ӨРӨГ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ: ОЮУ ТОЛГОЙН ГЭРЭЭГ САЙЖРУУЛЖ ЧАДАХ УУ?
urug.mnСэтгүүлч:
УЛС ТӨР 4 сар, 1 долоо хоног өмнө

urug.mn

ӨРӨГ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ  ээлжит дугаараа “Оюу толгойн гэрээг сайжруулж чадах уу” сэдвийн хүрээнд бизнесийн салбарынхан болон Засгийн газрын төлөөллийг урьж хэлэлцүүлэг өрнүүллээ.

Зочид:

  1. “Оюу толгой” компанийн ТУЗ-ийн гишүүн Э.Баясгалан
  2. Энержи ресурс компанийн гүйцэтгэх захирал Г.Батцэнгэл
  3. ЗГХЭГ-ын дэд дарга Г.Солонго
  4. Бизнес эрхлэгч Т.Ганболд

Монголын Засгийн газраас ажлын хэсэг байгуулан Оюу толгойн “Хөрөнгө оруулалтын гэрээ”, “Дубайн гэрээг” сайжруулахаар Рио тинто компанитай хэлэлцээр хийж байгаа. Эдгээр гэрээнүүдийг сайжруулахдаа яригдаж байгаа гол асуудлууд нь

  • Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалтын зардлын хэтрэлт
  • Менежментийн төлбөрийг бууруулж, гүйцэтгэлээс хамаарч тооцдог болох
  • Монголын талын 34 хувьд ноогдох санхүүжилтийн зээлийн хүүг бууруулах
  • Татварын маргаан зэрэг юм.

ЗГХЭГ-ын дэд дарга Г.Солонго

  • Ажлын хэсэг багагүй хугацаанд гэрээнүүд дээр ажиллаж байна.  Монгол Улсад ирэх үр өгөөжийг илүү нэмэгдүүлэх шаардлагатай гэсэн дүгнэлт гарсан. Үүний хүрээнд цогц ажлууд хийгдэнэ гэсэн хүлээлттэй байна.
  • Оюу толгой компанийн нийт орлого, мөнгөн урсгалын нэлээдгүй хувь нь менежментийн төлбөр болон зээлийн хүү хэлбэрээр Рио Тинто болон түүний харилцан хамааралтай компаниудад очиж байгаа. Түүнийг бууруулах, аль болох тэнцвэртэй санхүүгийн дарамт багатайгаар хөрөнгө оруулалт, санхүүжилтийн бүтцийг яаж бий болгох вэ гэдэг асуудал зайлшгүй хөндөгдөнө.
  • Гүний усны хэрэглээ, байгаль орчинд үзүүлэх нөлөө, ажилтнуудын нийгмийн асуудал болон татварыг асуудлууд дээр ч  ач холбогдол өгч анхаарч судалж байгаа.Мөн олон улсын арбитр дээр очсон байгаа татварын маргааныг ч хэлэлцэн шийдэх зэрэг асуудлуудыг энэ хэлэлцээрийн явцад шийднэ.
  • Татварын асуудал дээр цаашид аль болох маргаан гаргахгүйгээр ойлголцлын түвшинд яриа хэлцэл өрнөх болов уу гэсэн хүлээлттэй байна.
  • Оюу толгой компанийн менежмент дээр хяналт зайлшгүй хэрэгтэй.Нэг талаас менежмент хэрэгжүүлдэг компани дээр бид хяналт тавих хэрэгтэй. Тэнцвэртэй хяналттай байж энэ компанийн ашигтай ажиллагаа илүү болно.
  • Бүх зүйлийг Засгийн газрын түвшинд асуудал болгон гарч ирэх шаардлагагүйгээр цаашдаа Оюу толгой компани уул уурхайн компани шиг үйл ажиллагаа нь жигдрээд явах шаардлагатай. Үүнд сонгууль болгоны өмнө, болон дараа нь Оюу толгойн асуудлуудаар улс төржихгүйгээр цаашдаа бизнесийн жам ёсоор ашигтай ажиллаад явах ёстой юм. Энэ төслөөс Монгол Улс 34 хувьдаа ногдох ногдол ашгаа болон татварын орлогоо бүрэн авдаг байх хэрэгтэй гэж бодож байна.
  • Рио Тинто гүйцэтгэх удирдлагын бүх багийг томилдог. Өмнө нь байсан жишиг нь манай Засгийн газраас ямар нэг сонгон шалгаруулалтгүй томилдог байсан. 2020 оны хоёрдугаар сард Засгийн гарын хуралдааны тэмдэглэл гараад Засгийн газрын төлөөлөх гишүүдийг сонгон шалгаруулалтаар томилж байх нь зүйтэй гэж анх удаа 2020 оны есдүгээр сард сонгон шалгаруулалтыг зарлаж, нийт 40 гаруй анкет ирсэн.  Баясгалан санхүүгийн чиглэлээр мэргэшсэн гэж шалгарсан. Нью-Йоркт ажиллаж байхад нь бид түүнийг Монголд ирүүлж ажилд авсан.
  •  

