Э.ОДБАЯР: ТӨР ХУДАЛДААНЫ ХЭЛЭЛЦЭЭР ХИЙХДЭЭ БИЗНЕСҮҮДИЙН ДУУ ХООЛОЙГ СОНСОХ ХЭРЭГТЭЙ
urug.mnСэтгүүлч: Б.БОЛОРЧИМЭГ
НИЙГЭМ 5 сар, 4 долоо хоног өмнө

urug.mn

Бизнес өрөг нэвтрүүлэг энэ удаа "Далайд гарцгүй хөгжиж байгаа орнуудын олон улсын судалгааны төв"-ийн захирал Э.Одбаяртай ярилцлаа. Манай улс анх санаачилга гарган “Далайд гарцгүй хөгжиж байгаа орнуудын олон улсын судалгааны төвийг” байгуулахаар болж, 32 орон зөвшөөрөн, гишүүн болж байжээ. Монгол улс далайд гарцгүй учраас гаднаас импортоор орж ирж байгаа бүтээгдэхүүн  өндөр үнэтэй байдаг. Өөрөөр хэлбэл бидний амьдралын өртөг өндөр.

Энэ өртгийг бууруулах ямар боломж байгаа талаар судалгаа явуулах, худалдааг хөнгөвчлөх талаар судлах нь тус байгууллагын гол зорилго юм.  

Э.Одбаяр нь энэ төвийг анх байгуулагдахаас эхлэн 32 гишүүн орны зуун хувийн саналаар томилогдон захирлаар ажиллаж буй. 

-Танай байгууллагыг түүхээс ярилцлагаа эхэлье. Манай улсын санаачилга хэдэн жилийн дараа ажил хэрэг болж, байгууллага байгуулагдаж байв?

-Дэлхий дээр далайд гарцгүй хөгжиж байгаа гэсэн статустай 32 улс байгаа. Өмнөд Америк, Африкт 16 улс, Азид 10 гаруй, Европт дөрөв гэх мэт. Дэлхий даяар тархсан ижил хүндрэл бэрхшээлтэй, өөр эрс тэс улс орнууд байгаа.Манай байгууллага бол далайд гарцгүй эдгээр хөгжиж буй орнуудад тулгардаг хүндрэл бэрхшээлээс яаж гарах вэ гэдэг бодлогын судалгааг хамгийн өндөр төвшинд, олон улсын хэмжээнд хийж өгөөд, санал болгодог.Бодлогын зөвлөмжүүд гаргадаг байгууллага.  Хувийн хэвшлийнхэнд бодлогын үр дүнг танилцуулаад, юун дээр суралцаад, яаж арга хэмжээ авч, бодлогоо явуулбал бизнесийн салбар нь хөгжих вэ гэдэг дүгнэлтүүдийг гаргадаг гэсэн үг.

 

Далайд гарцгүй орнуудын амьдралын өртөг далайтай орнуудаас 50 орчим хувиар өндөр байдаг. Гэхдээ орж ирж байгаа бараа бүтээгдэхүүний тээврийг хөнгөвчлөх олон хэлэлцээр байгаа. 

-2006 онд анхны санаачилга гарч, бүх 32 улс дуу нэгтэйгээр зөвшөөрч  байгууллага албан ёсоор байгуулагдаж байсан нь 2017 он юм байна.  Анхны даргаар нь гишүүн орны зуун хувийн саналаар та томилогдсон юм байна тийм үү?

-2012 онд намайг энэ ажил дээр томилж байсан. Тухайн үед би гадаад яамны дипломат байсан. Залуу дипломат анхны томилолтоос буцаад ирэхэд тухайн үеийн гадаад харилцааны сайд чи ийм нэг ажлыг хариуцаад, ажил хэрэг болго.  2006 онд санаачилсан, үүнээс хойш тодорхой дэвшил гараад олон улсын эрх зүйн хүрээнд бий болсон судалгаа хийсэн зүйл алга байна. Энэ нь яваандаа НҮБ дээр манай улсын нэр хүндэд сөргөөр нөлөөлөөд эхэлнэ. Залуу хүн байна энэ ажлыг аваад яв гээд санал болгож байсан. Энэ саналыг хүлээж аваад үйл ажиллагааг нь эхлүүлэхээр дипломат мэргэжлийнхээ хүрээнд ажиллаж эхэлсэн.

