ӨРӨГ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ: ХҮҮХЭД ЭРҮҮЛ БУС ХҮНСНИЙ ЗОЛИОС БОЛЖ БАЙНА УУ
urug.mnСэтгүүлч: Админ
НИЙГЭМ 2 жил, 10 сар өмнө

urug.mn

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан ӨРӨГ хэлэлцүүлэг энэ удаа “Хүүхэд эрүүл бус хүнсний золиос болж байна уу?” сэдвээр хэлэлцүүлэг өрнүүллээ.

  • Хүүхдүүд жингийн илүүдэлтэй болж байгаа нь амьдралын хэв маягтай холбоотой юу, эрүүл бус хүнстэй холбоотой юу?
  • Хүүхдийн эрүүл мэндэд хортой хүнсийг худалдаалахгүй байх ёстой юу, худалдаж авахгүй байх ухамсарыг хөгжүүлэх хэрэгтэй юу?

Зочин:

  1. ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ
  2. Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын ахлах мэргэжилтэн Ж.Азжаргал
  3. “Лантуун дохио” ТББ-ын тэргүүн У.Ганбаяр
  4. Хүний их эмч Б.Баярбямба

Манай улсад хүүхдийн хүнсний ямар ямар стандартууд байдаг вэ? Түүний хэрэгжилтийг яаж хангадаг вэ?

ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ:

Монгол улс хүнсний аюулгүй байдлын 625 орчим стандарттай. Өөрөөр хэлбэл хууль эрхзүйн орчин нь хангалттай байгаа. Харин үүний хэрэгжилт муу байна.

Монголын статистикийн үндэсний хорооны мэдээллээр 0-1, 1-5, 5-9, 10-14насны хүүхдүүд хоолноос үүдсэн өвчлөлд өртөх нь их байна. Тодруулбал,

0-1 насны 14900 орчим

1-5 насны 28000 орчим

5-9насны 17000 гаруй

10-14насны 19000 хүүхэд өвчлөлтэй гарсан.

Хүүхдийн хоолны тогтолцооны өвчлөл нь идэж ууж байгаа бүхнээс шалтгаална.0-1насны хүүхэд хөхөөрөө хооллох ёстой боловч телевизээр сурталчилж буй хуурай сүүний найрлагатай бүтээгдэхүүнээс болон эцэг эхчүүд тухайн барааг сонгоход хүрч байна. Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлын тухай хуульд, импортын бараа бүтээгдэхүүний зааврыг Монгол хэлээр бичсэн байх ёстой байдаг. Гэвч Англи Орос хэлээр байж болно гэснээс улбаалан ААН-үүд бараа бүтгээгдэхүүний орц найрлагыг Монгол хэлээр буулгадаггүй. Өөрөөр хэлбэл хүүхэд юу идэж байгаагаа, эцэг эх нь хүүхэддээ юу өгч буйгаа мэдэхгүй байна. Хорт хавдрыг настай хүмүүсийн өвчин гэж ойлгодог байсан бол одоо хүүхдүүд өвчлөх нь элбэг болж байна.

ШӨХТГ бол хэрэглэгчийн эрхийг хамгаалах хуулин дээр хяналт тавьж ажилладаг. Стандартын хяналт шалгалтыг МХЕГ, хаяг шошгын асуудлыг ШӨХТГ, МХЕГ хянаж хосломол байдлаар шалгаж явж байна. Тиймээс бид энэ асуудлыг шийдэх ёстой. Сургуулийн орчим дахь хяналт шалгалтыг бид сайн тавьж байгаа.

Хүүхэд сахарлаг бүтээгдэхүүн хэрэглээд байхаар бие нэхдэг болчихдог. Мөн хүүхдийн контент дундуур сурталчилсан бараа бүтээгдэхүүнийг хяналтгүйгээр авах хандлага их байдаг. Тиймээс хүүхдийн эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй хүнсний бүтээгдэхүүнийг ядаж хүүхдийн контент дундуур сурталчилахгүй байхыг бид уриалж байгаа.

Хүнсний дэлгүүрүүдийг эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй, чихэр ихтэй бүтээгдэхүүнийг хүүхдийн харааны түвшин, гар хүрэх газар худалдаалахгүй байх дээр анхаарч ажиллах гэж байна.

