Ц.ГАНЗОРИГ: ТОМ СОРИЛТЫН АРД АМЖИЛТ, АЗ ЖАРГАЛ БАЙДАГТ ИТГЭДЭГ
urug.mnСэтгүүлч:
НИЙГЭМ 3 долоо хоног өмнө

urug.mn

“Тэр” буландаа Засгийн газрын Хэвлэл, мэдээлэлтэй харилцах газрын дарга, сэтгүүлч Ц.Ганзоригийг урьж ярилцлаа.

-Өөрийгөө товч танилцуулахгүй юу?

-Сайн байцгаана уу? Өрөг.мн видео сайтыг үзэж байгаа та бүхэн сайхан хаваржиж байна уу? Намайг Цэдэн-Ишийн Ганзориг гэдэг. Увс аймгийн Улаангомд мэндэлсэн. Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах газрыг хариуцан ажилладаг. Барилгын инженер мэргэжлийн онолыг үзэж, сэтгүүлч мэргэжлийг дадал, практикаар олж мэргэшсэн хүн байна.

-Хэвлэл мэдээллийн салбарт хэдэн жил ажиллаж байгаа вэ. Эдийн засгийн албаны сэтгүүлч гэдгээр тань хүмүүс сайн мэдэх байх?

-Хэвлэл мэдээллийн салбарт арваад жил ажиллаж байна. Тэр тусмаа медиа салбарт. Ийгл телевизэд эдийн засгийн хамгийн анхны хэлтэстэй байсан. Багийн бүрэлдэхүүнтэйгээр эдийн засгийн контентыг төрөлжсөн байдлаар явуулж болох юм гэдгийг бид арваад жилийн өмнө хийж эхлүүлсэн. Үүний үр дүнд Bloomberg Mongolia гээд эдийн засгийн төрөлжсөн сувгууд нээгдээд явсан гэж үздэг. Яагаад гэхээр эдийн засгийн контентыг арваад жилийн өмнө хүмүүс төдийлөн үздэггүй байсан.

-Багаасаа л тоонд дуртай хүүхэд байв уу?

-Хүүхэд байхдаа зурна, дуулна, тоо бодно. Үсчээд л. Аль нэгийг нь барих ёстой гээд тооны хичээлээ барьсан. Зургийг бол сүүлийн 20-оод жил зураагүй. Бага байхдаа хүний хөрөг зурдаг байлаа. Хөөрхөн жижигхэн халтуур хийгээд ТҮЦ дээр талх, хиамыг нь зурж өгөөд хэдэн төгрөг авна. Өсвөр насандаа хип хоп урлагаар нөхдүүдтэй нийлж хамтлаг байгуулаад, дуулаад л. Бидний үе чинь тийм сонирхолтой үе шүү дээ. Юм болгоныг оролдож үздэг.

Би багаасаа тоо боддог, тоонд дуртай хүүхэд байсан. Тооны олимпиадад орно. Байнга тэр талаа хөгжүүлэхийг хүсдэг. Барилгын инженерээр иргэний ба үйлдвэрлэлийн барилгын анги аваад ер нь тоонд дуртай. Аливаа юмыг системчилж харах дуртай. Заавал тэгшитгэл болгож харах дуртай. Багаасаа бий болгосон зуршил. Тийм учраас эдийн засгийн контент гэдэг зүйл эдийн засгийн сэтгүүл зүй ер нь байх ёстой юм байна гэдэг ялгарлыг арваад жилийн өмнө найз нөхдийнхөө хамтаар эхлүүлсэн гэж хэлж болно.

-Барилгын инженер хүнийг сэтгүүл зүй хэрхэн өөртөө уусган татсан юм бол оо?

-Би иргэний ба үйлдвэрлэлийн барилга, барилгын инженерээр  орос инженерийн дор ажиллаж үзсэн. Гэхдээ мэргэжлээрээ ажиллаагүй учраас барилгын инженер мэргэжилтэй гэж хэлэхэд учир дутагдалтай.

Телевизийн сувгуудыг нэг удаа ухрааж үзэж байгаад ерөөсөө сэтгүүл зүйд тэр тусмаа эдийн засгийн сэтгүүл зүй гэж байх ёстой юм байна. Тоон утга дээр суурилсан хүмүүсийн халаас, нийгэм эдийн засгийн харилцаа чинь тоон утгаар илэрхийлэгдэх ёстой. Аливаа нэг баримт хэтэрхий цээжний пангаар явж болохгүй гэдэг өнцгийг тухайн үедээ хараад анх С1 телевизэд мэдээ уншиж эхэлсэн. Мэдээ бол хамгийн чухал контент юм байна. Баримт дээр тулгуурласан шоу байх ёстой гэж үзээд тэр тал дээр мэргэшиж явсан. Манай эхнэр бол сэтгүүл зүйн ангийг олон улсын сэтгүүлчээр төгссөн мэргэжлийн сэтгүүлч хүн. Миний хамгийн анхны сэтгүүл зүйн багш бол манай эхнэр, манай хамт олон. С1 телевиз, BTV, Ийгл телевиз.

-Засгийн газрын хэвлэл мэдээлэлтэй харилцах албанд ажиллах болоод чамгүй уджээ?