-Далайд гарцтай орны амьдралын өртгөөс, далайд гарцгүй орны амьдралын өртөг хэд дахин илүү байна вэ?

-Далайд гарцгүй хөгжиж байгаа орон гэдэг нь судалгаан дээр аваад үзэхэд  ерөнхий хөгжлийн төвшин нь далайд гарцгүйгээс шалтгаалаад дор хаяж 20% буурдаг.  Мөн далайд гарцгүй орны бараа бүтээгдэхүүнийг жишээ нь 40 тонн контенейрийг  А-с Б-рүү  тээвэрлэлээ гэж бодоход далайд гарцтай орнуудтай харьцуулахад 50% дээш үнэтэй байгаа.Энэ бол үнэ өртгийн асуудал. Дээрээс нь тээвэрлэлтийн хугацааны асуудал үүснэ. Далайтай орнууд 7-10 хоногийн хугацаанд А-с Б-рүү  40 тонн контейнер зөөчихөж байхад далайд гарцгүй орнуудын хувьд дунджаар 45-60  хоногийн хугацаатай тээвэрлэгддэг. Хугацаа алдахгүйн тулд агаарын тээвэр ашиглах болдог. Тэгэхээр үнэ нэмэгдэнэ гэсэн үг. Бидний өнөөдөр идэж байгаа жимс нэг бол урдаас ирж байгаа чанаргүй жимс ногоо байна, эсвэл Солонгос, Японоос ирж байгаа үнэтэй байдаг. Далайтай байсан бол энэ асуудал тийм биш.

-Импорт дээр жишээ авч ярихад манайх  зөвхөн 2014 онд Япон улстай хийсэн эдийн засгийн түншлэлийн харилцаанаас өөр худалдааг хөнгөвчлөх хэлэлцээр бараг байхгүйтэй ижил юм байна?

-Манай улсыг судалгааны хүрээнд харвал энэ бүс нутагтаа хамгийн муу интеграцтай орон гэж хэлж болно.Шанхайн хамтын ажиллагааны байгууллагад манайх ажиглагч, АСЕАН-ийн гишүүн орон биш. Ер нь аливаа орныг бүс нутагтаа хэр интеграцлагдсан байна гэдгийг чөлөөт худалдаагаар дүгнэдэг. Манайхыг харахад ганцхан 2014 оны Японтой чөлөөт худалдааны гэрээтэй.  Ийм байдлуудаа хараад үзэхээр интеграци дундаа хамгийн муу интеграцлагдсан орон болж таараад байгаа. Шалтгаан нь маш олон. Өөрсдөөсөө шалтгааныг хайгаад үзвэл, бидний мэдлэг чадварын асуудал, бидний аж үйлдвэрийн чадавх чансааны асуудалтай мөн холбоотой. Бид өөрсдөө юу үйлдвэрлэж чадах вэ, хэдий хэмжээгээр үйлдвэрлэж  гаргаж чадах вэ гэдэгтэй ч холбоотой. Энэ нь бидний сул тал гэж хэлж болно. Яагаад гэхээр хэлэлцээр хийж байгаа улс нь Япон, Солонгос, Хятад зэрэг том үйлдвэрлэгч орон байвал тэдэнтэй нэг төвшинд хэлэлцэх хэрэгтэй болдог.Чөлөөт худалдааны хэлэлцээр гэдэг нь тусгай артер учраас маш их судалгаа хийж өөртөө ашигтайгаар байгуулах ёстой.Энэ нь бол бас маш том судлагдахуун байх ёстой.

-Жишээ нь манайх Хятад улсын коксжих нүүрсний ихэнх хувийг нийлүүлдэг. Нэг төвшинд хэлэлцээр хийж, манайх руу орж ирэх импортын бүтээгдэхүүний өртөг бага байх боломжтой биш үү? Энэ харилцааг шийдвэрлэхийн цаана ямар ямар геополитикийн бодлого байдаг вэ?