Хүүхэд эрүүл хүнсээр хангагдах, шим тэжээлийн дутагдалгүй өсөх эрх нь Монголд хэр зэрэг хэрэгжиж чадаж байна вэ? Хүүхдийг шим тэжээлийн дутагдалд орж байгаа эсэхийг судалж чадаж байгаа юу?

Хүүхэд гэр бүл залуучуудын хөгжлийн газрын ахлах мэргэжилтэн Ж.Азжаргал:

Хүүхдийн эсэн мэнд хөгжиж амьдрах эрхийн хүрээнд хүүхдийн асуудал яригдаж эхэлнэ. Хүүхдийг эхийн хэвлийд бүрэлдэн бий болсон цаг үеэс эхлэн насанд хүрэх хүртэл хүүхэд хамгааллын стратеги хэрэгжиж байх ёстой. Тухайлбал хоол хүнс  урагт урагт шууд нөлөөлөх учраас хоол хүнсний аюулгүй байдал, чанар зэргүүдэд анхаараад эхлэх нь зүй. Сурталчилгаанд автан сонгосон сүү орлуулагч бүтээгдэхүүнүүд хүүхдийн эсэн мэнд, эрүүл байх асуудалд сөргөөр нөлөөлж байна. Үүн дээр гол нь эцэг эхчүүд өөрсдөө анхаарах нь зүй. Хоол хүнс нь хүүхдийн бие бялдар, оюун ухаанд шууд нөлөөлдөг гэдгийг ойлгох нь чухал.

Нөгөө талаас боловсролын орчинд “Үдийн цай” хөтөлбөрийн дагуу өгч буй хоол хүнсний чанарыг тухайн боловсролын байгууллагатай хамтраад Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын мэргэжилтний төлөөлөл хамтран хяналт шалгалтыг хийдэг.

  • Үдийн цай чанартай байна уу
  • Хүүхдэд хэрэгтэй илчлэгийг хангаж чадаж байна уу
  • Хоол үйлдвэрлэж байгаа гал тогооны хэсэг нь ямар байгаа юм
  • Ажилтны эрүүл ахуй гэх мэтчилэн  асуудал дээр хяналт тавьж ажилладаг.

Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй 21 байгууллагын 31 халамж асрамжийн төвүүд байна. мөн эрсдэл бүлгийн хүүхдүүдэд өдрөөр үйлчлүүлж байгаа төрийн бус байгууллагууд байна. Эдгээр байгууллагын ажилтнуудад Монгол улсад мөрдөгдөж байгаа хоол тэжээл хүнсний аюулгүй байдалтай холбоотой стандартыг мөрдүүлэх, хоол үйлдвэрлэл үйлчилгээн дээр ажиллаж байгаа хоол зүйчтэй байх, мэргэжлийн тогооч маань өөрөө эрүүл ахуйн шаардлагыг хангах, хоол зүйчээс өгсөн зөвлөмжийн дагуу бэлтгэх, хадгалах, нөөцлөх асуудал нь хүнсний аюулгүй байдал дотор бүхэлдээ ордог. Үүн дээр холбогдох байгууллагуудтай хамтран зөвлөмжийг өгөөд явдаг.

Хүүхдийн эрүүл мэндэд хортой хүнс гэж юу юм?  Хүүхэд шим тэжээлээр хангагдаж чадаж байна уу? Манай улсад хүүхдийн шим тэжээлийн стандарт хангагдаж чадаж байна уу?

Хүний эх эмч Б.Баярбямба

Хортой хүнс гэж энгийн логикоор эрүүл мэндэд эрсдэлтэй хүнс гэсэн үг шүү дээ. Үүн дээр асуудал үүсгэж буй хэдэн зүйлийг тоймловол, сахар, транс тос, далдуу мод.

