С.ЭНХБОЛД: ХИЙЛГЭХ ХОЁР ТУН ВАКЦИН НЭГ ҮЙЛДВЭРИЙН, НЭГ ТӨРЛИЙНХ БАЙХ ЁСТОЙ
urug.mnСэтгүүлч:
НИЙГЭМ 5 өдөр, 12 цаг өмнө

urug.mn

urug.mn image

Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагын суурин төлөөлөгч Сергей Диордица тэргүүтэй холбогдох албаныхан Ковид19 цар тахлын эсрэг вакцинжуулалттай холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ. 

Суурин төлөөлөгч Сергей Диордица: "КОВАКС хөтөлбөр болон гаднын тусламж гэсэн үндсэн хоёр чиглэлээр вакцин оруулж ирж байна. Ингэхдээ ДЭМБ-ын зөвлөж буй зөвлөмжөөр чанарын шаардлага хангасан, хүртээмжтэй вакциныг татан авахад анхаарах нь зүйтэй. Маргааш бол маш чухал өдөр. Сүүлийн зургаан сард Засгийн газар, ЭМЯ, ХӨСҮТ-тэй хамтран бэлтгэл ажлыг сайн хангасны үр дүнд бүх нийтийн дархлаажуулалтыг эхлүүлж байна. Өнөөдөр Монгол Улсад ирсэн AstraZeneca нь ДЭМБ-аас зөвшөөрсөн, чанарын шаардлага хангасан өндөр үр дүнтэй вакцин юм" 

Эрүүл мэндийн сайд С.Энхболд "Дэлхий нийтэд вакцины үйлдвэрлэлт хязгаарлагдмал болсон. Үүнтэй холбоотойгоор бид эхнээсээ гэрээ хэлэлцээ хийсэн вакциныг татан авч, хадгалж нөөцлөхөөр төлөвлөн зохион байгуулж байна. Маргаашаас эхлэн төрийн болон хувийн хэвшлийн бүх эрүүл мэндийн ажилчдыг дархлаажуулж эхэлнэ. Манай улс дөрвөн төрлийн вакцин эхний ээлжинд оруулж ирнэ. Засгийн газраас нийт 226 тэрбум төгрөгийн төсвийг баталж, вакцинжуулах бэлтгэл ажил болон агуулах, хадгалах нөхцөлийг шийдвэрлэсэн. Вакцинжуулалтын үйл ажиллагаа тасралтгүй явагдана. Улс хүн амынхаа 60 хувийг вакцинжуулах төсвийг баталсан. Гэхдээ хувийн хэвшил вакцин оруулж ирэхэд татгалзах зүйлгүй. ОХУ-аас авах вакциныг ирэх долоо хоногт оруулж ирэхээр гэрээ хэлэлцээр, тээвэрлэлтийн хуваарь хийгдэж байна

Дэлхий дахинд коронавирусийн эсрэг 230 нэр төрлийн вакцин туршилтад явж байна. Үүнээс 63 нь эмнэл зүйн туршилтад орсон бөгөөд ДЭМБ-ын зөвшөөрлийг авах шатандаа орж байгаа" гэлээ.

Мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултуудад дараах хариултуудыг өглөө. 

-150,000 тун вакциныг 75 мянган хүнд хоёр тун гэж тооцож хадгалалгүйгээр 150 мянган хүндээ шууд хийгээд дараагийн ирэх вакцинаас хоёр дахь тунг хийж болохгүй юу? 

-Нэг хүн хоёр тун вакцин хийлгэх ёстой. Хоёр тун авч байгаа хүн нэг үйлдвэрийн нэг төрлийн вакциныг хийлгэх ёстой. 150 мянган тун вакцин нь 75 мянган хүнд хийнэ. Эмч, эмнэлгийн ажилтнууд нийт 56 мянга бий. Бид хуульд зааснаар дараагийн тун вакциныг үлдээж хийнэ. 

-Дараагийн ээлжийн вакцин яг хэзээ ирэх вэ?