-Геополитикийн харилцаа бол тусдаа асуудал. Бид мянга сайхан судалгаа хийгээд ч биелэхгүй байх сэдэв байж болно. Бид судалгаа нарийн зүйл рүү орохоосоо өмнө нэг том зүйл олж мэдсэн ньамжилттай хөгжье, ядуурлаа бууруулъя гэвэл далайд гарцгүй орон хөрш зэргэлдээ оронтойгоо хамгийн сайн харилцаатай  байх ёстой.Тийм харилцаа байхгүй бол ярих хэрэг байхгүй. Хамгийн сайн харилцаатай байна гэдэг нь олон талт харилцаа, нэн тааламжтай нөхцөлөөр харилцдаг гэрээтэй байх уу, энх тайван найрамдлын харилцаатай, дипломат харилцаатай байх ёстой. Бие биенийгээ стратегийн төвшинд ойлгодог байх ёстой. Манай хоёр хөрш шиг. Манай улс далайд гарцгүй орон ч өөрөө хэлэлцээр хийх чадвартай байх ёстой. Өөрийнхөө хүчин чадал, бололцоо, хамгийн сайн хийж чаддаг зүйлээ ашиглаад нөгөө талтайгаа зөв хэлэлцээ хийх чадамжтай байх ёстой. Олон улсын гэрээ хэлэлцээр яригдаж эхлэхэд тэнцүү төвшнөөс байх ёстой гэсэн НҮБ-ын зарчим байна. Үүн дээрээ тулгуурлаад л зүтгэх ёстой.

 

Олон улсын худалдааны хэлэлцээр хийхдээ төр бизнесүүдийн дуу хоолой, юу чаддагийг нь сайн сонсож, уялдаатай ажиллах хэрэгтэй

 

-2014 оны Японы эдийн засгийн түншлэлийн гэрээ нь ямар давуу талтай вэ? Импортын бүтээгдэхүүн ямар хөнгөлөлт эдэлдэг, экспортоор гарч байгаа бүтээгдэхүүн ямар давуу тал олгож байгаа хэлэлцээр вэ? Үүнийгээ тэр бүр мэддэггүйгээс манай бизнесийнхэн алдаа гаргадаг гэж хэлж байсан?

-Чөлөөт худалдааны гэрээ нь маш олон салбартай. Дотроо стандартын асуудал, тарифын асуудал, тоо хэмжээний асуудал гээд олон зүйл заалттай байгаа. Мэдээж аль аль талдаа ашигтай байх хэмжээнд байгуулагдсан гэж ойлгож байгаа. Бид судалгааны байгууллагын хувьд ямар дутагдал олж харсан гэхээр хэлэлцээр нь муу биш, бид өөрсдөө хэлэлцээр хийх чадавх байхгүй байсан учраас маш олон зүйл дээр алдсан байх магадлалтай. Ганцхан жишээ хэлэхэд бид бизнес эрхлэгчдийг худалдаа аж үйлдвэрийн танхимтай хамт цуглуулаад энэ сэдвээр ярьж байсан. Энгийн жишээ хэлэхэд эсгий углааш үйлдвэрлэдэг компани Японтой гэрээ байгуулан бараа бүтээгдэхүүнээ гаргая гээд яг худалдаа хийх болоход бүтээгдэхүүнээ гаргаж чадаагүй.  Яагаад гэхээр углаашны ул нь Хятадаас оруулж ирсэн капчук резинэн ултай байсан. Чөлөөт худалдааны гэрээ хэлэлцээрийн хавсралтууд дотор бүх барааг кодоор нь гарал үүсэлтэй нь заасан байдаг. Дотор нь Монгол эсгий гэдэг нь зөвшөөрөгдсөн ч, улны резин нь зөвшөөрөлгүй байсан. Зөвхөн эсгий таавчиг  болно гэсэн заалттай. Маш олон стандарт өнгөний стандарт, яаж цайруулсан, цайруулагч бодис нь Японд зөвшөөрөгддөг эсэх гээд нарийн заалтууд бий. Бизнес эрхлэгчид үүнийг уншиж судалж, түүнд нь тааруулах хэрэгтэй.Эдгээрийг хэлэлцээр хийж байсан төрийнхөн судлаад, мэдээд тухайн гэрээний листэнд оруулах ёстой байсан.Тийм зүйлээ бид мэдэхгүй болохоор яаж тэр листэнд оруулах билээ.  Нөгөө талаасаа төр үйлдвэр эрхлэгчтэй түрүүлж уулзаад та нар юу чадаж байна ямар бараа бүтээгдэхүүн, яаж ямар аргаар үйлдвэрлээд Япон руу гаргах вэ, та нарын хийж байгаа ажилд аль болох хүндрэл дарамт үзүүлэхээргүй хэлэлцээрийг бид хийе гэж асуух ёстой байдаг. Үүнийг бол хөгжсөн орнууд байнга хийдэг. Гэхдээ нэг эерэг зүйл нь хэлэлцээр хийх бүрдээ сураад сайжраад явдаг.