Бидний шим тэжээл авах хүнсний бүтээгдэхүүнүүдэд тулгарч буй асуудал нь түүхий эд. Бараа бүтээгдэхүүнүүд  сурталчилгаагаар дамжуулан хүний гар дээр хүрч байна. Үүний цаана түүхийн эдийн асуудал болох сахарын тухайд ярья. АШУҮИС-ийн 4 жилийн хугацаанд хийсэн судалгаанд зөвхөн чихэрлэг ундаанд хийсэн судалгаагаар нэг хүнд өдөрт 367 мл чихэрлэг ундаа ногдож байна. Ингээд нэг сард 11 литр чихэрлэг ундаа бидэнд ноогдож байна гэсэн үг. 100 мл ундааны сахарын хэмжээ нь 10-12 гр бий. Өөрөөр хэлбэл 500 граммын ундаа 10-12 ширхэг ёотон агуулаад байна. Чихэрлэг бүтээгдэхүүний золиосонд хүүхдүүд л өртөж байна шүү дээ. Мөн судалгаагаар хүүхдүүдийн 98 хувь нь сахарын агууламжтай бүтээгдэхүүнийг сургуулийн орчмоос худалдаалж байгаа юм. Сахар гэдэг нь хүүхдийн эрхийг зөрчиж буй асуудал. Ингээд энэ нь реклам зар сурталчилгааны асуудалтай шууд холбогдоно. Учир нь хүүхдийн телевиз хамгийн их үздэг цагаар гарах хүүхдийн контент дундуур зар сурталчилгааг явуулдаг. Энэ бол хамгийн том асуудал.  

Захын дүүргийн хүүхдүүдэд хүнс тэжээлийн асуудал яаж яригддаг вэ?

Лантуун дохио ТББ-ын тэргүүн У.Ганбаяр

Манай Ид шидийн орон 2 дээр гэхэд зорилтот айлын 64 хүүхэд цэцэрлэгт хамрагддаг. Энд хөндөгдөж буй хамгийн чухал асуудлын нэг нь хүнс тэжээлийн дутагдлын асуудал байдаг. Ихэнх айлууд нь шим тэжээлтэй бүтээгдэхүүн байтугай өнөөдрийнхөө хоолыг яая даа гэж байгаа айлууд их. Юу нь тэжээллэг, яагаад хүүхэддээ тэжээллэг хүнс өгөх ёстой болохыг тэд ялгаж мэддэггүй. Энэ тал дээр мэргэжлийн байгууллагууд анхаарахгүй бол тэнд шим тэжээл манатай л байна. Зар сурталчилгаа гээд яриад л байдаг. Үнэндээ захын хорооллуудад телевиз үзэхгүй хүмүүс их шүү дээ. Хүүхдүүд хаанаас хортой бүтээгдэхүүн авч байна гэхээр мэдээж сургуулийн орчмоос. Гэвч хэзээ ч рекламддаггүй 100 төгрөгийн үнэтэй хятад бараануудыг авч идэж байна. Энэ нь хүүхдийн эрүүл аюулгүй байдал маш ноцтой зөрчигдөж буй хэрэг мөн. Мэргэжлийн байгууллагуудын хувьд ийм асуудал байгааг мэдэж л байгаа. Гэвч дуугардаггүй. Манай төрийн байгууллага асуудлуудыг биенлүүгээ их түлхдэг. Гэвч яагаад хүүхдийн эрхийг зөрчиж байгааг хараад нэгэндээ шаардлага тавихгүй байгаа юм. Яагаад хөндлөнгөөс судалгаа хийж болохгүй гэж. Хүүхдийн эрхийн асуудал дээр хашгирсан нь буруутай болчихдог. Гэтэл байр сууриа илэрхийлэх нь тун чухал шүү дээ. Болохгүй зүйлийг чанга хэлж байж холбогдох эрх бүхий хүмүүсийн ухамсарт үлдэнэ. Үүнийг Төрийн байгууллагууд ойлгодоггүй. Аль болох өөрсдөөсөө зайлуулахыг л хичээдэг.

 

 

 

2 сэтгэгдэл


comment image

Зочин - 2021-06-02

доктор Лхаашид агсаны "Хүнсэн зэвсэг", Сэтгүүлч Б.Доржсүрэнгийн "Нийслэлчүүдиййн хоолой дээр тавьсан хутга", сэтгүүлч Г.Жамъяан гуйн "Аюул сүйрэл дүүжилсэн бөмбөгнөөс биш,амтатан дүүрэн ширээнээс чинь нүүрлэж байна" гэсэн өгүүлэл, нийтлэл болон " Сүйрлийн үрүүд" гэсэн номыг уншигтүн.

202.9.47.52


comment image

Зочин - 2021-06-02

30 хүүхдийн 10 нь тарган 10 нь туранхай 10 нь хэвийн жинтэй байдаг. Туранхай хүүхдүүдийн тухай eр ярихгүй юм. Тэгээд үдийн хоолны шим тэжээл ярихаа больчихоо ичмээр юм. 600 төгрөгийн хоол ч гэж юу байхав. шим тэжээл бол мэдээж 0%.

202.9.40.195