С.АМАРСАЙХАН “МАРГААШ ЕРӨНХИЙ САЙД КОВИД-ЫН ВАКЦИН ХИЙЛГЭЖ ВАКЦИНЖУУЛАЛТ ЭХЭЛНЭ”
urug.mnСэтгүүлч:
УЛС ТӨР 5 өдөр, 22 цаг өмнө

urug.mn

Энэтхэгийн Засгийн газраас Монгол Улсад буцалтгүй тусламжаар олгож буй 150 мянган тун буюу 75 мянган хүнийг дархлаажуулах вакцин ирлээ. Вакцины дээжээс албан ёсоор хүлээлгэн өгөх ёслол "Буянт Ухаа" олон улсын нисэх буудалд боллоо.

БНЭУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд М.П.Сингх, ЭМ-ийн сайд С.Энхболд болон ЭМЯ, ГХЯ-ны төлөөлөл тус үйл ажиллагаанд оролцов.

БНЭУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Мохиндер Пратал Сингх Монгол Улсын Шадар сайд УОК-ын дарга С.Амарсайханд вакцины дээжийг гардууллаа.

Шадар сайд С.Амарсайхан “Дэлхий нийтээрээ бид цар тахалтай тэмцсэн хүндхэн жил гаруйн хугацааг өнгөрүүлж байна. Олон улсын эрдэмтэн судлаачид вакцин бүтээх ажлыг эрчимжүүлж, улс орнууд хүн амаа вакцинжуулах, цар тахалтай тэмцэх ажлыг ихэнх улс орнууд эхлүүллээ. Энэ хүрээнд БНЭУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар илгээсэн 150 мянган тун АстраЗенека компанитай хамтран бүтээсэн коронавирусийн эсрэг вакциныг энэ өглөө хүлээн авсандаа баяртай байна.

Энэхүү вакциныг түргэн шуурхай тээвэрлэн ирүүлэхэд хамтран ажилласан Элчин сайд танд чин сэтгэлийн талархал илэрхийлье. Мөн Энэтхэг улсын Ерөнхий сайд, ГХ-ийн сайдад Монгол Улсын Засгийн газар, ард түмний өмнөөс чин сэтгэлийн талархлыг дамжуулж өгнө үү гэж хүсэж байна. Энэхүү үйл явдал манай хоёр орны түүхэн тодоор бичигдэн үлдэнэ гэдэгт итгэлтэй байна.

Та бүхэнд эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе”

БНЭУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Мохиндер Пратал Сингх “Монгол Улсын Шадар сайд, ЭМ-ийн сайд та бүхнийг хүрэлцэн ирсэнд маш их баярлалаа. Сайн сайхан зүйлс бага хэмжээний итгэлийг олдог. Яг  л миний сая Монгол Улсын Шадар сайдад гардуулсан Энэтхэг улсад үйлдвэрлэсэн Ковид-ын вакцин нэгэн жишээ нь.

Миний зүгээс баяртайгаар дуулгахад 150 мянган тун Ковид-ын вакциныг оюун санааны хөрш, стратегийн түнш Монголд Улсдаа бэлэглэж байна. Энэхүү вакцин нь ДЭМБ, Монгол Улсын Засгийн газраас хүлээн зөвшөөрсөн вакцин гэдгийг хэлэхэд таатай байна. Энэтхэг улс өөрийн үйлдвэрлэсэн Ковид-ын вакциныг дэлхийн улс орнуудтай хуваалцаж байна. Энэхүү вакцин түргэн шуурхай хийгдэж Монгол Улсын хүн амын аюулгүй байдлыг хамгаалах ажлын үүдийг нээн Монгол Улсын эдийн засаг түргэн хугацаанд хэвийн хэмжээнд ажиллах болтугай хэмээн хүсэн ерөөе” хэмээлээ.

Оксфордын их сургууль АстраЗенека компанитай хамтран хөгжүүлсэн уг вакциныг Энэтхэгийн “Serum” институтэд үйлдвэрлэн юм. Буцалтгүй тусламжаар ирж буй уг вакцин нь ДЭМБ-аас хэрэгжүүлж байгаа Ковакс хөтөлбөртэй хамааралгүй бөгөөд Энэтхэгийн Засгийн газраас оюун санааны хөрш Монголд Улсад бэлэглэжээ.

Монгол Улсын Шадар сайд Вакцины эхний ээлжийг өнөөдөр өглөө албан ёсоор татан авчирлаа. БНЭУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар олон улсад хэрэглэгдэж байгаа ДЭМБ бүртгэсэн АстраЗенека вакцин. Бид цааш нь үргэлжлүүлээд Файзер брэндийн вакцин оруулж ирнэ. Манай хоёр хөрш гээд нийтдээ дөрвөн төрлийн вакцин орж ирнэ. Ирэх долоо хоногт вакцин үргэлжлэн орж ирнэ. Хуваарийн дагуу эрүүл мэнд, онцгой, цагдаа гэсэн цар тахлын голомтод ажиллаж байгаа ажилтан алан хаагчдаасаа эхэлж вакцин хийе гэсэн төлөвлөгөөтэй байгаа.

Вакцинжуулалтын ажлыг бид эхний хоёр улиралд багтаан эрчимтэй зохион байгуулж бүрэн хийж дуусгана.

Маргааш Ерөнхий сайд Ковид-ын вакцин хийлгэж вакцинжуулалт эхэлнэ” хэмээн тодотголоо.

 

0 сэтгэгдэл


Одоогоор сэтгэгдэл алга байна