-Бизнесийнхэн бас экспортод бүтээгдэхүүн гаргах гэж байвал ямар хэлэлцээр, ямар заалтууд байна, шинээр хэлэлцээр хийх гэж байхад  дуу хоолойгоо бас хүргэж байх хэрэгтэй юм байна шүү дээ?

-Тийм. Тэгээд үүнийгээ судлаад танхимаараа дамжуулах уу, манайх шиг байгууллага дээр ирээд асуугаад зөвлөгөө аваад явах хэрэгтэй. Бид бол тээвэр логистикийн байгууллагуудтай их ойр ажилладаг. Манай дээр ирээд ийм асуудлууд байна, хараат бус байгууллагын хувьд холбогдох газар нь мэдэгдээд өгөөч, манай контейнер тэнд гацаж байна гэх бэрхшээлүүдээ ярьж хэлэлцдэг. Энэ бол салбар бүрд хэрэгжих ёстой. Тэгж байж хэлэлцээр амжилттай хэрэгжинэ.

Бид хамгийн сайн чаддаг бүтээгдэхүүнүүд дээрээ төвлөрөөд, гаргах улсынхаа стандартад нийцүүлэн хөгжүүлж экспортлох хэрэгтэй

-Бид уул уурхайн бус экспортоо хөгжүүлэхийн тулд нэгдсэн ямар бодлого хэрэгтэй вэ?

-Аль ч хөгжсөн орныг харахаар эдийн засгийн гол нугас нуруу нь жижиг дунд үйлдвэр байдаг. Нэг гоё жишээ хэлье. Парагвай гээд Өмнөд Америкийн далайд гарцгүй хөгжиж буй улс манай хойд хөрш ОХУ-ын хамгийн том мах экспортлогч болж чадсан жишээ.  Орос улс Парагвайн махыг л авдаг.  Тийм холоос шүү дээ. Аргентинаар дамжиж голоор явсаар далайд очдог.  Би Парагвайд айлчилж  байхдаа хугацаа, ямар стандартаар, яаж хэлбээд гаргадаг болсон талаар ярилцаж байсан. Манхаа хөлдөөгөөд, янзлаад яг Оросын стандартад нийцүүлээд, далайгаар 66 хоног яваад ОХУ-д очдог гэсэн. Гэтэл манай улс 70 сая малтай, ОХУ-ын урд хөрш, бөөрөө залгасан сууж байгаа хирнээ Парагвайгаас илүү махаа зарж чадахгүй байна.

Үүнийг Парагвай улс яаж чадсан бэ гэж бид судалгаа явуулсан. Парагвай улс ОХУ руу  дээр 15 жил ажилласан байдаг.Зөвхөн махаа гаргана, махны экспортын салбарын стандартыг  Европын холбоо, Хонконг ,Орос гэсэн гурван том зах зээл рүү нийлүүлэх, зөвшөөрүүлэх ажлаа 10 жил хийсэн байдаг.

Маш энгийн зүйл дээр ч унаж хугацаа алдаж байсан тохиолдол байдаг. Жишээ нь Европын холбоо гэдэг 520 сая хүн амтай, 27-28 орны цуглуулаг байна. Энэ бол хамгийн том зах зээл, мах хүнсний салбартаа хамгийн өндөр стандарттай. Европын холбооны стандартыг авах гээд 5-6 жил ажиллаад, Европын холбооноос ирээд шалгахад бүх зүйл сайн байна гэсэн үнэлгээ аваад, хамгийн сүүлийн нэг үзүүлэлт дээр унасан байдаг. Танай махны цехийг үзэх гээд явж байхад танай цехийг үзүүлэх гээд явж байсан яамны ажилтан үсэндээ торон малгай өмсөөгүй, бусад нь бол өмссөн байсан. Орж байгаа хүн бүрд та нар малгай өмсүүлж чадаагүй байгаа учраас манай стандартад нийцэхгүй байна. Ийм жижиг зүйлд дээр хүртэл бид алдаж, дараагийн шалгалт ирэхэд хоёр жил болдог гэж байсан.

