Америкт анзаарсан хэдэн зүйл
urug.mnСэтгүүлч: Urug.mn
ДЭЛХИЙ 11 сар, 3 долоо хоног өмнө

urug.mn

urug.mn image

  1. Улаанбаатарт амьдардаг бид амжихгүй бүтэхгүй байгаа бүхнээ түгжрэл рүү чихдэг. Түгжрэлээс болоод л өнөөдөр юу ч амжуулж чадсангүй, түгжрээгүй бол  фитнестээ явчихсан, ажлаа дуусгачихсан, дэлгүүр хэсчихсэн, хэд хэдэн хүнтэй уулзчихсан гэх мэтээр олон юм амжуулж болох тухай ярьцгаадаг.  Би ч тэгж бухимддаг хүмүүсийн нэг. Харин Америкт нэг сар ажиллахдаа түгжрэлгүй замаар явж байгаа ч өдөрт  нэг л ажил амжуулж байлаа. Өвөл таараад ч тэр үү өдөр богиносчихсон, нэг ажил амжуулаад л өдөр өнгөрчихнө. Бүх газар нь хол хол зайтай. Машингүй л бол нэг ажлаа ч бүтээхгүй. Харин бидний Улаанбаатар “жижигхэн”. Алхаад, алхаад явахад л ажлуудаа амжуулж болохоор, хотын төвдөө бүх зүйл нь бий гэхэд хилсдэхгүй. 
  2. Өмнө нь Азийн орнуудаар л аялж үзсэн надад Чикаго хотын онгоцны буудалд буугаад л холхилдсон олон машиныг хараад яг л Улаанбаатар шиг санагдсан. Америк ч бас түгжирдэг. Хотын төв рүүгээ өглөө, орой ажил цуглах, тарах цагаар манайх шиг л түгжирч байна лээ. Давуу тал нь аль зам түгжирсэн эсэхийг хараад тойруу ч хамаагүй түгжрэлгүй зам сонгоод явчихдаг юм билээ.
  3. Улаанбаатарын нийтийн машины зогсоолыг төлбөртэй болголоо гээд шүүмж, эсэргүүцэл гараад байсан. Америкийн хотын төвөөр бол зогсоол маш үнэтэй. Иргэд нь төв рүү орох ажилтай бол урьдчилж зогсоолоо онлайнаар захиалаад очдог, машинаа тавьчихаад буугаад төлбөрөө төлчихдөг үйлдэлдээ огт бухимддаггүй. Төв рүү машинаар орох бол төлбөрөө төл. Ийм энгийн.

               

4. Хүлээцтэй байгаад сурчихсан хүмүүс байна лээ. Гэртээ тавилгаа захиаллаа нэгээс дөрвөн  сар хүлээнэ. Баримт бичиг шинээр хөөцөлдөхөд их удаан хүлээнэ гээд бүх ажилд цаг их зарцуулна. Иргэд нь энэ бүхнийгээ хүлээн зөвшөөрөөд, ямар ч ажилдаа цаг хугацаагаа төлөвлөж хүлээцтэй байгаад сурчихаж. Харин бид гурван минутын үйлчилгээ авахдаа ч удаан гэж бухимддаг шүү дээ.

5. Дүрэм журмаа их сайн биелүүлдэг хүмүүс юм.  Замын хөдөлгөөний дүрэм зөрчихгүй, зогсоолгүй газар машинаа тавихгүй, хашааны зүлгээ цагтаа тайрдаг гээд бүгд дүрмийн дагуу. Торгууль нь маш өндөр болохоор л иргэдээ  журамтай болгочихсон юм шиг санагдсан. Хамгийн бага торгууль 100 доллараас эхэлнэ.  

                

6. Хотын төвөөс бусад газраар холхилдоод байх хүн анзаарагдахгүй, ер нь их тайван орон юм. Бүх юм голдиролын дагуу. Хийх юм нь тодорхой. Тэр ингэчихэж манайх ингэнэ, тийм эвент зохионо, оролцоно гэж бужигнахгүй нам гүм сайхан ч юм шиг.

7. Гэхдээ л оволзсон Улаанбаатар минь  амьдрах орчны хувьд Америкийг гүйцэхгүй ч залуу хүнд үргэлж шинэ санаа, ажлын хувьд тэмцэл өрнөж байдаг “амьд” орчин. Тэнд уулзсан ихэнх Монголчууд “Монголдоо очихоор эрч хүч ороод ирдэг” Монголд байгаа залуучуудад хийхгүй юм байхгүй үнэхээр эрч хүчтэй хэмээн сайшааж байна лээ.

 

2 сэтгэгдэл


comment image

Зочин - 2019-12-16

Баярлалаа.

103.229.120.108


comment image

Jama - 2019-12-17

endee ajillaj amidarch baigaa hund 100 usd tiim unetei bish shuu manaihan 20k yaaj urdeg teren shig l hurdan duusdag

198.176.80.34