ВАКЦИН ХИЙНЭ ГЭДЭГ ХҮНИЙ ДАРХЛАЛЫН СИСТЕМИЙГ СӨНӨӨНӨ - ХУДАЛ
urug.mnСэтгүүлч:
НИЙГЭМ 4 өдөр, 18 цаг өмнө

urug.mn

urug.mn image

Сэтгүүлч Б.Отгон өөрийн цахим хуудсаараа олон улсын тоймч Ш.Гантулгын ярилцлагын хэсгээс “Вакцин хийнэ гэдэг чинь хүний дархлалын системийг сөнөөнө гэсэн үг” гээд байр суурийг нь хуваалцжээ.

Уг постыг 2800 хүн хуваалцаж, 1000 хүн коммент бичиж, 2900 хүн хуваалцаад байна. (2021 оны 2-р сарын 17-ны 22:31 цагийн байдлаар)

Тэрхүү постод дурдсан, олон улсын тоймч Ш.Гантулгын яриаг нягталлаа.

-Ямар ч шинжлэх ухааны судалгаа хийгдээгүй туршилтын вакциныг хүн төрөлхтөнд толгой дараалан хийх гэж байна.

Factcheck:

Цар тахлын үед мэргэжлийн байгууллагаас албан ёсны мэдээлэл авах нь чухал. Тиймээс бид Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагаас өгсөн вакцины талаарх мэдээллээс энд нягтлан хүргэж байгаа юм.

Коронавирусийн эсрэг 60 гаруй вакцин клиникийн туршилтад явагдаж байгаа бол 170 вакцин туршилтын өмнөх шатанд байна. ДЭМБ одоогоор АНУ-ын эм үйлдвэрлэгч Pfizer, Германы BioNTech компани хамтран бүтээсэн Pfizer/BioNTech болон Их Британи-Шведийн AstraZeneca компани, Оксфордын их сургуультай хамтран бүтээсэн AstraZeneca вакцинд албан ёсоор зөвшөөрөл олгоод байна.

Эдгээр вакцин нь 90-ээс дээш хувийн үр дүнтэй байгаа талаар мэдээлсэн. Өнөөдрийн байдлаар дэлхийн 78 улсад 176 сая тун вакцин хийсэн буюу өдөрт 6 сая хүнийг вакцинжуулж байна. Израйль улс иргэдийнхээ  75%-ийг вакцинжуулснаар COVID-19-ийн халдварын шинэ тохиолдол 53% буурч, эмнэлэгт хэвтэх хүний тоо 39% буураад байна.

-Вакцин хийлгэсэн хүн хийлгээгүй хүнээс 4 дахин илүү өвчинд автдаг гэдгийг эрдэмтэд тогтоочихсон байгаа.

Factcheck:

COVID-19-ийн эсрэг вакциныг ДЭМБ анх 2020 оны арванхоёрдугаар сард баталгаажуулж, зөвшөөрсөн. Тиймээс ийм тооцоолол гаргах хэмжээний судалгаа хийх боломж, цаг хугацаа шинжлэх ухааны хувьд байх боломжгүй гэдгийг мэргэжлийн хүмүүс тайлбарлаж байна. Гаднын эх сурвалжуудад ч ийм судалгааны талаар мэдээлэл гараагүй байгаа юм. Тиймээс баталгаатай мэдээлэл гэж үзэх боломжгүй юм.

-Нэмээд хэлэхэд Билл Гейтс нэг үйл ажиллагааг санхүүжүүлсэн. Энэ бол 2009 онд Гренланд арал дээр баахан нас барсан хүмүүсийн шарилыг онгичиж тэр хүмүүсийн шарилнаас дээж авсан байгаа юм. Дээж авах шалтаан нь юу юм гэвэл одоо дэлхийн түүхэнд хамгийн олон хүнд халдварлаж, хамгийн олон хүнийг өвчлүүлээд , хамгийн олон хүний аминд хүрсэн нэг халдварт өвчин байдаг. Энэ бол дэлхийн 1-р дайны дараахан болсон Спанка гэдэг нэртэй томуу маягийн өвчин байгаа. Яг энэ короновирусстай төстэй. Тэр өвчнөөр бол 50 сая гаруй хүн өвчилж, бараг 10 сая гаруй хүн ч бол нас барсан байдаг. Бараг дэлхийн дайнаас бол илүү олон хүн нас барсан шүү дээ. Тэгтэл тэр хүмүүсийг оршуулсан Гренданд арлыг яагаад сонгосон бэ гэвэл Гренданд арал бол мөнхийн цэвдэг байдаг. Тэнд оршуулсан бараг 300 гаруй хүнийг булшийг эргэж ухаад Спанкагийн  вирусс хадгалагдаж үлдсэн нэг эмэгтэйн шарилыг  Берлин хотын Шаррити эмнэлэг рүү аваад явсан гэдэг. Тэр чинь бас Билл Гейтсийн санхүүжүүлсэн төсөл байхгүй юу. Тэгэхээр энэ бүхэн бол зориудаар зохион байгуулсан зүйл гэдэг нь тодорхой.

