьжээ.

Гэртээ амьд ургамал цэцэг байлгаарай

Амьд байгалтай харьцах нь биеийн эрүүл мэнд хийгээд сэтгэл зүйд ашиг тустай. Амьд байгаль нь цусны даралтыг бууруулж, хэт их бодлоос ангижруулж, тайвшруулж, анхаарал, ой тогтоолтыг сайжруулж нойронд сайн болгодог. Иймд амьд байгалийн нэг хэсэг болсон ургамал цэцгийг гэртээ байлгах, тэр ч бүү хэл байгалийг дүрсэлсэн зураг нь сэтгэл зүйг эрүүл байлгахад ихээхэн тустай юм.

Амьд харилцаа үүсгээрэй

Гэрээсээ ажиллаж буйдаа сэтгэл хангалуун бус байгаа хүмүүст зөвлөхөд юу дутагдаж байгаагаа анзаарч, гэрийн нөхцөлд асуудлыг яаж шийдвэрлэх боломжтойг олохыг хичээгээрэй.

Одоогоор дийлэнх хүний хувьд гэрээсээ ажиллаж буй тохиолдолд амьд харилцаа үүсгэж чадахгүй байгаа нь асуудал үүсгэж байна. Эмч Баламурийн ярьж буйгаар, хүмүүсийн дийлэнх олонх нь амьд харилцааны 80-90 орчим хувийг ажил дээрээ үүсгэдэг аж. Ажлын байран дээрээ, өдрийн хоол идэх, цахилгаан шатаар явах үед бид маш болон хүнтэй харьцдаг билээ.

“Хөл хорио хэрэгжих болсноор иймэрхүү харилцаа алга болсон билээ. Ямар төрлийн хүн бэ гэдгээс олон зүйл шалтгаалах хэдий ч нийгэмшил нь олон талаараа тун ач холбогдолтой ойлголт юм. Иймд өдрийн цайны үеэр юмуу ажил дууссаны дараа найз нөхөд, хамаатан садан, хөршүүдтэй амьд харилцаа үүсгэж байгаарай” хэмээн тэрбээр зөвлөсөн байна.

эх сурвалж: BBC

 

0 сэтгэгдэл


Одоогоор сэтгэгдэл алга байна