УЛСЫН БААТАР ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР ТӨҮГ
urug.mnСэтгүүлч:
НИЙГЭМ 1 долоо хоног, 3 өдөр өмнө

urug.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гаргаж "Эрдэнэт" үйлдвэрийг Монгол Улсын Баатар цолоор шагнасан билээ.

Тодруулбал, Тулгар төрийн 2230 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гаргаж, Эрдэнэт  үйлдвэрийг Монгол Улсын Баатар цолоор шагналаа. Монгол Улсын Баатар цол хүртээх тухай зарлигт:

“Монгол Улсын хөгжил цэцэглэлт, эдийн засаг, уул уурхайн салбарын өсөлт хөгжил, салбарын боловсон хүчний бэхжилт, улсын төсвийн төвлөрөлт, “Ковид-19” цар тахлын хүндрэлтэй нөхцөлд айл өрх, ААН-үүдэд учирч буй эдийн засгийн хүндрэлийг даван туулахад үзүүлж байгаа дэмжлэг, хүчин чармайлт, 20 дугаар зууны түүхэн бүтээн байгуулалт-“Эрдэнэт үйлдвэр”-ийн улс орныхоо хөгжилд оруулсан жинтэй хувь нэмрийг үнэлж, “Монгол Улсын Баатар” цолоор шагнаж, Монгол Улсын уул уурхайн салбарын хөгжил дэвшил, улсын эдийн засагт оруулах үр ашгийг дээшлүүлэхийн төлөө цаг наргүй ажиллаж ирсэн "Эрдэнэт" үйлдвэрийн хамт олон, нийт уурхайчдын гавьяа зүтгэлийг цохон тэмдэглэн алдаршуулж байна” хэмээн онцолсон. 

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ахмад уурхайчин, Хөдөлмөрийн баатар Д.Жигмэдцэрэн 

Дэлхий нийтэд цар тахалтай байгаа хүнд хэцүү  цаг үед жилийн турш Монголынхоо ард түмний үүрэх ачаанаас хөнгөлөөд нуруундаа үүрэлцээд явж байна. Өөрийнхөө залуу насаа өнгөрүүлсэн энэ буянтай үйлдвэрээрээ бахархахгүй байхын аргагүй. Тийм учраас баялаг бүтээгч уурхайчдыг маань төр засаг харж үзээд үйлдвэрийг маань “Монгол улсын баатар” цолоор шагнасанд магнайгаа хагартал баярласан. Шагнал эзнээ олно гэж энэ  л юм байна даа гэж бодсон шүү.

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ЗМЗ-ын механик цехийн дарга Д.Галбямба 

Үйлдвэр маань монгол улсын баатар үйлдвэр болох үед хамт олныхоо төлөөлөл болон үйлдвэрийнхээ тугийг бариад зогсож байх үед маш сайхан сэтгэгдэл төрсөн. Эрдэнэт үйлдвэр маань 20 дугаар зууны манлай бүтээн байгуулалт гэдэг утгаараа сайхан санагдаж байна. Эрдэнэт үйлдвэр бий болсноороо олон төрлийн үйлдвэрлэл хөгжсөн. Тэр дундаа машин үйлдвэрлэл, металл өрөг, түлш эрчим хүч, спорт аялал, нийгмийн салбарууд энэ үйлдвэрийг даган хөгжсөн. Хамгийн гол нь Эрдэнэт хотыг бий болгосонд нь талархдаг.

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ЫН ерөнхий захирал Х.Бадамсүрэн

Монгол улсын баатар цолыг хүртэхэд манай үйлдвэрийн анхдагчид, үе үеийн уурхайчдын чин сэтгэл, нөр их хөдөлмөр хичээл зүтгэл онцгой үүрэг гүйцэтгэснийг онцлон тэмдэглэж байна.

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ЫН үйлдвэрчний эвлэлийн хорооны  дарга Б.Төгсбаяр 

Эрдэнэт үйлдвэрийн үйлдвэрчний эвлэлийн байгууллага 47 жилийн түүхтэй. Эрдэнэт үйлдвэр ашиглалтад орохын өмнөх захиргаа гэж байх үед тэртээх 1974 онд суурь бааз нь тавигдаж өнөөдрийн үйлдвэрчний эвлэлийн холбоо болон өргөжин тэлсээр үйл ажиллагаа явуулж байгаа. Манай байгууллага 10 мянга гаруй хүнд хүрч ажилладаг. Үйлдвэрчний байгууллагын гол зорилго бол нийт ажилчдынхаа хөдөлмөрлөх эрх ашгийг монгол улсад мөрдөгдөж байгаа хууль тогтоомж олон улсын гэрээ конвецийн хүрээнд хуулийн дагуу эрх ашгийг нь хамгаалдагт оршиж байгаа.

Манай улсын хувьд 20 дугаар зууны хамгийн том бүтээн байгуулалт бол яах аргагүй "Эрдэнэт" үйлдвэр бөгөөд тус үйлдвэрийн бүтээн байгуулалтыг даган иж бүрэн дэд бүтэц бүхий Эрдэнэт хот цогцлон бий болсон түүхтэй. Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийг 1973-1978 онд барьж байгуулсан явдал нь Монгол, Оросын ард түмний ах дүүгийн ган бат найрамдлын бэлэг тэмдэг болон сүндэрлэн боссон юм.

 

0 сэтгэгдэл


Одоогоор сэтгэгдэл алга байна