ХАРИЛЦАА БУЮУ "ЭЭНЭГШИЛ"-ИЙН ТАЛААРХ ОЙЛГОЛТ
urug.mnСэтгүүлч: Urug.mn
МЭДЛЭГ ХӨТӨЛБӨР 4 сар өмнө

urug.mn

urug.mn image

Юуны түрүүнд “Ээнэгшил” бол хүүхэд болон түүний асран хамгаалагчдын хооронд үүсэж байгаа итгэлцэл, сэтгэлзүйн холбоо гэдгийг уншигч танд хэлье. Сэтгэл судлаач нар тэр дундаа психоаналистууд хүүхдийн бага нас буюу 0-5 насыг чухалчлан авч үздэг. Психоанализ онолоор хүүхэд 6 нас хүрэхэд түүний бие хүн, өөрөөр хэлбэл зан авир, сэтгэл зүйн шинж чанаруудын ихэнх нь төлөвшсөн байдаг аж. Энэ үед тохиолдсон үйл явдлууд, эцэг эхийн харилцаа хүмүүжил, нөхцөл байдал хүүхдийн амьдралд шийдвэрлэх маш чухал нөлөөг үзүүлдэг байна.

Ээнэгшлийн дөрвөн хэлбэр байдаг. Үүнд:

  • Secure (Аюулгүй бат бөх)-Энэ хэлбэрийн ээнэгшилтэй хүмүүс өөртөө итгэлтэй, бусадтай хялбар харьцаж, өөрийн болон бусдын сэтгэлзүйн хэрэгцээг хангаж чаддаг тул аливаа харилцаандаа сэтгэл хангалуун байдаг байна. Иймдээ ч хосын харилцаан дээр шударга, нээлттэй, тэгш байж эрүүл харилцааг бий болгож чаддаг.
  • Avoidant (зайлсхийж зугтсан)-Энэ төрлийн хүмүүсийн онцлог нь сэтгэл зүйн хувьд хаалттай, өөрийн мэдрэмжүүдээ өнгөлөн далдалж, дотно харилцаанаас зугтаах хандлагатай байдаг. Хосын харилцаанд тэд хамтрагчийнхаа мэдрэмжийг үл хайхарч илүү бие даасан байдлаар өөрийгөө авч явахыг эрмэлзэж, өөрийг нь гэж буй хүмүүсийг түлхэж орхидог. Сонирхолтой нь энэ ээнэгшилтэй хүмүүс өөрөөс нь зугтааж буй хүнд татагдах сонирхолтой байдаг аж.
  • Anxious (Түгшүүртэй)-Нас биенд хүрэх тусам тэд хэн нэгэнтэй маш ойр дотно байх, хайрлуулж энхрийлүүлэх маш хүчтэй хэрэгцээ үүсдэг. Бусадтай харилцах харилцаан дээр маш идэвхтэй байх бөгөөд зарим талаараа наалдаад байх шиг мэдрэмжийг бусдад төрүүлнэ. Хүлээн зөвшөөрөгдөхгүй байхаас эмээж бусдаас хамааралтай нэгэн болох нь элбэг. Тэд харилцааныхаа эерэг тал дээр бус, асуудал дээр хэт их анхаарлаа хандуулж, хосын харилцааны үед сэтгэл ханамж багатай, түгшүүр ихтэй байдаг.
  • Disorganized (эмх замбараагүй)-Энэ төрлийн хүмүүс сэтгэлзүйн хувьд тогтворгүй байдаг. Тэд хүлцэнгүй байлаас түрэмгий рүү, дотно байдлаас хөндий хүйтэн рүү гэнэт шилждэг. Хосын харилцаа, хайр дурлалын үед тэд түгшүүртэй байх бөгөөд тогтворгүй байдлаас нь улбаалан асуудлууд үүсэж, үүнийгээ шийдвэрлэхэд ихээхэн бэрхшээлтэй тулгарна.Бага насных нь хүнд үеүдэд тусламжгүйгээр ганцааранг нь орхих, айлган сүрдүүлэх, бие мах бодийн шийтгэл өгөх зэрэг нь энэ хэлбэрийн ээнэгшлийг бий болгодог байна.

Иймд уншигч та хүүхдээ бат бөх ээнэгшилтэй болгон хүмүүжүүлэхийг хүсвэл дараах зөвлөгөөг уншина уу.

Хүүхдийн хувьд эцэг эх нь бүхэл бүтэн ертөнц байх бөгөөд хүүхдийн хөгжлийн үе болгонд тулгарах сэтгэл зүйн хэрэгцээг нь хангаж, анхаарал халамж тавин, хайралж энхрийлэх нь бат бөх ээнэгшлийн суурийг тавьж өгдөг. Мөн эцэг эхийн ээнэгшлийн хэлбэр, гэр бүлийн харилцаа тогтвортой, зөрчил багатай байх зэрэг нь ч аюулгүй ээнэгшлийг бий болгоход чухал гэдгийг анхаараарай.

1951 онд Британий сэтгэл судлаач психоаналист Жон Боулби “Эхийн асрамж ба сэтгэцийн эрүүл мэнд” бүтээлдээ анхлан ээнэгшлийн талаар дурдсан байдаг ба тэрбээр асран хамгаалагчаас салах нь хүүхдүүдэд хэрхэн нөлөөлж байгааг судалсан байна.Тэрээр, “Хүүхдийн асран хамгаалагчтайгаа үүсгэх холбоо буюу ээнэгшил нь цаашдынх нь амьдралд онцгой нөлөө үзүүлдэг” гэжээ.

 

 

0 сэтгэгдэл


Одоогоор сэтгэгдэл алга байна