Factcheck:

Дэлхий дээр одоогоор Спанка гэдэг томуу маягийн өвчин бүртгэгдээгүй байна. Харин Дэлхийн I дайны дараа гэснээс нь үзвэл тухайн үед Испани ханиад буюу 1918 оны томуу дэгдэж байжээ. Уг томуугаар 500 сая хүн өвчилж, 50 сая хүн нас барсан гэсэн мэдээлэл Халдварт өвчин хянах, сэргийлэх төвийн санд байна.

– Вакцин хийнэ гэдэг чинь хүний дархлалын системийг сөнөөнө гэсэн үг.

Монголын засгийн газарт өөрийн бодол хэрэгтэй. Тэгэхгүй бол ингээд явах юм бол жишээлбэл Хятад улсын вакцин хамгийн хямд үнэтэй, Хятадын вакцинаар Монголчуудыг толгой дараалан тарих ёстой болж байна шүү дээ. Тэгэхээр бол Монгол хүн болгоны ДНК маш аюултай өвчний ДНК-ийн дараалал үлдэнэ гэдэг нь тодорхой. Тэгэхээр бид энэ тал дээр  маш болгоомжтой анхааралтай байх хэрэгтэй гэдэжг нь харагдана.

Factcheck:

COVID-19-ийн вакцин нь тухайн хүний ДНХ-ийг өөрчлөхгүй гэдгийг эрдэмтэд тайлбарласан байна. Энэ тухай эргэлзээ төрүүлсэн мэдээллийг 2020 оны арванхоёрдугаар сарын 11-нд AFP нягталжээ.

Уламжлалт вакцин нь суларсан вирусийг бага хэмжээгээр тарьж, антиген гэж нэрлэгддэг зарим уургийг таньдаг болгохын тулд бие махбодийг сургадаг бөгөөд ингэснээр жинхэнэ вирустэй таарвал довтлоход бэлэн болгох зарчимтай гэж энгийнээр тайлбарлаж болно. Pfizer, BioNTech компаниудын бүтээсэн вакцин нь вирусийн удмын (генийн) материал болох мэдээллийн Рибонуклейн хүчил(мРНХ)-ийг агуулсан био бүтээгдэхүүн бөгөөд мРНХ нь биед ормогцоо биеийн эсүүдэд нэвтрэн вирусийн сэртэнгийн уураг хэмээх чухал уургийг кодлон үүсгэж, улмаар дархлаа тогтолцоонд таниулах замаар дархлаа тогтоодог зарчимтай байна.

Харин хүний ДНХ-д ямар нэгэн өөрчлөлт үзүүлдэггүйг Чилийн их сургуулийн, халдварт өвчнөөр мэргэшсэн профессор Жаннетт Дабанч Пенья тайлбарлахдаа “Энэ нь зарим уургийг илэрхийлэх зориулалттай тул бидний бие махбод тэдрээгийг тодорхойлж, шаардлагатай хамгаалалтыг бий болгодог. Вирус ийм л байдаг. Харин бидний генийн мэдээллийг удирдах боломжгүй” гэжээ.Түүнээс гадна генетикийн кодыг коронавирусийн уураг руу шилжүүлэх үйл явц нь ДНХ байрладаг эсийн цөмд биш харин цитоплазмд явагддаг болохыг Аргентины Кюйогийн туршилтын анагаах ухаан, биологийн хүрээлэнгийн судлаач Мария Виктория Санчес нэмж хэлсэн байсныг бид өмнө нягталсан мэдээлэлдээ мөн хүргэж байсан билээ.

Коронавирусийн халдварын энэ үед аливаа мэдээллийг нягталж байх нь чухал байгааг бид сануулсаар байгаа. Ялангуяа, мэргэжлийн байгууллагаас мэдээллийг авахыг зөвлөж байна.

1 сэтгэгдэл


comment image

Зочинzochin - 2021-02-23

chi zugeer solioroo Ganhutagaa dandaa chinii bodloor yavahuu bi omno sonsdog bsan odoo bol chi bish

66.181.176.42