“АЙДСАА УДИРДАЖ  ЧАДАХГҮЙ БОЛ ХӨГЖИХГҮЙ”
urug.mnСэтгүүлч: admin
НИЙГЭМ 2 сар өмнө

urug.mn

Боловсролын салбарт технологийн инноваци ашиглан бизнес эрхэлж байгаа TomyoEdTech компанийн үүсгэн байгуулагч В.Баярсайхантай ярилцлаа.

-Таны амьдралд эргэлтийн цэг болсон үйл явдал байдаг уу?  Тэр талаараа яривал?

-Би одоо эргэж хараад ямар зоригтой шийдвэр гаргаж байсан юм бэ гэж боддог. “Biznetwork” технологийн компаниа ажиллуулаад нэг харсан долоон жил болчихсон байсан. Тэр дунд  чинь ажилтай нэг л их завгүй амьтан. Завгүй ажилтай гээд харахад би өдөр бүр яг нэг адилхан юмаа л хийгээд байна шүү дээ гэсэн мэдрэмж төрөөд хямарсан. Би өөрөө гацчихсан цаашаа яахаа мэдэхгүй байдалтай байсан. Нэг өглөө гэрээсээ ажил уруугаа дөрөвхөн километр газар машинтай түгжрээд стресстчихсэн явж байгаад ер нь болъё Америк явлаа гээд гэр лүүгээ буцаад явсан. Гэртээ ирээд компьютер дээрээ дэлхийн топ 100 MBA программ  гэж бичээд шалгууруудыг нь хараад маргаашаас нь бэлдэж эхэлсэн. Бизнесээ яах вэ, ар гэрээ яах вэ, тэнцэхгүй бол яах вэ, би мөнгийг нь яаж төлөх вэ, юу ч бодохгүй гэрээсээ есөн сар гаралгүйгээр TOEFL, GMAT-дээ бэлдсэн. Тухайн үед гурав дахь хүүхэд маань төрөөд дөнгөж нэг сартай байхад нь эхнэртэй орхиод Америк руу нисэж байлаа. Хөгжих ёстой, явах ёстой гэсэн бодол хүнийг дотроос нь иддэг юм билээ. Ер нь одоо ингээд залуучуудыг  харахад хоёр, гурван жил нэг юмаа хийгээд ирэхээрээ би одоо яах ёстой билээ гэсэн айдас, мэдрэмж төрдөг.

Стресс гэдэг чинь өөрөө мотивацын эхлэл. Дотроос чинь гарч ирж байгаа айдас, стрессийг зөв чиглүүлж зоригтой шийдвэр гаргаад дараагийн алхмаа хийх хэрэгтэй. Хэрвээ чамд тийм мэдрэмж гарч ирэхэд за яах вэ гээд дарчих юм бол чи хөгжихгүй.

MBA-р сурна гэдэг нэлээд үнэтэй. Сургуулиудын төлбөрийг харахад жилийн төлбөр нь 100 мянган доллар. Дээрээс нь амьдрах зардлын 40, 50 мянган доллар нэмэгдэнэ. Нийт зургаан улиралтай. Улирал бүр 20 мянган доллар төлнө шүү дээ. Би хадгалж байсан  20 мянган доллараасаа  15 мянган долларыг нь эхний улирлын төлбөртөө төлөөд үлдсэн мөнгөөрөө замын зардлаа хийж байсан.  Тэгээд очоод хямдхан цонхгүй өрөөнд орж байлаа. Дараа нь мэдээж мөнгө хэрэг болох учраас өөрийнхөө машин, 9911-тэй дугаар, “Biznetwork” компаниа зарж байлаа.

-Тухайн үед “Biznetwork” компаниа орхиогүй байсан бол технологийн хувьд илүү хөгжчихсөн одоо хаана хүрсэн байх бол гэж бодож байв уу?

-Боловсрол, өөрийгөө хөгжүүлэх чинь номер нэг. Чамд суралцах зүйл байгаа бол зогсож болохгүй. Бид тодорхой төвшинд өөрсдийгөө сорьж байх ёстой. Одоо жишээ нь би Тomyo дээр дөнгөж эхэлж байна. Дахиад 5 жил би сайн ажиллаад дараа нь хаа хүрч болох вэ гэдгээ үзнэ. Сорилт чинь тодорхой цэгт очиход түүнийг өөр хүмүүст даатгаад дараагийн мөрөөдлийнхөө төлөө явах ёстой гэдэгт би итгэдэг. Насан туршдаа нэг юмтайгаа зууралдахгүйгээр магадгүй миний дараагийн том мөрөөдөл улс орноо хөгжүүлэх ч  байж болно шүү дээ.

-Коронавирусээс шалтгаалан сурах, боловсрол эзэмших арга барилыг өөрөөр зайнаас эзэмшиж болохыг харлаа.  “ТomyoEdTech”-ийг үүсгэн байгуулсан хугацаа коронавирусын үед таарсан. Тэгэхлээр та ковид гарсны дараа энэ боломжийг олж хараад эхлүүлсэн үү эсвэл эхлүүлээд явж байсан уу?

-“Тomyo” үүсгэн байгуулагдаад бүтээгдэхүүн маань зах зээлд гараад жил гаруй хугацаа өнгөрсөн байна. 2019 оны 10 сард багаа бүрдүүлээд эхэлж байсан. 10 мянган хүнээс судалгаа авахад 9970 нь гадаадад сурах хүсэлтэй байсан.  Энэ бол  хэрэгцээ. Тиймээс үүнд зориулсан бүтээгдэхүүн гаргах нь чухал. Өмнө жил хөдөөгөөр явахад зааланд 5000 гаруй залуучуудтай уулзсан. Гадаадад сурна л гээд байдаг ямар их дээд сургуульд яаж, хэрхэн явах талаар ямар ч мэдээлэлгүй байсан. Ямар боломж бололцоо байна,  ямар алхам дарааллаар яаж явах талаар хэн ч хэлж өгөөгүй гацчихсан. Мөрөөдөл нь байгаад байдаг гүүр нь байхгүй. Тийм болохоор тэр гүүр нь болъё гэж бодсон.Би өөрөө  хөдөөнөөс боломжгүй нөхцөл байдлаас хэцүү замаар яваад ирчихсэн. Магадгүй дараа дараагийн хүүхдүүд явж чадахгүй байж болно тэдэнд замыг нь зааж өгье гээд “Тоmyo” төслийг эхлүүлсэн. Бидний эцсийн зорилго Монгол залуучуудыг гадаад руу явуулах биш гол нь залуучуудыг өөрсдийгөө хөгжүүлээсэй гэж бодож байна.

 

 

 

 

 

 

 

0 сэтгэгдэл


Одоогоор сэтгэгдэл алга байна