-Гэрээ хэлэлцээрийг хийж байна. Долоо хоногийн дараа, гуравдугаар сарын эхээр гэх мэтчилэн төлөвлөгөөг гаргасан. Вакцинжуулалтын үйл ажиллагаа тасралтгүй явна. 

-Хувийн хэвшил вакцин оруулж ирэх журам нь гарсан уу?

-Хувийн хэвшлийн тухайд хамтран ажиллана. Хувийн хэвшил вакцин оруулж ирэхэд татгалзах зүйлгүй. Хамтран ажиллана. Улс хүн амын 60 хувийг вакцинжуулах төсөв, мөнгөө гаргасан. 

-Дархлал тогтох хувийн тухайд?

-Үр дүн болон чанарыг харж баталгаажуулдаг. АстраЗенека болон Файзер вакциныг үр дүн хангалттай гэж үзэн ДЭМБ зөвшөөрөл олгож баталгаажуулсан. БНХАУ болон ОХУ-ын вакцинуудыг ДЭМБ эмнэлзүйн туршилт судалгааны үр дүнг үнэлж баталгаажуулах ажлыг хийж байна. Ойрын хугацаанд баталгаажуулахаар ажиллаж байгаа бөгөөд тухай бүрд нь мэдээллийг өгнө. 

-БНХАУ-ын Синофарм вакциныг өнөөдөр орой авчирна. Хадгалах хугацаа ямар байдаг юм бол. Өнөөдөр аваад зөвшөөрөл гарсны дараа вакцинжуулалтад ашиглана гэхээр хугацааны хувьд ямар байх бол?

-Хадгалах хугацаа тухайн вакциныг шошгон дээр бичигдсэн байдаг. Хүлээн авахдаа үүнийг нь харах боломжтой. Ер нь бол вакциныг 6 сар болон түүнээс дээш хугацаатай хадгалах горимтой байдаг. Цар тахлын нөхцөл байдалтай вакцинжуулах хүн амын төлөвлөлт хамааралтай байна. Нэгдүгээрт эрүүл мэндийн салбарынханд хийнэ гэх мэтээр төлөвлөгөөг гаргасан. 

-ОХУ-ын Спутник В вакциныг хэзээ оруулж ирэхээр төлөвлөсөн бэ?

-ОХУ-аас ирэх долоо хоногт эхний вакцин ирнэ. Дараагийн захиалгуудаа өгсөн. Шат дараатай тээвэрлэлт, нислэгийн зохицуулалтуудыг хийнэ. 

-Вакцинжуулах дараалалд газар зүйн байршил буюу халдварын бүс хамааралтай байх уу?

-Вакциныг халдварын нөхцөл байдалтай уялдуулж тооцно. Халдвар, хүн ам зүйн үзүүлэлтээс хамаарч Улаанбаатар хотод вакцинжуулалтыг эхлүүлэх бөгөөд дараа нь орон нутагт газар зүйн байршлаас хамаарахгүйгээр эрүүл мэндийн салбарын ажилтнуудыг хамруулна. Вакциныг оруулж ирэхдээ хатуу зохицуулалтаар оруулж ирдэг. 

-Эмч, эмнэлгийн ажилтнуудыг хэд хоногт багтаан вакцинжуулалтад хамруулж дуусах вэ?

-Маргаашаас эхлэн дархлаажуулна. Зарим эмч эмнэлгийн ажилчид халдварын голомтод ажиллаж байгаа болон тусгаарлагдаж байгаа гэх мэт шалтгаанууд бас бий. Энэ долоо хоногт эмч, эмнэлгийн ажилтнуудад вакцинжуулалтыг хийж эхэлнэ. 

-Хувийн хэвшлийн оруулж ирэх вакцинд үнэ тогтоох боломжтой байх уу?

-Засгийн газраас хүн амын 60 хувийг үнэ төлбөргүй вакцинжуулна. Гэхдээ хувийн хэвшилд боломж олгоно. Засгийн газар нээлттэй ажиллана. 

0 сэтгэгдэл


Одоогоор сэтгэгдэл алга байна