Энержи ресурс компанийн гүйцэтгэх захирал Г.Батцэнгэл:

  • Уул уурхай төдийгүй аливаа дэд бүтэц гээд ямар ч төсөл дандаа эрсдэлтэй байдаг. Үүнийг төсөл ийм жишгээр үүсэх ёстой, ёсгүй гэж хэлэхэд хэцүү. Тухайн төслийн онцлогоос хамаараад гэнэтийн болзошгүй хүчин зүйлээс хамаараад өөрчлөгдөх магадлалтай. Гэхдээ зардал 40 хувиар хэтэрч байгааг анхаарч авч үзэж байгаа нь зөв. Гэрээндээ яаж тусгасан бэ гэдэг нь асуудал болно. Миний хувьд олон нийтэд ил байгаа Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээг харахад тухайн үедээ хууль тогтоомжийнхоо хүрээнд тодорхой татваруудыг тогтворжуулна гэж л заасан юм байна гэж ойлгосон.
  • Тодорхой дэд бүтцийн төслүүд дээр буюу цахилгаан станц, зам гэх мэтийн зүйлсэд Оюу толгой тодорхой хэмжээнд хүлээсэн үүргүүд бий. Өнөөдрийн гол асуудал бол хувьцаа эзэмшигчдийн гэрээнд орсон заалтууд. Монголын тал буюу Засгийн газар 34 хувийг эзэмшиж байгаагаараа ТУЗ-ийн 30 хувийг бүрдүүлж байгаа. Нөгөө талдаа 70 хувиараа бүх асуудлаа шийдээд явж байна. Тэдний гаргаж байгаа шийдвэрээр энэ төсөл явж байгаа гэсэн үг. Түүнээс улбаалаад зардлын хэтрэлт дээр үл ойлголцол үүсээд байна гэж харсан.
  • Засгийн газар өөрийн 34 хувиа зээлээр авч санхүүжүүлж байгаа. Түүнд улирал бүр тооцоо нийлж, хүүгээс хүү тооцогдож байгаа. Манай өр гээд байгаа 22 тэрбумын үлдэгдэл бол хүүгийн хүү хуримтлагдсаар байгаад тийм болсон гэсэн үг. Тэгэхээр энэ хүүгээс хүү боддог асуудлыг шийдэх нь чухал.

Оюу толгой компанийн ТУЗ-ийн гишүүн Э.Баясгалан:

  • Намайг томилогдсоноос хойш болсон өмнөх оны сүүлийн хурал дээр төслийн зардал хэтэрсэн хугацаа хойшилсон асуудлыг Туркойз Хилл Рио Тинто компаниудаас тавьсан. 1.4 тэрбум ам.доллараар зардал хэтэрч, хугацаа хойшилсон асуудлыг Туркойз Хилл Рио Тинто компаниуд хувийн зүгээс Монгол Улсын Засгийн газартай хэлэлцэлгүйгээр олон улсын санхүүгийн биржид мэдээлэн Оюутолгой төслийг цааш явуулах хувилбар байна гэж зарласан. Гэтэл тухайн асуудал Оюу толгой ТУЗ-ийн хүрээнд огт хэлэлцээгүй байсан.
  • Засгийн газрыг төлөөлж байгаа ТУЗ-ийн гишүүний хувьд яагаад зардал хэтрэн, хугацаа хойшилсон бэ гэдэгт нухацтай асуулт тавин үүнийг тайлбарлаач гэсэн шаардлага тавиад явж байгаа. Түүний хүрээнд манай Засгийн газраас санал гаргаад Эрдэнэс Оюу толгойгоос ТУЗ-ийн тогтоомжийн төсөл явуулж яагаад зардал хэтэрч, хугацаа хойшилсон асуудал дээр мэргэжлийн зүгээс тайлбарлах хөндлөнгийн шинжээчдийн баг томилон одоо ажил нь явагдаж байна.  
  • Тиймээс тухайн зардал хэтэрсэн асуудлыг одоогийн байдлаар ТУЗ-ийн хүрээнд хэлэлцэж, шийдэж батлаагүй.Манай талаас шаардлага тавин засаглалын хүрээнд тодорхой ажлууд хийгдэж байгаа.
  • Зардал хэтэрсэн асуудал бол  анх баталсан 5.8 тэрбум төсвийн 660 сая доллар нь зардал хэтэрч болзошгүй гэсэн эрсдэлийн сангаас давж хэтэрсэн гэсэн үг. Өмнө нь ТУЗ-ийн хүрээнд 660 саяын эрсдэлийн хүрээнд орлоо шүү гэдгийг хэлэлцсэн юм билээ.
  • Өмнө нь батлагдсан 5.4 тэрбум ам.долларын төсөв одоогийн байдлаар зарцуулагдаж дуусаагүй, энэ оны төгсгөлөөр дуусна. Тиймээс төсвөө хэтрүүлж гаргасан зардал одоогоор байхгүй. 2020 оны аравдугаар сард үйл ажиллагаа нь жигдрээд далд уурхай ашиглалтад орох хүртэл гарах зардал нь өссөн. Цаашдаа яах вэ гэдэг асуудал яригдаж байгаа. ТУЗ-ийн зүгээс хариуцлага тооцоогүй хэтрүүлсэн зардал байхгүй.
  • Оюу толгойн ТУЗ-ийн гишүүн тогтмол тодорхой хэмжээний цалинтай. Мөн улирлын ээлжит хурал хийсний нэмэгдэл гэж төлдөг. Эдгээр дүнгүүдийг нэгтгэж тооцвол  жилийн 100 мянган ам.долларын цалинтай. Миний хувьд Засгийн газрын шалгаруулалтад тэнцэж, Оюу толгойн ТУЗ-д томилогдсон.