Эндээс юу дүгнэхээр байна гэхээр эхний ээлжид нэгдсэн байдлаар эхлээд яг юу экспортлох вэ гэдгээ тодорхойлох хэрэгтэй.

Австри, Люксенбург зэрэг орнууд далайд гарцгүй, том хөршүүдтэй, Европын холбооны томоохон үйлдвэрлэгч орон. Тэдний жишээг харахад хамгийн сайн чаддаг цөөхөн тооны бараа бүтээгдэхүүнээ маш сайн чанартай, өөр хаана ч байхгүйгээр чанартай, онцлог үйлдвэрлэдэг. Швейцарын хувьд цаг, хутга, аялал жуучлал. Австрийн хувьд аялал жуучлал, машин тоног төхөөрөмж, сүүлийн үед сэргээгдэх эрчим хүч, ногоон энерги гээд энэ нь маш том брэнд болсон. Люксенбург бол банк санхүү, карго тээвэр хоёрхон брэндээрээ маш том ашгийг эх орондоо төвлөрүүлж байна.  Үүнийг далайд гарцгүй Монгол орондоо яаж нутагшуулах гээд оролдоод байна гэхээр чаддаг юм аа сайн хийж, чаддаг цөөн тооны бараа бүтээгдэхүүн мах, ноолуур, аялал жуучлал, IT,финтек буюу санхүүгийн салбарт мэдээлэл харилцаа холбоог ашиглах зэрэг эдгээр брэндүүд дээрээ анхаараад хөгжүүлэх хэрэгтэй байна.

-Импортын бизнесүүдэд ямар ямар бэрхшээлийг гэрээ хэлэлцээрийн төвшинд та бүхэн шийдвэрлэсэн бэ?

-Маш тодорхой жишээ хэлэхэд Тяньжиний боомт дээр манай контейнерууд гацдаг, түгжрэл үүсдэг, уддаг. Яагаад гэхээр манай Монгол руу ирж байгаа контнейр Хятадын зах зээлд эргэлдэж байгаа тоотой харьцуулахад маш бага тоотой. Вагонд ачихад Монголруу явах контнейрийн тоо, дамжаад шууд орос руу явах контнейраас харьцангуй бага байна. Тэгэхээр вагонд  дүүргэх контнейрыг нь  эхлээд ачаад явуулчихдаг. Дүүрэхгүй нь тэнд нь бөөгнөрүүлж  байлгаж байгаад, нэг вагон дүүрэхээр нь явуулдаг ийм жишээ байдаг.Үүний ард хугацаа алдаад, үнэ өртөг нь нэмэгдээд бизнесийнхэнд өдөр алдах тусам хохирол учраад байдаг.Энэ асуудлыг компаниуд байх ёстой мэтээр хүлээн зөвшөөрөөд сайн танил талаараа, Хятадын түнш компанитай харилцаатай бол яриад, хятад хэлтэй нь найрч өгөөд, эсвэл төлбөр мөнгийг нь нэмж төлөөд, Монгол аргаар зохицуулаад явдаг.

Уг нь бол НҮБ-ийн далайн эрх зүйн конвенц гээд том конвенц байгаа. Энд манайх далайд гарцгүй орны хувьд гишүүн орноор нэгдээд орсон.Тэнд ямар заалт байдаг гэхээр нэгдүгээрт далайд гарцтай улс нь далайд гарцгүй орныг ялгаварлан гадуурхаж болохгүй.Хоёрт яг далайд гарцтай оронтой ижил төвшний боломжийг олгох ёстой.

-Тийм заалт байдаг хирнээ яг нэгж дээрээ хэрэгждэггүй гэсэн үг? Бид түүнийг шаардахаар анхан шатны нэгж дээрээ хэрэгжих боломжтой юу?

