ХЯТАДАД ҮЕР БОЛЛОО, МОНГОЛД ҮЕР НҮҮРЛЭВЭЛ БИД БЭЛЭН ҮҮ?
urug.mnСэтгүүлч:
НИЙГЭМ 1 долоо хоног, 5 өдөр өмнө

urug.mn

urug.mn image

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Герман, Бельги, Швейцар, Люксенбург, Нидерландад орсон хүчтэй борооны дараа үерийн гамшиг нүүрлэсэн билээ. Тэгвэл өчигдөр Аадар бороо орсны улмаас Хятадын төв хэсэгт хүчтэй үер болж, хүмүүс гэрээсээ гарч, өртөө, зам усанд живж, гол авто замууд хаагдан, нислэгүүд цуцлагдаад байна. 

Тэгвэл Цаг уур, орчны шинжилгээний газраас өнөөдөр төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орох тул мөндөр, нөөлөг салхи, аянга цахилгаан, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг  анхаарууллаа.

Европ болон Азид нүүрлээд байгаа үерийн гамшиг манайд тохиовол бид бэлэн үү.

Өнгөрсөн зургаадугаар сарын эхээр нийслэлд үргэлжлэн орсон борооны улмаас Дунд гол үерлэн ойролцоох замууд усанд автаж шинэхэн тавьсан замаа сэтлэн байж үерийн усыг зайлуулсан. Одоо ч тэрхүү сэтэлсэн замаа засаагүй байгаа. 

Үерийн аман дээр буусан айлуудаа цэгцэлсэн эсэх, байрнуудын гараж усанд автахгүй байж чадах уу гээд нийслэлийн хувьд үерийн аюул нүүрлэхэд өмнөх дүр зургууд давтагдахгүй байж чадах уу Хотын дарга аа. 

 

Энэ жил бусад жилүүдтэй харьцуулахад хур бороо их орж, нийслэл төдийгүй орон нутагт аадар борооны улмаас зам харгуй хаагдан айлууд үерт автаж, мал хорогдсон тохиолдлууд хүртэл гарсныг мартаж болохгүй. 

ДОЛДУГААР САРЫН 26-НЫГ ХҮРТЭЛ ИХЭНХ НУТГААР ААДАР БОРОО ОРНО

ЦУОШГ-аас өгсөн мэдээллээр маргааш төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутаг болон говийн аймгуудын нутгийн зарим газраар аадар бороо орно.

Долдугаар сарын 23, 25-нд нутгийн зарим газраар, 24-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн зүүн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орох төлөвтэй байна.

Салхи 22-нд нутгийн өмнөд хэсгээр секундэд 13-15 метр, бусад хугацаанд нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.

Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 5-10 градус, өдөртөө 19-24 градус, говийн бүс нутгаар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 30-35 градус, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 25-30 градус дулаан байна.

ГОЛУУД ҮЕРИЙН ТҮВШИНГ 10-30 СМ ДАВСАН

ОБЕГ-аас өчигдөр өгсөн сэрэмжлүүлэгт Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр 20-нд Сэлэнгэ мөрний адаг, Хөвсгөлийн уулсаас эхтэй Эг, Үүр, Хэнтий нурууны баруун хажуугийн Туул, Хангай нурууны арын Идэр, Чулуут, Хойттамир, Урдтамир  өврийн Заг, Цагаантуруут зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-100 см нэмэгдэж Сэлэнгэ, Бэлтэс, Туул, Чулуут, Хараа, Хэрлэн, Улз, Заг, Хархираа, Ховд зэрэг голууд үерийн түвшинг 10-30 см давсан байна.

Харин Орхон, Онон, Халх голууд үерийн аюултай түвшинг 5-30 см  даван хүчтэй үерлэж байгаа бол маргааш Чулуут гол Өндөр-Улаан сум орчмоор усны түвшин 35 см  орчим нэмэгдэх төлөвтэй байна.

Иймд дээр дурьдсан голуудын сав, эрэг дагуу суурьшиж, нутаглаж буй  болон аялж зугаалж яваа иргэдийг үерийн аюулаас болгоомжтой байх, бага насны хүүхдийг голын ойролцоо тоглуулахгүй, хараа хяналтаа сайжруулах, баталгаатай зам гарцаар зорчихыг онцгойлон анхаарууллаа. 

0 сэтгэгдэл


Одоогоор сэтгэгдэл алга байна