Бизнес эрхлэгч Т.Ганболд:

  • Зардал хэтрэлтэд улс төрчдийн шахаа бий гэж ярьдаг ч хэн хаана нь яаж аваад байгааг хэн ч мэдэх боломжгүй. Том утгаар нь харвал шинэ цаг үед шилжээд 30 жил болж байна. Нийгэм иргэдэд бүгдэд ил тод байгаа. Үе үеийн засаг төр өнөөдрийг хүртэл УИХ авлигатай хулгайтай явж ирсэн. Ийм авлига, хулгайтай төр засаг эрх мэдэлтнүүд нь технологи, хөрөнгө оруулалт, ноу-хау, инженерийн шийдэл шаардсан энэ том гэрээг хийсэн нь шаардлага хангаж чадахгүй нь ойлгомжтой. Тэгээд л одоо маргаан дагуулж байна. Эмч биш хүнээр мэс засал хийлгэхтэй адил зүйл.
  • Оюу толгойг ТУЗ-д байгаа манай гишүүд хянаж чадахгүй байгаа нь ялсан намын зүгээс үгэнд ордог, сөрж ярьдаггүй, намын дуулгавартай хүмүүсээ томилж байгаатай ч холбоотой. Олон улсын жишгээр хэзээ хувьцаа эзэмшигч нар иргэдийн дургүйцлийг хүргэхгүй оршин тогтнодог вэ гэвэл нээлттэй, ил тод байх тохиолдолд л юм. Мэдээлэл нээлттэй байхаас гадна тэр үйл явцад оролцож байгаа оролцогчид нээлттэй сонгон шалгаруулалтаар явагддаг байх ёстой. Манайд нээлттэй нэрэн дор Ерөнхий  сайд, ЗГХЭГ-ын хүрээнд шийддэг. Ийм нөхцөл байдал дээр бид анхнаасаа гэрээгээ хийхдээ өөрсдийн оролцоо, хяналтаа дутуу хийсэн.
  • Харилцан бизнес хийх гэж байгаа талууд нэг нь хэтэрхий сул талаа өгч байхад нөгөөх нь аль болон өндөр ашиг авах гэж эрмэлзэх нь тодорхой шүү дээ.
  • Манай улсын стратегийн чухал ач холбогдолтой том төсөл байхад гэрээ хийсэн хүмүүс нь хэтэрхий учир дутагдалтай ажилласан. Харамсалтай нь одоо тэр л төр засаг, намууд нь засаг төрөө бариад байж байгаа.
  • Гэтэл тэд өнөөдөр бүх бурууг гадаадын хөрөнгө оруулагч руу чихдэг.  Гаднынхан буруутай. Бид сайн байсан. Бид өөрсддөө хариуцлага тооцохгүй ийм байдалтай байвал гадны том хөрөнгө оруулагчид орж ирж дараагийн Оюу толгойд хэзээ ч хөрөнгө оруулалт хийхгүй. Ингэснээр ард иргэд гаднын хөрөнгө оруулалтыг дээрэмчин, хулгайч мэтээр хардаг.

 

0 сэтгэгдэл


Одоогоор сэтгэгдэл алга байна