“ОДОО БҮХ НИЙТИЙГ ВАКЦИНД ХАМРУУЛАХ АЖИЛ ТОМ СОРИЛТ БОЛОН ХҮЛЭЭЖ БАЙНА”
urug.mnСэтгүүлч:
НИЙГЭМ 4 өдөр, 19 цаг өмнө

urug.mn

urug.mn image

КОВИД-19 халдварын эсрэг дархлаажуулалтын ажил өнөөдөр албан ёсоор эхэлж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхний тунг тариулсан. 

Энэ үеэр Монгол Улс дахь НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишра дархлаажуулалтын ажлыг эхлүүлж байгаад баяр хүргээд, Монгол Улс дархлаажуулалтын ажлыг эхлүүлж буй эхний орнуудын нэг болж буйг хэлэв. 

Үргэлжлүүлэн тэрбээр "Цар тахалтай тэмцэх чиглэлээр хязгаарлалтын арга хэмжээ хэрэгжүүлэхэд эрх баригчидтайгаа хүчээ нэгтгэн, эв санааны нэгдэлтэй хамтран ажиллаж буй Монголын ард түмнийг Монгол Улс дахь НҮБ-ын зүгээс онцгойлон магтан сайшаахыг хүсэж байна. 

КОВИД-19 цар тахлын уршгаар Монгол Улсын эрүүл мэндийн болон нийгэм, эдийн засгийн бүхий л салбарт учирч буй хохирлыг бид бүхэн бие сэтгэлээрээ мэдэрч байгаа. Энэхүү дархлаажуулалтын аян бидэнд хүн амын амь насыг хамгаалах итгэл найдварыг төрүүлж байна. 

КОВИД-19 цар тахлаас сэргийлэх аюулгүй бөгөөд хамгийн үр дүнтэй вакциныг хөгжүүлж, хэрэглээнд нэвтрүүлэхийн тулд дэлхий даяараа урьд өмнө нь байгаагүй их хүчин чармайлт гаргаж байгаа билээ. Монгол Улс дахь НҮБ нь Монгол Улсын засгийн газартай хамтран КОВИД-19-ийн эсрэг дархлаажуулалтын аяныг эхлүүлэхээр ДЭМБ болон НҮБ-ын Хүүхдийн сангийн манлайлал дор нягт хамтран ажиллаж байгаадаа сэтгэл хангалуун байна. 

Одоо бидний өмнө бүх нийтийг вакцинд хамруулах ажил том сорилт болон хүлээж байна. Дархлаажуулалтын хөтөлбөрийн хүрээнд сайтар төлөвлөж, санхүүжилт нь баталгаажсан хангамжийн сүлжээ, түгээлтийг дэмжсэн бүх талын дэмжлэгтэйгээр вакциныг тэгш шударга түгээх нь зөв төдийгүй ухаалаг ажил болно гэдэгт НҮБ итгэлтэй байгаа. 

ДЭМБ болон НҮБ-ын Хүүхдийн сангийн ажилтнууд КОВИД-19 халдварын эсрэг вакциныг дэлхийн улс орнуудад тэгш хүртээмжтэй хүргэхээр КОВАКС хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа. Монгол Улс тус хөтөлбөрт хамрагдаж байгаа бөгөөд цаашид ч хамтын ажиллагааг өргөжүүлэн тэлж, үр дүнтэй хэрэгжүүлэхэд туслалцаа үзүүлсээр байх болно. 

Монгол хүн бүр энэ ондоо багтаж вакцинд хамрагдана гэж чин сэтгэлээсээ найдаж байна. Вакцин дангаараа биднийг цар тахлаас ангижруулахгүй учраас бид өнөөг хүртэл баримталж ирсэн бусад аргыг хослуулах нь найдвартай арга болно. Амны хаалтаа зүүх, гараа угаах, зай барих гэх мэт дадлыг үргэлжлүүлж эрх баригчидтайгаа хамтран ажиллахыг уриалж байна" хэмээн хэллээ. 

0 сэтгэгдэл


Одоогоор сэтгэгдэл алга байна