Ц.ТЭГШБАЯР: ГАНЦААРАА АМЬДАРЧ, ГАНЦААРАА АЯЛЖ ӨӨРИЙГӨӨ ОЙЛГОХ ГЭЖ ХИЧЭЭЖ ЯВНА
urug.mnСэтгүүлч:
НИЙГЭМ 2 жил, 11 сар өмнө

urug.mn

“Тэр” буландаа “Sun Juniper” хамтлагийн дуучин, концертмейстер Цээпилийн Тэгшбаярыгурьж ярилцлаа. Дэлхий нийтийг хамраад байгаа цар тахлын улмаас урлаг соёлын арга хэмжээнүүд хойшилсон ч хамтлагаараа шинэ цомгийн ажилдаа оржээ. Түүнтэй урлагт анх хэрхэн хөл тавьсан болон шинэхэн уран бүтээлийнх нь талаар ярилцлаа.

-Өөрийгөө товч танилцуулахгүй юу?

-Сайн байцгаана уу? Намайг Цээпилийн Тэгшбаяр гэдэг. “Sun Juniper” хамтлагийн дуучин. Увс аймгийн Улаангом хотод төрсөн. Дөрөвдүгээр ангиасаа Улаанбаатар хотод нүүж ирж байсан. 111 дүгээр сургуульд хотод ирээд орсон. Түүний дараа СУИС-ийн лицей сургууль Бадмаараг ахлах сургуулийг төгссөн.

-Урлагт анх хэрхэн хөл тавьж байв?

-Цэцэрлэгт байхаасаа дуулж эхлэн “Алтан цом” улсын уралдаан, “Одод болохын хүслэн” гээд хүүхдүүдийн дууны тэмцээнүүдэд их ордог хүүхэд байсан. Өөрөө ч гэсэн түүндээ дурлаад хотод ирснийхээ дараа аав, ээжээ гуйж байгаад Хүүхдийн ордонд ормоор байна гээд С.Алтан-Уяа багш дээр дуулаачийн дугуйланд явж байсан.

2014 онд арван жилээ төгсөөд СУИС-д хоёр ангид элсэлт өгсөн. Нэг нь дуурийн дуучны анги, нөгөөх нь концертмейстер. Дуурийн дуучны ангид би чинь бэлтгэлгүй, лицей төгссөн мэргэжлийн хүн гэж бодоод орсон чинь нөгөө ангидаа тэнцсэнгүй ээ. Төгөлдөр хуурын ангидаа тэнцсэн байсан учраас концертмейстерын ангидаа орж байсан.

Концертмейстерын ангид орсон нь төгөлдөр хуур тоглож сураад хажуугаар нь өөрөө сонирхлоороо дуулаачийнхаа ур чадварыг сайжруулах боломж гарч ирсэн.

Концертмейстер бол урлагийн салбарт байгаа цөөхөн эрэлттэй мэргэжлүүдийн нэг. Орчин үеийн хөгжмийн урлагийн хөгжмийн тэнхимд концертмейстер багшаар ажиллаж байгаа.

-Хэрвээ урлагт татагдаагүй бол өөр ямар мэргэжил сонгох байсан бол?

-Багын өндөр хүүхэд байсан. Сагс их тоглодог. Хэсэг дуулахаа болиод сагсчин больё гэж боддог байсан. 8 дугаар анги хүртлээ спорт гэж явж байгаад урлагтаа илүү буцаад орж ерөөсөө л урлагаараа явья гэж шийдсэн.

-Хобби?

Хобби аялах их дуртай. 2017 онд Английн ЭСЯ-наас “Англи дууг хэн сайн коверлох вэ” гэдэг тэмцээн болоод түрүүлээд Англи руу явж байсан.

Анх удаа гадагшаа яваад тэр нь хөлбөмбөгийн ДАШТ-ий үе таараад их дурсамжтай явж ирсэн. Түүнээс хойш аялах сонирхолтой болсон. Би Лондонд хоёр сар байсан. Тэндээ ажиллаж олсон мөнгөөрөө шенгений улсаар явсан. Лондонд байхад гудамжинд төгөлдөр хуураа бариад гараад өдөртөө 60-70 фаунд олдог. Тэр олсон мөнгөөрөө аялсан.

Нэг газраа илүү судалж ийм орон юм байна, ийм соёлтой юм байна, хүмүүс нь ингэдэг юм байна тэгж аялах ёстой гэдгийг ойлгосон. Шинэ жилээр урлагийнхан чинь мөнгө хийдэг шүү дээ. Тоглолтууд их болоод. Түүний араас он гарангуут ер нь аялчих гээд байдаг.Би болохоор аялчихсан байдаг. Ирсэн чинь найзууд машин авчихсан. Нөгөө тоглолт, халтуурныхаа мөнгөөр. Би тэгсэн гаднын оронд мөнгөө үрээд ирчихсэн. Тэгээд хохироод байгаа ч юм шиг. Би буруу ч юм хийчхэв үү гэж боддог юм билээ. Гэхдээ тэр хөрөнгө оруулалт нь өөрөө надад хэрэгтэй. Аялал гэдэг чинь өөрөө маш том зүйл шүү дээ. Аялал хүний тархийг илүү ажиллуулдаг. Шинэ содон мэдлэг олгон хүмүүстэй танилцуулдаг. Сорилтуудтай учруулдаг. Надад бол их таалагддаг.

-Айлын хэд дэх хүүхэд вэ. Багадаа ямар хүүхэд байв?

-Би таван хүүхэдтэй айлын бага хүүхэд. Ер нь ах эгч, аав, ээждээ эрхэлж өссөн. Ганц бие. Ганцаараа амьдраад, ганцаараа аялаад, ганцаараа юмнууд хийж арай илүү өөрийгөө ойлгох гээд байгаа юм л даа.

Манай СУИС-д орсон найзууд ч ярьдаг юм. Бүгд л С.Жавхлан ах шиг болно гэж бүгдээрээ боддог байсан юм шиг байна лээ. Манай аав намайг С.Жавхлан шиг дуучин болгоно гэж и х ярьдаг байсан.

Өөрөө сонголтод хүрээд том болоод их сургуульд орох үед шал өөр чиглэлийг сонгосон. Лицейд орсноос хойш хөгжмийг харах, урлагийг харах өнцөг өөр болж эхэлсэн. Илүү нарийн хардаг болсон. Илүү урлагт хайртай болж эхэлсэн.

-Sun Juniper” хамтлагийн тухайд хэрхэн анх байгуулагдсан бэ?

-10 жилд байхдаа хамтлагийн найзуудтайгаа нэг анги байсан. Хамгийн анх манай хамтлаг найзуудтайгаа нэг анги байсан. Хамгийн анх манай хамтлаг “Night Fall” гэдэг нэртэй байсан. Амьд хөгжмийн хамтлагтай болоод 7-8 жил болж байна.

10 жилийн найзуудаас эхэлсэн болохоор илүү манай хамтлагийн уур амьсгал, хоорондоо харилцах харилцаа илүү дотно. Манай хамтлаг одоо анхны цомгийн ажилдаа орсон явж байна. Манай хамтлагийн нэг онцлог бол бүгдээрээ мэргэжлийн уран бүтээлчид. Амьдралаа яг урлагтай холбосон хүмүүс байдаг учраас одоо цар тахал болсон ч гэсэн хамтлагийн уран бүтээлээ үргэлжлүүлээд явж байгаа. Манай хамтлагийнхан мундаг залуучууд.

0 сэтгэгдэл


Одоогоор сэтгэгдэл алга байна