ХҮНСНИЙ ҮНЭ ГУРВАН САРЫН ДОТОР 11 ХУВИАР НЭМЭГДЛЭЭ
urug.mnСэтгүүлч:
ЭДИЙН ЗАСАГ 2 жил, 8 сар өмнө

urug.mn

urug.mn image

“МЭК” ХХК судалгааны байгууллага сүүлийн гурван сарын хугацаанд өргөн хэрэглээний барааны үнийн дүнд судалгаа хийсэн байна. Тодруубал, дөрвөн ам бүлтэй өрхийн нэг өдрийн хүнсний хэрэглээний бүтээгдэхүүний үнэ дунджаар 11 хувиар өссөн үзүүлэлттэй гарчээ.

Уг судалгааны талаар “МЭК” ХХК-ийн захирал, судлаач Л.Золбаатараас тодрууллаа.

Тэрээр судалгаа хийхдээ энэ оны дөрөвдүгээр сарын 9-нд “Номин” сүлжээ дэлгүүрээс нэг өрхийн өдөрт гурван удаа хооллох нэг өдрийн хүнсийг цуглуулсан. Дараа нь долдугаар сарын 6-нд буюу өчигдөр хүнсний бүтээгдэхүүнийг дахин худалдан авч, харьцуулжээ.

Үүнд, өглөөний цайнд талх, өндөг, хиам, жүүс, өдрийн хоолонд мах, хүнсний ногоо, будаа гэх мэтээр тооцоолсон байна. Ийнхүү харьцуулахад мах, гурилын үнэ хамгийн их өссөн үзүүлэлттэй байгаа ба  нэг килограмм орчим мах сүүлийн гурван сарын хугацаанд 2385 төгрөгөөр нэмэгджээ.  Харин дөрвөн сард 10 ширхэг өндөг худалдан авахад 5332 төгрөг зарцуулж байсан бол энэ сард 393 төгрөгөөр үнэ нь буурчээ.

Мөн тэрбээр судалгаагаа хэрхэн цуглуулсан талаараа

“Эдгээр хүнсийг дөрвөн хүнтэй нэг өрхийн өдрийн хэрэгцээ гэж тооцоолж анх 2018 онд авч байсан.  Хүнс цуглуулахдаа зориудаар зах орж, хамгийн хямд барааг хайгаагүй. Иргэдийн олноор үйлчлүүлдэг, томоохон сүлжээ дэлгүүр болох Номин супермаркетаас авсан.  Дөрвөн сард худалдаж авсан зарим хүнсний бүтээгдэхүүн өчигдөр ороход байгаагүй. Тиймээс байгааг нь авч, хэмжээг нь харгалзан үнийн дүнг тооцоолсон. Иргэд дэлгүүр орохдоо лангуун дээр байгааг нь л авч хэрэглэнэ” гэлээ.

Ковид-19 халдварын тархалт нэмэгдэж, эдийн засаг хүндхэн байгаа энэ үед өргөн хэрэглээний барааны үнэ ийнхүү өдөр ирэх тусам өссөөр байна.

Илүү дэлгэрэнгүйг доорх судалгаанаас харна уу.

 

0 сэтгэгдэл


Одоогоор сэтгэгдэл алга байна