-Дөрвөн жил орчим Засгийн газар Улсын онцгой комисс тэр дундаа Засгийн газрын олон нийттэй харилцах тал дээр ажиллаж байна. Миний үндсэн үүрэг бол Ерөнхий сайд, Засгийн газрын олон нийттэй харилцах. Сүүлийн нэг хоёр жил УОК-ын ажил, цар тахлын эсрэг хариу арга хэмжээ авч байгааг иргэд олон нийтэд харилцахад нь анхаарч байгаа. Би өөрөө УОК-ын гишүүн учраас шийдвэр гаргалтад нь олон нийтийн санаа бодлыг тусгах талаас нь анхаарч ажилладаг. Өөрөөр хэлбэл бидний гаргаж байгаа шийдвэр хөрсөн дээр гэж ярьдаг шүү дээ. Иргэд, ААН, олон нийтэд яаж зөвөөр тусах зөвөөр тусах ёстой юм бэ гэдэг мониторингийг мэргэжлийн байгууллагуудтай хамтарч тогтмол хийдэг. Энэ мониторинг бол бидний сэтгэл хөдлөлөөр шийдвэр гаргалтад мэргэжлийн талаас олон нийтийн санаа бодлыг тусгах талаас нь дэм болж байдаг гэсэн үг.

Төрийн алба бол нийтийн алба. Олон нийт байнга тэр хүмүүсээс үйлчилгээ авахыг хүсэж байдаг учраас өвдөхгүй, эрүүл саруул, цаг ямагт ачаалал даах чадвартай байх ёстой. Бие махбодоо эрүүл байлгахад антибиотик биш, эм бэлдмэл биш дасгал хөдөлгөөн чухал. Хүн долоо хоногт зайлшгүй 2-3 удаа идэвхтэй 30-аас дээш минутын хөдөлгөөн хийж байх ёстой. Тэгж байж  зүрхний хэмнэл, тэсвэрийн булчингуудаа хөгжүүлнэ.

-Өмнө нь төрийн ордонд ажиллана гэж бодож байв уу?

-Би төрийн ордонд ажилладаг хүн болно гэж бараг бодож байгаагүй. Парламентын сэтгүүлч байхдаа орж ирээд үйл ажиллагааг нь сурвалжилдаг, мэдээлдэг байсан учраас төрийн бүтцийг маш сайн мэднэ. Гэхдээ бага насны нэг дурсамж төртэй шууд холбогддог. Төртэй гэдэг нь бага байхдаа их хурлын чуулганыг их хардаг хүүхэд байсан. Тэр нь 10 настай байх үе л дээ. 1996 онд УИХ-ын дарга байсан Н.Багабанди гуайн хөргийг их харж зурдаг байсан. 10-аад насны хүүхэд УИХ-ын дарга гэдгийг анх зургийг нь зурж байгаад мэдсэн. Аав, ээжээсээ УИХ гэж юу юм бэ гэж асууж шалгаагаад л. Бага байхдаа эмээ, өвөө дээрээ өссөн болохоор нэлээд сониуч зантай, хэрсүү, томчуудын ярианд их ордог хүүхэд байсан. 

Төрийн ордонтой зургаар холбогдсон ийм л түүхтэй.

Өнөөдрийн ажил бол цар тахлын эсрэг арга хэмжээ учраас үе үеийн Засгийн газрын түүхэнд байгаагүй хамгийн их адармаатай, сорилт, бэрхшээл ихтэй цаг үе учраас энэ бэрхшээл болгоноос суралцах юмсан гэж боддог. Миний хувь характер бол өөрийгөө сорьж үзэх дуртай. Аливаа бэрхшээлийн ард заавал нэг амжилт, аз жаргал байдаг итгэдэг учраас бэрхшээл болгонд талархалтай ханддаг.

-Ямар хоббитой вэ. Их ажлын хажуугаар хоббидоо хэрхэн цаг зав гаргаж байна?

-Ажлын жаахан завсар зай гарангуут түүхийн ном, менежментийн ном, тэр тусмаа харилцааны стратегийн номууд уншаад тархины фитнессээ хийдэг. Ажил дээр очоод тархи их ажилладаг. Нэлээд олон цагаар суудаг учраас хөшнө, цус өтгөрнө, дархлаа муудна, ачаалал даах чадвар багасдаг.

Цасаа шингэн байлгах, дархлаагаа дэмжих, бие физиологийн гол фитнесс бол кардио фитнесс буюу кикбокс мутай боксыг “Гаруда” клуб дээр сүүлийн таван жил хоббигоороо хичээллэж байна. Хүн өөрийгөө янз бүрийн зүйлд сорьж үзэх хэрэгтэй. Явж үзэх, харах, мэдрэх, бэрхшээлийг өөр дээрээ авах хэрэгтэй. Жишээ нь тулааны спорт гэдэг бол хүн харахад ринг дээр гараад  15-30 минут тулаан хийгээд байгаа нь энгийн харагддаг боловч хүн өөрөө өөрийнхөө зүрхний ачаалал даах чадвар, тэсвэрийн булчингуудаа хөгжүүлэх гээд цаанаа асар их шинжлэх ухаан явдаг. Үүнтэй адилхан хүн өөрийгөө ямар нэгэн байдлаар хөгжүүлэх ёстой. Хүн хоббитой байх ёстой. Өөрийгөө дандаа сорьж байх ёстой. Өөрийнхөө залхуурал, унтах, идэх хүслээ ялаад байх юм хийж байгаа ажлаа чин сэтгэлээсээ тууштай хийх тэр зан чанарт сурдаг гэж ойлгодог. Хэрвээ ямар нэгэн спортоор хичээллэдэггүй, өөрийн гэсэн хобби байхгүй, түүндээ тууштай ханддаггүй бол та ямар нэгэн ажил хийхэд үргэлж туушгүй л зан гаргана.

 

 

 

 

0 сэтгэгдэл


Одоогоор сэтгэгдэл алга байна