-Боломжтой. Хэрэгжихээс өөр аргагүй. Яагаад гэхээр Хятад улс мөн тэр хэлэлцээрт нэгдээд орчихсон, хэлэлцээрийн заалтыг биелүүлэхгүй байна гэдэг нь олон улсын эрх зүйг зөрчиж байна гэсэн үг. Үүнийг харин тээвэр зуучийн компани, ачаа тээвэрлэж байгаа компаниуд мэддэггүй. Шаардлагаа тавьж чаддаггүй гэсэн үг. Үүнийгээ судлаад,Монгол компаниуд,нэгдэж очоод олон улсын ийм хэлэлцээр байна. Та нар болох талаас нь хараач ээ гэж хэлэлцээр хийх ёстой.Энэ хийгдэхгүй байна гэж бид дүгнэсэн.

-Та бүхний судалгааг төрийн байгууллагууд авч, шийдвэр, ажлууд дээрээ тусгаж чаддаг уу? Та бүхний оролцоотой хийсэн гэрээ хэлэлцээр байдаг уу?

-Манай судалгаа дүгнэлтийг төрийн байгууллагууд аваад ашигладаг. Хятадтай байгуулсан гэрээг дурдъя. Энэ бол улс төрийн болон дипломат хэмжээнд хамгийн өндөр төвшний хэлэлцээрт гарын үсэг зураад албажуулсан. 2014 оны Хятадын дамжин өнгөрөх, далайд гарах тухай, худалдааны хэлэлцээр. Эд нар нь бүгд өндөр дээд төвшинд хийгдэж яригдаж бүтдэг.

-Урт хугацаанд яригдсаар 2014 онд батлагдсан уу?

-1990 оны эхээр байгуулагдсан  хэлэлцээрийн дагуу манай бараа бүтээгдэхүүн Тянжиниар дамжиж орж ирдэг байсан.  Тэнд манай боомтын 10 га газар байгаа.  Энэ нь төр засаг ажлаа хийсэн учраас л байсан. 2014 онд яриа хэлэлцээр явсаар заалтуудыг илүү сайжруулсан, түүнд манай байгууллага тодорхой хэмжээний хувь нэмэр оруулсан.

Яаж сайжирсан бэ? Танай ямар судалгааг яаж ашиглаад хэлэлцээр нь яаж сайжирсан бэ?

Жишээлбэл өмнөх хэлэлцээрийн дагуу Монголын тээвэр зуучийн машин, ачааны машин Хятадын газар нутаг дээр тээвэр хийх боломжгүй байсан. Тэр нь ялгаварлан гадуурхал гэж үзэх үндэслэл байсан учраас бид хэлэлцээ хийсээр тэр заалтыг тодорхой нөхцөлд, тодорхой шаардлага хангасан тохиолдолд Монголын тээвэр зуучийн компани Хятадын газар нутаг дээр тээвэр хийж болно гэсэн заалт орсон байгаа. Энэ бол  олон улсын эрх зүйн баримт бичгийн хувьд маш том ахиц байсан. Хятад улс зөвхөн Хятадын компаниудаа л Хятадын газар нутаг дээр явуулдаг байсан бол манайхыг жишээлбэл машинаа тэдний стандартад нийцүүлээд хоёр талаасаа тохирч чадах юм бол манай машин Улаанбаатараас гараад Тяньжиня, Дальян боотм хүртэл явах боломжтой болсон. Тэгэхээр миний өөртэй чинь санал нийлэхгүй байна гэсэн асуудал ньхамгийн өндөр төвшинд эрх зүйг нь бүрдүүлээд өгчихлөө, одоо хувийн хэвшлийнхэн маань төртэйгөө ажиллаж байгаад энэ хэлэлцээрийг хэрэгжүүлэх тал дээр ажиллах хэрэгтэй.

-Далайд гарцгүй хөгжиж буй орны судалгааны төвийн төв нь манайд байгаагийн давуу тал нь юу вэ? Бид үүнийгээ ашиглаж чадаж байна уу?

-Манай олон улсын судалгааны төв олон талт хэлэлцээрийнхээ дагуу үүрд Монголд байна гэсэн заалттай. Энэ нь яагаад Монголд ач холбогдолтой, сонирхолтой, чухал гэхээр үүнийг бид Монголд авч ирж чадсанд байгаа юм. Хоёрт эдийн засгийн хувьд судалгааны орлого, олон улсын хурал цуглаанаас олдог ашиг манай улсад үлдэнэ. Жишээ нь НҮБ-ын хурлууд Женев, Нью Йорк, Бангкок гээд явах байсан бол энд манай төв байгаа учраас энэ асуудлаа Монголд ирээд ярьчих, энд хурлаа хийе  гэхэд тэр хэмжээний зардал нь манай зочид буудал, nomads ресторан , Говь компанийн дэлгүүр рүү тэр хүмүүсийн халаасны мөнгө орно гэсэн үг.

-Байгууллагын бүтцийн хувьд яаж ажилладаг вэ?

-Монгол талаас цэвэр хэлэлцээрийн дагуу энэ байгууллагын үндсэн ажилтан болоод ажиллаж байгаа зургаан хүн байна. Судалгааны хувьд нийтдээ олон улсын хэмжээний 32 судлаачид байна. Тэд нар нь одоо ковид гээд нутагруугаа явсан хэдий ч байгаа газраасаа ажилладаг. Ерөнхийдөө энд бас ирээд тодорхой хугацаанд ажилладаг ийм зарчмаар явдаг.

Гол нь бид олон судалгаа хийж байна, үүнийг бизнесийн салбарынхан болон төрийнхөн шийдвэр гаргахдаа ашиглаач ээ гэж уриалдаг. Бизнесийн байгууллагуудтай нээлттэй хамтарч ажиллана.Манай судалгаа, судалгааны дүгнэлтүүд манай сайтад англи хэл дээр нээлттэй байж байдаг.

Нэвтрүүлгийн зочин хөтлөгч: 

1. Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн захирал Б.Лакшми

2. "Нано интенэйшнл" ХХК-ийн борлуулалт, логистик хариуцсан захирал Э.Тулга нар оролцлоо. 

Ярилцлагын дэлгэрэнгүйг нэвтрүүлгээс үзнэ үү: 

https://www.youtube.com/watch?v=Ud8E6-l32yA&t=1352s

 

Бизнес өрөг нэвтрүүлгийн хамтран ажиллагч: Төрийн банк, Нано групп, Экос усдаа баярлалаа.

9 сэтгэгдэл


comment image

зочин - 2020-12-17

Боломж хүн болгонд байдаг юм байна, гое ярилцлага байна баярлалаа

122.201.24.98


comment image

Зочин - 2020-12-17

Судалгаа сайн хийх

202.9.40.177


comment image

Зочин - 2020-12-17

Сэтгүүлч маш зөв оновчтой асуулт болон асуудлыг хөндөж чадлаа баярлалаа

202.9.40.177


comment image

Зочин - 2020-12-17

Дажгүй ярилцлага байна

202.21.108.61


comment image

Зочин - 2021-04-14

J.Erdenebat gishuun erunhii said baihdaa monkord hadgalamj zeeliin horshoog dampuuruulsan. Hariutslagaa hulee, sanhuugiin zohitsuulah horoo hamtarsan. Delgermaa CEO nuugdsan

85.203.44.97


comment image

Зочин - 2021-04-14

J.Erdenebat gishuun erunhii said baihdaa monkord hadgalamj zeeliin horshoog dampuuruulsan. Hariutslagaa hulee, sanhuugiin zohitsuulah horoo hamtarsan. Delgermaa CEO nuugdsan

85.203.44.97


comment image

Зочин - 2021-04-14

J.Erdenebat gishuun erunhii said baihdaa monkord hadgalamj zeeliin horshoog dampuuruulsan. Hariutslagaa hulee, sanhuugiin zohitsuulah horoo hamtarsan. Delgermaa CEO nuugdsan

85.203.44.97


comment image

Зочин - 2021-04-14

J.Erdenebat gishuun erunhii said baihdaa monkord hadgalamj zeeliin horshoog dampuuruulsan. Hariutslagaa hulee, sanhuugiin zohitsuulah horoo hamtarsan. Delgermaa CEO nuugdsan

85.203.44.97


comment image

Зочин - 2021-04-14

J.Erdenebat gishuun erunhii said baihdaa monkord hadgalamj zeeliin horshoog dampuuruulsan. Hariutslagaa hulee, sanhuugiin zohitsuulah horoo hamtarsan. Delgermaa CEO nuugdsan

85.203.44.97